Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Блог   06 сарын 20, 2019

2030: Та эко аялалд гарахад бэлэн үү?

Эх оронд минь бидний хүсэн хүлээдэг найртай сайхан зуны улирал айлчлан ирлээ. Өвлийн утаа униар, хаврын хуйсагнуур аашийг даван туулсны эцэст бид урин цагтай золгодог болохоор аль болох зуны сайхныг бүрэн мэдэрч, жилийн алжаалаа тайлахыг боддог. 

Аялал хийнэ гэдэг ихэнх хүний хийх дуртай, хийхийг хүсдэг зүйл байдаг учраас дэлхийн улс орнуудын эдийн засагт томоохон нөлөө үзүүлдэг салбар. Монголчууд бид ч өөрсдийн өвөрмөц соёл, нүүдэлчин ахуй, баялаг түүх, “сонирхолтой” байршлаараа жуулчдыг татах бүрэн боломжтой хэмээн энэ салбарт ихээхэн найдлага тавьдаг нь нууц биш. Аялал жуулчлалыг хөгжүүлэхээр хичээж буй энэ цаг үед аялал жуулчлалын хандлага хаашаа чиглэж буй, байгаль орчноо хамгаалахын сацуу эдийн засагт ашигтайгаар аялал жуулчлалыг хэрхэн хөгжүүлж болох талаар мэдээлэл хүргэх нь зүйтэй гэж сэтгэв. Ингээд тогтвортой, эко аялалд хамтдаа гарцгаая!

Байгалийн сайхан, дурсгалт газрууд, өвөрмөц хот тосгод, шинэ хүмүүс, өөр соёл, содон мэдрэмж. Энэ бүхэн хүмүүсийг ямагт аялалд даллан дуудаж байдаг. Аялал жуулчлалын ачаар тухайн газар орон олон хүнийг ирүүлж, эдийн засгийн үр өгөөж хүртэж байдаг ч хүн цугласан газар хэрэглээ ихсэж, орчныг бохирдуулдаг нь жам гэлтэй. Онгон байгалиа үзэж харуулна хэмээн аль нэг цэгт жуулчдын цувааг таслахгүй байж болох ч энэ нь эргээд онгон байгалийг үгүй хийх нэг нөхцөл болох магадлалтай гэхээр нэг бодлын харамсалтай. Чухам ийм л учраас эко аялал, хариуцлагатай аялал, тогтвортой аялал гэсэн ойлголтууд бий болсон юм. Жишээ нь "Оксфорд"-ын толь бичигт 1973 онд “ecotourism” буюу “эко жуулчлал” гэсэн үг тэмдэглэгдсэн нь тэр үеэс л аялал жуулчлал дагасан хохирлыг бууруулж, орчиндоо ээлтэйгээр хөгжүүлэх боломжийг эрэлхийлж эхэлсэн хэрэг мэт. Энэ ойлголт нь байгальд ээлтэй байгаад зогсохгүй тухайн газар орны хүмүүст ээлтэй байх, ажлын байр бий болгож, бүтээгдэхүүн үйлчилгээг нь дэмжих утгыг агуулдаг.

Цахим товхимолд бүртгүүлэхийг хүсвэл энд дарна уу.

Дэлхий дээр жил бүр 1.2 тэрбум хүн хилийн дээс алхдаг нь аялал жуучлалын салбар ямар том, нөлөөтэй болохыг харуулна. Дэлхийн ДНБ-ий 10 хувийг, 10 ажил тутмын нэгийг, дэлхийн нийт экспортын долоон хувийгаялал жуулчлал дангаар эзэлдэгучраас энэ салбарт хэрэгжүүлэх “гэрийн даалгавар” Тогтвортой хөгжлийн 17 зорилтод чухал байр суурь эзэлнэ. Үүнээс аялал жуулчлалтай шууд хамааралтай гурван зорилт бол: “Эдийн засгийн өсөлт, баталгаат ажлын байрыг бий болгох” 8 дугаар зорилт, “Хариуцлагатай хэрэглээг дэмжих” 12 дугаар зорилт, “Далай тэнгисийн нөөцийг хамгаалах” 14 дүгээр зорилт юм. Гэсэн хэдий ч аялал жуулчлал дам байдлаар 17 зорилттой бүгдтэй нь уялддаг. Энэ салбарыг тогтвортой хөгжүүлэх үүргийг НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллага (UNWTO) хариуцан ажилладаг билээ. Монголын аялал жуулчлалын салбарыг авч үзвэл Монголд ирсэн гадаадын иргэдийн тоо 2017 онд 191 мянга байсан бол 2018 онд 222 мянга болж өсөн, 400 сая ам.долларын орлого оруулдаг байсан нь 500 сая ам.доллар болж нэмэгджээ. Тал, хангай, говь хосолсон байгаль, нүүдлийн мал аж ахуй, үндэсний баяр наадам, түүнтэй зэрэгцэн орших хотын соёл гээд жуулчдын анхаарлыг татах нөөц боломж бидэнд хангалттай бий мэт санагддаг. Гэвч нөгөө талаас өндөр үнэтэй онгоцны тасалбараас эхлээд жуулчдад ээлтэй дэд бүтэц, жуулчдын аюулгүй байдал, найдвартай үйлчилгээ хангалттай түвшинд хүрээгүй гэх мэт сөрөг зүйлс ч цөөнгүй бий. Ер нь бид нөөц бололцоогоо хангалттай ашиглаж чадахгүй байгаа нь, салбарыг бодлоготойгоор хөгжүүлэх үйл явц удаашралтай байгаа нь нүдэнд илхэн байдаг. Ийм нөхцөлд хувь хүмүүс, хувийн хэвшлийнхэн ачааны нэлээд хэсгийг үүрдэг. Нэг жишээ: “Нутгийн шийдэл” ТББ-аас эхлүүлсэн “Жорлонгоо өөрчилье” санаачилга хотод амьдарч буй гэр хорооллын иргэдэд төдийгүй аялал жуулчлалын бизнес эрхэлж буй байгууллагуудад шинэ санаа сэдэл өгч, үйлчилгээгээ сайжруулах боломжийг олгож байна.

2018 оны намраас эхлэн Монгол Улсын Гадаад харилцааны яам АНУ-ын Элчин сайдын яамтай хамтран “Хариуцлагатай аялцгаая” аяныг хэрэгжүүлэх болсон. Монголчуудыг гадаадад зорчихдоо тухайн газар орны соёл, хууль журмыг хүндэтгэн, виз, бичиг баримтын зөрчил гаргахгүй байхыг уриалсан энэ аяныг “2030” товхимлыг бэлтгэгч бид дэмжиж байгаа бөгөөд зөвхөн гадаадад зорчиж байгаа гэлтгүй дотоодод аялж байгаа хүмүүст, аялал жуулчлалын бизнест холбоотой байдаг байгууллагуудад хариуцлагатай, тогтвортой аяллыг хөгжүүлэхийг энэ ташрамд уриалж байна.

Чиг хандлага

Ирээдүйд аялал жуулчлал хэрхэн хөгжиж, аялагчдад ямар боломжууд нээгдэх бол? Хариулт нь өнөөх л эко аялал аж. Booking.com-ын хийсэн судалгаагаар ирээдүйн чиг хандлага эко аялал жуучлал руу улам хэлбийсээр байх нь тогтоогджээ. Тодруулбал, нийт аялагчдын 87 хувь нь эко аяллыг туршиж үзэх төлөвлөгөөтэй гэжээ. Харин 39 хувь нь заримдаа буюу ихэнхдээ эко аялал хийдэг, харин 48 хувь нь одоогоор энэ төрлийн аяллыг хийж үзээгүй гэсэн байна. Ингээд Booking.com-ын судалгаанд дурдагдсан аяллын чиг хандлагуудыг товч танилцуулъя.

  • Байгалиа хайрлах: Эко аялал хийж буй хүмүүсийн хамгийн гол зорилго нь байгалийн сайхныг хайрлан хамгаалах гэнэ. Судалгаанд хамрагдагсдын 54 хувь нь байгалийн сайхныг хайрлан хамгаалах шинэ төрлийн аяллын хэлбэрийг сонгодог гэжээ.
  • Нэмэгдэх төсөв: Аялагчдын гуравны хоёр нь байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг багасгахын тулд зардлаа наад зах нь 5 хувь нэмэхээс татгалздаггүй байна. Зарим тохиолдолд энэ төрлийн аялал зардлыг нэмээд зогсохгүй аяллын хугацааг уртасгах, үзэх газрын тоог цөөлөх хэдий ч аялагчид сонгох хүсэлтэй байдаг гэнэ. Гэхдээ энэ нь тухайн улс орон жуулчдад хэр сайн мэдээлэл өгөхөөс шалтгаална.
  • Усыг нь ууж, ёсыг нь дагах: Очсон газартаа жуулчин, аялагчийн хувиар биш тухайн орон нутгийн нэг хэсэг болон амьдрах хандлага ирээдүйд нэмэгдэнэ гэнэ. Судалгаанд хамрагдагсдын талаас илүү хувь нь бэлэг дурсгал, сувинер авахын оронд тухайн газрын нэрийн бүтээгдэхүүнийг худалдан авах сонирхолтой, тав тухтай таксигаар биш нийтийн тээврээр адал явдалтай зорчихыг илүүд үздэгээ илэрхийлжээ.

    Энэ судалгаа нь ирээдүйд байгаль орчин, бүс нутгийн соёл, уламжлалд ээлтэй тогтвортой аялал жуулчлал хөгжих төлөвтэйг харуулж байна.

Та аялж явахдаа өөрийн дадал хэвшлийг үл ялиг өөрчлөхөд л эко аялагч болж чадна. Яг одооноос дараах зөвлөмжүүдийг хэрэгжүүлээд үзээрэй:

  • Боломжоороо бага ачаатай явах
  • Үйлдвэрлэлийг нь дэмжин аль болох тухайн нутгийн бүтээгдэхүүн авдаг байх
  • Ойрхон газарт алхаж, дугуйгаар зорьсон газраа хүрэх
  • Боломжтой бол зочид буудлаас татгалзаж, айлд хоноглох
  • Аялж яваа газраасаа хүнсээ худалдаж авах
  • Нэг удаагийн хэрэгслээс татгалзаж дахин ашиглах боломжтой уут, сав ашиглах
  • Ус худалдаж авахын оронд усны савтай явж, кафе ресторануудаас дүүргэж байх

7221   1


НИЙТЭЛСЭН:

Nominjargal Batkhuyag




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.