Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Би хэрхэн ажилладаг вэ?   01 сарын 23, 2019

Би хэрхэн ажилладаг вэ? - Зинт Клиникийн хүүхдийн эмч Д.Солонго

Ярилцлагын ээлжит дугаартаа бид Зинт Клиникийн хүүхдийн эмч, хүүхдийн яаралтай тусламжийн тэргүүлэх мэргэжилтнүүдийн нэг Д.Солонгоог урилаа. Тэрээр 2008 онд АУШУҮИС-ийг хүний их эмчээр төгсөн хүүхдийн эрчимт эмчилгээгээр мэргэшиж, Солонгос, Тайвань, Австри улсуудад мэргэжил дээшлүүлжээ. Мөн Сидней Их Сургуулийн олон улсын эрхтэй хүүхдийн эмчийн нэг жилийн сургалтыг 2016 онд дүүргэсэн байна. Д.Солонго эмч Зинт Клиникт 2017 онд орохоосоо өмнө Дархан-Уул аймагт өрхийн эмч, Орхон аймгийн Бүсийн Оношилгоо, Эмчилгээний Төвд хүүхдийн эмч, Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвд хүүхдийн яаралтай тусламжийн эмчээр тус тус ажиллаж байжээ. Ингээд энхрий бяцхан үрсийн эрүүл энхийн манаанд зогсохын зэрэгцээ нийгмийн ажил, төслүүдэд маш идэвхтэй оролцдог Д.Солонго эмчийн ажлын арга барилтай танилцъя.

Байршил: Монгол, Улаанбаатар
Эрхэлж буй ажил, албан тушаал: Зинт Клиникийн хүүхдийн эмч; Сонгуульт: Монголын Яаралтай Тусламжийн Нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүн/ерөнхий менежер, JCI Ulaanbaatar салбар байгууллагын 2019 оны Аудит хариуцсан захирал
Хэрэглэдэг гар утас: iPhone 6S
Хэрэглэдэг компьютер: Toshiba
Сошиал хуудсууд: Solongo Davaanyam (Фэйсбүүк), Zint Clinic

ТА АЖЛАА ЯМАР АРГА БАРИЛААР ХИЙДЭГ ВЭ? ТАНЫ АЖЛЫН НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Үндсэн ажлаа өглөө 9-18 цагийн хооронд хийдэг. Ачаалал ихтэй үед бол завсаргүй хүүхэд үзнэ. Ер нь ачааллаасаа хамаараад өдөрт 20-40 хүүхэд үздэг. Утсаа хаагаад үзлэг, зөвлөгөөндөө бүрэн төвлөрдөг.

Миний хувьд үндсэн ажлаас гадна нийгмийн ажил, төслүүдэд идэвхтэй оролцдог болохоор ажлаа урьдчилж сайн төлөвлөж байж амжуулдаг.

Эмчийн ажилдаа бусад бүх л эмч нарын адил анхааралтай, нарийн гярхай, мэдрэмжтэй байхыг эрмэлздэг. Мөн багаар сайн ажиллаж, хурдтай байхыг хичээдэг дээ.

ТА ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ, АШИГЛАХ ДУРТАЙ АЖЛЫН ХЭРЭГСЭЛ, ПРОГРАМ, АППЛИКЭЙШНЭЭСЭЭ НЭРЛЭНЭ ҮҮ?

Үзлэгийн хэрэгслүүд бол ойлгомжтой. Мэдээж хамгийн их ашигладаг зүйл бол чагнуур. Би дэлхийн хамгийн үнэтэй, №1 брэнд болох Littmann Classic чагнууртай. Мөн анагаахын ширээний номуудаа хэлэх ёстой. Онолын номууд, хүүхдийн эмчийн гарын авлага, эмийн лавлах (British National Formulary for Children) оношилгоо эмчилгээний удирдамжууд гээд байнга харж сөхөх сурвалжууд олон.

Компьютер дээр бол хэрэглээний програмууд дээр ажиллана. Гар утсан дээр хэрэглэдэг апп-ууд гэвэл M Plus болон TED-ийг нэрлэж болно. M Plus-ээс сонирхолтой ном, контентууд татаж уншдаг. Мөн TED-ээс байнга илтгэл сонсохыг хичээдэг юм. Интернет дэх мэдээллийг бараг 70 хувь нь “хог” байдаг гэж уншиж байсан. Үлдсэн шинжлэх ухааны өндөр нотолгоотой 30 хувийг нь хайж олж уншихыг эрмэлзэнэ.

Зинт Клиникийн хувьд ч анагаахын салбарын хамгийн орчин үеийн, хамгийн өндөр нотолгоотой мэдээллийн эх сурвалжийг ажилдаа ашиглах шаардлага тавьдаг.

ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Түрүүнд дурдсанчлан, төлөвлөх л цаг хэмнэх миний гол арга. Өглөө ажлаа эхлэхээс өмнө хэсэг сууж тухайн өдөр хийх зүйлсээ төлөвлөж бичдэг. Хамгийн чухал, хамгийн яаралтайгаар нь эрэмбэлнэ. Тэгээд оройдоо биелэлтээ хараад явчихдаг.

Мөн өдөр бүр мэргэжлийн материал унших нь нэг талаар цаг хэмнэдэг. Эмчийн мэргэжлийн онцлог бол байнга шинэд суралцахын тулд тасралтгүй унших ёстой байдаг. Өдөр бүр цаг гарган уншихгүй бол нэг мэдэхэд унших юм овоороод цаг их авах буюу хэцүү ажил болоод ирдэг.

ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТАА ТА ЮУН ДЭЭР ЯАЖ ХӨТӨЛДӨГ ВЭ?

Би AFA академиас гаргасан "Амьдралын луужин" дэвтэр дээр тэмдэглэлүүдээ хийдэг. Гурав дахь жилдээ энэ дэвтрийг ашиглаж байна. Ажлаа төлөвлөх, хөтлөлт хийхэд хялбар санагддаг.

ТА ЯМАР ЗҮЙЛСИЙГ ХИЙХДЭЭ ГАРГУУД ВЭ?

Зөвлөгөө өгөхдөө юм болов уу. Ажил дээрээ хүнд зөвлөсөөр байгаад найз нөхөд, ойр дотныхондоо маш их зөвлөдөг болчихдог юм (инээв). Эмч хүн гэдэг нэг ёсондоо давхар сэтгэл зүйч байдаг. Үзүүлж буй хүмүүстээ сэтгэл зүйн онцлог, нас, эрүүл мэндийн боловсролд нь тохирсон зөвлөгөө өгч байж сайн үр дүн гаргана. Миний хувьд ээж аавуудад зөвлөгөө өгөөд, эргээд ойлгоцыг шалгаж өөрөөр нь яриулдаг юм.

Мөн багаар ажиллахдаа өөрийгөө дажгүй сайн гэж боддог шүү.

ХИЙЖ БАЙГАА АЖЛЫН ОНЦЛОГ ТАНЬ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Эерэг сайн тал гэхээр ойлгомжтой доо. Энхрий бяцхан үрсийг үзэж, эмчилж анагаана гэдэг магадгүй хамгийн сайхан үйл байх. Намайг 5 настай байхад доод талын маань дүү өөд болж байсан юм. Тэр үед л эмч болъё гэсэн бодол сууж, түүнээс хойш энэ зорилтдоо үнэнч байсаар хүүхдийн эмч болсон. Энэ мэргэжлийг эзэмшээд, мэргэжлээрээ ажиллаад явж байгаа минь миний хувьд том амжилт.

Манай Зинт Клиник 1990-ээд оноос дэлхий дахинаа хөгжиж буй нотолгоонд суурилсан анагаах ухааныг Монголдоо нутагшуулахын төлөө зорьж ажилладаг. Том зорилготой, чанартай үйлчилгээ үзүүлэхийг эрхэмлэдэг ийм хамт олны нэг хэсэг болсон минь сайхан хэрэг.

Хүндрэл бэрхшээл гэхээр зүйл бараг байхгүй дээ. Зарим эцэг эхчүүд интернетээс баталгаагүй эх сурвалжаас юм уншаад юм уу, өөрсдөө мэдээд хүүхдэдээ янз бүрийн эмчилгээ хийдэг нь харин их санаа зовоодог шүү. Тэгж дур мэдээд хүүхдийнхээ өвчин зовиурыг нэлээн даамжруулсан хойно эмчид ханддаг хүмүүс байдаг. Баталгаатай эх сурвалжаас унших судлах бол мэдээж зөв. Гэхдээ хүүхэд бүрийн бие физиологи, орчин нөхцөл өөр өөр байдаг. Эмч үзэж байж л нарийн сайн оношилно шүү дээ. Мөн заримдаа цөөн эмч нарын ёс зүйн алдаанаас бэрхшээл үүсэх ядвал тохиолдоно оо.

ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ АЖИЛЛАЖ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?

Хүүхдийн үзлэг, эмчилгээгээ бол мэдээж тогтмол хийж байгаа. Манай эмнэлэг сүүлийн үед хурдтай өргөжиж, хүчин чадлаа нэмж байна. Залуу эмч нараа эрчимтэй бэлтгэж чадавхижуулж байна.

Манай Зинт Клиникийн эмч нарын баг одоо "Хүйн гранулема" эмчилгээний энгийн хэрнээ өндөр үр дүнтэй аргыг Монгол улсад анх удаа нэвтрүүлж үр дүнг нь судалж байгаа юм. Энэ нь давсаар эмчлэх арга. Одоогоор 100 хувийн үр дүнтэй байна. Бид энэхүү судалгаагаа олон улсын сэтгүүлд хэвлүүлэх зорилготой байгаа.

Түүнчлэн, би оройн цагаар болон амралтын өдрүүдээр сонгуульт ажилдаа шамддаг. Онцолж хэлэх нэг ажил бол манай JCI Улаанбаатар салбар байгууллага, Монголын Яаралтай Тусламжийн нийгэмлэгтэй хамтран хэрэгжүүлэх бага насны хүүхэдтэй ажилладаг хүн бүрийг анхны тусламжийн мэдэгдэхүүнтэй болгох "Иргэн бүр аврагч" нэртэй төсөл юм. Энэ оноос эхлэн гурван жил хэрэгжих уг төслийн нээлт энэ баасан гарагт болох гээд бэлтгэл ажлаа хийж байна. Уг төслийн хүрээнд улсын цэцэрлэгүүдийн бүх багш, ажилчдад анхны тусламжийн сургалт орох, анхны тусламжийн цүнх бэлдэж өгөх, мөн дүүргийн эмнэлгүүдийн яаралтай тусламжийн тасгийг олон улсын стандартад хүргэх ажлууд хийгдэх юм. Анхны тусламжийн мэдэгдэхүүнгүйгээс балчир үрсийнхээ амь нас, эрүүл мэндийг аварч чадахгүй байх явдлууд бас нэлээд тохиолддог шүү дээ. Тэгэхээр маш чухал ач холбогдолтой, далайцтай төсөл болох юм.

Мөн Яаралтай Тусламжийн Нийгэмлэг дээр хэрэгждэг JICA-ийн яаралтай тусламжийг чадавхийг сайжруулах төслийн сургагч багшаар ажилладаг.

ТА ХЭР ИХ УНШДАГ ВЭ? ОДОО ЯМАР НОМ/НИЙТЛЭЛ УНШИЖ БАЙНА?

Өдөртөө мэргэжлийн материал уншихад заавал нэг цаг зарцуулдаг. Харин мэргэжлийн бус номуудаас гэвэл саяхан "Өглөөний гайхамшиг" гэх номыг уншиж дуусгалаа. Одоо "Сайнаас агууд" хэмээх ном барьж авах санаатай байна. Ер нь төрөл бүрийн ном уншиж өөрийгөө хөгжүүлэхийг хүсдэг.

ТА АЖИЛЛАЖ БАЙХ ҮЕДЭЭ ХӨГЖИМ СОНСДОГ УУ? ЯМАР ТӨРЛИЙН ХӨГЖИМ СОНСОХ ДУРТАЙ ВЭ?

Ажилтай үед хөгжим сонсох зав боломж үнэхээр байдаггүй. Харин Игорь Крутойгийн аязуудыг сонсон кофе уунгаа ажлаа төлөвлөхөд их сайхан байдаг.

ТА ЗАН ЧАНАРЫН ХУВЬД ИЛҮҮ НЭЭЛТТЭЙ ЮУ, ИЛҮҮ ДОТОГШОО ЮУ? ТАНЫ АЖИЛД ХЭРХЭН НӨЛӨӨЛДӨГ ВЭ?

Нээлттэй, нийтэч хүн. Хүнд зөвлөгөө өгдөг ажил мэргэжлийн онцлог ч байгаа. Гэхдээ мэдээж ганцаараа сууж, өөрийгөө чагнаж өөртэйгөө ажиллах үе гаргалгүй яахав.

ТА ХЭДЭЭС ХЭДЭН ЦАГИЙН ХООРОНД УНТДАГ ВЭ?

За орой 11-12 цагийн үед унтаад өглөө 6 цагт босдог.

ТАНЫГ АЖИЛЛААГҮЙ ҮЕД ТАНЬ ХААНААС ОЛЖ БОЛОХ ВЭ?

Би мягмар, бямба гарагуудад амардаг юм. Энэ өдрүүдэд төрийн бус байгууллагын ажлууд, сургалтуудаа хийдэг. Ер нь их ажилладаг, хэнхэгдүү хүн байгаа юм. Нэг их амраад налайгаад суух нас биш шүү дээ (инээв).

Оройн цагийг бол мэдээж гэр бүлдээ зарцуулна. Охинтойгоо хамт уншина, тоглоно, ярилцана. Бид хоёр саяхан "Харри Поттер"-ийг эхлүүлсэн. Охин маань 10 настай болохоор бас өсвөр насны хүүхэдтэй хэрхэн ажиллах вэ гэдэг мэргэжлийн судалгаа явж байна (инээв). Бас кофе шопд суух дуртай.

ТА ХЭНЭЭС, ЮУНААС УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ ОЛЖ АВДАГ ВЭ?

Эрч хүч, урам зоригийг олон зүйлээс авдаг даа. Хамгийн түрүүнд гэр бүл, дотнын найзуудаасаа авна. За тэгээд намайг мэргэжлийн хувьд өсөж өндийхөд зааж, сургасан багш нар, хамт ажиллагсдаа дурдах ёстой. М. Түмэннасан эмч, Т. Навчаа эмч хоёроосоо би олон зүйлийг сурч, эмчийн хувьд өсөн дэвжиж байгаадаа баяртай байгаа.

Мөн JCI байгууллагын гишүүн болсноор ажил үйлсээрээ Монголдоо манлайлж яваа залуучууд төдийгүй жил бүрийн Ази Номхон Далайн Бүсийн уулзалтаар уулзалддаг дэлхийн залуучуудтай танилцах, суралцах боломжтой болсон. Эдгээр залуучуудтай хөл нийлүүлж алхах хүсэл тэмүүлэл надад илүү ихийг хийж бүтээх сэдэл өгдөг. JCI байгууллагын гишүүн болсон маань ер нь миний харах өнцгийг их тэлсэн шүү.

Яаралтай Тусламжийн Нийгэмлэгийн хамт олон маань бас миний энерги авдаг нэг сурвалж. Энэ байгууллагыг би ЭХЭМҮТ-д ажиллаж байхдаа байгуулалцаж, өдгөө эрүүл мэндийн салбарын хамгийн идэвхтэй холбоодын нэг болоход өөрийн гэсэн хувь нэмэр оруулсандаа их баяртай байдаг. Бид шаардлагатай байгууллага, эмнэлгүүдэд яаралтай тусламжийн сургалтыг тогтмол хийж эмч, албан хаагчдыг чадавхжуулдаг. Яг одоо яаралтай тусламжийн эмчээр ажиллахгүй байгаа ч гэсэн сурсан мэдсэнээ бусдад түгээж зааж байдагтаа баяртай байдаг юм.

ТАНЫ АМЬДРАЛДАА АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ ЮУ ВЭ?

Миний ижий, аавын хэлдэг “Ажил амьдралдаа гаргасан алдаанаасаа суралцаж дахин давтахгүйг хичээ” гэсэн зөвлөгөөг амьдралдаа авч байсан хамгийн сайн зөвлөгөө гэж шүтэж явдаг. Хүүхдийн анагаахын амьд домог болсон ардын эмч Д. Малчинхүү багшийнхаа “Эхлээд хүн бол, тэгээд хүнлэг бай” гэсэн сургаал зөвлөмжийг ажил, амьдралдаа мөрдлөг болгохыг хичээдэг. Хүн чанартай, хүний мөстэй бай, бусдад хүнлэг энэрэнгүй ханд гэсэн энэ үг бол зөвхөн эмч гэлтгүй бүх л хүнд хамаатай үг болов уу.

ЗАЛУУ МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ХАНДАН ЗӨВЛӨГӨӨ ӨГӨӨЧ ГЭВЭЛ ЮУ ГЭХ ВЭ?

Би өөрөө ажил мэргэжилдээ эзэн болох гэж хичээж яваа залуу хүн. Хэдийгээр эмч гэдэг өөрөө нийгэмд чухал ач холбогдолтой, шууд эерэг нөлөө үзүүлдэг нэр хүндтэй мэргэжил ч гэсэн, үүндээ ханалгүй урдах ажлаасаа илүү гарч, яаж би эргэн тойрондоо илүү ихийг өгч чадах вэ, яаж эерэг өөрчлөлтүүдийг гаргахад хувь нэмрээ оруулж болох вэ гэж их бодож, үйлдэл хийхийг хичээдэг.

Тийм болохоор ажилдаа эзэн байхаас гадна идэвхтэй иргэн байя гэж залуучууддаа уриалъя. Өнөөдөр нийгмийн амьдрал маш хурдтай өөрчлөгдөж байна. Нэг өдөр л ямар нэг зүйлд суралцахгүй өнжвөл бусдаас хоцрох хэмжээнд хөгжиж байна. Хамтдаа байнга суралцаж, нийгмийн амьдралд идэвхтэй оролцвол улс орон маань удахгүй өндөр хөгжих байх аа.

ТА ЭНЭ БУЛАНД ХЭНИЙГ САНАЛ БОЛГОЖ, АЖЛЫН АРГА БАРИЛТАЙ НЬ ТАНИЛЦМААР БАЙНА ВЭ?

"Дэйл Карнеги Трэйнинг"-ийн Чинзо багшийг санал болгоё. Дэйл Карнегийн номуудаас би олон зүйл сурч байсан. Тэдгээр хичээл, ойлголтуудыг энд олон олон хүнд түгээж яваа хүн. Энэ жил бас тэдний зарим нэг сургалтанд суух төлөвлөгөө бий.

Lifehacker сайтаас санаа аван эхлүүлсэн “Би хэрхэн ажилладаг вэ?” булангаараа бид лхагва гараг бүр амжилттай яваа, бүтээлч хүмүүсийн ажиллах арга барил, дадал хэвшлийг танилцуулдаг. Та хэн хэний ажлын арга барилтай танилцмаар байгаагаа editor@unread.today рүү бичээрэй

52645   6


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor

Гэрэл зургийг:

Г.Ананд




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.