Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Номын тухай   08 сарын 25, 2019

Доктор Я.Борчулууны "Харвардын серендипити" номын тухай

Алс хол сонсогддог байсан Харвардын их сургуульд өдгөө монгол оюутнууд тэнцэж, амжилттай тэтгэлэг авдаг болжээ. Тэр хэрээр Харвардын их сургуулийн талаарх мэдээллүүд ч багагүй гардаг болсон байна. Харин өнөөдрийн бидний танилцуулах ном бол тун сонирхолтой өнцгөөс Харвардыг "нээсэн" бүтээл юм.  Мэдээллийн зан үйл судлаач, сэтгүүлч, компьютерийн инженер мэргэжилтэй доктор Я.Борчулууны охин Харвардын их сургуульд тэнцэж суралцсан бөгөөд тэрээр энэ үйл явцыг судлаач, сэтгүүлчийн өнцгөөс, мөн ээжийн хувиар өгүүлсэн ажээ. Серендипити хэмээх нь ч маш сонирхолтой, нүд нээсэн ойлголт байх болно гэдэгт итгэлтэй байна.

зохиогчийн тухай

Энэ номын хавтсан дээрээс анх "Харвард төгсөгчийн ээжийн тэмдэглэл" гэх үгийг хараад "Өөрөө сураагүй болохоор тийм сонирхолтой байж чадах болов уу?" гэсэн бодол төрснийг нуугаад яах вэ. Гэхдээ зохиогчийнх нь талаар уншаад энэ бодол минь тэр дороо өөрчлөгдсөн юм. Номын зохиогч Я.Борчулуун нь инженер, сэтгүүлч гэх хоёр мэргэжлийг давхар эзэмшсэн төдийгүй мэдээллийн шинжлэх ухааны докторын зэрэгтэй, олон арван эрдэм шинжилгээний бүтээл хэвлүүлсэн хүн аж. Харин номыг редакторлаж, өмнөх үгийг нь бичсэн хүн бол бидний сайн мэдэх зохиолч Л.Өлзийтөгс. Үүнээс энэ номыг хэр зэрэг баримт нотолгоотой, хэр сайн найруулгатай болохыг гадарлаж болох биз ээ.

номын тухай

Энэ номын тухай ярихдаа нэрнээс нь эхлэн тайлбарлавал зүйтэй болов уу. Та "серендипити" гэх үгийг өмнө нь сонсож байсан уу? Энэ үг Серендипийн гурван ханхүү гэх эртний үлгэрээс гаралтай бөгөөд гурван ханхүү эрдэм чадлынхаа ачаар аз завшаантай учирч, "амжилт"-д хүрснийг ийн нэрийдсэн ажээ. Зохиогчийн тайлбарласнаар энэ үг "санамсаргүй байдлаар нээх, олох" гэх утгыг илэрхийлдэг бөгөөд монгол хэлэнд утга дүйх үг олдоогүй тул "серендипити" хэмээн байгаагаар нь ашиглажээ.

Олон бичил эссэнээс бүрдэх номыг уншихад ойлгомжтой, хялбар. Агуулга нь гэр бүлээрээ Харвардтай анх танилцах аялал хийснээс охиныг төгсөх хүртэл үргэлжилнэ. Энэ явцад Харвардын шалгуур, сургалтын төлбөр, оюутны клуб дамжаанууд, хотхоны амьдрал зэргийн талаар чамбай нарийн мэдээлэл өгсөн байх аж. Зохиогчийн хэлснээр уг ном Харвардад хэрхэн тэнцэх талаар гэхээсээ голчлон Харвардын ажиллах зарчим, тэнцэж орвол суралцах орчин ямар байдаг талаар өгүүлнэ. Орчин нөхцөл хийгээд серендипитийг яагаад чухалчилсныг нь дараах эшлэлээр тайлбарлаж болох юм:
"Хувь хүн хэчнээн супер хэрэглэгч байлаа гээд серендипитид хүргэх баялаг орчин нөхцөл байхгүй бол хангалтгүй. Хосгүй авьяаслаг хүмүүст ч ухаан санаагаа тэлэн ажиллаж, шинийг бүтээх орчин ус агаар мэт чухал хүчин зүйл. Тэгвэл Харвард серендипитид хөтлөх орчинг хэрхэн бүрдүүлдэг вэ?"

Хүмүүс зохиогчоос "Хүүхдээ Харвардад оруулахын тулд хэрхэн бэлдэх вэ", "Охин тань зурагт үздэг байсан уу? Тоглоом тоглодог байсан уу?" гэх мэтээр төрөл бүрийн асуултыг эцэг эхчүүд асуудаг гэнэ. Тэрээр харин "Бид хүүхдээ багаас нь Харвардад оруулна гэж тусгайлан бэлдээгүй. Хүүхэд өөрөө том мөрөөдөлтэй, сурч мэдэх эрмэлзэлтэй байх нь л гол нууц болов уу" хэмээн хариулдгаа дурджээ.

Номоос "Харвардад сурсан дөрвөн жил" гэх бүлгийг онцолмоор байна. Учир нь энэ бүлэгт тэрээр өөрийн охин Ж.Номин-эрдэнэтэй маш урт буюу хорин нүүр үргэлжлэх урт ярилцлага хийсэн байдаг. Мэддэг хүнтэйгээ, мэддэг зүйлийнхээ талаар ярилцвал маш сайн мэдээлэлтэй, сонирхолтой ярилцлага болох нь мэдээж хэрэг. Харвардад сурсан охин нь өөрийн туршлагыг ярьсан тул уг сургуульд сурахыг хүсэж мөрөөддөг хүүхэд залуучуудад тун сонирхолтой байх болно гэдэгт итгэлтэй байна.

зарим эшлэлүүд

"Америк эцэг эхчүүд хүүхдээ ахлах сургуульд орсон жилээс нь эхлэн өвөл, хавар, зуны амралтаар, элсэхийг сонирхсон сургуулиар нь дагуулж явж танилцуулдаг юм билээ."

"Эцэг эхийнхээ нөмөрт өсөж торниод, ахлах сургууль төгсөж буй хүүхэд бүрд амьдралын дараагийн алхмаа хийж, хаашаа явж, аль сургуульд сурах, ямар орчинд орохоо шийдэх нь чухал бөгөөд ганцаараа шийдэхэд хүнддэх асуудал."

"Харвард бол чамаас хэзээ ч салахгүй газар, туршлага. Харвардад өнгөрүүлсэн жилүүд бидний амьдралын хувьд хамгийн том, чухал үе. Энэ үедээ бид ухаан бодлоо чөлөөтэй тавьж, дуртай зүйлээ олж, түүнийхээ араас хөөцөлдөж, өөрсдийгөө туршиж, ингэснээр хүч чадал эрдэм ухаанаа тэлдэг."

"Харвардад хүүхдээ оруулна гэдэг зорилго бидэнд байсангүй. Эцэг эхчүүдэд хамгийн чухал зүйл нь эрүүл чийрэг бие бялдартай, саруул ухаантай, орчин тойрныхоо хүмүүст анхаарал тавьдаг, аливаа том жижиг бэрхшээлийг даван туулах сэтгэлийн хаттай, ямар ч орчинд бие даагаад явж чадах хувь хүн бэлдэх явдал билээ. Ийм л гол зорилгоо өвөрлөн Америкт сурч ажиллахын зэрэгцээ хүүхдүүдээ өсгөхдөө ирээдүйн Харвардын оюутан бэлдчихсэн бололтой."

"Таны болон танай гэр бүлийн үнэт зүйлс юу вэ? Түүнээс хүүхдэдээ юуг нь яаж өвлүүлэх вэ гэж бодох. Үүнээс хүүхдээ хүмүүжүүлэх олон зүйл хамаарна. Ямар ном уншуулж, ямар кино үзүүлэх вэ гэдэг хүртэл үүнтэй холбоотой."

7279   0


НИЙТЭЛСЭН:

Nominjargal Batkhuyag




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.