Подкастын ээлжит дугаарт Тэгшээ, Наги хоёр "When Breath Becomes Air" буюу "Амьсгал агаар болохуйд" номын талаар хөөрөлдлөө. Энэ бол Пол Каланити хэмээх энэтхэг-америк, мэдрэлийн мэс засалч эмчийн үхэл, амьдралын тухай эргэцүүлж бичсэн хүчирхэг дуртгал юм. Хүний амьдралыг дэнсэлдэг энэ эмч өөрөө хорт хавдар туссан бөгөөд амьдралын утга учир, баяр гунигийг өөрийн түүхээр өгүүлсэн нь уншигчдын сэтгэлийн утсыг хөндөхийн дээдээр хөнджээ. Энэ ном өөд болсных нь дараа 2016 онд хэвлэгдсэн бөгөөд Пулитцерийн шагналын дуртгал төрөлд сүүлийн шатанд шалгарч, Нью Йорк Таймсын бестселлер жагсаалтад 68 долоо хоног багтсан байна.

НОМЫН ТУХАЙ

Пол Каланитигийн эмч аав ажилдаа маш их цагийг зарцуулдаг байсан тул тэр хүүхэд байхдаа эмч болно гэж огт боддоггүй байв. Хатуу чанд ээжийнхээ нөлөөгөөр багаасаа маш их уншдаг, нарийн ээдрээтэй, сонгодог номуудыг ээлж дараалан гүйцээдэг байсан тэрээр их сургуульд орохынхоо өмнөхөн, бодол санаа гэдэг тархины ажиллагаанаас л үүддэг гэх сэдэвтэй мэргэжлийн хүнд номыг уншсанаар мэдрэлийн шинжлэх ухааныг ихэд сонирхох болжээ. Улмаар Станфордын их сургуульд утга зохиол судлахын сацуу биологийн хичээл үзэж эмч болох эхлэлээ тавьжээ.

Пол амьдралын утга учрыг байнга эргэцүүлдэг "философич" нэгэн байсан нь мэдрэлийн мэс засалч болоход нь нөлөөлсөн байна. Мэдрэлийн мэс засалч бол философийн асуудалтай байнга тулгардаг маш нарийн, онцгой мэргэжил юм.

Тэрээр ажилдаа гаргууд, бусдын хүндлэлийг хүлээсэн, ирээдүйтэй, гоц гойд эмч байлаа. Тэр өөрийгөө дээд түвшинд бэлтгэж байв. Гэтэл бүх юм өөрөөр эргэх нь тэр. Пол 36 насандаа 2013 онд уушигны 4-р шатны хорт хавдартайгаа олж мэджээ.

Хорвоо гэдэг хатуу ажээ. Ингэж тэр өвчтөн болов. Уршигт өвчинтэй эмчийн хувиар, өвчтөний хувиар тэмцэв. Амьдрах гэж хүсэв, зүтгэв. Үхэл, амьдралын тухай бүр ч гүн эргэцүүлж, энэ асуудлыг олон талаас нь харах болов. Энэхүү номыг бичиж эхлэв.

Тааруухан байсан гэр бүлийн харилцаа нь дахин сэргэж, хайрыг дахин нээж, эхнэртэйгээ "дахин гэрлэж", дараа дараагийн баяртай гунигтай түүхүүдийг хамтдаа бүтээж эхлэв. Үхлээс айхаас илүүтэй насаараа бэлтгэж өөртөө цогцлоосон эмчийн ур чадвараа гаргаж чадахгүй юм биш гэхээс хамгийн ихээр айж байж.... Энэ зуур номоо бичсээр, эрүүл мэндийн байдал нь хүндхэн байсан ч өөрийн түүх, бодол санаа, мэдрэмж, эрэлхийллийг бусадтай хуваалцах гэж хичээсээр байжээ.

Пол Каланити ахархан хугацаанд амьдарсан боловч энэхүү номоороо анагаах ухаан, оюун санааны талбарт гайхамшигт өвийг үлдээж чаджээ. Өөрөө цэг тавилгүй хорвоогоос хальсан ч эхнэр нь гүйцээн бичиж энэ номыг хэвлүүлсэн байна.

Ингээд олныг үл өгүүлэн номын агуулгын тухай дэлгэрэнгүй хүүрнэсэн подкастдаа шилжицгээе.

ПОДКАСТЫГ СОНСОХ

Подкастыг iTunes дээр сонсох бол энд дарж бүртгүүлээрэй. Мөн Unlock Podcast фэйсбүүк хуудсанд нэгдэж шинэ подкастуудыг цаг тухайд нь хүлээн авч байх боломжтой.