Өнөөдрийн дугаартаа бид Монголын говийн бүсэд анх удаа салхин цахилгаан станцыг байгуулж, сэргээгдэх эрчим хүчний салбарт шинэ хуудас нээж буй Clean Energy Asia компанийн гүйцэтгэх захирал Э.Орчлонг урьж ярилцлаа. Бага насаа Албани, Узбекистан, Англид өнгөрүүлж, АНУ-ын Нью Йоркийн их сургуулийг эдийн засагчаар дүүргэсэн тэрбээр Монголдоо ирээд Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төслийн ажлын хэсэгт багтаж, Рио Тинто группийн зэсийн компанийн ерөнхий зөвлөхөөр ажиллаж байсан билээ. Түүний дараа улс орны хөгжлийн ирээдүйн хөгжлийг тодорхойлох сэргээгдэх эрчим хүчний салбарт орж, дэлхийд хамгийн богино хугацаанд хэрэгжсэн салхин цахилгаан станцын төслийг удирдсан хэмээн Forbes Asia сэтгүүлийн шилдэг залуу лидерүүдийг тодруулдаг “30 хүртэлх 30” жагсаалтад багтсан юм. Ингээд түүний ажлын арга барилтай танилцацгаая. 

Байршил: Монгол Улс, Улаанбаатар
Эрхэлдэг ажил: "Clean Energy Asia" компанийн гүйцэтгэх захирал Э. Орчлон
Хэрэглэдэг гар утас: iPhone X
Хэрэглэдэг компьютер: Microsoft Surface
Сошиал хуудсууд: Orchlon Enhkhtsetseg (LinkedIn), Orchlon Enkhtsetseg (Facebook)

ТА КАРЬЕРЫН ҮЕ ШАТУУДАА ТОВЧХОН ХУВААЛЦАХГҮЙ ЮУ?

Би Нью-Йоркийн их сургуулийг 2010 онд төгсөн Монголд хүрч ирээд найзтайгаа нийлж бизнесийн зөвлөх үйлчилгээний компани байгуулахаар шийдсэн юм. Тухайн үед Newcom группийн гүйцэтгэх захиралтай уулзаж, зөвлөх үйлчилгээ үзүүлэх талаар ярихад бидэнд АНУ-ын хамгийн том банкуудын нэг “JPMorgan”-д 15 жил ажиллах хугацаандаа юу хийсэн тухайгаа хуваалцдаг юм байна. Мэргэжлийн үг хэллэг орсон ярианых нь агуулгын 50 хувийг ч ойлгоогүй гарч ирсэн бид хоёр том цочроо авч, өөрсдийгөө тун түүхий байгаагаа мэдэж билээ. Ингэж холбоо тогтоосны ачаар Newcom группт хөрөнгө оруулалтын шинжээчээр 1.5 жил ажилласан. Монгол Улсад 1993 оноос хойш тогтвортой үйл ажиллагаа явуулж буй том компанид орж ажиллаад ихийг сурч, туршлага хуримтлуулах хэрэгтэйгээ ойлгосон.

Үүний дараа Оюутолгой компанид бизнесийн шинжээчээр орж өөрийгөө дайчилж эхэлсэн. Тухайн үед Оюутолгойн далд уурхайн хэлэлцээр гацаанд орчихсон, хөрөнгө оруулалтын асуудал шийдэгдэхгүй байсаар бүх ажил нь зогссон хүнд үе байлаа. Тэнд ажиллаж байсан 400 гаруй хүн ажилгүй болж тэдний цаана байх хэдэн зуун гэр бүлд энэ явдал хүндээр тусаж байсан нь хийж буй ажлын минь цар хүрээ, ач холбогдлыг ойлгуулж байв. Удалгүй би далд уурхайг хэрэгжүүлэх ажлын хэсэгт багтан ажиллаж эхэллээ. Рио Тинто групп Оюутолгойд менежментээ нэвтрүүлж эхэлж байсан үе л дээ. Жилийн дараа гэхэд ахлах шинжээч болж, нэг их уддалгүй компанид бүтцийн өөрчлөлт ороод Рио Тинто группийн зэсийн компанийн ерөнхий зөвлөх болж тушаал дэвшсэн. Анх орохдоо зөвхөн ахлах шинжээч болох мөрөөдөлтэй байсан хүн дэлхийн хэмжээний том групп дэх компанийн ерөнхий зөвлөх болтлоо дэвшиж чадсандаа өөртөө ч итгээгүй, их ч урам зориг авсан даа. Монгол дахь төсөлд баригдахгүйгээр Рио Тинто группийн бусад оронд байх төслүүд дээр ажиллах санал ирсэн ч Монголоос явах хүсэл байгаагүй. Ингээд хэсэг ажилласны дараа 2016 онд урьд ажиллаж байсан Newcom группээс холбогдоод сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр томоохон төсөл хэрэгжүүлэх гэж байгаа, сонирхож байна уу гэдэг юм байна. Тухайн үед нэлээн их бодож, сэргээгдэх эрчим хүч бол улс орны хамгийн түрүүнд хөгжүүлэх ёстой, ирээдүйд уул уурхайгаас ч илүү өгөөжтэй болох боломжтой салбар гэж үзсэн учраас тус төсөлд орж ажилласан юм.

ТА АЖЛАА ЯМАР АРГА БАРИЛААР ХИЙДЭГ ВЭ? АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Өдрийг яаж эхлүүлэх нь тун чухал санагддаг. Өглөөг эрч хүчтэйгээр, өөр зүйлд сатаарахгүйгээр эхлүүлж чадвал тухайн өдөр тэр чигтээ бүтээмж өндөртэй болдог. Харин жаахан залхуураад л, өөр юманд сатаараад эхэлбэл тэр өдрийг үр бүтээл муутай өнгөрөөх магадлал өндөр байдаг болов уу. Ажлын хувьд би юмыг олон хэсэгт хувааж хийх дуртай. Тухайлбал, Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах “Цэций” салхин цахилгаан станцын төслийн ажлыг хуваавал бараг 1000 том, жижиг ажлаас бүрдэнэ. Тэр бүхний зардал, цаг хугацаа, менежмент зэргийг тооцон төлөвлөх шаардлагатай. Ажлыг олон хэсэгт хуваавал хийж болохуйц хялбар санагдаж, оновчтой, үр дүнтэй хийх боломж бүрдэнэ. Энэ бүхнийг дэс дараагаар нь тууштай хийж чадвал үр дүнд хүрнэ гэдэгт итгэдэг.

Сайн үр дүнд хүрэх эсэх нь тодорхойгүй байсан ч удаан хугацаанд тууштай зүтгэсний эцэст ард нь гарж чадсан олон туршлага надад бий. "Цэций" салхин цахилгаан станцын төсөл гэхэд 2008 оноос эхэлж, бараг 10 гаруй жилийн судалгаа, хөрөнгө оруулалтын эцэст 2017 оноос ашиглалтад орж байсан. 5 хувийн, эсвэл 95 хувийн амжилттай болох магадлалыг нь харгалзахгүйгээр яг адилхан хүч хөдөлмөр, энерги зарцуулна гэдэг хүнээс маш их итгэл үнэмшил, тэвчээр шаардана. Тиймээс том, жижиг ямар ч ажлын ард гарсны дараа түүнээсээ урам зориг авч, дараагийн ажил руугаа эрч хүчтэйгээр орж чаддаг болов уу.

ТА ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ, АШИГЛАХ ДУРТАЙ АЖЛЫН ХЭРЭГСЭЛ, ПРОГРАМ, АППЛИКЭЙШНЭЭСЭЭ НЭРЛЭНЭ ҮҮ?

Миний гол "багаж" бол Outlook. Имэйл бичихээс гадна ажлын жагсаалт, төлөвлөгөө, календарь үүсгэх зэрэг олон үйлдэлтэй. Харин ажлын харилцаа холбоонд Whatsapp-ийг түлхүү ашигладаг даа. Сошиал медиаг нэг их идэвхтэй ашигладаггүй.

ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Аливаа ажлыг хийхээсээ өмнө сайн бодож төлөвлөж, нэг л удаа сайн хийхийг илүүд үздэг. Ажил амьдрал дээр харж байхад, хүмүүс аливаа ажлыг явц дунд нь сайжруулах гээд бас их цаг алдаж байгаа нь харагддаг. Анхнаас нь сайн бодоод часхийтэл нь хийж чадвал их хугацааг хэмнэж болно гэж боддог юм.

ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТАА ТА ЮУН ДЭЭР ЯАЖ ХӨТӨЛДӨГ ВЭ?

Хийх ажлуудаа ихэвчлэн тэмдэглэлийн дэвтэр дээр хөтөлдөг. Тэмдэглэлийн дэвтрийн жижиг цаасан дээр хийх ёстой олон ажлаа жагсааж бичээд, хиймэгцээ балаар дараад явахад таатай санагддаг. Дараа нь хийсэн ажлуудаа эргээд харахад ч сэтгэл хангалуун болдог шүү дээ. Үүнээс бусад төрлийн тэмдэглэлийг нөүтбүүк дээрээ хийдэг.

ТА ЯМАР ЗҮЙЛСИЙГ ХИЙХДЭЭ ГАРГУУД ВЭ? 

Аливааг хайрцаглаж хийхдээ сайн болов уу. Ажил дээр ч тэр, амьдрал дээр ч тэр. Өөрөөр хэлбэл, асуудлыг томоор нь харж шаналалгүй, сэтгэл хөдлөлөө даран логикоор бодож, боломж ба эрсдэлийг нь тооцоолон, шийдэж хугацаа зэргээ хайрцаглаж бодож чадвал эрсдэлийг багасгадаг. Би яагаад стрессдээд байна вэ гэж өөрөөсөө асуухаас эхлээд асуудлын гол зангилааг хөөн олж чадвал шийдлийн гарц нь ойлгомжтой болж ирдэг.

ХИЙЖ БАЙГАА АЖЛЫН ОНЦЛОГ ТАНЬ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Дэд бүтцийн салбарт дор хаяж 100 сая ам.доллароос эхлэх нүсэр хөрөнгө оруулалт шаардагддаг. Тэр их хэмжээний хөрөнгө оруулалтыг нөхөн хугацаа нь дор хаяж 15-20 жил байдаг. Тиймээс төсөл хэрэгжүүлэхийн өмнө бүх тооцоо судалгааг нарийн хийж хөрөнгө оруулалт хийхгүй бол нэг л тооцооллыг буруу хийснээс 15 жилийн дараагаас орлогоо нөхөх байсан нь 5-10 жилээр ч хойшлох эрсдэлтэй. Дэд бүтцийн төсөл бол шууд өгөөжөө өгөхгүйгээр бусад бизнес, эргэн тойрныхоо үйлдвэрлэл, эдийн засгийг дээшлүүлдэг онцлогтой. Аль нэг цахилгаан станцад доголдол гарвал Монгол Улсын төвийн эрчим хүчний системд тэр чигт нь нөлөөлөх учраас хамгийн хариуцлагатай бизнес гэж хэлж болно. Миний хувьд тусгай обьект бүхий үйл ажиллагаатай компанийг удирддаг хүний хувьд ямар ч нөхцөлд бэлэн байхаас өөр аргагүй. Тиймээс хуулийн дагуу ажлын бус цагаар ч гар утсаа унтраах эрхгүй байдаг. Шөнө унтаж байхад хүртэл утсанд дуудлага ирэх тохиолдол бий. Цахилгаан станцын аюулгүй байдлыг хангах нь маш чухал учраас жижиг, том гэлтгүй осол аваар гарсан байх вий гэж байнга санаа зовж байдаг.

ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ АЖИЛЛАЖ БАЙГАА ВЭ?

Одоогоор Өмнөговь аймгийн Цогтцэций суманд 2017 онд ашиглалтад оруулсан 50 мВт-ын “Цэций” салхин цахилгаан станцын үйл ажиллагааг жигдрүүлж, улам сайжруулахаар ажиллаж байна. Энэ хүрээнд хүчин чадлыг нь дор хаяж 100 мВт-аар өргөтгөхөөр судалгааны ажлууд хийж байгаа юм.

Улс орны хамгийн түрүүнд хөгжих ёстой салбар бол эрчим хүч юм. Технологийн дэвшлийн үндэс суурь нь дата учраас өнөөдөр бүх салбарт үлэмж их дата ашиглаж байна. Цаашид бүр ч их ашиглагдах болно. Датаны суурь бол эрчим хүч. Эрчим хүчгүйгээр ямар ч дата, технологи байх боломжгүй юм. Бид эрчим хүчнийхээ хэрэглээг нүүрсээр хангаад байвал байгаль орчинд асар их хор хөнөөл үзүүлнэ. Тийм ч учраас тогтвортой хэрэглээг бий болгохын тулд сэргээгдэх эрчим хүчээр тэжээх нь хамгийн зөв сонголт болоод байна. Дэлхийн чиг хандлага, тренд энэ салбар руу л явж байгаа. Яваандаа уул уурхайгаас илүү потенциалтай болох боломж бий. Тиймээс сүүлийн арав гаруй жил өөрчлөлт хийгдээгүй Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль шинэчлэгдэж, тарифыг бууруулахаар болсныг их дэмжиж байгаа. Үр дүнд нь бид дараагийн шинэ төслүүд дээрээ хэрхэн илүү өрсөлдөхүйц тарифтайгаар сэргээгдэх эрчим хүч найдвартай нийлүүлэх вэ гэдэгт анхаарч байгаа. Түүний хажуугаар Newcom группээс хэрэгжүүлж буй нарны цахилгаан станцын төсөл дээр төвлөрөн ажиллаж байна.

ТА ХЭР ИХ УНШДАГ ВЭ? ОДОО ЯМАР НОМ/НИЙТЛЭЛ УНШИЖ БАЙНА?

Kindle дээрээ ном татаж уншдаг. Гэхдээ саяхнаас унших гэлтгүй өөр хэлбэрээр мэдээлэл авах дуртай болоод байна. Тухайлбал, Youtube дээрээс дэлхийн томоохон компаниудын захирлын бичлэгүүдийг үздэг болоод байгаа шүү. Аливаа чухал уулзалт, хэлэлцээрт орохын өмнө сэтгэл зүйгээ бэлтгэх зорилгоор Google, Microsoft зэрэг компаниудын үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирлуудын түүх, намтар, тэдэнтэй хийсэн ярилцлагуудыг үздэг болсон. Өөрийгөө цэнэглэж бэлтгэхэд тун ч их нэмэртэй юм билээ.

ТА ажиллах байх үедээ хөгжим сонсдог уу? ЯМАР ТӨРЛИЙН ХӨГЖИМ СОНСОХ ДУРТАЙ ВЭ?

Анхаарал сарниулдаг, сэтгэл санаанд нөлөөлдөг учраас ажиллаж байх үедээ хөгжим сонсдоггүй. Ихэвчлэн замд явж байхдаа сонсдог юм байна. Улаанбаатараас Өмнөговийн Цэций салхин цахилгаан станц хүртэл автомашинаар найман цаг явдаг юм. Машинд дуртай хөгжмөө сонсож, сайхан зүйл төсөөлж явдаг даа. Хөгжлийн төрлийн хувьд гэвэл тухайн үеийн сэтгэл санааны байдлаас шалтгаалан янз бүр л байдаг. Дуучин Тэйлор Свифтээс аваад Queen хамтлагийн дуу хүртэл сонсоно.

ТА ХЭДЭЭС ХЭДЭН ЦАГИЙН ХООРОНД УНТДАГ ВЭ?

Аль болох 12 цагаас өмнө орондоо ордог. Би өөрийгөө ажлаа ажил дээрээ орхиж чаддаг байх гэж боддог л доо. Өглөө 9 цагт ажилдаа ирээд орой 18 цагт тарна гэдэг ямар ч хүнд ажил хийхэд хангалттай хугацаа. Мэдээж хэрэг ачаалалтай үе байлгүй л яахав. Гэхдээ ажил дээрээ ч илүү цаг ажиллаж, гэртээ хүртэл үргэлжлүүлж ажиллана гэдэг тухайн хүний ажил нэг л болж өгөхгүй, ямар нэг юм буруу байна л гэсэн үг. Хүмүүс өөрийгөө хуураад аливаа ажлыг маргааш хийнэ, эсвэл гэртээ очоод үргэлжлүүлнэ гэсэн бодлоор ханддаг. Ажлыг аль болох хайрцаглаад, жижиг хэсгүүдэд хувааж чадвал цаг алдахгүйгээр үр бүтээмжтэй байж болно. Тиймээс хэт завгүй ажилладаг хүмүүсийг муу менежер, муу ажилтан гэж хэлэхэд хэтрүүлэг болохгүй. Ажил дээрээ завгүй харагдахын хэрээр ажилтнууд дагаад стрессдэнэ шүү дээ. Ажлыг хугацаанаас нь өмнө үр дүнтэй гүйцэтгэж чадвал яагаад заавал ажлын цагт баригдаж суух ёстой гэж.

ТАНЫГ АЖИЛЛААГҮЙ ҮЕД ТАНЬ ХААНААС ОЛЖ БОЛОХ ВЭ?

Ажиллаагүй үедээ аль болох аялах дуртай. Олон монголчуудын адилаар эх орныхоо үзэсгэлэнт газруудаар аялахыг хүсдэг. Харин амралтын өдрүүдэд хэрхэн сайн амарч, өөрийгөө цэнэглэх вэ л гэж боддог доо.

Work-life balance буюу ажил амьдралын тэнцвэр гэдэг ойлголт Монголд харьцангуй шинэ юм шиг санагддаг юм. Хүн гэр бүлээ аз жаргалтай болгохын төлөө л ажилладаг шүү дээ. Миний хувьд тухайн өдөр ажлаа сайн хийсэн бол гэр лүүгээ аль болох эрт хариад, гэр бүлтэйгээ байхыг илүүд үздэг. Цаг бүртгүүлэхийн төлөө биш үр бүтээлтэй байхын төлөө л ажиллах хэрэгтэй. Үүнийг ойлгосон хүн ажлаа хурдан, үр дүнтэй амжуулахыг гэж хичээдэг болов уу. Зарим ажилтнууд хүүхэд нь өвдсөн, гэр бүлд нь ямар нэг асуудал гарсны дараа ажил дээрээ ирээд их гэмшсэн ярьдаг. Яг үнэндээ тэднийхээ сайн сайхны төлөө л ажиллаж байгаа шүү дээ. Хүүхэд нь өвдсөн хүн ажлаа сайн хийж чадахгүй нь ойлгомжтой. Гэртээ аз жаргалтай байж л ажил дээрээ илүү үр бүтээмжтэй байх нөхцөл бүрдэнэ.

ТА ХЭНЭЭС, ЮУНААС УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ ОЛЖ АВДАГ ВЭ?

Надад хоёр зүйл маш том хөшүүрэг болдог. Саяхныг хүртэл айдас гэдэг зүйл миний хувьд хамгийн том хөшүүрэг болж байлаа. Дүү маань надаас 12 насны зөрүүтэй тул гэр бүлийнхээ өмнө яаж илүү хариуцлагатай байж, тэдэндээ тус дэм болох вэ гэж их боддог байлаа. Харин одоо миний хийж буй ажлын эцсийн үр дүн юу болох, ямар эерэг үр нөлөө гаргах том дүр зураг бий болсон нь цаашид улам эрч хүчтэй байх урам зоригийг өгч байна. Түүнээс гадна би өнгөрсөн жил гэр бүл зохиож, амьдралынхаа ханьтайгаа учирсан юм. Олон төслийг амжилттай хэрэгжүүлэхэд миний хань надад урам зориг өгдөг. Тиймээс гэр бүлийнхээ амьдралыг хэрхэн аятай зөв авч явах вэ гэдэг бодол олон зүйлд хөшүүрэг болдог.

ТАНЫ АМЬДРАЛДАА АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ ЮУ ВЭ?

Ямар ч ажлыг голж болохгүй гэх том сургамжийг их сургуульд байхдаа олж авч байлаа. Их сургуульд байхдаа футволк хийдэг нэг стартап компанид эвхэгчийн ажилд орсон юм. Футволкийг эвхэж болох 100 арга байдаг юм билээ. Энэ аргуудын алийг нь ашиглахаас шалтгаалан өөр өөр үр дүн гарч, тэр нь амьдралд өөр өөрөөр нөлөөлөх учраас ямар ч ажлыг гололгүй чин сэтгэлээсээ хийх ёстой юм байна гэж дүгнээд их хичээсэн. Тэр компани миний ажилдаа хандах хандлагыг үнэлээд сүүлдээ маркетингийн менежерийн ажилд томилж байв. Футволк эвхэх ажлаас үүдсэн философио өдийг хүртэл бүх ажилдаа шингээх гэж хичээж ирсэн шүү.

ЗАЛУУ МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ХАНДАН ЮУ ГЭЖ ХЭЛЖ ЗӨВЛӨХИЙГ ХҮСДЭГ ВЭ?

Залуу хүмүүст ажилгүй уйдах шиг хэцүү зүйл гэж үгүй. Тиймээс залуу хүн эрч хүч, цаг хугацаагаа юунд зарцуулж, түүнээсээ ямар үр шим авах вэ гэдгээ сайн бодох хэрэгтэй болов уу. Ямар ч ажилд өнгөц хандахгүйгээр хийвэл хийсэн шиг хийж сурах нь хамгийн чухал. Америкийн нэгэн алдарт генарал их сургуулийн төгсөлтийн баярт уригдаж илтгэл тавихдаа залууст хандаж өглөө бүр ороо хурааж байхыг зөвлөсөн байдаг. Ороо хураана гэдэг хүний хийж болох хамгийн энгийн хэвшил шүү дээ. Хүнд юу ч тохиолдсон бай өглөө босоод ороо хураана гэдэг том алхмын эхлэл болдог. Хамгийн муугаар бодоход, тухайн өдөр олон удаа бүтэлгүйтсэн ч бай, ядаж л ороо хураасан шүү дээ гэж өөрийгөө тайвшруулах болно гэж хэлсэн байдаг.

Өмнө нь би амжилтад хүрнэ гэдэг асар ихийг хийж бүтээсэн хүний л хүртэх зүйл гэж боддог байлаа. Гэвч амжилт гэдэг бол ажилдаа тушаал дэвшиж, баян тансаг байх тухай ойлголт биш, хийж байгаа зүйлдээ л сэтгэл хангалуун байх тухай асуудал юм билээ. Урдах ажлаа сайн хийж, үр шимийг нь нийгэмдээ гаргаж чадвал гуравхан сая хүн амтай манай улсад бусад хүнд хурдан нөлөөлж, тодорч гарч ирэх нь тийм хэцүү биш болов уу. Гэхдээ хамгийн гол өөрийгөө агуулга талаас нь сайн харж, зөв хандлагатай байх хэрэгтэй гэж боддог юм. Залуус өөрсдийгөө хэт голох юм уу хэт тоож болохгүй гэж боддог. Миний бодлоор хүн өөрийгөө 50 хүртлээ нэг их тоох хэрэггүй болов уу. Чиний хийж буй зүйлс одоо гавьяа мэт байж болох ч ирээдүйд гай болохыг хэн ч мэдэхгүй. Эсвэл одоо чиний гай гэж боддог зүйлс ирээдүйд гавьяа болохыг үгүйсгэхгүй. Тиймээс хүн залуу байхдаа өөрийгөө өндөрт тавьж бодохгүйгээр ажлаа сайн хийж, суралцахад анхаарах хэрэгтэй болов уу.

ТА ЭНЭ БУЛАНД ХЭНИЙГ САНАЛ БОЛГОЖ, АЖЛЫН АРГА БАРИЛТАЙ НЬ ТАНИЛЦМААР БАЙНА ВЭ?

Залуу хүний хувьд амьдралдаа гаргах хамгийн чухал шийдвэрийн нэг бол ханиа сонгох гэж боддог. Би ханьтайгаа их сургуулиа төгсөөд шинэ ажилд орж байхдаа танилцаж байсан юм. Тухайн үед олон төслийн ард гарах эрч хүч, урам зоригийг миний эхнэр өгч байсан. Би эхнэрээ сайн мэдэх ч ажлын арга барил нь ямар байдаг бол гэж их сониучирхдаг. Одоо их сургуулийн дэд захирлаар ажилладаг Ж.Золбаяр гэж ажилсаг бүсгүй бий. Тиймээс эхнэрээ санал болгоё.