Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Би хэрхэн ажилладаг вэ?   07 сарын 24, 2019

Би хэрхэн ажилладаг вэ? - МУИС-ийн Антропологи, археологийн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор Д.Бум-Очир

Өнөөдрийн дугаартаа бид монгол хэл соёл, өв уламжлал, соёлын дархлаанд жинтэй хувь нэмрээ оруулж яваа аавынхаа буюу Ардын багш, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хэл бичгийн шинжлэх ухааны доктор, профессор С.Дуламын залгамж халаа болж, антропологийн шинжлэх ухааны салбарт амжилттай ажиллаж буй МУИС-ийн Антропологи, археологийн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор Д.Бум-Очирыг урьж ярилцлаа. Тэрбээр Монголын ШУА-д хэл бичгийн ухааны докторын зэрэг хамгаалснаас гадна Кембриджийн их сургуульд нийгмийн антропологийн чиглэлээр магистр, докторын зэргээ хамгаалан, Лондон коллеж их сургуульд пост докторын судалгаагаа хийсэн юм. Энэ хүрээнд эх орондоо ирээд Монгол телевизтэй хамтран дэлхийд тархсан монголчуудын тухай “Заншлын хэлхээ” хэмээх 20 цуврал нэвтрүүлэг бэлтгэн олон нийтэд хүргэсэн билээ. Ингээд Лондонгоос ирээд удаагүй байгаа антропологичийн ажлын арга барилтай танилцацгаая. 

Байршил: Монгол, Улаанбаатар
Эрхэлдэг ажил: МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Нийгмийн ухааны салбарын
Антропологи, археологийн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор
Хэрэглэдэг гар утас: iPhone 5S
Хэрэглэдэг компьютер: Retina Macbook
Сошиал хуудаснууд: Bumochir Dulam (Facebook), Bumochir Dulam (Linkedin)

ТА АЖЛАА ЯМАР АРГА БАРИЛААР ХИЙДЭГ ВЭ? АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Хүн судлаач буюу антропологичийн хувьд эрдэм шинжилгээний өгүүлэл бичихдээ судалгааны материал цуглуулах зорилготойгоор хээрийн шинжилгээний ажилд явах нь түлхүү байдаг. Мөн тухайн судалгааны ажлын сэдвийн хүрээнд өмнө гарсан бүтээлүүдтэй уншиж танилцаад цааш нь улам нарийвчлан судалж, өөрийн хувь нэмрийг оруулах нь чухал. Судлаач хүний хувьд их уншиж бусад судалгаатай танилцах шаардлагатайгаас гадна хээрийн судалгаа хийхээр хөдөө явж, янз бүрийн хүмүүстэй уулзаж ярилцдаг даа. Гэхдээ энэ бол зун цагт шүү дээ.

Намраас хичээлтэй үедээ хичээлээ заана, их сургуулийнхаа тэнхимийн ажилд оролцоно. Заримдаа телевизийн ажил нэмэгдэнэ. Яг одоогоор бол бичих ажил маш ихтэй байна. Гаднаас хамтран ажилладаг судлаачид ирсэн байгаа юм. Бас телевизийн нэг нэвтрүүлэг дээр ажиллах санал ирээд удахгүй ажил эхлэх гэж байна. Тийм болохоор хичээл эхэлж, ачаалал улам нэмэгдэхээс өмнө бичих ажлуудаа дуусгах санаатай байна. Ер нь эрдэм шинжилгээний ажилд цаг нар гэж байдаггүй. Төлөвлөгөөгөөр болно гэж бараг байхгүй. Унших ёстойгоо уншиж, бичих ёстойгоо бичиж, нэг өгүүлбэр ч болсон нэмэх хэрэгтэй байдаг.

ТА ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ, АШИГЛАХ ДУРТАЙ АЖЛЫН ХЭРЭГСЭЛ, ПРОГРАМ, АППЛИКЭЙШНЭЭСЭЭ НЭРЛЭНЭ ҮҮ?

Унших болон бичих ажил голлодог тул ажлын гол зэвсэг маань хуучнаар бийр, бэх, цаас гурав. Гэхдээ орчин үед бүх юм дижитал болсон учраас зөөврийн компьютер дээр бүх ажлаа хийдэг. Ихэвчлэн Microsoft Word хэрэглэж байна. PowerPoint-ийг лекцээ бэлдэх, олон нийтэд танилцуулга бэлтгэхэд ашигладаг. Түүнээс гадна англи хэл дээр академик түвшинд янз бүрийн судалгааны илтгэл, өгүүлэл, ном бичихдээ Grammarly програмыг ашиглан, үг үсэг, найруулгын алдааг хянаж явдаг юм.

Харин хээрийн судалгаанд явж хүмүүстэй уулзах үедээ гар утсан дээрээ тэмдэглэгээ хийж, заримдаа дуу хураагуур, гэрэл зураг авах зорилгоор утсаа ашигладаг. Намайг бага байхад манай аавын бичгийн машины чимээ орой унтахад ч, өглөө сэрэхэд ч тог тог хэмээн сонсогддог байв. Удалгүй 14-15 наснаасаа эхлэн аавынхаа ажилд бага сага туслах болж, бичгийн машин дээр зарим ажлыг нь шивж өгдөг байлаа. Тэгээд удалгүй хээрийн судалгаанд хамт явдаг болсон юм.

ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Заримдаа ширээний ард суугаад юм бичих гэхээр толгой огт ажилладаггүй. Үнэхээр болохгүй байвал хийх гэж зүтгээд байлгүй хэсэг амран толгойгоо сэргээсний дараа хийх нь хавьгүй дээр байдаг. Миний хувьд ажил урагшлахгүй байсан ч хаяж чадахгүй заавал ард нь гарах гээд гүрийгээд байдаг талтай. Энэ бол үнэхээр цаг алдсан хэрэг шүү. Тэрний оронд өөр хийж болох ажлаа явуулаад байх хэрэгтэй. Эсвэл зэрэг хийх боломжтой, үр дүн, чанарт нь сөрөг нөлөө үзүүлэхгүй ажил байвал зэрэгцүүлэн хийж болно. Уулзах хүн олон байвал нэг дор цуглуулаад хурдан хурдан уулзаж болно.

ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТАА ТА ЮУН ДЭЭР ЯАЖ ХӨТӨЛДӨГ ВЭ?

Би хийх зүйлсээ цаасан дээр бичиж дадах гэж олон жил хичээсэн ч нэгд, тэмдэглэхээ мартчихдаг, хоёрт, тэмдэглэснээ харахаа мартчихдаг. Хамгийн сонгодог гэгддэг ийм аргыг нэгэнтээ хэвшүүлж чадахгүй байгаагаас хойш өөр арга хэрэгтэй болно. Тэр нь хийх ёстой бүх зүйлээ толгой дотроо бодож, төлөвлөх. Толгойдоо бүх зүйлийг бодож явах нь сайн, муу хоёр талтай. Муу тал нь мартах. Гэхдээ мартана гэдэг хүнд зайлшгүй байх ёстой сэтгэл зүйн процесс шүү дээ. Хүн мартахгүй бол солиорно. Зарим зүйлийг мартаж байж тархи толгойгоо сэргээнэ. Гэвч хийх ёстой ажлаа мартана гэдэг бол муу шүү. Мартахгүй гэж найдсан ч мартсан удаа олон бий. Онгоцны нисэх цагийг буух цагтай нь андуураад хоцорсон тохиолдол ч байгаа.

Гэхдээ толгойдоо хийх зүйлсээ байнга сануулна гэдэг ямар нэг зүйлийг мартахгүй байх ой санамжаа сайн байлгах гимнастикийг байнга хийж буй нэг хэлбэр болов уу. Хүн гэдэг байгалийн жамаараа хөгшрөх тусам улам мартамхай болох учраас толгойдоо бүхнийг бодож явах нь ой санамжаа хөгжүүлэх нэг төрлийн дасгал болно байх. Хэн нэгэнтэй уулзах ёстой гэдгээ толгойдоо бодож явна гэдэг цаасан дээр тэмдэглэж орхисноос илүү сэтгэлд үлдэнэ. Цаасан дээр бичиж орхисон бол магадгүй дэвтрээ хаагаад өөр зүйл бодож эхлэх байх. Харин толгойдоо сануулсан бол сэтгэлээрээ тухайн асуудлыг өөрийн эрхгүй бодож, тунгаах болно. Тиймээс тархиндаа хийх зүйлсээ бодож төлөвлөх нь биеэсээ ангид авч явдаг цаас, компьютер харж санахаас илүү өөрийн болгож буй хэрэг болов уу.

ТА ЯМАР ЗҮЙЛСИЙГ ХИЙХДЭЭ ГАРГУУД ВЭ? 

Надад гаргууд хийдэг зүйл гэж байхгүй ээ. Гаргууд гэдгийг ямар үнэлэмж, хэмжээсээр тодорхойлж байгааг мэдэхгүй байгаа учраас хэлж чадахгүй байна. Аливааг хийхдээ цаг харамгүй зарцуулж, бие сэтгэлээ зориулан туршлага хуримтлуулсан бол гаргууд болох байх. Би амьдралынхаа ихэнх цагийг эрдэм шинжилгээний ажил хийхэд зарцуулсан. Шууд гаргууд гэж хэлэхгүй ч гаргууд хийхийг хичээдэг ажил гэж хэлж болно.

ХИЙЖ БАЙГАА АЖЛЫН ОНЦЛОГ ТАНЬ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Нэг хэцүү зүйл бий. Судалж буй асуудалдаа судлаачийн хувьд шинжлэх ухааны үүднээс л хандах ёстой зарчим үйлчилдэг. Монгол хүний үүднээс, Д. Бум-Очирын үүднээс хандаж хувь, хувьсгалын ашиг сонирхлын зөрчил гаргаж болдоггүй. Гэтэл заримдаа монгол хүн гэдэг үүднээсээ хандах шаардлага зөндөө гардаг. Ийм үед мэргэжлээ сонгох уу, Монголоо сонгох уу гэдэг сонголт гарч ирнэ. Монголоо сонговол шинжлэх ухаан, мэргэжлийн ёс зүйгээ алдсан болчихно. Харин мэргэжлээ сонговол Монголоо алдсан болно.

Мөн өөр нэг бэрхшээл гэвэл антропологич, философичдод ажил олддоггүй. Нягтлан бодогч, менежерүүдийг бүх компани ажилд авах ч бид нар шиг хүмүүсийг авахгүй. Ажил олдохгүй байна гэдэг мөнгө олдохгүй гэсэн үг. Зөвхөн Монголд ч биш дэлхий даяар ийм асуудалтай антропологичид хэдэн зуугаараа байна.

Давуу талын хувьд нийгмийн шинжлэх ухааны нарийн судалгаа, задлан шинжилгээ хийдгээрээ нийгмийн олон асуудлыг ашиг сонирхлын зөрчилгүйгээр, сэтгэл хөдлөлгүйгээр харах боломжтой байдаг. Энэ утгаараа бүр магтаад хэлбэл, юмыг дээрээс нь юм уу хөндлөнгөөс харах нөхцөл бий болдог. Ингэснээр бусдын харахгүй байгааг өөр өнцгөөс харах боломжтой.

ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ АЖИЛЛАЖ БАЙГАА ВЭ?

Саяхан Англид пост докторын судалгаагаа хийж дуусаад ирлээ. Энэ судалгааны ажлаа ном болгон бичээд хэвлүүлэхээр "UCL Press"-тэй гэрээ хийсэн байгаа. Хэвлүүлэхэд мэргэжлийн хяналтаар (peer review) орж засвар хийдэг. Одоо бол номынхоо засварыг хийгээд ирэх наймдугаар сард явуулахаар төлөвлөн ажиллаж байна. Мөн аавын хүсэлтээр нэг өгүүллийг нь энэ сард орчуулах нэг ажил байгаа. Нэг докторант маань баатарлаг тууль Буриадын ижилсэлд (identity) ямар нөлөө үзүүлдэг тухай докторын диссертац бичсэн. Удахгүй хамгаалалтад орох тул уншиж засаж байна. Түүнчлэн Оксфордын их сургуулийн судлаачидтай хамтран судалгааны ажил хийж байгаа. Тэр нөхөд маань Монголд ирээд байгаа юм. Нэг өгүүлэл хамтран бичээд ирэх аравдугаар сард Кембриджийн нэг сэтгүүлд явуулах ёстой.

Би анх Монгол хэл, уран зохиолын анги төгсөөд аман зохиол, зан үйл, утга зохиолын чиглэлийг сонирхож, цаашлаад бөөгийн зан үйлийг 1990 оны сүүл үеэс нарийвчлан судалж эхэлсэн юм. Аав минь Монголын утга соёл, бэлгэдэл зүйн чиглэлээр жинтэй судалгаа хийдэг нь ч хүчтэй нөлөөлсөн. Гэхдээ сүүлийн жилүүдэд улс төрийн эдийн засгийн чиглэлийг илүүтэй сонирхон судалгааны өгүүлэл, ном бичиж байна. Түүнээс гадна Монгол үндэстэн угсаатнуудын аж байдлын тухай өгүүлдэг “Заншлын хэлхээ” баримтат нэвтрүүлгийг цааш үргэлжлүүлэн, 100 дугаар хийчих юм сан гэсэн хүсэл бий. Тэгэхийн тулд 10 газар очих ёстой болно.

Энэ хүрээнд сүүлд Англи явахын өмнө би Афганы Хазаруудын тухай баримтат нэвтрүүлэг хийхээр янз бүрийн мэдээлэл цуглуулан, судалгаа хийж эхэлсэн юм. Мөн Непал буюу Балбад өөрсдийгөө монгол гэж үздэг хүмүүсийн тухай сонирхон судалж байна. Тус улсын хүн амын 80 гаруй хувь нь өөрсдийнхөө өвөг, дээдсийг олон зуун жилийн өмнө Монголоос нүүдэллэж ирсэн гэж үздэг юм байна. Тиймээс ямар шалтгаанаар өөрсдийгөө монгол гэж үзэх болов, яагаад Монголоор бахархах болов гэдгийг олж мэдэхийг хүссэн. Бидний хувьд зарим тохиолдолд монгол гэдгээрээ хэрхэн бахархах учраа олохгүй, эсвэл бүр болих хандлагатай болчихсон шүү дээ. Гэтэл хаа байсан балбууд, Монголоос гаралтай гэдэг нь түүхэн бодитой эх сурвалжаар батлагдаагүй байхад бахархаад байхад голомт дээр нь сууж буй бид бахархаж мэдэхгүй байвал эмгэнэлтэй хэрэг. Ийм л учраас монгол үндэстэн угсаатнуудын тухай олон нийтэд зориулан нэвтрүүлэг бэлтгэх сонирхолтой байдаг юм.

ТАНЫГ АНТРОПОЛОГИЧ БОЛОХОД ЮУ НӨЛӨӨЛСӨН БЭ? БАГААСАА Л СОНИРХДОГ БАЙСАН УУ?

Би хүсэл эрмэлзэлдээ хөтлөгдөн антропологич болоогүй. Монголд антропологи нэлээд хожуу хөгжсөн учраас хүн судлаач гэдэг ямар мэргэжил болохыг ч сайн мэдэхгүй сонгож байсан юм. Харин ааваараа дамжуулан эрдэм шинжилгээний ажил гэж юу болох талаар, хүн судлалын талаар тодорхой ойлголттой болсон. Хээрийн шинжилгээнд явах, материал цуглуулах, эрдэм шинжилгээний бүтээл туурвих үйл явцыг хажуунаас нь харж өссөн гэж хэлж болно. Анх мэдээ орсон цагаас л надад хамгийн ойр байсан, гэр бүлийн хүмүүжлээр дамжуулан мэддэг болсон зүйл минь энэ. Надад өөр чадах юм байгаагүй, юу хийхээ ч мэддэг байгаагүй.

Өнөөдөр хүүхэд, залуусыг мэргэжлээ сонгохдоо хүсэл эрмэлзлээ дага гэж их зөвлөдөг. Гэвч юу хүсэж эрмэлзэж байгаагаа сайн мэдэхгүй байвал яах вэ. Огт мэдэхгүй байгаа зүйлээ яаж хүсэж мөрөөдөх вэ. Онгоцны нисэгч болохыг хүсэж байсан хүүхэд таван жилийн дараа огт өөр зүйл мөрөөдөж болно. Хүсэл эрмэлзэл гэдэг өөрчлөгдөж байдаг зүйл шүү дээ. Тэгэхээр тухайн хүнд хамгийн их нөлөөлсөн зүйл л хамгийн бодитой сонголт юм. Тухайлбал, аав ээж нь эмч мэргэжилтэй бол дагаад эмч болох тохиолдол олон байдаг. Миний хувьд өөрөө хүсэж мөрөөдөж хүн судлаач болоогүй ч ийм мэргэжилтэй болсныхоо дараа улам дурлаж, сайхныг нь мэдэрсэн. Тэгэхээр миний бодлоор хүүхэд насны дурсамж, санаа бодолд суурилсан мэргэжил сонголт тийм ч оновчтой биш санагддаг.

ТА ХЭР ИХ УНШДАГ ВЭ? ОДОО ЯМАР НОМ/НИЙТЛЭЛ УНШИЖ БАЙНА?

Миний хувьд унших гэдэг гол ажил минь учраас нэг бодлын сайхан ч, нөгөө талаар нэг төрлийн мэргэжлийн ном сэтгүүл дагнан унших шаардлагатай байдгаараа жаахан гунигтай. Хүн л болсон хойно уран зохиолын сайхан номууд уншмаар санагдавч тийм цаг зав бага гардаг даа. Эрдэм шинжилгээний номыг нэг бүрчлэн унших биш зөвхөн хэрэгтэй мэдээллийг түүж уншдаг. Хамгийн сүүлд АНУ-ын профессор Жона Д.Левигийн эмхтгэсэн “The State after Statism” номыг уншиж байна. Сүүлийн үед олон улсад төрийн оролцоо, хяналт, данхайсан байдлыг багасган чөлөөт зах зээлийн нийгмийг хөгжүүлэх тухай их ярих болж, янз бүрийн судалгааны ажлууд гарах болсон. Энэ профессор төрийн эрх мэдэл буюу "statist" хандлагыг хязгаарласнаас хойш төр гэдэг юу болж хувирсан тухай бичсэн байна лээ.

Ажиллаагүй үедээ уран зохиолын ном унших дуртай. Хамгийн сүүлд Г.Аюурзанын “Сахиуст хангайн нууц” номыг уншлаа. Ер нь түүний номуудыг унших дуртай. Номоо бичихдээ ийш тийшээ явж, нарийн судалгаа хийж, хэдэн жилийг зарцуулан бичдэг учраас номууд нь үнэ цэнтэй санагддаг юм. Энэ хүнийг номоо хэрхэн бичдэгийг нь судлаач хүний хувьд гойд сонирхож, мэдэхийг хүсдэг. Мөн “Бөөгийн домог”номын төгсгөлд энэхүү бүтээлийг судалгааны түвшинд авч үзэж болохуйц боллоо хэмээн үнэлсэн байсантай нь үнэхээр санал нийлж байна. Та бүхнийг Г.Аюурзаныг ярилцлагадаа урьж, ажлын арга барилыг нь сонирхоосой гэж хүсэх байна.

ТА АЖИЛЛАЖ БАЙХ ҮЕДЭЭ ХӨГЖИМ СОНСДОГ УУ? ЯМАР ТӨРЛИЙН ХӨГЖИМ СОНСОХ ДУРТАЙ ВЭ?

Бага байхад хэнээс ч билээ Ленин багш анхаарлаа төвлөрүүлэхийн тулд зах дээр очиж ном уншдаг байсан гэж сонсож байсан юм. Би хэн нэгэн хажууд телевиз үзэж, дуу сонсож, чанга ярьж байсан ч урдах ажилдаа "ухаангүй" төвлөрч чаддаг. Хаана ч, хэзээ ч ажлаа хийж чаддаг байвал их цаг хэмнэнэ. Харин дуу чимээтэй орчинд ажиллаж байх үедээ хөгжим сонсдог. Гэхдээ хөгжим сонсмоор байгаадаа биш бусад дуу чимээнээс өөрийгөө тусгаарлах гэж сонсдог гэж хэлж болно.

Хүүхэд байхдаа Aerosmith, Guns N' Roses хамтлагийн дуу сонсдог, хип хоп дуунууд ч сонирхдог байлаа. Харин одоо ардын хөгжим сонсох хамгийн дуртай. Аав нэг ярилцлагадаа Алтайн магтаал туулийг хайлахыг сонсох ямар сайхан болохыг ярьсан байсан. Хоёрхон утастай товшуур хөгжим дээр Алтайн магтаал хайлна гэдэг үнэхээр гайхалтай. Сүүлийн үед этник хамтлаг, уран бүтээлчид төрөн гарч, олон бүтээл туурвих болжээ. “Алтан ураг” хамтлагийн дууг анх сонсоод үнэхээр алмайрч байлаа. Одоо бол дэлхийд танигдсан “Hu” хамтлаг байна. Ийм төрлийн хөгжим сонсох дуртай над шиг хүмүүсийн магнай тэнийж байгаа байх аа. Энэ сонирхлынхоо хүрээнд “Хөсөгтөн” хамтлагийг Их Британийн “Royal albert hall” болон “BBC Radio”-ийн алдартай концертын танхимд тоглолт хийхэд менежерээр нь ажиллаж байв.

ТА ХЭДЭЭС ХЭДЭН ЦАГИЙН ХООРОНД УНТДАГ ВЭ?

Телевизэд хэдэн жил өглөөний нэвтрүүлэг хөтөлж байсны хувьд өглөө эрт босохын ач холбогдол, эрүүл амьдралын хэв маягийг ойлгож, өдөр тутмын хэвшил болгож байсан. Гэвч сүүлийн жил гаруйн хугацаанд ажлын ачааллаас болоод орой унтаад, орой босдог болоод байна. Өдөр нь хүмүүстэй уулзах, хичээлээ заах, сургууль тэнхимийн ажлуудаа амжуулаад, орой бичих унших ажлаа хийгээд байгаа учраас шөнө сууж ажиллах шаардлага зайлшгүй гарсан. Хийх ёстой ажлаа цагт нь амжуулж чадаагүй бол заавал тухайн өдөрт нь багтаах гээд өөрийгөө яллаад байдаг хүн.

Шөнөдөө заавал хэдэн хуудас эргүүлж, хэдэн мөр бичиж байж л сая нэг санаа амарч, тайван унтдаг. Гэхдээ хүн иймэрхүү маягаар нойрны өртэй яваад байж болохгүй шүү. Заавал ядаргаагаа тайлж, сайн унтаж амрах хэрэгтэй. Англид би 10 гаруй жил сурч, ажиллахдаа шөнө сууж юм хийдэг болчихсон байсан. Тэнд оюутнууд шөнө сууж ажиллах нь түгээмэл учраас Кембриджийн их сургуулийн хичээлүүд эртдээ 10 цагт эхэлдэг. Хичээл өглөө 9 цагт орох тохиолдолд багш нь орж ирээд оюутнуудаас уучлалт гуйдаг байсан шүү.

ТАНЫГ АЖИЛЛААГҮЙ ҮЕД ТАНЬ ХААНААС ОЛЖ БОЛОХ ВЭ?

Чөлөөт цаг маш багахан л гардаг даа. Чөлөөт гэмээр цаг гарвал эрдэм шинжилгээний янз бүрийн юм уншиж, бичих ажлаа явуулж авахгүй бол зав гарахыг хүлээж хойш тавиад байвал хэзээ ч гараас юм гарахгүй. Тэгэхээр намайг МУИС-ийн номын сангаас юм уу ажил дээрээс маань, эсвэл гэрээс маань олж болох байх даа.

ТА ХЭНЭЭС, ЮУНААС УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ ОЛЖ АВДАГ ВЭ?

Хүн ганц хоёрхон зүйлээс урам зориг авах боломжгүй. Эргэн тойронд буй олон зүйл цаагуураа биднийг тэтгэж байдаг. Аливаа юмны учир шалтгаан хэзээ ч нэг иштэй байдаггүй болохоор урам, сэдэл олж авах олон сурвалж байгааг тэр бүр анзаардаггүй болов уу. Хичээж зүтгэсээр байгаад гацаанд орчихоод байсан ажлынхаа ард гарч, эцсийн үр дүнг нь харах үнэхээр сайхан шүү. 2018 оны сүүлээр би капитализмын тухай өгүүллээ, өнгөрсөн гуравдугаар сард Монголын соёлын өвийн тухай судалгааны өгүүллээ Английн судалгааны сэтгүүлд хэвлүүлсэн. Удахгүй нутаг, үндсэрхэг үзлийн тухай бичсэн өгүүллээ мөн Англид хэвлүүлнэ. Энэ мэтчилэн хийсэн зүйлсийнхээ үр дүнг харахгүйгээр цаашид үр дүнтэй ажиллахад хэцүү л дээ.

ТАНЫ АМЬДРАЛДАА АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ ЮУ ВЭ?

Аав маань надад зөвлөх гэхээсээ хүсдэг нэг зүйл бий. “Эрүүл, эрхтэн бүтэн байгаарай” гэдэг. Эрүүл байж гэм юу хүссэнээ хийж болно. Түүнээс гадна эрдэм шинжилгээний ажил дээр ирсэн шүүмжүүд бол тэр чигээрээ зөвлөгөө байдаг. Шүүмжгүйгээр аливаа бүтээл сайжрах ямар ч боломжгүй шүү дээ.

ЗАЛУУ МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ХАНДАН ЮУ ГЭЖ ХЭЛЖ ЗӨВЛӨХИЙГ ХҮСДЭГ ВЭ?

Олон шавьтай хүний хувьд хэлэхэд нэг барьж авсан зүйлээ тултал нь хийх хэрэгтэй. Хүн аливаад цаг зав, хичээл зүтгэл гарган чаддаг болтлоо зүтгэснээр л амжилтад хүрдэг. Түүнд хүрэхэд тэвчээр хатуужил, тууштай, хөдөлмөрч байдал нэн чухал. Ихэнх залуус амар хялбар аргаар, үлгэрийн юм шиг байдлаар, эсвэл сугалаа сугалж байгаа мэтээр амжилтад хүрэхийг хүсдэг. Хийж байгаа зүйлдээ сэтгэл хангалуун, аз жаргалтай баймаар байгаа бол цаг зарцуулж, хөдөлмөрлөж тууштай байж л эцсийг нь үзнэ.

ТА ЭНЭ БУЛАНД ХЭНИЙГ САНАЛ БОЛГОЖ, АЖЛЫН АРГА БАРИЛТАЙ НЬ ТАНИЛЦМААР БАЙНА ВЭ?

МУИС-ийн дэд захирлаар ажиллаж байсан доктор, профессор Б.Болдгив багшийг энэ буланд санал болгомоор байна. Б.Болдгив багш бол биологийн шинжлэх ухааны чиглэлээр олон судалгааны өгүүлэл, ном бичиж, дэлхийн нэр хүндтэй сэтгүүлүүдэд бүтээлээ хэвлүүлсэн мундаг эрдэмтэн юм. Яахын аргагүй Монголын шинжлэх ухааны нүүр царайг дэлхийд тахалж яваа цөөн хэдэн эрдэмтний нэг мөн.

НИЙТЭЛСЭН:

Tsogzolmaa Shofyor

Гэрэл зургийг:

Х.Хантүшиг

Хандалт / Сэтгэгдэл:

25689   9

Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.