Хайх зүйлээ бичээд enter дарна уу

7 Хоногийн Тойм   06 сарын 09, 2019

7 хоногийн тойм: Чернобилийн тэсрэлт + Apple-ийн бөмбөгдөлт + Сансрын жуулчлал

Ковер зургийн тайлбар: Apple бөөн бөөн мэдээгээр бөмбөгдөв

Apple-ийн хөгжүүлэгчдэд зориулан зохион байгуулдаг WWDC арга хэмжээ энэ долоо хоногт явагдлаа. Энэ жилийн хамгийн гол танилцуулга нь Apple-ийн шинэ үйлдлийн системүүд болон “Sign In With Apple” нэмэлтүүд байв.Тэд мөн хөгжүүлэгчдэд илүү хялбар, бүтээлч байдлаар апп хөгжүүлэх боломж олгосон SwiftUI-ийг зарласан нь олны талархлыг хүлээв.

Хамгийн их хүлээлт дагуулсан iOS 13 харанхуйд ашиглахад зориулсан “Dark Mode”-тэй болсон байна. Шинэчлэлийн хүрээнд апп-ууд 2 дахин хурдан ачаалагдахаас гадна хэмжээ нь 50 хувиар буурах аж. Мөн Memoji, Reminders апп-ууд эрс шинэчлэгдсэн нь анхаарал татав. iPad анх удаа өөрийн гэсэн үйлдлийн системтэй болсон нь iPadOS нэртэйгээр хөгжүүлэгдэнэ. Мөн Apple Watch тусдаа App Store-той болж, зөвхөн тус төхөөрөмжинд зориулсан апп-уудтай болж байгаа гэнэ. Энэ үеэр тэд шинэчлэгдсэн Calculator, Voice Memo, Audiobook апп-уудыг танилцуулснаас гадна эргэн тойрон дахь дуу чимээг хэмжигч, эмэгтэйчүүдийн сарын тэмдгийг бүртгэгч нэмэлтүүд бүтээжээ.

“Sign in With Apple” нь Apple-ийг Facebook, Google-тэй шууд өрсөлдөгч болгов. Энэ нь гуравдагч үйлчилгээ, апп руу нэвтрэхдээ та өөрийн Apple-ийн аккоунтыг ашиглаж нэвтрэх боломжтой болно гэсэн үг. Зөвхөн имэйлээс гадна FaceID-аа ашиглах боломжтой нь тэдний давуу тал. Үүнээс гадна хэрвээ та хүсвэл зөвхөн тус апп-д зориулан бүтээсэн санамсаргүй, онцгой имэйлийг ашиглан цаад талдаа имэйлээ өгөхгүйгээр өөр лүүгээ “forward” хийн авах боломжтой юм.

Mac Pro-ийн онцгой дизайнтай 5999 долларын шинэ хувилбар мөн олны нүдийг ихэд хужирлав. 28-core Intel Xeon процессортой, 1,5 терабайтын систем меморитой, 32 GB-ийн мемори, 256 GB-ийн хардтай энэ төхөөрөмж iMac Pro-той адил “чимээгүй” ажиллах бөгөөд энэ намар худалдаанд гарна гэнэ. Мөн 6К нягтаршилтай дүрс дамжуулах, 32 инчийн дэлгэц Pro Display XPR-ийг 4999 доллараар борлуулах ажээ. Хэрвээ та зөвхөн суурийг нь авахыг хүсвэл 999 доллар төлөх ёстой.

Үүнээс гадна танилцуулсан өөр олон нэмэлтүүд дундаас iTunes-ийг “хааж” байгаагаа зарласан нь мөн онцлох байв. Хөгжмийн зах зээлд тэсрэлт хийж, шинэ үеийг авчирсан хэмээн үнэлэгддэг iTunes одоо Apple Music, Apple Podcasts, Apple TV гэсэн гурван тусдаа апп болон хуваагдан хөгжүүлэгдэх аж. Мөн “Find My Phone”, “Find My Friends” апп-ууд нийлж “Find My” нэртэй болсон бөгөөд таны төхөөрөмж интернетэд холбогдохгүй оффлайн байсан ч Bluetooth-ийн тусламжтайгаар хамгийн ойрын iOS/Mac төхөөрөмжинд холбогдон байршлаа зааж өгөх гэнэ.

Apple-ийн шинэ компьютер 5000 долларын үнэтэй

Хонгконгийн ард иргэд шинээр батлахаар зэхэж буй Хятад руу ялтан шилжүүлэх журмыг эсэргүүцэн жагсаал хийлээ. Нийт сая гаруй иргэд эсэргүүцэлд нэгдсэн нь 2003 оноос хойших хамгийн том жагсаалд тооцогдож байна. Шинээр батлах журмыг олон нийт ихэд эсэргүүцэж, энэ нь Хятадын нөлөө улам бүр нэмэгдэж, хүний эрхийг зөрчих боломжийг олгоно хэмээн шүүмжилсээр байгаа билээ.

Хятадын засгийн газар арилжааны зорилгоор 5G технологийг нэвтрүүлэх анхны лицензийг Huawei-д олгож байгаагаа албан ёсоор зарлалаа. Барууны орнуудтай “асуудалтай” байгаа Huawei-д энэ нь ухаалаг төхөөрөмжийн зах зээлд эзэлж буй тэргүүлэгчийн байр сууриа баталгаажуулах том боломж юм. Үүнтэй зэрэгцэн ОХУ ч 5G технологийг орон даяар нэвтрүүлэх эрхийг Huawei-д олгосноо зарласан нь анхаарал татав. Тэд одоогоор 30 оронд арилжааны 45 гэрээг байгуулаад байгаа гэнэ.

Энэтхэг улс 2026 оны 4-р сар гэхэд нутаг дэвсгэр дээрх нийт автомашины 40 хувийг цахилгаанаар ажилладаг болгох зорилго тавилаа. Үүний хүрээнд тэд такси дуудлага, тээврийн үйлчилгээ үзүүлэгч топ компаниуд болох Uber, Ola-тай хамтарна гэнэ. Засгийн газраас эдгээр компаниудад татварын хөнгөлөлт, татаас олгох байдлаар дэмжих ажээ. Ташрамд дурдахад зөвхөн өнгөрсөн жил тус улсад 3.3 сая дизель, бензин хөдөлгүүртэй машин, харин 3600 ширхэг цахилгаан машин борлуулагджээ.

AНУ-ын Холбоон Худалдааны Комисс болон Хууль Зүйн Яамнаас хамтарсан ажлын хэсэг гарган технологийн гигантуудыг шударга өрсөлдөөний журмыг зөрчсөн байж болзошгүй үндэслэлээр шалгах боллоо. Шалгалтанд Amazon, Apple, Facebook, Alphabet компаниуд хамрагдах мэдээ гарсны дараагаар эдгээр компаниудын хувьцааны үнэ мэдэгдэхүйц буурч эхэлжээ. Хууль сахиулагчид тэднийг өөрсдийн давуу талыг ашиглан монополь шинжээ хадгалах үйлдлүүдийг санаатайгаар гаргасан хэмээн буруутгаж байгаа юм.

NASA 2020 оноос эхлэн Олон Улсын Сансрын Станцад жуулчдыг хүлээн авах төлөвлөгөөгөө танилцууллаа. Тус аялалд хамрагдахыг хүсэгсэд өдрийн 35 мянган долларыг төлөх шаардлагатай бөгөөд 10 хоногийн аялал нь хоол, харилцааны нэмэлт зардлыг тооцон дунджаар 5 сая долларын өртөгтэй байх гэнэ. NASA тэрбум долларын өртөгтэй сансрын хөтөлбөрөө санхүүжүүлэх орлогын шинэ эх үүсвэрээ сансрын аялал байх боломжтой хэмээн үзэж буй нь энэ юм.

Сая гаруй жагсагчид Хятадын нөлөөнд автахгүй байхыг санууллаа

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Facebook 2020 онд гаргахаар зэхэж буй криптовалютынхаа “white paper” буюу үндсэн танилцуулга бичиг баримтыг 6-р сарын 18-нд нээлттэй болгох бололтой. Тэд Швейцарт Libra Networks нэртэй санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч компанийг бүртгүүлсэн нь тэдний криптогийн нэр Libra байж магад гэсэн таамаг дэвшүүлэхэд хүргэж байна. Энэ нь Messenger, Whatsapp, Instagram зэрэг апп-уудын хооронд ямар нэгэн шимтгэлгүйгээр төлбөр тооцоо, гүйлгээ хийх боломжийг олгох учиртай юм.

Techcrunch:
Facebook-ийн крипто хэрхэн ажиллах вэ?

Веб хөтчөө ашиглан видео тоглоом тоглох боломж олгох Google Stadia үнэ, нэр төрлийн мэдээллээ ил болголоо. 11-р сард нээлтээ хийх уг платформын сарын төлбөр 9.99 доллар байх бөгөөд Stadia-ийн консол удирдлага нь дангаараа 69 доллараар зарагдах аж. Мөн тэд Mortal Kombat 11, Doom Eternal, The Crew 2, Final Fantasy XV зэрэг эхний 30 гаруй тоглоомын нэрсийг ил болгосноос гадна хамгийн багадаа 35 mbps-ийн хурдтай байж 4К чанартайгаар тоглоомоо тоглоно гэдгийг онцолжээ.

CNN: Google Stadia-ийн талаар бид юу мэдэх вэ?

Нэрт тэрбумтан Ричард Брэнсоны сансрын технологи хөгжүүлэгч стартап Virgin Orbit 2020 он гэхэд Их Британиас хиймэл дагуул хөөргөхийг хүсэж байна. Үүнийхээ хүрээнд тэд Корнваллын орчимд цогцолбор барих зөвшөөрөл аван, 9 сая долларын хөрөнгө оруулалтыг хийж байгаа гэнэ.

Нидерландын Delft University of Technology болон үндэсний агаарын тээврийн KLM Airlines хамтран байгальд ээлтэй шинэ загварын онгоцыг хөгжүүлж байна. V хэлбэртэй уг онгоц нь ачаа, зорчигчид болон шатахуунаа 2 жигүүртээ байршуулах бөгөөд уламжлалт загвараас 20 хувиар бага түлш ашиглана гэнэ. Хэдий энэ онгоц зах зээлд 2040 онд нэвтрэх төлөвтэй хэмээн бүтээгчид нь мэдээлж байгаа ч 12-р сард тохиох KLM-ийн 50 жилийн ойгоор туршилтын нислэгээ үйлдэх ажээ.

Amazon энэ онд багтаан өөрсдийн хөгжүүлсэн дроноор хүргэлт хийх төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Хүн, амьтан, байшин барилга зэргийг мэдэрч тойрч явах чадалтай уг дрон 2.3 кг хүртэлх ачааг 20 км-ийн зайд хүргэх боломжтой гэнэ.

Зорчигчдоо далавчиндаа суулгах шинэ онгоц ирээдүй гэж үү?

Дэлхийн гурав дахь том авто группийг үүсгэх боломжтой байсан нэгдэл бүтэлгүйтсэн тухай эх сурвалжууд мэдээллээ. Fiat Chrysler 40 тэрбумын үнэлгээтэйгээр нэгдэх хүсэлтээ буцаасан нь Renault-ийн гол хамтрагч Nissan энэ гэрээг дэмжээгүйтэй холбоотой гэнэ. Renault Nissan-ий 43.4 хувийг, Nissan Renault-ийн 15 хувийг эзэмшдэг бөгөөд экс CEO К.Госны баривчилгаатай холбоотойгоор компанийн харилцаа эрс муудаад байгаа юм. Үүнтэй зэрэгцэн автомашины зах зээлийн өөр гигантууд болох BMW болон JaguarLand Rover цахилгаан машин бүтээх шинэ нэгдлийг үүсгэж байгаагаа зарлажээ.

Microsoft үүлэн тооцоолуурын зах зээлд гол өрсөлдөгчдийн нэг Oracle-тай хамтарсан нэгдэл үүсгэж байгаагаа зарлалаа. Fortune 500-ийн 95 хувь нь ашиглаж буй Azure-ийн нөөцийг Oracle-ийн энтерпрайз програм хангамж, шийдлүүдтэй хослуулан илүү үр ашигтай, дэвшилтэт үйлчилгээг хэрэглэгчдэд танилцуулах боломжтой боллоо хэмээж байна. Microsoft он гарснаас хойш нээлттэй тоон эхийн чиглэлээр SAP, Adobe-тай, видео тоглоомын зах зээлд Sony-тэй нэгдлийг үүсгээд байгаа нь энэ.

Ухаалаг фитнессийн төхөөрөмж үйлдвэрлэгч Peloton нээлттэй компани болох хүсэлтээ гаргалаа. Хамгийн сүүлд 4 тэрбум доллараар үнэлэгдсэн тус компани гэрийн гүйлтийн замаас гадна сарын төлбөр төлөн үзэж болох фитнесс хичээлийг санал болгодог юм.

Онлайн худалдааны эрин үед байр сууриа хурдтай алдаж, дампуурлын ирмэг дээр ирээд байсан Америкийн хамгийн том номын дэлгүүрийн сүлжээ "Barnes & Nobles" шинэ эзэнтэй боллоо. Нийт 627 салбартай тэднийг "Elliott Management" 680 сая доллараар өөрийн болгосон байна. Тус компани нь өнгөрсөн жил Их Британийн хамгийн том сүлжээ дэлгүүр "Waterstones"-ийг мөн худалдаж аваад байсан билээ.

Агаарын салбарын хамгийн том тоглогчид болох United Technologies, Raytheon компаниуд нэгдэж байгаагаа зарлаж, 120 тэрбумын үнэлгээтэй нэгдлийг үүсгэлээ. United Technologies онгоцны харилцааны болон электрон төхөөрөмжүүдийг үйлдвэрлэдэг бол Raytheon нь Америкийн батлан хамгаалахын хамгийн гол түнш, нийлүүлэгчдийн нэг юм.

1873 онд үүсгэн байгуулагдсан Barnes & Nobles-ийн ирээдүй хэрхэх бол?

Обамагийн гэр бүл Spotify-тай хамтран подкаст хөгжүүлэх гэрээ байгууллаа. Сарын өмнө Netflix-тэй видео контент бүтээх гэрээ байгуулсан тэд “өргөн сэдвийн хүрээнд өөрсдийн дуу хоолойгоор дамжуулан дэлхийн сонсогчдыг холбох түүхийг бүтээх болно” хэмээн зарлалдаа дурджээ.

Netflix хэрэглэгчдэд шинэ шоу, дуртай бүтээлүүдтэйгээ илүү ойрхон байхад туслах “стори” хэлбэрийн нэмэлтийг туршиж байна. Extras нэртэй уг нэмэлт нь эхний ээлжинд гар утасны апп дээр туршигдаж байгаа бөгөөд бусад сторитой адил видео, зураг зэрэг интерактив хэлбэртэйгээр хүрэх гэнэ.

Twilight цувралд бүтээсэн дүрээрээ олны танил болсон жүжигчин Роберт Паттинсон шинэ бэтмэнээр тодорлоо. 2021 оны 6-р сард нээлтээ хийх Batman-ий шинэ түүхийг алдарт найруулагч М.Рийвз найруулах болсон билээ. Паттинон өмнөх Бэтмэнүүд болох К.Бэйл, Б.Аффлекаас залуу үеийн түүхийн гол дүрд тоглох учиртай.

Universal-ийн анимэйшн бүтээл "The Secret Life Of Pets 2" хойд Америкийн бокс оффисыг 47 сая долларын борлуулалттайгаар тэргүүллээ. Уг киноны эхний анги дебют долоо хоногтоо 101 сая долларыг олж байсантай харьцуулбал энэ тийм ч сайн үзүүлэлт биш. 2-р байрт "X-Men" цувралын шинэ анги " Dark Phoenix" 33 сая долларын ашигтайгаар бичигдэв. Энэ нь тус цувралын 20 жилийн түүхэн дэх хамгийн муу эхлэл болсон байна. Гэхдээ тэд дэлхий даяар 107 сая долларыг цуглуулж чаджээ.

HBO-ийн шинэ мини цуврал "Chernobyl" интернетийн кино сан IMDB-ийн хамгийн өндөр үнэлгээтэй цуврал кино болов. 1986 онд болсон Чернобилийн атомын цахилгаан станцын дэлбэрэлтийн талаар өгүүлэх 5 ангитай тус бүтээл нийт 140 мянган хэрэглэгчээс дунджаар 9.7 оноо авсан нь өмнөх дээд амжилтыг эзэмшигч "Breaking Bad"-аас 0.2-оор илүү үзүүлэлт болов.

New Yorker: Chernobyl-ийн юу үнэн, юу худлаа байв?

Үзэж амжаагүй юм биш биз?

BBC: Казахстан шинэ удирдагчаа сонгож байна
Назарбаевийн сонгосон залгамжлагч К.Токаев урьдчилсан дүнгээр илт давуу ялалт байгуулж буй ч шударга бус болсон хэмээн үзсэн хэсэг бүлэг эмх замбараагүй байдал үүсгэв.

Techcrunch: E3-аас юу хүлээх вэ?
Дэлхийн видео тоглоом бүтээгчдийн хамгийн том цугларалт E3 Лос Анжелес хотноо эхлэх гэж байна. Харин бид эндээс ямар шинэ мэдээ, танилцуулгыг хүлээж болох вэ?

CNN: D-Day гэрэл зургийн дуранд
Дэлхий нийт 2-р дайны хамгийн чухал тулааны 75 жилийн ойг тэмдэглэлээ. Он цагийн дарааллыг эргэн сануулах ховор зургийн цомогтой танилцаарай.

Bloomberg: Хууль сахиулагчид Kik-ийг шалгаж эхэллээ
Хууль сахиулагчдын криптогийн эсрэг дайн үргэлжилсээр. Тэд KIK-ийг 100 сая доллар босгохдоо шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлээгүй хэмээн буруутгаж байна.

Engadget: Skype дэлгэцээ хуваадаг боллоо
Microsoft-ийн эзэмшдэг видео дуудлагын апп хамгийн алдартай нэмэлтээ гар утасны апп-даа нэвтрүүллээ. Одоо та өөрийн дэлгэцийн харилцагчдаа хуваалцаж, шэйр хийж болно.

Konbini: Wonder Woman 1984-ийн “тасархай” постертой танилц!
Дэлхий даяар 800 сая долларын орлого олсон Wonder Woman-ий түүхийн дараагийн хэсэгт тавтай морил. 2020 онд нээлтээ хийх уг киноны үйл явдал энэ удаад 1984 онд өрнөх болно.

Reuters: Р.Надаль 12 дахь удаагаа Ролан Гаррост аваргалав
Шороон талбайн хаан карьерынхаа 18 дахь их дуулгын түрүүг хүртлээ. Түүний өмнө 20 түрүүтэй Р.Федерер л зогсож буй.

Vox: Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх 10 арга зам
Цаг хугацаа улам бүр багассаар. Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийг бид хэрхэн сөрөх вэ? Экспертүүд ийн зөвлөж байна

Eurosport: Португал Үндэстнүүдийн лигийн тэмцээнд аваргаллаа
К.Роналдугийн ахалсан Европын аваргууд Нидерландыг финалд буулгаж авч, тус тэмцээний анхны аваргаар тодорлоо


DW: Sagrada Familia бүрэн засварлагдах боломжтой боллоо!
Барселонагийн нүүр царай болсон уг сүм 137 жилийн өмнө баригдаж эхэлсэн ч одоо болтол дуусаагүй төсөлд тооцогддог. Гэхдээ жуулчдын хамгийн их зорин очдог уг цэг 2026 он гэхэд бүрэн баригдаж дуусна.

10019   8


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.