Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Techworm   08 сарын 20, 2019

Апп тойм: Tide - Байгалийн чимээгээр сэтгэлээ сэргээ

Нэг л мэдэхэд намрын завгүй өдрүүд тун ойрхон иржээ. Ихэнх хүний хувьд ажлын ачаалал, түгжрэлд зарцуулах хугацаа, санаа зовох зүйлс адилхан нэмэгдэнэ. Адаглаад л утаатай өдрүүд айсуй гэхээр яс хавтайх шиг болно. Гэхдээ ирээдүйн нөхцөл байдлыг гадарлаж байгаа бол бэлтгэлээ хангаж, сэтгэл санаагаа бэлдэх нь зөв билээ. Өнөөдрийн бидний танилцуулах Tide апп танд санаа зовохоо болж, төвлөрөл ба бүтээмжээ нэмэгдүүлэн, аз жаргалтай амьдрахад тусалж чадна. Яаж гэдгийг нь ороод уншаарай.

ЯАГААД ХЭРЭГЛЭХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

Та аливаа зүйлийг хийхдээ ширээний ард тогтвортой удаан сууж чаддаггүй бол, эсвэл их ажлын дундуур дуг хийн эрч хүчээ сэлбэж чаддаггүй бол, эсвэл уурлаж бухимдсаныхаа дараа амархан тайвширч чаддаггүй бол, эсвэл магадгүй маш их дуу чимээтэй орчинд ажилладаг бол энэ апп-ийг нэг удаа туршаад үзэхийг санал болгож байна. Апп-ийн санал болгодог Focus, Sleep, Relax, Breath гэсэн дөрвөн цэсээр дамжуулан өөрийн төвлөрөх, тайвшрах хугацааг хүссэн хэмнэлээр тохируулах боломжтой.

ЯМАР ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛУУДТАЙ ВЭ?

Байгалийн дуу чимээг үр дүнтэй ашигласан нь энэ апп-ийн гол онцлог юм. Байгалийн дуу чимээ нь төвлөрөх, тайвшрах үйл явцад гайхалтай эерэг нөлөөтэй болохыг та хэрэглэж үзээд дорхноо л ойлгох болно. Ой мод, шиврээ бороо, далайн түрлэг гэх мэт байгалийн болоод орчны өндөр чанартай дуу чимээ таныг ховсдох мэт болж, стресс бухимдлыг тань бууруулах болно.

Анхаарлаа гүн төвлөрүүлэн энгийн бясалгалуудыг аудио зааврын дагуу хийснээр та гадаад хүчин зүйлсийн дарамтаас ангижирч, сэтгэлээ тайван уужуу болгож, илүү эрүүлээр сэтгэх боломж бүрдэнэ. Мөн та сэрүүлгийн аяа байгалийн буюу орчны ая болгон тохируулж, сэрэх үйл явцаа илүү таатай, хурдан болгох боломжтой юм. Үүнээс гадна унтах горимд дэлгэцийн гэрлийг бага болгож өгдөг нь орондоо ормогцоо утсаа оролдоод эхэлдэг хүмүүст тун зүгээр санагдлаа.

Өглөөний сэрэх, шүдээ угаах, цай уух, хоол идэх, түгжрэлд зогсох зууртаа ч хийж болох энгийн бясалгалуудыг багтааж өгсөн бөгөөд 5-10 минутын хугацаанд зааврын дагуу "дотоод хүн"-тэйгээ ярилцаж, өөрийгөө тайвшруулах боломжтой. Тэр ч бүү хэл орчны чимээн дээр хийх боломжтой амьсгалын дасгалын зааварчилгаа байдаг нь их таалагдсан шүү.

Бүтээмжийг нэмэгдүүлэх энгийн аргуудын нэг болох Помодоро техникийг хүртэл энэ апп-ийн тусламжтайгаар ашиглаж болдог давуу талтай. Мөн апп-ийг нээх үед харагддаг, урам зориг, санаа сэдэл өгөх эшлэлүүд нь өдөр тутам шинэчлэгддэг.

ЯМАР СУЛ ТАЛТАЙ ВЭ?

Апп-ийн хувьд дурдахгүй өнгөрч боломгүй сул талууд бий. Хэдийгээр та апп-ийг үнэгүй ашиглаж болох ч илүү олон орчны дуу чимээ нэмэх, бясалгалын төрлүүдийг олшруулах хүсэлтэй бол үнэтэй хувилбар буюу Tide Plus хувилбарыг идэвхжүүлэх хэрэгтэй болно. Мөн англи хэлний мэдлэг өндөр биш хүмүүст бясалгалуудыг сонсоход хүндрэлтэй байж мэднэ.

ВЕБЭД ЗОЧЛОХ

Та уг апп-ийг зөвхөн гар утаснаас гэлтгүй компьютероосоо ч ашиглах боломжтой. Тодруулбал, Google Chrome хөтөч дээр Extension байдлаар суулган, зарим үйлдлүүдийг нь ажилдаа ашиглах ч боломжтой.

Татаж авах

9219   0


НИЙТЭЛСЭН:

Unread Today

Нийтлэлд оролцсон:

Б.Лхагвацэрэн




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.