Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Онцлох бизнес   07 сарын 08, 2019

Онцлох бизнес: Гэрү - Аз жаргалтай хором бүрийн эхлэл

Дэлхий даяар мянга мянган томоохон үйлдвэрүүд бий болж, тэр ч байтугай бүтээгдэхүүнийхээ ихэнх хэсгийг хүний оролцоогүй ухаалаг робот ашиглан хийх болсон билээ. Үүнээс улбаалан гар урлалын бүтээлүүд тасралтгүй үнэ цэнээ нэмсээр, хүмүүс хайртай дотнын нөхдөдөө энэ төрлийн бэлгийг ихээр бэлэглэх болсон. Иймд бид энэ удаагийн дугаартаа уран бүтээлчдийг, хэрэглэгчидтэй нь холбож өгдөг ГЭРҮ-г онцлон, үүсгэн байгуулагчид болох Г.Түвшинбат, А.Хулангоо нартай ярилцлаа.

Бизнесийн нэр: ГЭРҮ
Хаяг: HUB innovation center
Үйл ажиллагааны чиглэл: Онлайн худалдаа
Үүсгэн байгуулагдсан он: 2018 он
Үүсгэн байгуулагч: Г.Түвшинбат, А.Хулангоо
Цахим хуудсууд: geru.mn (сайт), Geru (фэйсбүүк), @Geru.mongolia (инстаграм)

бизнесийн санаагаа анх хаанаас яаж олсон бэ?

Бид хоёр хуримаа хийгээд маш олон бэлэг авч байсан. Энэ дундаас эргээд санах ганц зүйл нь хуримд уригдсан зочид ерөөлийн үгээ бичиж үлдээдэг модон жааз байсан юм. Үүнээс аз жаргалтай мөчийг дурсах боломж өгдөг зүйл бол сэтгэл гарган, зөвхөн тэрхүү агшинд зориулж хийсэн зүйл юм байна гэдгийг ойлгосон. Гэхдээ бид тэр жаазыг авах гэж бүтэн хоёр долоо хоног хайж байсан. Тэгээд өөрсдөө захиалж хийлгэснийхээ дараа л энэ төрлийн жааз хийдэг газар байдгийг олж мэдсэн. Эндээс гоё газрууд зөндөө байдаг ч хүмүүст хүрч чаддаггүй, бас хэрэглэгчид дурсамж үлдээх онцгой зүйлийг олох гэж их уддаг нь харагдаж байгаа биз. Тиймээс бид хэрэглэгчид болон уран бүтээлчдийн асуудлыг зэрэг шийдэхээр ГЭРҮ-г байгуулсан.

хөрөнгө оруулалт санхүүжилтийн асуудлаа хэрхэн шийдсэн бэ?

Бид одоогийн байдлаар гаднаас хөрөнгө оруулалт аваагүй байгаа. Гэхдээ бизнесээ томруулахын тулд чөлөөт сэтгэлгээтэй хүнээс хөрөнгө оруулалт авахад бэлэн байна. Хамгийн анх бизнесээ эхлэхдээ өөрсдийн машинаа зарсан. Энэ мөнгөөрөө ашиг олохгүй байх үеийн бүх зардлаа гаргаж байгаа.

хамтрагчаа хэрхэн олж сонгосон бэ?

Юун түрүүнд бид зөвхөн багийнхнаа сонгоогүй, манай багийнхан ч бас бидэнд итгэж биднийг сонгосон гэдгийг хэлмээр байна. ГЭРҮ маань ихэвчлэн уран бүтээлчидтэй хамтарч ажилладаг учир бид тэр хүмүүсийг ойлгохоор хэмжээний бүтээлч чанартай байх ёстой. Тиймээс бид багтаа гишүүн элсүүлэхдээ туршлага биш бүтээлч байдлыг чухалчлан авч үздэг. Манай багт их сургуулийн найзууд, арван жилийн ангийн хүүхдүүд гээд өмнө нь бие биенээ таньдаг байсан хүмүүс бий. Тиймээс нэгнийхээ занг маш сайн мэддэг учир асуудал бараг гардаггүй. Асуудал гарсан ч хурдан зохицуулж чаддаг. Бид багийнхаа гишүүн нэг бүрийн чадвар болон тэмүүлэлд эргэлздэггүй, тэдэндээ бүрэн итгэлтэй байдаг. Магадгүй ямар нэг шийдвэрийг мянган хүн зөв гэсэн ч, манай багийн нэг гишүүн эсрэг байр суурьтай байвал бид тэр асуудлыг дахин харах л болно. Яагаад гэвэл тэд маань ГЭРҮ-г амжилтад хүргэхийн тулд цалингүйгээр бүх хүчээ дайчлан ажиллаж байгаа хүмүүс шүү дээ.

Танай үйлчилгээний онцлог давуу талууд юу вэ?

Онлайн худалдааг ашигладаг хүн юу авах нь тодорхой байдаг тул шууд хайлт хийн худалдан авалт хийдэг. Харин ГЭРҮ-ээс хүмүүс өөрсдийн онцгой агшин бүрдүүлэх зүйлсийг хайдаг. Жишээ нь: Ээждээ төрсөн өдрөөр нь өгч болох 40 000₮ доош үнэтэй бэлэг, Найз бүсгүйдээ өгөх бэлэг гэх мэт сэдэвчилсэн байдлаар ГЭРҮ-с бүтээл хайж олж авах боломжтой. Мэдээж энэ бүх зүйлс нь гар урлалын бүтээл. Гар урлал учир түүнийг бүтээсэн хүн тус бүрд нь нарийн анхаарч хийсэн, дахин давтагдах боломжгүй гэсэн үг. Массын үйлдвэрлэлээс ялгаатай нь зөвхөн өөрт зориулж цор ганц хувийг бүтээлгэх боломжтой. Үүн дээр нэмээд тухайн уран бүтээлчээр өөрийн нэрээ бичүүлж авах ч боломжтой. Мэдээж хүн болгон өндөр мэдрэмжтэй биш, тийм байх ч албагүй. Тэглээ гээд гоё зүйл хайртай хүмүүстээ бэлэглэж болохгүй гэсэн үг биш. Манайх энэ хүмүүст ч их боломж олгодог.

Танай ойрын болон хэтийн зорилго юу вэ?

Бид төгсгөлөөс нь эхлэж төлөвлөсөн. Үүндээ Google venture-ийн design sprint ашигласан. Багаараа ярилцаж байгаад 5, 10, 15, 20 жилээр нь төлөвлөгөө гаргаж байсан. Төгсгөлөөс эхлэн төлөвлөх нь багийн гишүүдэд маань эцсийн зорилгыг анхнаас нь тодорхой байлгаж өгдөг. Ингэснээр гишүүд маань эцсийн зорилгодоо тааруулж бүх шийдвэрүүдээ гаргаж, урт хугацаанд замаасаа хазайлгүйгээр явж чадна. ГЭРҮ ойрын таван жилдээ бүтээлч, гар урлагчид, тэдгээр урлагчдын урласан бүтээлүүдийг сонирхох, худалдаж авах хүмүүсийн хүрээллийг бий болгохоор зорьж байна. Бидний хэтийн зорилго бол “Хэн нэгэнд гэртээ урласан зүйлсээ дэлхий даяар борлуулах боломжийг олгох” юм. Энэ манай нэрээс ч илэрхийлэгдэх болно. ГЭРҮ гэдэг нь Гэр болон Үйлдвэрлэл гэсэн үгсийн нийлбэр юм.

Бизнесийн үнэт зүйл баримталдаг зарчим тань юу вэ?

Бизнес эхлэх үед хамгийн үнэт зүйл бол баг хамт олон гэж бодож байна. Тухайн ямарч зүйлийг хийхэд нийтлэг итгэл үнэмшил, ажлын арга барил таардаг байх нь чухал.Бид бүхий л ажилдаа дараах гурван зарчмыг барьж ажиллахыг хичээдэг.
-Бүтээлч байдал
-Хурдтай байдал
-Тууштай байдал /Эхэлсэн ажилдаа эзэн болж дуусгадаг байх/

Энэ бизнесийн эрхлэхийн эерэг давуу тал, хэцүү бэрхшээлтэй тал?

Давуу талаас нь эхэлье. ГЭРҮ урлан бүр бүтээлчээр сэтгэж бүтээл хийдэг учраас байнга сонин содон шинийг эрэлхийлсэн зүйлс хийдэг нь бидэнд урам зориг өгч байдаг. Манай урлангууд санаанд оромгүй сонин содон зүйлс бүтээгддэг шүү. Бид уран бүтээлчдэд зөвхөн уран бүтээлдээ анхаарч ажиллах боломж олгон, тэр хүмүүсийн бусад үйлчилгээг хариуцан ажилладагтаа баяртай байдаг. Манай уран бүтээлчид худалдан авалт нэг бүрээс урам зориг авдаг бөгөөд нэг ширхэг хавчаар зарагдсан байсан ч түүндээ баярлаж дахин илүү гайхалтай зүйлс хийсээр байдаг.
Харин сөрөг тал хүмүүсийн ойлголтын зөрүүнд байдаг. Манай Монголчуудын хувьд гар урлал гэхээр болхи, хоцрогдсон гэсэн ойлголт түгээмэл. Гэтэл дэлхий нийт эсрэгээр гар урлалын бүтээлүүдэд дурлаж, цор ганц зүйлс худалдан авахыг эрхэмлэж байна. Тиймээс бид энэ хандлагыг монголчууддаа түгээн дэлгэрүүлэхээр ажиллаж байна. Гэхдээ бид энэ зах зээл дээр анхдагч учир анхдагчийн л давах ёстой зүйлсийг давж байна гэж боддог.

уран бүтээлчдэд хандан юу гэж хэлмээр байна?

Уран бүтээлчид маань бүх юмаа өөрсдөө хийх гэж оролдохоо больё. Та өөрийн торгон мэдрэмж ашиглаж нандин бүтээлээ урлаж, бусад жижиг сажиг зүйлсээ мэргэжлийн хүмүүст нь даатгаж орхиорой гэж хэлмээр байна.

Үйлчлүүлэгчдийн зарим сэтгэгдэлээс хуваалцвал?

Манайх бүх бүртгэлтэй хэрэглэгчид рүүгээ залгаж судалгаа авч байсан юм. Тэр үед Эрдэнэт хотын нэг охин: "Би танайхаас авч чаддаггүй ганц шалтгаан бол энд хүргэлтгүй. Гэхдээ би үргэлж танай апп руу орж хардаг. Эндээс Улаанбаатарын охидын загварын чиг хандлагыг мэддэг" гэж хэлж байсан. Энэ сэтгэгдэл үнэхээр хөөрхөн санагдсан. Бид хөдөө орон нутагт ч гэсэн хүргэлттэй болох хэрэгтэй юм байна гэж бодсон.

11780   0


НИЙТЭЛСЭН:

Nominjargal Batkhuyag

Гэрэл зургийг:

Д.Ганзул




Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.