Ковер зургийн тайлбар: 2017 оны жагсаалтыг тэргүүлсэн Португал улсад харьяалагдах Азенхас До Мар тосгон

Дэлхийгээр аялагчдын хамгийн найдвартай эх сурвалж, дотны зөвлөх Lonely Planet-аас жил бүр "Зайлшгүй аялах 10 улс"-ын жагсаалтыг уламжлал болгон гаргадаг билээ. Танд санаа сэдэл өгөх, дараагийн зогсоолын тань талаар төсөөллийг бадраах уг жагсаалтын дэлгэрэнгүйг бид "Аялал, амралтын сар"-ын хүрээнд хүргэж байна. Дээрээс нь нэмээд тухайн улсад зочилбол заавал амтлах ёстой, үндэстэн бүрийн соёл, онцлогийг илэрхийлж чадахуйц амтат хоолыг нь санал болгосон байгаа шүү.

1. Чили улс 

Дэлхийн хамгийн өвөрмөц гэж хэлж болох уртаар сунан тогтсон байршилтай Чили улс энэ жагсаалтын тэргүүн байрт бичигджээ. Хэрвээ танд эрчтэй, хүчтэй, халуун цустай Чили орноор зочлох боломж олдвол хамгийн хойд хэсэгт орчих Атакама цөлийг санал болгоё. Энд идэвхтэй гэсэн статустай 50 гаруй галт уул байдаг гэнэ. Нэмж хэлэхэд, тус улсын тусгаар тогтнолоо зарласны 200 жилийн ой энэ 9-р сард тохиож байгаа аж. Өмнөд Америкчууд хэрхэн баярлан хөөрч, түүхэн мөчүүдээ тэмдэглэдгийг мэдрэх онцгой үе.

Латин Америкийн улсуудад түгээмэл иддэг "эмпанадас"-ийн хамгийн амттай болоод хамгийн том хувилбарыг та Чили улсаас амтлах боломжтой. Уламжлалт эмпанадас нь үхрийн мах, чидун жимс, өндөг, сонгиноос бүрддэг аж.

2. өмнөд солонгос 

Дэлхийг байлдан дагуулж буй савангийн дуурь, К-Попоос гадна Өмнөд Солонгост зочлох олон шалтгааныг бид дурдаж болно. Хүний гараар бүтээсэн үзэсгэлэнт нуур цөөрөм, бодит гэдэгт нь ч эргэлзэм нарс модод, сүр жавхлант чулуун бүтээлүүдээр уг жагсаалт үргэлжилнэ. Гэхдээ энэ жилийн хувьд бид танд Сөүл 7017 гудамжийг санал болгож байна. Пёнчан 2018 өвлийн олимпийг угтан жуулчдын, бас залуусын гудамж болгон нээлтээ хийсэн энэхүү гудамж 24 цаг ажилладаг, олон төрлийн үйлчилгээний газрууд, кофе шопоос эхлээд номын сан хүртэл бүх хэрэгцээт газрууд байгаа гэдгээрээ онцлог. Мөн олимпийн хотхон тийш татсан шинэ хурдны галт тэргийн жимээр аялан аваргуудын замнал, тэдний сэтгэл хөдөлгөм үүх түүхийг ахин нэг гэрчлээрэй.

Солонгосчууд "Sulleongtang" буюу үхрийн ясны шөлөө өвлийн хүйтэн өдрүүдэд хамгийн ихээр иднэ. Амтлагч багатай, эрүүл мэндэд сайн энэхүү сүүн цагаан өнгөтэй шөлийг олон цагаар буцалгаж амт оруулдаг учиртай.

3. португал

Дундад зууны чамин, тансаг байдлаа одоог хүртэл хадгалсан нийслэл Лиссабон төвөөс холгүй наран шарлагийн газруудыг бий болгож байгаа нь олон жуулчдын талархлыг хүлээх болжээ. Амралт зугаа цэнгэлийг жинхэнэ утгаар нь мэдрэхийг хүсвэл Иберийн хойг, тэр тусмаа Португал танд яг таарна. Өөр өөрийн өвөрмөц өнгө төрхтэй далайн эргүүдээр нь зочилж, дэлхийд зартай нутгийн дарснуудаас нь заавал амсаарай.

Португалын амтат Pastel de Nata буюу өндөгтэй тартыг анх католик лам нар хийж өнөөдрийн дэлхийд тархсан амттаны эхлэлийг тавьсан гэдэг.

4. жибути

Жибути бол Сомалийн хойг буюу Африкийн эвэрт орших хамгийн даруухан улс. Хөрш зэргэлдээ Эритреа, Этиоп улсууд нь олон арван жил үргэлжилсэн иргэний дайнаа одоо л зогсоож, Сомали нь далайн дээрэмчдээрээ алдаршиж байхад Жибути давст эрэг дээрх наран шарлагын газрууд, үзэсгэлэнт цөлөөрөө жуулчдыг соронзон мэт татсаар байна.

Жибути улсад зочлоод зайлшгүй идэх ёстой амттан бол banana fritters буюу гадилан жигнэмгүүд. Улс даяар төрөл бүрээр хийсэн хувилбарууд байдаг ч сүү, өндөг огт ашиглаагүй, зөвхөн банана, гурил болон самрын үүрмэгээр хийсэн оригинал хувилбарыг заавал идэж үзэх ёстой гэнэ. Орц багатай, хийхэд маш хялбар энэхүү жигнэмгийг гэртээ нэг хийгээд үзэхэд сонирхолтой санагдлаа. Эндээс бананан жигнэмэг хийх жорыг үзээрэй :)

5. шинэ зеланд

Адал явдал эрэлхийлэгчдийн өлгий нутаг гэгдэх Шинэ Зеландад "Бөгжний эзэн", Аватар, Сүүлчийн Самурай зэрэг үзэгчдийн хайртай киноны зураг авалт хийгдэж байсан гэхээр танд эхний төсөөлөл шууд буух болно. Шинэ Зеланд улс хоёрхон улиралтай бөгөөд хамгийн сонирхолтой нь цаг агаарын хувьд манайхтай зөрдөг. Монголд өвөл болж байхад тэнд зуны улирал тохиодог учир идэр есийн хүйтнээс зугатааж аялах боломжтой.

Шинэ Зеландад очоод зайлшгүй идэх ёстой нэг амттан гэвэл Hokey Pokey зайрмаг. Ирисэн чихрээр бүрсэн энэхүү ваниллан зайрмаганд "Кивичүүд" нугасгүй гэнэ.

6. мальт

Газар дундын тэнгисийн жижигхэн арал дээр орших Мальт улс баялаг бөгөөд сонирхолтой түүхтэй орон. Жилийн 365 өдрийн 300-д нь нартай байдаг гээд л төсөөлөөд үзээрэй. Европын хамгийн өмнөд нийслэл болох Валлетта хот 2018 оны Европын Соёлын нийслэлээр нэрлэгдсэн учир олон төрлийн сонирхолтой эвент, үзэсгэлэн, хөтөлбөрүүд таныг хүлээж буй.

Stuffat Tal-Fenek буюу туулайн жигнэсэн мах нь Мальт улсын нэрийн хуудас болсон үндэсний хоол. Удаан жигнэж болгодог энэхүү хоолыг улаан лооль, улаан дарс, сармисны сүмстэй амтлан идвэл мартагдахааргүй нэгэн дурсамж болж үлдэх нь гарцаагүй гэнэ.

7. Гүрж 

Өмнөд Кавказын хамгийн өвөрмөц, сонирхолтой орон бол Гүрж. Ногоон цайгаараа монголчуудад ихэд "дотно" санагдах болсон тус улсад зочилсон жуулчид цаг агаар, онгон байгальд нь дурладаг нь санаандгүй хэрэг биш. Яг зуун жилийн өмнө Гүрж улс тусгаар тогтнолоо зарласан нь 2018 онд Тбилисид хундага өргөх олон шалтгааны нэг юм.

Кавказын орнуудад талх "ариун нандин" зүйлд тооцогддог учир хаях байтугай идэлгүй үлдээхийг хүртэл цээрлэдэг. Гүрж улсын алдарт Khachapuri талхыг төмс болон бяслаг зэрэг төрөл бүрийн орцоор олон янзаар хийж болдог байна.

8. мавриКИ

Ганцхан сая хүн амтай Маврики улс заавал очиж үзэх ёстой 10 орны тоонд багтсан нь үнэхээр гайхалтай. Өнгөрсөн жил Улаанбаатарт Монголын хөлбөмбөгийн шигшээ багтай нөхөрсөг тоглолт хийн, бидэнтэй эчнээ танил болсон тус улс энэ жил тусгаар тогтнолын хагас зуун жилийн ойгоо тэмдэглэж буй. Хэрэв та цэнгэг далайн гүнд шумбаж, индранилтай эргээр зугаалахыг хүсдэг бол таны аяллын зорилгод яг нийцэх газар Маврики улс мөн.

Маврики улсын хоолны соёл Хятад, Энэтхэг, Франц зэрэг олон үндэсний хоолыг шингээж хослуулснаараа баялаг. Хятад хоолыг санагдуулам халуун ногоотой, гоймонтой энэ хоолыг та өөр хаанаас ч амсахгүй хэмээн олон хүн баталдаг гэнэ.

9. хятад

Уйтгартай юм шиг сонсогдож байна уу? Тэгвэл та андуурч байна. Арвин-баялаг түүхт, онцгой-өвөрмөц соёлт Хятад улс одоог хүртэл дэлхийг гайхшируулсаар л. Үндэсний зан заншлаа орчин үеийн технологитой гайхалтай хослуулсан тус улс өдгөө дэлхийн хамгийн дэвшилтэт нийгмийг байгуулж, эдийн засгийн өсөлтөөрөө толгой цохисоор байна. Бээжингээр дамжих хэрэг гарсан бол "Хориотой хот"-оор зочилж, өмнө нь олон нийтэд хаалттай байсан дөрвөн танхимаар нь ороод гараарай.

Хятад бол дэлхийн хаана ч хүлээн зөвшөөрөгдсөн онцгой хоолны соёлтой орон. Энэхүү зурган дээрх хоол бол Хятадын Сичуан мужийн уламжлалт "hot pot" буюу халуун тогоо. Хэдэн жилийн өмнө Ченгду хотод зочилж байхдаа амталж үзэхэд, идэх өвөрмөц арга болон час хийсэн халуун ногооны амт, үнэр нь сэтгэлд хоногшсон тул онцлон орууллаа.

10. өмнөд африк

Дэлхийн шинэ долоон гайхамшгийн нэгээр нэрлэгдсэн "Ширээт уул", хамгийн шилдэг хотуудын топ 5-д багтсан Кэйп Таун гээд Африкийн хамгийн өндөр хөгжилтэй улсад үзэж харах зүйл бишгүй бий. Нутгийн ардтай нь ч хэл нэвтрэлцэхэд асуудалгүй, учир нь тэд албан ёсны 11 хэлтэй :)

Өмнөд Африкийн үндэсний хоол "Bobotie"-г татсан үхрийн мах, жимс, халуун ногоогоор хийж, өндөг, крем, лаврын навчаар амт оруулдаг.

Энэ оны таны аяллын төлөвлөгөө ямар байгаа вэ? Энэхүү жагсаалтад таны аялж байсан болон мөн аялахыг хүсдэг орнууд багтсан байна уу? Та бүхэн сэтгэгдлээ хуваалцаарай.

Нийтлэлийн зургуудыг Lonely Planet-ийн албан ёсны нийтлэлүүдээс ашиглав.