Хайх зүйлээ бичээд enter дарна уу

7 Хоногийн Тойм   08 сарын 25, 2019

7 хоногийн тойм: "Matrix 4" + "Bad Guy #1" + "I Love You 3000"

Ковер зургийн тайлбар: Матрикс эргэн ирэх нь. Энэ удаад бид бэлэн үү?

Онцлох

Дэлхийн хамгийн том контент үйлдвэрлэгч Дисней жил бүр зохион байгуулдаг "D23" эвентээ Анахэймд зохион байгууллаа. Тэд энэ арга хэмжээгээрээ дамжуулан шинээр хөгжүүлж буй контент, бүтээлүүдээ танилцуулж, хэрэглэгчдэд хамгийн эхний мэдээллийг хүргэдэг уламжлалтай.

Энэ жилийн хамгийн эхний том танилцуулга нь 11-р сард нээлтээ хийх стриминг үйлчилгээ "Disney+"-тай холбоотой байв. Walt Disney, Pixar, Star Wars, Marvel-ийн бүх хит бүтээлүүдийг сандаа багтаасан тус платформ 2020 онд шинэ оригинал контентод 1 тэрбум долларыг зарцуулна гэнэ. Марвелын хувьд "Disney+"-д зориулан өмнө зарлаж байсанчлан "Loki", "The Falcon and The Winter Soldier", "WandaVision"-аас гадна "She Hulk", "Moon Knight", "Ms.Marvel"-ийн телевизийн цувралуудыг хийхээр болсон байна. Харин Pixar-ийн хувьд "Toy Story 4"-ийн шинэ од Форкигийн "Forky Asks A Question", "Monsters Inc"-ээс сэдэвлэсэн "Monsters at Work" гэсэн шинэ бүтээлүүд дээр ажиллаж байгаа аж.

"I Love You, 3000". Энэ бол "Spider-Man"-ий од Т.Холландын тайзан дээр онцлон хэлсэн үг. Үзэгчдийн хамгийн хайртай баатруудын нэг "Spider-Man" Марвелын ертөнцөөс гарч магадгүй болсон нь олныг ихэд гонсойлгов. Дисней 2015 оноос хүн аалзын эрхийг эзэмшигч Sony-тэй хамтрах болж, ашиг орлогоорооо түүхэн амжилт үзүүлсэн 2 ч ангийг амжилттай бүтээгээд байсан юм. Дисней одоогоор хүн аалзын киноны болон дагалдах бүтээгдэхүүний орлогын ердөө 5 хувийг хүртдэг бөгөөд үүнийгээ 50 хувь болгон тэнцүүлэх саналтай байсан гэнэ. Холланд Pixar-ийн шинэ анимэйшн "Onward"-д К.Праттын хамтаар дуу оруулж байгаа аж.

Оддын дайны шинэ түүхүүд ч "Disney+"-ээр дамжин үргэлжлэх болно. Тэд платформын нээлтийн өдрөөр гарах "The Mandalorian"-ий трэйлэрийг танилцуулснаас гадна "Star Wars: Clones Wars”-ий шинэ бүлэг, “Rogue One: A Star Wars Story"-ий өмнөх түүхийг өгүүлэх шинэ цувралын мэдээллийг ил болголоо. Гэхдээ хамгийн сэтгэл хөдөлгөсөн мөч нь нэрт жүжигчин Эван Мкрегор өөрийн домогт Оби-Вангийн дүрээрээ эргэн ирж байгаа явдал байлаа. Шинэ цувралын зураг авалт 2020 онд эхэлнэ гэнэ.

Үүнээс гадна Дисней "Lady and The Tramp"-ийн анхны трэйлэрийг танилцуулсан нь үзэгчдээс тун өндөр үнэлгээ авав. Санта Клаусын охины түүхийг өгүүлэх "Noelle"-ийн дүрд А.Кендрик тоглох болсон нь ч мөн сонирхол татав. Марвелын шинэ кино "The Eternals"-д "Хаадын тоглоом"-ын од Кит Харрингтон тоглох болсон нь онцлох мэдээ байв. Тус кинонд А.Жоли, С.Хайек болон өөр нэг "Старк" Ричард Мадден нар тоглох болоод байгаа юм. Мөн "Black Panther"-ийн шинэ анги 2022 оны 5-р сард гарах болсон нь үзэгчдийг баярлуулав.

Дисней D23-аас өмнө "101 гөлөг"-ийн эсрэг дүрийн баатар Круэлла де Вилийн залуу насны түүхийг өгүүлэх "Cruella"-ийн гарах хугацааг нэг жилээр хойшлуулан 2021 оны 5-р сар болгоод байсан юм. Тус кинонд Холливудын хамгийн эрэлттэй жүжигчдийн нэг Эмма Стоун тоглож байгаа юм. Тэд өөр нэг супер од Эми Адамсын гол дүрд нь тоглох "The Woman in The Window"-ийг мөн хойшлуулж, 2020 оны 5-р сар болгосон нь сонирхолтой байв. Ижил нэртэй бестселлер зохиолоос сэдэвлэсэн тус кинонд Fox ихээхэн найдлага тавьж буй билээ.

Wow!

дэлхий дахинд

Дэлхийн хүрээлэн буй орчин, байгалийн экосистемийн чухал бүсд тооцогдох Амазоны ширэнгэн ой галд автаад байна. Энэ жил Бразил даяар нийт 74 мянган түймэр бүртгэгдсэн нь түүхэн дэх дээд үзүүлэлт ба өнгөрсөн жилээс 85 хувиар өссөн гэсэн үг. Бразилын ерөнхийлөгч Ж.Болсонаро үүнийг хуурай жил болж байгаатай холбон тайлбарлаж, мөн зарим галыг үхрийн махны бизнес эрхлэгчид санаатайгаар тавьсан байж болзошгүй хэмээн дорвитой арга хэмжээ авахгүй байгаад олон улс, активистууд ихээхэн шүүмжлэлтэй хандаж буй. G7-ийн уулзалтын үеэр зарим орон Бразилд экспортын хориг тавих асуудлыг хөндөхтэй зэрэгцэн Болсонаро цэргийн хүчийг галыг унтраах ажилд дайчлах шийдвэр гаргаснаа мэдэгджээ.

BBC: Амазоны түймэртэй холбоотой 10 асуулт - 10 хариулт

G7-ийн төрийн тэргүүдийн энэ жилийн цугларалт Францын Биарриц хотноо эхэллээ. Дэлхийн хамгийн хүчирхэг улсын лидерүүдийн гол анхаарал ойрын өдрүүдэд улам ширүүссэн АНУ-БНХАУ-ын хооронд өрнөж буй худалдааны дайн, Их Британийн Европын Холбооноос гарах тухай асуудал болон Амазонд дэгдээд буй түймэрт хандаад байна.

Италийн ерөнхий сайд Жузеппе Конте өөрийн хүсэлтээр огцорлоо. Түүний удирдаж буй эвслийн гишүүн намын тэргүүн, дотоод хэргийн сайд Маттео Сальвини энэ шийдвэрийн өмнө Конте руу илт дайрч, дахин сонгууль явуулахыг шаардан, улмаар итгэл үзүүлэх тухай санал хураалт явуулна хэмээн мэдэгдээд байсан юм. Конте огцрох мэдэгдлийнхээ үеэр Сальвиниг хурцаар шүүмжилж, дургүйцлээ илэрхийлсэн нь санаандгүй хэрэг биш байв.

Нийгэмд эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлж, нийтийн эрүүл мэндийг хөхиүлэн дэмжих зорилгын хүрээнд Сингапурын засгийн газар Fitbit-тэй хамтран ажиллах болсноо зарлалаа. Ширүүн өрсөлдөөний эцэст ялагчаар тодорсон уг төслийн хүрээнд Fitbit хүн бүрд өөрийн ухаалаг төхөөрөмжийг нийлүүлэх бөгөөд ганцаарчилсан зөвлөгөө, сургалтаар хангана гэнэ. Уг үйлчилгээний төлбөр нь сарын 10 доллар байх аж. Засгийн газраас энэхүү хөтөлбөрт нийт ард иргэдийнх нь 20 хувь нь буюу 1 сая хүн бүртгүүлж оролцоно гэсэн хүлээлттэй байгаа юм.

Олон Улсын Валютын Сан, Кэмбрижийн Их Сургуулиас хамтран хийсэн судалгаагаар уур амьсгалын өөрчлөлт нь дэлхийн эдийн засагт үлэмж хэмжээний бодит хохирол учруулах үр дүнг гаргасан байна. Судалгаагаар жил бүр дунджаар 0.04 градусаар нэмэгдэх дэлхийн дулаарал нь 2100 он гэхэд дэлхийн ДНБ-ийг 7.22 хувиар бууруулах тооцоо гарчээ. Үүнээс шалтгаалж ирэх 81 жилд АНУ-ын ДНБ 10.5 хувиар, Европын Холбооных 4.6 хувиар, БНХАУ-ынх 4.3 хувиар тус тус буурна гэнэ.

Технологийн ертөнцийн эргэн тойронд

NASA манай нарны аймгийн хамгийн сонирхол татсан дагуул гараг Европаг судлах хөтөлбөрийг албан ёсоор эхлүүлснээ баталлаа. Бархасбадь гарагийн 79 дагуулын нэг Европагийн мөсөн гадаргуу дор далай тэнгис оршин байх магадлалтайг эрдэмтэд тогтоосон тул үүн дээр үндэслэн тус саран дээр амьдрал үүсэх нөхцөл байгаа эсэх, оршин суух боломжтой зэргийг тодорхойлох нь энэ хөтөлбөрийн зорилго. 2025 он гэхэд тэд Европа руу сансрын судалгааны хөлөг илгээх зорилго тавьжээ.

Энэтхэгийн "Chandrayaan 2" хөлөг сарны тойрог замд нэвтэрч, анхны гэрэл зургаа илгээсэнтэй зэрэгцэн Японы сансрын стартап "ispace" 2021 он гэхэд дэлхийн дагуул дээр газардах төлөвлөгөөгөө танилцууллаа. Үүнийхээ дараагаар тэд 2023 онд саран дээрээ өөрөө явагч төхөөрөмжийг илгээх аж. Одоогоор саран дээр АНУ, ОХУ, БНХАУ гэсэн гурван улс л хүрээд байгаа билээ.

MIT-ийн эрдэмтэд усан дор ажилладаг шинэ төрлийн мэдрэгч төхөөрөмжийг бүтээсэн байна. Баттерейгүй гэдгээрээ онцлогтой уг мэдрэгч нь маш бага эрчим хүчээр ажиллах бөгөөд далай тэнгисийн усны температур, далайн гүний орчноос ажиглалтын мэдээлэл илгээхэд тохиромжтой хэмээн бүтээгчид онцолжээ.

Apple энэ намар гурван ч төрлийн шинэ "iPhone"-ийг танилцуулахаар зэхэж байгааг Bloomberg тэргүүтэй эх сурвалжууд мэдээллээ. Шинэ загварын гол онцлог нь гурван камертай, 5G дэмждэг байх бөгөөд "iPhone Pro" нэрээр гарах магадлалтай гэнэ. Үүнээс гадна Apple 16 инчийн илүү хүчирхэг "MacBook Pro", илүү хямд "HomePod", дуу тусгаарлагч+усанд тэсвэртэй "AirPod"-ийг зарлаж магадгүй байгаа аж.

Bloomberg: Apple-ийн энэ жилийн танилцуулга ямар байх вэ?

Австралийн иргэний агаарын тээврийн Qantas дэлхийн хамгийн урт нислэгийн туршилтыг зарлалаа. Нью Йоркоос Сидней хүртэл 19 цаг үргэлжлэх уг нислэгт нийт 40 зорчигчийг хамруулах бөгөөд урт нислэгт хүний бие хэрхэн зохицож байгааг ажиглаж, ямар нэмэлтүүд тохиромжтойг тодруулах зорилготой байгаа гэнэ. 11-р сард дуусах эцсийн туршилт амжилттай болбол 2 тивийг холбох уг нислэгийг 2023 оноос эхлэн тогтмол үйлдэж эхлэх төлөвтэй байгаа юм. Одоогоор Singapore Airlines-ийн Сингапураас Нью Йорк хүртэлх 17 цагийн нислэг хамгийн уртад тооцогддог билээ.

Гурван камертай про iPhone-д бэлэн үү?

бизнесийн ертөнцийн эргэн тойронд

Америкийн улс төр, нийгмийн хамгийн нөлөөтэй эрхмүүдийн нэг, тэрбумтан Дэвид Кох 79 насандаа таалал төгслөө. 120 мянган ажилтантай, үндэстэн дамнасан корпорац Koch Industries-ийг удирдаж байсан тэрээр 48 тэрбум долларын хөрөнгөтэйгөөр дэлхийн 11 дэх чинээлэг хүнд тооцогдож байсан юм. Тэрээр өөрийн ах Чарлезийн хамтаар улс төрийн лобби хийх зорилгоор төрөл бүрийн олон сан, нийгэмлэгүүдийг дэмжин, томоохон шийдвэр гаргалтуудад нөлөөлдөг гэдгээрээ алдартай нэгэн байсан билээ.

Vox: Кохийн ах дүүс хэрхэн Америкийн улс төрийг өөрчилсөн бэ?

2015 оноос хойш дэлхийн хамгийн том технологийн компаниудын нэг "HP"-г удирдаж байсан Дион Вайслер гэр бүлийн эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа хүлээлгэн өгч байгаагаа зарлалаа. Түүний орыг тус компанид 30 жилийн өмнө дагалдан инженерээр ажилд орж байсан Энрике Лорес залгах болжээ.

Тоглоом үйлдвэрлэлийн зах зээлийн гигантуудын нэг "Hasbro" энтертэйнмент чиглэлд хүч нэмэх томоохон брэндийг эгнээндээ нэгтгэлээ. Тэд "Peppa Pig", "PJ Masks" зэрэг хүүхэд багачуудын хайртай дүрүүдийг бүтээгч "eOne"-ийг 4 тэрбум доллараар худалдан авсан байна. Өнгөрсөн жил "Power Rangers"-ийн толгой компанийг худалдан авсан тэд зөвхөн тоглоомоос гадна контент бүтээхэд анхаарах болсны илрэл нь энэ боллоо.

Програм хангамж, клоуд үйлчилгээний топ компаниудын нэг "VMWare" энэ долоо хоногт 2 ч томоохон худалдан авалтыг хийлээ. Тэд өнгөрсөн оны эхээр IPO хийж байсан "Carbon Black"-ийг 2.1 тэрбум доллараар, "Pivotal"-ийг 2.7 тэрбум доллараар тус тус өөрийн болгов. Ингэснээр "Dell"-ийн 82 хувийг нь эзэмшдэг тус компани цогц дэд бүтцээс гадна хөгжүүлэлтийн платформыг хэрэглэгчдэдээ санал болгох боломжтой болж байгаа юм.

Hasbro-ийн үлэмж арвин цуглуулгад Peppa Pig нэмэгдэх нь

энтертэйнмент ертөнцийн эргэн тойронд

20 жилийн өмнө анхны ангиа цацаж, кино ертөнцөд зохиол, хийц, агуулгаараа тэсрэлт хийж, асар том нөлөө үзүүлсэн "Matrix"-ийн шинэ анги гарах нь тодорхой боллоо. Киноны гол дүрүүд болох К.Ривз, К.Мосс нар домогт Нео болон Тринити нарын дүрд тоглохоос гадна бүтээгч эгч дүүсээс Лана Ваковски найруулагчаар ажиллана. Матриксийн эхний гурван анги 1.6 тэрбум долларын орлого олж, Оскарын 4 төрөлд ялалт байгуулж байсан билээ. Киноны зураг авалт 2020 оны эхний улиралд эхэлнэ.

17 настай поп од Билли Айлишийн "Bad Guy" бүтээл "Billboard 100"-ийн жагсаалтын нэгдүгээрт бичигдсэнээр Lil Nas X-ийн ноёрхлыг зогсоолоо. Lil Nas X-ийн "Old Town Road" бүтээл нь 19 долоо хоногийн турш чартыг тэргүүлж түүхэн дээд амжилт тогтоогоод байсан юм. Сонирхуулахад, Б.Айлиш биллбордыг тэргүүлсэн шинэ мянганд төрсөн анхны уран бүтээлч болжээ.

Slate: Билли Айлиш хэрхэн биллбордыг эзэгнэв?

Энэ долоо хоногийн бокс оффисыг "Angel Has Fallen" 20 сая долларын орлогоор тэргүүллээ. Ж.Батлер, М.Фриман нарын гол дүрд нь тоглосон тус кино "Olympus Has Fallen", "London Has Fallen"-ий үргэлжлэл гурав дахь бүлэг нь болон гарсан юм. 2-р байрт өнгөрсөн долоо хоногийн лидер "Good Boys" 11 сая долларын амжилтаар бичигджээ. Хятадад амжилттай нээлтээ хийсэн "Hobbs & Shaw" нийт 500 сая долларын босгыг давсан нь онцлууштай мэдээ байв.

Тэйлор Свифтийн 7 дахь бие даасан цомог "Lover" худалдаанд гарсан эхний өдрөө 450 мянган хувь борлогдсоноор энэ оны дээд амжилтыг тогтоолоо. Өмнөх дээд амжилтыг Jonas Brothers 357 мянган хувь зарагдсанаар эзэмшиж байсан юм. Свифтийн цомог долоо хоногийн борлуулалтын дээд амжилтыг ч эвдэх төлөвтэй байгаа бөгөөд Биллбордын шилдэг цомгийн жагсаалтыг тэргүүлэх нь цаг хугацааны хэрэг болоод байна хэмээн мэргэжилтнүүд дүгнэж байна.

Уран зөгнөлт төрлийн утга зохиолын шилдэг бүтээлд олгодог хамгийн нэр хүндтэй шагнал болох Hugo Awards-ийн 2019 оны ялагчид тодорлоо. Энэ жилийн шилдэг зохиолын төрөлд Мэри Ковалын "The Calculating Stars" ялалт байгуулсан байна. "Lady Astronaut" цувралын эхний бүлэг болон гарсан уг зохиол нь эзэндээ энэ жилийн "Nebula Awards"-ийг мөн авчирсан билээ.

Gizmodo: Hugo Awards 2019-ийн ялагчидтай танилц!

Hi, Билли Айлиш!

алдалгүй унших арван мэдээ

CNN: Хонгконгийн жагсаалаар сонин юутай вэ?
12 дахь долоо хоногтоо үргэлжилж буй жагсаалын цар хүрээ улам өргөжсөөр

Techcrunch: YCombinator-ийн шинэ төгсөгчидтэй танилц!
Дэлхийн хамгийн алдартай, нэр хүндтэй хурдасгуур хөтөлбөр түүхэн дэх хамгийн олон компанитай элсэлтээ танилцуулав. Дараагийн Dropbox, Airbnb, Reddit, 9GAG эндээс төрнө.

The Verge: Netflix роботын ажлыг хүнд шилжүүлнэ
Хэрэглэгчдийн хүсэлд нийцсэн контентыг санал болгох ажлыг робот, алгоритмоос илүү хүмүүс хийж чадна гэж тэд үзэж байна!

CNBC: Apple оригинал контент бүтээхэд 6 тэрбум доллар зарцуулна
Тэд Netflix, Disney, Amazon-ийг их хэмжээний хөрөнгө оруулалтаар давна хэмээн үзэж байна.

BBC: Америкчуудын мартсан анхдагч аварга
А.Гибсон бол их дуулгад түрүүлсэн анхны өнгөт арьст теннисчин. Гэвч түүхийн хуудас түүний амжилтын нөлөөг улам бүр бүдгэрүүлсээр

QZ: Сансрын анхны гэмт хэрэг үйлдэгдэв үү?
Магадгүй. NASA аль хэдийн мөрдөх ажиллагааг эхлүүлжээ

Polygon: "Breaking Bad"-ийн бүрэн хэмжээний киноны трэйлэр цацагдлаа
Жесси Пинкмэнийг санаж байна уу? Тэгвэл түүний түүх хэрхэн өрнөхийг 10-р сард Нетфликсээс үзээрэй.

Vox: 10,000 цагийн хуулинд итгэсээр явна уу?
Аливааг төгс эзэмшихэд танд 10 мянган цаг үнэхээр хангалттай гэж үү? Үнэхээр авьяас бус хөдөлмөр бүхнийг шийддэг гэж үү? Маш сонирхолтой!

Montsame: М.Уранцэцэг ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
МУГТ М.Уранцэцэг Дэлхийн аваргаас алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн анхны монгол жүдоч болов. Жүдогийн ДАШТ Японы Токио хотноо явагдаж байна

Variety: 2019 онд тэсрэх 10 залуу жүжигчин
1998 оноос хойш нэрлэж буй уг жагсаалтын гол одод нь Stranger Things-ийн М.Хаук, Chernobyl-ийн Ж.Бакли нар байв.

10127   1


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.