Өөрийн зээ дүү Лхамогийн нэрийг франц хэлний хайр буюу "amour" гэх үгтэй нэгтгэн “Lhamour” хэмээх Монголдоо төдийгүй олон улсад анхдагч, патенттай органик гоо сайхны бүтээгдэхүүн үйлдэрлэлийг эхлүүлсэн Natural Essentials ХХК-ийн захирал Д.Хулан нь Монголчуудыг эрүүл, органик бүтээгдэхүүн хэрэглэж, байгаль орчноо хайрлах философийг түгээх зорилготойгоор “Lhamour” брэндийг үүсгэн байгуулаад өдгөө таван жилийг ардаа үджээ. LHAMOUR бол Хулан - Хулан бол LHAMOUR хэмээн өөрийн алсын хараагаа ажилтайгаа нэгтгэж, мөрөөдөж байсан бүх зүйлсээ "LHAMOUR"-аар дамжуулан бодит болгосон түүний таван жилийн туршид сурсан таван зүйлсийн талаарх тэмдэглэлийг хүргэж байна.

алсын хараатай байх 

Ямар ч гарааны бизнесийг эхлүүлэхэд санаа буюу зорилго анхны алхам болж, явц дундаа зорилтууд бий болдог. Манайх анх арьсны асуудалтай хүмүүст эрүүл, чанартай бүтээгдэхүүн хүргэх зорилготой байсан бол явц дундаа хийж буй ажлаа илүү сайн ойлгон, цаашид хийх зүйлс маань тодорхой болж эхэлснээр бидний алсын хараа маш ойлгомжтой болсон. Энэ л хамгийн чухал юм билээ. Алсын хараа бат бөх болоогүй цагт хийж буй зүйлээсээ амархан шантарч, ядрахаас авахуулаад асуудалд хандах хандлага огт өөр болдог. Харин тодорхой болсон цагт толгойд төсөөлөл бууж, том, жижиг ямар ч асуудлыг даван туулах тэвчээр, хатуужилтай болдог доо. Бидний алсын хараа бол Монголд үйлдвэрлэсэн байгалийн гаралтай, эрүүл, чанартай бүтээгдэхүүнээр олон улсад танигдах брэнд бий болгож, өөрийгөө, бусдыг болон байгаль орчноо хайрлах философи түгээснээр тогтвортой хөгжлийг бий болгох юм.

Надад арьсны асуудал тулгарахаас өмнө би хэзээ ч стартап компани байгуулаад зогсохгүй үйлдвэрлэл эрхэлнэ гэж бодож байгаагүй. Олон улсын том байгууллагад ажиллах тухай бодож явсан хүн огт өөр зүйл хийж эхлэхээр шийдсэн нь миний амьдралын хамгийн том шийдвэрүүдийн нэг болсон. Өөрийнхөө арьсны асуудлаа шийдээд зогсохгүй над шиг асуудалтай бусад хүмүүст тусалж, сайнаар нөлөөлөх боломжийг олж хараад зоригтойгоор эхлүүлсэн дээ. Би энэ салбарт зах зээл байгаа учраас бизнес эхлүүлэх тухай бодоогүй. Харин хэн нэгний амьдралд тус болох зүйл бүтээж чадна гэсэн бодлоор эхлүүлсэн юм. Ихэнх гарааны бизнес эрхлэгчид хийх ажлаа шууд бизнесийн нүдээр хараад алддаг мэт санагддаг.

Сууриа сайн бэлдэх 

Гарааны бизнес ихэвчлэн шинэлэг зүйлсийг бий болгож байдаг. Хэчнээн сонирхолтой, бүтээлч байсан ч зөвхөн түүнд анхаарч болохгүй мэт санагдсан. Гарааны бизнес эхлүүлэхэд сэтгэлийн хөөрөл өндөр байх үе бий. Явц дундаа л сэтгэл зүйн хувьд тогтворжиж, аливаа юмныхаа учрыг олж, төлөвшиж эхэлдэг юм билээ. Би анх 2014 онд Google-ээс “how to write a business plan” гэж хайж байгаад 14 хуудас сүртэй бизнесийн төлөвлөгөө бичиж байсан юм. Тухайн үед үед миний анхны оффист хулгай ороод, хамаг эд зүйлсээ алдаж, эргэн олж авч чадаагүй юм. Гэхдээ 2015, 2016 онд хийсэн зүйлс минь тэр бичсэн бизнес төлөвлөгөөнөөс огт өөрөөр эргэсэн дээ. Тиймээс эхэн үедээ мэдрэмжээ дагаж, бүхнийг хийх гэж хичээсэн. Харин одоо бүхнийг бизнес төлөвлөгөөний дагуу гүйцэтгэх шатандаа иржээ.

Бизнесийн сууриа зөв тавихын тулд менежментийн уйтгартай, залхуутай ажлыг зайлшгүй хийх шаардлагатай. Бүтээгдэхүүний стандарт, үйлчилгээний чанарыг бий болгохоос авахуулаад байгууллагын соёл, санхүү, төлөвлөлт, гүйцэтгэлд нэг бүрчлэн анхаарснаар зөв суурь нь бүрдэнэ. Эдгээрийг явц дундаа сайжруулан шинэчлээд явж болох ч эхний таван жилдээ багтаан зөв стандарт, сууриа тавих нь хамгийн чухал. Бидний хувьд бүтээгдэхүүнээ олон хүнд хурдан хүргэхээс илүүтэй бүтээгдэхүүний чанар болон үйлдвэрлэлийн үйл явцад анхаарсан. Энэ нь бидний сууриа сайн тавих эхлэл болсон болов уу. Аливаа компанийг яалт ч үгүй нэг хүн үүсгэн байгуулдаг нь үнэн ч цаашдаа олон зуун жил оршин тогтнох суурийг компанийн соёл л бий болгож, авч явдаг учраас байгууллагын соёлыг бий болгохоор хичээж байгаа. Манай ажилчид аливаад үргэлж бүтээлчээр хандан, шинийг эрэлхийлж ил тод, нээлттэй байж чаддаг. Компанийн соёлыг алсын хараатай зайлшгүй холбоотой гэж боддог юм. Бид бүгд өөрийн хувийн мөрөөдөл, алсын хараатай. Тэгээд ганц л амьдрах учраас бид ажиллах буй хүмүүстэй ихийг өгөхийг хүсдэг. Тэдний хувийн алсын хараа компанийн алсын хараатай нийцсэн цаг хүн хийж буй зүйлдээ аз жаргалтай, сэтгэл хангалуун байж чадах болов уу.

Хүн амьдралынхаа ихэнх хугацааг ажил дээрээ өнгөрүүлдэг учраас бид зөвхөн цалин, хангамж олгохоос илүүтэй ажилчдынхаа сэтгэл зүй, хувь хүний хөгжилд маш их анхаардаг. Тухайлбал, манай ажлын цаг өглөө 8.30 цагт эхэлж, 17 цагт тардаг. Ингэснээр ажилчид маань замын түгжрэлээс өмнө гарч хүүхэд авах, гадуур ажил хөөцөлдөх эсвэл гэр бүлдээ цаг гаргахад нь тус болдог юм. Эрүүл мэндийн шалтгаанаар олон цагаар ажиллах боломжгүй ажилчдаа гэрээс нь ажиллах боломжийг бий болгож, уян хатан ажиллах нөхцөлийг бий болгосон. Тэдний хувь хүний хөгжлийг дэмжихээр сүүлийн үед олон сургалтыг өөрөө зохион байгуулж байгаа. Тухайлбал, “Хайрцагнаас гадна сэтгэх”, “Зөв арьс арчилгаа”, “Арьс гэж юу вэ”, “Багийн ажиллагаа” сэдвээр ороод байна. Түүнээс гадна бид аливаа тэмдэглэлт баяр, ёслолыг тэмдэглэхдээ ууж идэх бус агаар салхинд гарахыг илүүд үзэж, ажилчдынхаа оюунд хөрөнгө оруулахаар “Lhoumour” номын санг байгуулаад байна.

Дэндүү төгс болгох гэж бүү хичээ 

Гарааны бизнест бүтээлч сэтгэлгээ хамгийн чухал. Бидэнд аливааг үргэлж сайжруулан илүү дээр болгох хүсэл байдаг. Хэрэглэгчдийн зүгээс ч үргэлж шүүмж ирж, илүү сайжруулалт хүсдэг ийм цаг үед төгс бүтээл гаргах гэж хүлээхээс илүүтэйгээр зах зээлээ мэдэрч, явц дундаа сайжруулаад явах нь зөв. Хэрэглэгчид хамгийн зөв шүүмжлэгч байдаг учраас бидний бодож сэтгээгүй санаа, шийдлийг хэлэх нь бий. Тиймээс төгс зүйл бүтээх гээд хамаг цагаа барж, толгойгоо гашилгаж байснаас тухайн үедээ хамгийн сайнаараа хийгээд эртхэн туршиж байсан нь дээр.

Өнөө цагт компани болгон бүтээгдэхүүнээ сайжруулаад явж байгаа шүү дээ. Би өмнө нь өдөр шөнөгүй ажиллаж, төрсөн өдөр, амралтын өдрүүд, баяр ёслол, тэмдэглэлт өдрийг үл харгалзан ажлаа хийдэг байлаа. Тухайн үед бүх зүйлийг ганцаараа эхлүүлсэн болохоор учраа олох гээд их суудаг байсан. Өдөр нь маркетинг, борлуулалтын ажлаа хийж, орой нь шинэ бүтээгдэхүүн дээрээ төвлөрдөг байлаа. Тэр үед менежмент, төлөвлөлт гэх зүйлс байгаагүй учраас бүтээгдэхүүн хөгжүүлэлтдээ хамгийн их анхаарал хандуулж, бүх цаг хугацаагаа лабораторид өнгөрүүлэхийг л хүсдэг байсан даа. Тэгээд удалгүй хамт олонтой болж ажлууд жигдэрч тодорхой болоод ирэх үед бүтээмж чухал болохыг ойлгосон. Би гурван жилийн турш нойргүй ажиллаад эрүүл мэндээрээ маш их хохирон, сүүлдээ гүн ядаргаанд хүртэл орсон байсан юм. Тиймээс өнгөрсөн хоёр жилд бүтээмжээ сайжруулж, тэнцвэртэй амьдралын хэв маягт суралцаж байна.

Аливаа байгууллагын гүйцэтгэх захирал эсвэл үүсгэн байгуулагчид үргэлж өргөн цар хүрээтэй ажил хийх шаардлагатай байдаг. Олон зүйл бодож, төлөвлөн, төсөөлөөд амьдралд бодитоор хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана гэдэг ачаалал өндөртэй. Тэнцвэртэй байхгүй бол яваандаа ядаргаанд ороод, байнгын стресс бухимдалтай болж юун алсын хараандаа хүрэх манатай л болдог юм билээ. Тэгэхээр хүн ажил, амралтаа зөв зохицуулж, ажлын цагтаа бүтээмжтэй өнгөрүүлж чадвал илүү амжилтад хүрэхээс гадна тухайн мөчдөө аз жаргалтай, тайван байж чадна. Би сүүлийн хоёр жилд богино хугацаанд, өндөр бүтээмжтэй ажиллахыг хичээдэг болсон.

Амьдралын минь нэг өдөр өглөө босоод заавал гэр бүлээрээ цайгаа ууж, эрч хүч авахаас эхэлдэг. Ажил дээрээ очоод нэг аяга кофе чанаж уугаад тухайн өдрийнхөө хамгийн чухал ажлыг барьж аван дуусгахыг хичээдэг. Чухал ажлаа эхэнд хийхгүй бол өдөржингөө толгойд бодогдоод хэцүү байдаг учраас тийм ажлуудаа өглөө хийж дуусгадаг. Миний ажил хүмүүстэй мэйлээр харьцах шаардлага их гардаг учраас хаанаас ч ажлаа хийхэд амар байдаг. Мэдээллийн эрин зуунд заавал уулзахгүйгээр цахимаар дамжуулан олон ажлыг амжуулж болохыг ажилчдадаа зааж өгч эхэлсэн. Эхэндээ манайханд хэцүү байсан ч явцдаа дадал болж, ажлын бүтээмж ч дагаад өссөн. Олон улсын, томоохон компаниудын хийж байгаа зүйлсийг бид ч хийх хэрэгтэй.

Бид бүтээгдэхүүнээ одоогоор долоон оронд экспортолж, аль хэдийн олон улсын том брэндүүдтэй өрсөлдөж эхэлсэн болохоор өндөр бүтээмжтэй ажиллах нь маш чухал билээ. Цагийн зөрүүнээс шалтгаалан оройдоо гаднынхантай цахимаар видео дуудлага хийж, мэйлээр харилцах нь элбэг. Мөн ажлынхаа хажуугаар олон улсын сайн дурын ажил хэрэгжүүлдэг учраас оройн цагаар хүмүүстэй утсаар ярих нь бий. Ажиллаагүй үедээ бол аль болох гэр бүлийнхэнтэйгээ цагийг өнгөрүүлж, толгойгоо амраахыг хичээдэг дээ.

Санхүүгээ сайн ойлгох - санхүү хамгаас чухал

Ихэнх гарааны бизнес эрхлэгчид ажилдаа маш дуртай мөртлөө мөнгө, санхүүгийн асуудал дээр тааруухан байдаг. Санхүүг угаасаа сайн ойлгохгүй болохоор анхнаасаа ач холбогдол өгөхгүйгээр нягтландаа найдаад орхичихдог. Гэтэл нягтлан бодогч орлого, зарлагын тайлан гаргадаг болохоос төлөвлөгөө гаргадаг хүн биш. Тухайн компанийн удирдлага, санхүүгийн дарга нь төлөвлөх шаардлагатай байдаг. Харин нягтлан бодогч нь тайланг зөв гаргаж, санхүүгийн сахилга бат, төлөвлөгөөний гүйцэтгэлийг хянаж хариуцаж явах нь зөв юм. Санхүүгийн асуудлыг явц дундаа цэгцэлнэ гэдэг маш төвөгтэй юм билээ. Тиймээс анхнаас нь өөрийгөө энэ тал дээр хүчээр ч хамаагүй дайчлан, санхүүгээ ойлгодог байх нь цаашдын амжилтын том гүүр болно.

Гарааны бизнес эрхэлж байгаа хүмүүсийн ихэнх нь хоосон мөрөөдлөөр эхэлдэг учраас ёстой л хоосноос эхэлдэг. Бидний хувьд эхний жилүүдэд юун ашиг манатай л байсан. Гэхдээ удалгүй борлуулалтын өсөлтөөр компанийнхаа үйл ажиллагааг тогтвортой болгож чадсан. Одоо манайд 45 хүн 60 гаруй бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн, гурван нэрийн дэлгүүрээр дамжуулан хэрэглэгчдэд хүргэж байна. Зардал нэмэгдэхийн хэрээр борлуулалт ч дагаад өсч байгаа. Бид цаашдаа зөв ажилласаар л байвал санхүүгийн амжилтаа бат бөх байлгаж чадна. Миний хувьд Германд өссөн болоод ч тэрүү хувь хүнийхээ хувьд маш сахилга баттай. Ээжийн минь зааж зөвлөсөн зүйлс намайг санхүүгийн тал дээр маш сахилга баттай болгосон. Хэрэггүй зүйлд мөнгө зарцуулахгүйгээр чанартай, цөөн зүйлс худалдан авч минималист хэв маягийг илүүд үздэг. Тийм болохоор дурсамж бүтээх зүйлд л мөнгөө зарцуулж байна даа.

Мэдрэмжтэй байх 

Амжилтын хамгийн чухал түлхүүрийг мэдрэмж гэж боддог болсон. Зөвхөн өөрийгөө гэлтгүй хамт олноо, хэрэглэгчээ, зах зээлээ зэрэг маш олон зүйлд мэдрэмж шаардлагатай. Зах зээлээ мэдрээгүй хүн хэчнээн сайн бүтээгдэхүүн гаргасан ч худалдан авах хүнгүй байх магадлалтай. Хэрэглэгчээ мэдрээгүй хүн буруу маркетинг хийж, хүмүүст зарж чадахгүй байх эрсдэлтэй. Хамт олноо мэдрээгүй хүн тэднийг удирдан чиглүүлэх боломжгүй. Өөрийгөө мэдрээгүй цагт ядаргаанд орж, бусдадаа үлгэр жишээ болон манлайлж чадахгүй. Тиймээс аливаад мэдрэмж хамгаас чухал гэдгийг сүүлийн таван жилийн туршлагаасаа маш сайн ойлгосон доо.

Миний өнгөрсөн амьдрал тэр чигтээ миний ажил л байсан. Тэгснээр би алдаагүй ээ. Харин ч их зүйл ойлгож, богино хугацаанд өөрийгөө хөгжүүлэн, маш их алдаанаасаа суралцаж, хувь хүнийхээ хувьд асар их өөрчлөгдсөн гэж боддог. Одоо ч миний ажил миний амьдралын том хэсэг хэвээр. Гэхдээ өмнөхөөсөө илүү эрүүл мэнддээ анхаарч, гэр бүлтэйгээ цагийг өнгөрүүлдэг болсон нь гол ялгаа юм. Би өөрийнхөө алсыг хараагаа хийж буй ажилтайгаа нэгтгэж чадсан учраас хэзээ ч ажлаасаа залхаж, түүртэж байсан удаагүй. Миний хийж буй зүйлс надад маш гоё мэдрэмж өгдөг. LHAMOUR бол Хулан - Хулан бол LHAMOUR учраас миний мөрөөдөж байсан бүх зүйл LHAMOUR-аар дамжиж бодит болдог.