Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Би хэрхэн ажилладаг вэ?   03 сарын 27, 2019

Би хэрхэн ажилладаг вэ? - Сэрүүн Группийн гүйцэтгэх захирал О.Халиун

Өнөөдрийн дугаартаа бид МҮХАҮТ-ээс 2018 оны "Шилдэг нөү-хау нэвтрүүлэгч бизнес эрхлэгч эмэгтэй" шагналыг хүртсэн Сэрүүн группийн Гүйцэтгэх захирал О.Халиуныг урилаа. Түүний удирдаж буй Сэрүүн группийн үйл ажиллагаа анх 1991 онд гэр ахуйн цахилгаан хэрэгсэл засварлахаас эхэлж, 28 жилийн хугацаанд халаалт, хөргөлт, агааржуулалт, агаар сэлгэлтийн (HVAC) зах зээлд 5 охин компанитай, салбарынхаа гол тоглогч буюу томоохон групп компани болтлоо өргөжөөд буй. Өөрөөр хэлбэл Сэрүүн Групп хүний хамгийн чухал хэрэгцээ болсон чанартай агаар бүхий барилгыг бидэнд бэлэглэдэг. Тэрээр нийслэлийн 23-р сургуулийг төгсөөд Бээжингийн хоёрдугаар их сургуульд хятад хэлний орчуулагч, судлаачаар бакалавр, олон улсын худалдаагаар магистрын зэрэг тус тус хамгаалжээ. 2013 онд Монголдоо буцаж ирээд Сэрүүн Группт ажиллаж 2 жилийн өмнө гүйцэтгэх захирлаар томилогдсон байна. Ингээд HVAC салбарын зах зээлийн 70 орчим хувийг дангаар эзэлдэг Сэрүүн Группийн шинэ оффист зочлон хийсэн ярилцлагаа хүргэе.

Байршил: Улаанбаатар
Эрхэлж буй ажил: Сэрүүн Группийн Гүйцэтгэх захирал Сонгуульт: IWFCI Mongolia байгууллагын Удирдах зөвлөлийн гишүүн, Монголын Дотоод Орчны Агаарын Чанарын Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн
Хэрэглэдэг гар утас: iPhone X
Хэрэглэдэг компьютер: Macbook Pro
Сошиал хуудсууд: Haliun Haliun (Фэйсбүүк), @ohaliun (Инстаграм)

ТА ЭХЛЭЭД КОМПАНИА ТОВЧ ТАНИЛЦУУЛАХГҮЙ ЮУ?

Манай компани 1991 онд анх байгуулагдаж, одоо 28 дахь жилдээ амжилттай үйл ажиллагаа явуулж буй Монголын ууган компаниудын нэг. Дэлхийн HVAC (Heating, Ventilation, Air Conditioning) салбарын гол тоглогчид болох Daikin, Carrier, VTS, LG, Guntner, Ostberg, Haier, Toshiba, Bitzer зэрэг брэндүүд манай компанийг Монгол дахь онцгой эрхт түншээрээ сонгосон нь Сэрүүнчүүдийн өнгөрсөн хугацаанд хийж бүтээсэн зүйлд өгсөн том үнэлгээ гэж би хувьдаа боддог. Тийм ч учраас Монголд баригдаж буй өндөр зэрэглэлийн барилгууд, хэрэгжиж буй олон улсын томоохон төслүүд манай компанийг сонгодог.

Жишээ нь бид өнгөрсөн онд Монголд анх удаа гүний уурхайн агааржуулалтын төслийг америк мэргэжилтнүүдтэй хамтарсан тусгай баг гаргаж Оюу Толгойн далд уурхайд хэрэгжүүлсэн. Бид энэхүү төслөөрөө маш их бахархаж байгаа. Үүнээс гадна өнгөрсөн онд л гэхэд бид "Зайсан Хилл”, Mobicom-ийн Дата центр, ЖАЙКА-ийн эмнэлэг зэрэг барилга байшингуудын агааржуулалт, агаар сэлгэлт, халаалт, хөргөлтийн ажлуудыг хийж гүйцэтгэлээ.

Бид өнгөрсөн жилүүдэд дэлхийн том брэндүүдийн бүтээгдэхүүнийг өөрсдийн төслүүдэд ашигладаг байсан бол одоо нийлүүлэлт хийх чиглэлд мөн анхааран ажиллаж байна.

ТА АЖЛАА ЯМАР АРГА БАРИЛААР ХИЙДЭГ ВЭ? ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Ажлын өдөр өглөө 7-д босож хүүхдүүдээ хичээл сургуульд нь хүргэж өгөхөөс ажил эхэлдэг дээ. Хүүхдүүдээ хүргэж өгч ирээд, өдрийн хоолоо гэртээ бэлтгэж, ажилдаа 9-10 цагийн үед ирдэг. Бүх зүйл маш хурдан эргэлттэй, хөдөлгөөнтэй болсон энэ үед аль болох хурдтай ажиллаж, хурдан бөгөөд оновчтой шийдвэр гаргахыг эрмэлздэг. Олон ажлыг зэрэг зэрэг эхлүүлж, аль болох тэнцвэртэй авч явахыг хичээдэг. Өөдрөг, дайчин хүн болохоор ямар ч асуудал гарахад аргыг нь олно, болгож бүтээнэ гэж гэгээлгээр л бүхнийг хардаг даа.

Мөн багийн тоглолтыг их чухалчилдаг. Чадварлаг багийг бүрдүүлж, Shared Value буюу хамтдаа өсөж дэвжих хамтын үнэ цэнийг бүтээхэд онцгой анхаарч, багийн гишүүдээ аль болох дэмжиж урамшуулах бодлого барьдаг. Хоёр жилийн өмнө гүйцэтгэх захирал болоод компанидаа багагүй өөрчлөлт хийж, өөрчлөлтөөс үүдэлтэй эерэг зүйлсээ улам хөгжүүлж, эрсдэлийн үнэлгээгээ хамгийн доод түвшинд барихыг хичээн ажиллаж байна.

ТА ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ, АШИГЛАХ ДУРТАЙ АЖЛЫН ХЭРЭГСЭЛ, ПРОГРАМ, АППЛИКЭЙШНЭЭСЭЭ НЭРЛЭНЭ ҮҮ?

Оффисын програмуудаас гадна Viber, Messenger, Wechat зэрэг харилцаа холбооны апп-уудыг ажилдаа өргөн ашигладаг. Messenger дээр л гэхэд ажлын холбогдолтой гучаад групп байх жишээтэй. Wechat-аар хятад түншүүдтэйгээ харилцана. Сошиал медиагаас Инстаграмд арай илүү идэвхтэй. За тэгээд банкны, аяллын гээд ашигладаг апп-ууд бий бий.

ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Хамгийн сонгодог арга болох сайн төлөвлөлт л гэж хэлнэ дээ. Ажлаа жил, улирал, сар, 7 хоногоор нь төлөвлөөд явдаг.

ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТАА ТА ЮУН ДЭЭР ЯАЖ ХӨТӨЛДӨГ ВЭ?

Олон юман дээр хөтөлдөг юм байна, бодохоор.Төлөвлөлтөө дэвтэр дээр хийдэг. Уулзалтуудаа Reminders-д оруулчихдаг. Notes дээр харин ойрын хугацаанд хийх ажлуудаа бичдэг.

ТА ЯМАР ЗҮЙЛСИЙГ ХИЙХДЭЭ ГАРГУУД ВЭ? 

Миний нэг давуу тал бол хурд гэж боддог юм. Шийдвэрийг хурдан бөгөөд оновчтой гаргаж чаддаг гэж боддог. Энэ маань хэлцэл хийх, борлуулалт хийхэд эергээр нөлөөлдөг. Сэрүүн группийн энэ салбарт бараг 30-аад жил бий болгосон туршлага, стандарт, нөү хау, ажилтнуудын мэргэжлийн ур чадвар гээд олон зүйл амжилттай хэлцэл хийх том хөшүүрэг болдог.

Мөн түрүүнд хэлсэнчлэн багийн тоглолт хийхдээ гайгүй сайн гэж өөрийгөө үнэлдэг.

ХИЙЖ БАЙГАА АЖЛЫН ОНЦЛОГ ТАНЬ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

HVAC-ийг нүдэнд харагдаж, гарт баригддаггүй салбар гэж болно. Тийм ч учраас хүмүүс ач холбогдлыг нь, зардал их гардгийг нь ойлгодоггүй талтай. Уг нь агаар гэдэг чинь бидний хамгийн чухал хэрэгцээ юм. Ач холбогдол өгч сураагүйгээс болоод өнөөдөр Монголд "амьсгалдаг" барилга ховор байна. Агааржуулалт муутай өрөө, танхимд олон хүнийг суулгачихаад бүтээмж нэхэх нь өөрөө утгагүй зүйл юм. Сэрүүнчүүд ч гэсэн Монголдоо хамгийн сайн агааржуулалттай Шангрилагийн оффист байрлаж байна. Оффисууд гэлтгүй орон сууцнууд "амьсгалдаг" болох ёстой. Технологи хөгжсөн орчин цагт цонхоо онгойлгохгүйгээр агаар сэлгэх бүрэн боломжтой. Иргэд энэ тал дээрх мэдлэг мэдээллээ нэмэгдүүлээд бас холбогдох хүмүүст зохих шаардлагыг нь тавиад явдаг байх нь чухал. Үнэтэй, тансаг байшин автал агааржуулалт нь муу байх тохиолдолд олон жил сэтгэл хангалуун амьдрахад хүндрэлтэй. Тиймээс яваандаа энэ талын олон нийтийн боловсролыг нэмэгдүүлэхэд бид бас анхаарч байгаа.

Дотоод орчны агаар өөрөө чухлаар яригдаж эхэлсэн учраас бид өнгөрсөн оны төгсгөлд Монголын Дотоод Орчны Агаарын Чанарын Холбоог Сэрүүн Группийн туршлага дээр суурилан үүсгэн байгуулсан. Олон Улсын Дотоод Орчны Агаарын Чанарын Холбоо нь 1995 онд Атлантад байгуулагдсан, олон улсад хүрээгээ улам бүр тэлж буй үндэстэн дамнасан томоохон холбоо юм. Саяхан бид Атлантад болсон тус холбооны хурал, үзэсгэлэнд идэвхтэй оролцоод ирсэн. Энэ салбарын талаарх олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэхээс эхлээд стандартыг нь сайжруулах зэрэг олон чухал ажил хүлээгдэж байна. Эдгээр ажлуудыг, өөрчлөлтүүдийг холбоогоороо дамжуулан хийх болно.

Манай компанийн хувьд туршлага, ур чадвараараа энэ салбарын хөгжлийг чирч, түүчээлж явахаас өөр аргагүй. Хувь хүн, байгууллагуудын манай компанийн талаарх ойлголтыг анзаарч харахад бүтээгдэхүүн нь их үнэтэй гэж хардаг юм шиг байгаа юм. Үнэндээ тийм биш. Бид Монголын орчин нөхцөлд тохирсон бүтээгдэхүүнүүдийг боломжийн үнээр нийлүүлдэг. Бид дотоодын компаниудтайгаа нягт хамтран ажиллаж, бүх талаар нээлттэй байхыг чухалд тооцдог.

Хувь хүний хувьд, технологийн бизнес эрхлэгч гэдэг утгаар бүх зүйл нягт нямбай, нарийн төлөвлөлттэй явах ёстой. Өөрөөр хэлбэл харилцагчтай уулзсан уулзалт дээр нэг юм яриад бодит ажил хэрэг дээр ярьсан зүйлээс аливаа ажил нэг сантиметр ч зөрөх ёсгүй. Тиймээс хүний эрүүл мэндийн манаанд байгаа эмч хүн шиг л явж байгаа ажлын явцаа нэг бүрчлэн хариуцлагатайгаар, сонор сэрэмжтэйгээр хянадаг. Баригдаж буй барилга руу каскаа өмсөөд л орно.

ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ АЖИЛЛАЖ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?

Дөрөвдүгээр сараас манай ажил ид оргил үедээ ирдэг. Одоо бэлтгэл ажлаа хангаад завгүй үе рүүгээ орох гэж байна. Энэ жил хэрэгжүүлэх 3-4 томоохон төсөл бий.

Хэдий бүрэн биежиж эхлээгүй байгаа ч гарааны ажлууд нь амжилттай эхэлсэн болохоор цаасан дээр төлөвлөсөн нэг том ажлаа хуваалцахад буруудахгүй байх гэж бодож байна. Сэрүүн Групп монгол инженерүүдийнхээ ур ухаан, мэргэжлийн ур чадварыг олон улсад экспортолж, халаалт, хөргөлт, агааржуулалт, агаар сэлгэлтийн зах зээлд хуримтлуулсан туршлагаа гадаадын зах зээлд гаргах ёстой гэж үзсэн. Ингээд бид өнгөрсөн хоёрдугаар сард анхны алхмуудаа амжилттай эхлүүлээд байна. Өөрөөр хэлбэл бид технологийн салбарт хуримтлуулсан мэдлэг, ур чадвараа дэлхийд гаргах том амбицтайгаар урагшилж байна. Олон улсын түвшинд үйл ажиллагаа явуулах ажлын бэлтгэл мэдээж манай хамт олноос ихээхэн цаг зав, ур ухаан шаардаж байна. Бид юуны түрүүнд энэ салбарт амжилттай ажиллаж буй, ур чадвараараа тэргүүлж буй шилдэг инженерүүдийн дунд сонгон шалгаруулалт явуулж, олон улсад нүүр бардам ажиллах хүний нөөцийн бүрдүүлэлтээ хийнэ. Сонгон шалгаруулалтын зар удахгүй олон нийтэд хүрнэ. Өндөр хөгжилтэй орны том шилэн барилгын ханан дээр "Сэрүүн" гэсэн лого тодоос тод гэрэлтэж, Монголын HVAC зах зээлийн мэргэжилтнүүдийн бахархал болох цаг ойрхон ирсэн гэдэгт эргэлзэхгүй байгаа шүү. Бид гадаадад энэ төрлийн зах зээлийн орон зай байхгүй гэж боддог байсан нь үгүй юм билээ. Яг судлаад үзэхээр орон зай харин ч их байгаа нь харагдсан. Монголчууд маань гадны өндөр хөгжилтэй орнуудад зөвхөн хар ажил хийх биш, өндөр мэдлэг ур чадвар шаардсан ажлуудыг хийж чадах түвшинд бэлтгэгдсэн, туршлагажсан гэдгийг бид салбарынхандаа харуулах болно.

ТА ХЭР ИХ УНШДАГ ВЭ? ОДОО ЯМАР НОМ/НИЙТЛЭЛ УНШИЖ БАЙНА?

Багаасаа л юм унших дуртай хүүхэд байсан. 5 настайдаа уншиж сурсан. Хувь хүний хөгжлийн, компанийн стратегийн, хоолны, шашны гээд л төрөл бүрийн сэдвээр уншдаг. Үе үе сонирхол өөрчлөгдөөд байдаг юм. Мөн улс орнууд хаанаас хаашаа хэрхэн явж, өнөөдрийн өндөрлөгт хүрсэн хөгжлийн түүхүүдийг унших дуртай. Сүүлийн үед хүмүүсийн намтар түүх унших их дуртай болоод байна. Одоо Мишел Обамагийн намтрыг уншиж байна.

ТА АЖИЛЛАЖ БАЙХ ҮЕДЭЭ ХӨГЖИМ СОНСДОГ УУ? ЯМАР ТӨРЛИЙН ХӨГЖИМ СОНСОХ ДУРТАЙ ВЭ?

Deep House жанрын хөгжимд л их дуртай даа. Зам дээр машиндаа чанга хөгжим тавиад давхих дуртай. Машинаа мэргэжлийн хөгжмөөр тоноглосон. Ер нь машины тав туханд ихээхэн анхаардаг эршүүд талдаа гэх үү дээ.

ТА ИЛҮҮ ДОТОГШОО ХҮН ҮҮ, ЭСВЭЛ ИЛҮҮ НЭЭЛТТЭЙ ХҮН ҮҮ?

Илэн далангүй нээлттэй хүн. Гадаадад нэлээн удаан байж байгаад ирэхэд монгол хүмүүс их ойлгомжгүй, цаг барьдаггүй нь илт анзаарагддаг. Тийм учраас цаг барихыг, хэлсэн ярьсандаа байхыг өөрөөсөө ч шаарддаг, өрөөлөөс, хамт олноосоо ч шаарддаг даа.

ТА ХЭДЭЭС ХЭДЭН ЦАГИЙН ХООРОНД УНТДАГ ВЭ?

Голдуу шөнө 12 цагт унтаад өглөө 7 цагт босдог.

ТАНЫГ АЖИЛЛААГҮЙ ҮЕД ТАНЬ ХААНААС ОЛЖ БОЛОХ ВЭ?

Ажлын өдрүүдэд орой 20 цагаас хойш өөртөө цаг гарган фитнессээр хичээллэдэг. Тэр дундаа богино хугацаанд маш их энерги зарцуулах спидфитээр хичээллээд 2 жил болж байна. Иогоор бас 4 жил хичээллэж байна. Хааяа бассейнд явчихна. Ер нь их спортлог, эрүүл чийрэг байхыг эрмэлздэг хүн. Хүн чинь биеэ сайн ажиллуулж хөдөлгөж байж л оюуны өндөр ачаалал авч чадна.

Мөн зав чөлөөгөөр найзуудтайгаа, ментор хүмүүстэйгээ уулзаж ярилцах дуртай. Цаг минут бүрийг үр ашигтай өнгөрүүлж, өөрийгөө хөгжүүлэхийг хичээдэг юм. Тийм болохоор телевиз үздэггүй, Фэйсбүүк ч нэг их ороод байхгүй.

Хагас бүтэн сайнд бол мэдээж гэр бүлдээ цаг гаргадаг.

ТА ХЭНЭЭС, ЮУНААС УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ ОЛЖ АВДАГ ВЭ?

Дуртай ажлаа хийж байгаа болохоор цаанаасаа л урам зоригтой ажилладаг. Давааны цаана даваа гэдэг шиг нэг зорилгод хүрэхэд нөгөө зорилго гарч ирнэ. Тэр бүхнийг даваад, 50 нас хүртлээ биеэ маш сайн дайчилж, өөрийн хязгаарыг үзнэ гэж боддог юм. Залуу хүн юу хийж чадах, хаана хүрч чадахаа үзэх хэрэгтэй биз дээ.

Түүнчлэн уншиж буй зүйлсээсээ, алдартай хүмүүсийн намтар түүхээс илүү эрч хүчтэй, идэвхтэй ажиллаж амьдрах сэдлийг авдаг. Жак Ма, Уоррен Баффет гээд олон нэрс хэлж болно.

ТАНЫ АМЬДРАЛДАА АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ ЮУ ВЭ?

Хүн тархиныхаа нөөц боломжийн маш цөөхөн хувийг амьдралдаа ашигладаг гэдэг. Тийм болохоор хүн өөрийгөө сайн таних ёстой, нээх ёстой гэдэгт итгэж үнэмшдэг. Хүн уг нь өөрийгөө мэддэг гэж боддог. Гэвч үнэндээ өөрийгөө таньж мэдэх нь тийм хялбархан биш юм шиг. Өөр дээрээ бодоод үзвэл, би сүүлийн хоёр жил удирдах ажил хийхдээ өөрийгөө илүү таньсан. Багийн ажиллагаа, манлайлал, харилцаа гээд олон зүйлсээс үүдэн өөрийнхөө өмнө нь бодож, харж байгаагүй талуудыг нээж, өөрийгөө илүү ойлгосон. Тэгэхээр би өөрийгөө мэднэ, би ийм хүн гэж бат итгэлгүй өөрийгөө сорьж, бусдын үнэлэлт дүгнэлтийг сонсож явах ёстой юм байна.

Мөн компани удирдахад өндөр мэдрэмж хэрэгтэй юм байна гэж боддог. Бүх зүйлийг мэдэж чадах албагүй. Гэхдээ мэдрэмжтэй байж, шаардлагатай мэдлэг чадвараа хөгжүүлээд, мэдэхгүй чадахгүй зүйлс дээр туслалцаа аваад явах ёстой гэдгийг туршлагаасаа ойлгож байна. Миний бодлоор манайхан их нэрэлхүү. Чаддаггүй зүйлээ хав дардаг муу зан хөгжихөд маш их тээг болдог гэж би боддог.

ЗАЛУУ МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ХАНДАН ЗӨВЛӨГӨӨ ӨГӨӨЧ ГЭВЭЛ ЮУ ГЭХ ВЭ?

Залуучуудыг өөрсдийгөө сориосой, биеэ илүү сайн дайчилдаг байгаасай л гэж хүсдэг дээ. Бид төгс байх албагүй. Гэхдээ өөрсдийнхөө хамгийн сайн хувилбар байж чадна. Өөрийн хамгийн сайн хувилбар болохын төлөө зориод зүтгэвэл хавьгүй ихийг бүтээж чадна. Тэгэхээр харах өнцгөө өргөн болгоод эрч хүчтэй дайраарай гэж хэлэх байна.

Бас шинэ үеийн залуучууд эвтэй байгаасай. Илүү харагдсан нэгийгээ татаж унагаах, сайн яваа нэгнийхээ талаар саар зүйл ярих энгийн хэрнээ хортой дадлууд хүмүүст түгээмэл байгаа харагддаг. Миний хувьд IWFCI байгууллагаараа дамжуулан эмэгтэйчүүдээ дэмжиж, хамтарч ажиллахыг хүсдэг. Залуу хүн идэвхтэй, оролцоотой л амьдрах хэрэгтэй. Нийгмийн сайн сайхны төлөө өөрийнхөө өмнөх амьдралаас илүү гарч зүтгэдэг байх ёстой. Тэгж байж л бид утга учиртай амьдарна.

ТА ЭНЭ БУЛАНД ХЭНИЙГ САНАЛ БОЛГОЖ, АЖЛЫН АРГА БАРИЛТАЙ НЬ ТАНИЛЦМААР БАЙНА ВЭ?

"Оргиогийн Туул" гэгддэг Ажигана группийн Ерөнхийлөгч Э.Туул найзыгаа санал болгоё. Шинэ үеийн хүнсний салбарыг нуруун дээрээ авч яваа эмэгтэйгээс хүнд хэрэгтэй олон зүйлс сонсоно гэдэгт итгэлтэй байна.

НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor

Гэрэл зургийг:

Г.Ананд

Хандалт / Сэтгэгдэл:

60334   3

Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.