Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Techworm   07 сарын 16, 2019

Олон улсад аялал хийхэд тань туслах апп болон вэб сайтууд

Аялалд гарна гэдэг бидний завгүй амьдралын хэмнэлд завсарлага болж, эрч хүч, урам зоригоо эргэн дүүргэн, шинэ адал явдалд хөтлөх гүүр болж өгдөг билээ. Удаан хүлээсэн аялалдаа гарах гэж буй хэн бүхэнд сайн төлөвлөгөө, бэлтгэл хамгаас чухал. Гэвч гэнэтийн адал явдалтай учрах нь аяллын мартагдашгүй шигтгээ хэсэг болж өгдөг ч бэлтгэлээ сайн хангах нь аяллыг эцсийн мөч хүртэл амттай болгох гол хүчин зүйл нь юм. Тиймээс тун удахгүй аялахаар төлөвлөж, үүргэвчээ базааж буй хэн бүхэнд хэрэг болохуйц апп болон вэб сайтуудыг онцлон танилцуулж байна. 

Аялал бүрээс авсан мэдрэмж, олсон туршлагаа бусдадаа хуваалцдаг сошиал дахь томоохон бүлгэмүүдийн нэг болох Дэлхийгээр Аялагчид World Wanderers группийн админ, аялагч С.Отгонбат аяллыг илүү амар, хялбар болгох дараах апп болон вэб сайтуудыг санал болголоо.

MARKUSLERNER.COM/travelscope

Олон улс орноор аялахаар төлөвлөж буй хэн бүхэнд дэлхийн улс орнуудын аяллын визний талаарх бүх шаардлагатай мэдээллийг Travelscope өгөх болно. Өөрийн очихоор төлөвлөж буй газруудын визний нөхцөл, бүрдүүлэх материал, визний хугацаа зэрэг мэдээллээс гадна Элчийн сайдын яамны хаяг, байршлыг багтаажээ. Энэхүү вэб сайтаас гадна Гадаад харилцааны яамны Консулын газрын consul.mn сайт руу зочилж, Монгол Улсын иргэд аль орнууд руу визгүй зорчих боломжтой тухай албан ёсны мэдээллийг нэг хараад авахад илүүдэхгүй.

Google Flights

Аяллын зардлаа маш сайн хэмнэж болох хувилбар бол хямд нислэгийн тийзийг эрт захиалах билээ. Тиймээс аль агаарын тээврээр, хаашаа, хэзээ, хэрхэн хямд зардлаар нисэх боломжтойг Google Flight-аас олж болно. Ингэхдээ уг сайтаас нислэгийн хуваарь, үнэ ханшийг нь судлаад, тухайн агаарын тээврийн албан ёсны вэб сайт руу орж захиалга хийх нь зөв юм. Өөрөөр хэлбэл, Google Flight-аас нислэгээ төлөвлөөд сонгосон агаарын тээврийн компанийн хуудсаар захиалга хийнэ гэсэн үг. Энэ нь дараа нь асуудал үүссэн тохиолдолд шууд агаарын тээврийн компанитай нь холбогдоход илүү амар байх болно. Хамгийн гол нь, нислэгээ захиалахдаа хямд агаарын тээвэр сонгож байгаа бол төлбөрийн нөхцөлөө сайтар уншиж, том, жижиг ачааны дээд хэмжээг шалгаарай.

HOsTELWORLD.COM

Хямд зардлаар аялахыг хүсдэг хүн бүрийн заавал зочлох сайт бол hostelworld.com билээ. Ганцаараа эсвэл цөөхүүлээ аялж байгаа тохиолдолд хостелийн өрөөнүүд тохиромжтой бөгөөд өөр орны аялагчидтай танилцах боломжийг олгодог. Гэхдээ хостелоо захиалахдаа үнэ ханшийн уян хатан байдлыг харахаас гадна байршил, өрөөнүүдийн ариун цэвэр, ажилчдын харилцааны соёл, интернетийн хурд, эргэн тойрны дуу чимээ, шүршүүртэй эсэхийг мэдэж, тухайн байранд хоноглосон аялагчдын сэтгэгдлийг уншаад үзэх хэрэгтэй. Хэдий буудал чинь үнийн хувьд боломжийн боловч хотын төвөөс хэт хол байвал тээврийн зардалдаа мөнгө, цаг хугацаагаа зарцуулна гэдгийг анхаараарай. Мөн аюулгүй байдлаа тооцоод аль болох жуулчны гудамж хэсгээр захиалбал зохилтой.

WIKITRAVEL.ORG

Аялахаар төлөвлөсөн орондоо очоод анхаарах, үзэж, судлах зүйлс, аюулгүй байдлын талаарх шаардлагатай олон мэдээллийг wikitravel.org веб сайтаас аваарай. Уг сайт дээр тухайн улс руу газраар, агаараар, усан замаар орох боломжууд болон дараагийн улс руу явахад аль боомт, хотоор дамжин явах мэдээллийг багцлан, тээврийн хэрэгслүүдийн сонголт, үнэ, онцлох хоол, аюултай байж болох гудамж, хэсэг, хуулийн анхааруулга, соёл, зайлшгүй мэдэж байх ёстой ёс заншил зэрэг бүхий л хэрэгцээт мэдээллийг хуваалцдаг. Зарим улс орнуудынх хуучирсан байдаг ч хэрэгцээтэй мэдээллээ авах боломжтой.

HITCHWIKI.ORG

Замын унаанд дайгдан шинэ хүмүүстэй танилцаж, адал явдалтай аялах сонирхолтой аялагчдыг hitchwiki.org сайтаар зочлоорой гэж зөвлөе. Замын унаа мөнгө хэмнэдэг ч зөв байршил, цагт зогсож чадахгүй бол олон цагаар хүлээх, цаг агаарын таагүй нөхцөлтэй учрах зэрэг олон эрсдэл үүрэх магадлалтай. Тиймээс олон аялагчид тус сайтад өөрсдийн аяллын туршлагаа бичиж, замын унаанд дайгдах боломжтой цэгүүдийг хуваалцдаг. Тухайлбал, та Парисаас Лион хот руу явахаар төлөвлөж буй бол замын туршид хаана шатахуун түгээгүүр, машины зогсоол байгаа талаарх мэдээллийг олж, зам дагуу зогсвол аль чиглэлийн унаа олдох, хэр удаан хүлээх шаардлагатайг хүртэл мэдэх боломжтой гээд бод доо.

MAPS.ME

Хилийн чанадад аялагчдын хамгийн сайн мэдэх аппуудын нэг бол Maps.me билээ. Бараг бүх орны газрын зургийг утсан дээрээ татаж аваад, Offline горимд буюу интернэтгүй үед ашиглаж болдог нь энэ төрлийн бусад апп-уудаас онцлог ялгардаг. Нэмж хэлэхэд тэмдэглэгдээгүй газар, байршил байвал үргэлж газрын зурагт нэмж тэмдэглэж оруулж байгаарай. Энэ нь тантай адил дараагийн аялагчдад хэрэг болдог юм шүү.

Татах: iOS, Android

TRIPADVISOR

Дэлхийн улс орноор аялахад тухайн орны жуулчдын хамгийн их очдог газрыг санал болгохоос гадна болон очих хэрэггүй газруудыг ч зөвлөдөг. Хамгийн гол нь, санал болгосон газруудын цагийн хуваарь, хамгийн сүүлд зочилсон жуулчдын мэдээлэл зэрэг цаг үеийн мэдээллийг багтаадаг билээ. Мөн улс орон бүрийн хамгийн амттай хоолны газруудыг олохыг хүсвэл энэхүү аппыг ашиглаад үзээрэй.

Татах: iOS, Android

TRIPS BY LONELY PLANET

Дэлхийн өнцөг булан бүрд аялж буй аялагчдын аяллын тэмдэглэлийг уншихыг хүсдэг бол энэ апп яг тохирно. Аяллын тэмдэглэлийн улс, хот, аяллын төрлөөр ангилан, уншихийг хүссэн нийтлэлээ шүүлт хийн олох боломжтой. Орон орны аялагчдын шинэ адал явдал, сонирхолтой мэдээллийг уншсанаар аялалд явах эсэх эргэлзээ тань арилж, бэлтгэлээ базаах сэдэл төрөх нь зайлшгүй биз ээ.

Татах: iOS, Android

ТӨГСГӨЛД НЬ

Эцэст нь хэлэхэд хэдий чинээ сайн төлөвлөж судална, төдий чинээ аялал чинь үр дүнтэй, төсвийн алдагдалгүй, илүү зарлага бага, тайван, тав тухтай, сэтгэл амар амгалан аялах боломжийг өгөх болно. Хэдий сайн төлөвлөсөн ч шинэ адал явдалтай учрах багахан орон зайг аялалдаа үлдээж байгаарай. Зүгээр л эхний алхмаа хийгээд л зориглоод аялаад үзээрэй. Аяллын хамгийн сайхан нь хэдий хугацаанд аялсандаа биш хорвоо ертөнцтэй танилцах аяллыг хэнтэй хамт өнгөрүүлж, ямар дурсамжийг бүтээсэндээ байдаг билээ.

17719   1


НИЙТЭЛСЭН:

Unread Today

Нийтлэлд оролцсон:

Б.ЛХАГВАЦЭРЭН




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.