Хайх зүйлээ бичээд enter дарна уу

7 Хоногийн Тойм   07 сарын 22, 2018

7 хоногийн тойм: Дуудаагүй гамшиг + Дуулдаагүй сар + Дундаршгүй зоригтон

Ковер зургийн тайлбар: NASA-ийн Juno хөлөг Бархасбадь гарагийг тольдсон нь. Энэ долоо хоногт тус гарагийн 12 дагуулыг эрдэмтэд нэмж илрүүлэв.

Дэлхий дахинд

Финляндын Хельсинки хотноо АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ. Хаалттай уулзалт зөвхөн орчуулагчдыг байлцуулан бүтэн 2 цагийн турш үргэлжилсэн бөгөөд Сирийн хямрал, Ираны цөмийн хэлэлцээр зэрэг өргөн хүрээг хамарсан "амжилттай хэлэлцээр" боллоо хэмээн 2 тал онцолсон байна. АНУ-ын сонгуульд Оросын талаас нөлөөлсөн гэх асуудлыг Путин эрс үгүйсгэснийг Трамп санал нэгтэйгээр дэмжиж, тагнуул, хүчний байгууллагаа шүүмжилсэн мэдэгдлийг хийсэн нь намын нөхдийнхөө хүртэл бухимдлыг төрүүлэв. Трамп энэ намар Путиныг Вашингтонд айлчлахыг мөн урьжээ.

Vox: Трамп-Путины уулзалтаас ойлгосон зүйлс

Одон орон судлаачид нарны аймгийн хамгийн том гараг Бархасбадийн тойрог замаас 12 шинэ дагуул сарыг илрүүлсэн байна. Ингэснээр тус гараг нийт 79 сартай болж байгаа гэсэн үг юм. Судлаачид Чилид орших 520 мегапикселийн хүчин чадалтай Бланкогийн телескопыг ашиглан нарны аймгийн захаар орших биетүүдийг илрүүлэх ажлын хүрээнд энэ нээлтийг хийсэн байна. Эдгээр дагуулуудаас Carpo нэртэй нэгэн сар нь бусад дагуулаас эсрэг чиглэлд эргэдгээрээ сондгойрч, хоорондоо мөргөлдөх аюулыг бий болгож байгаа нь сонирхолтой. Уг дагуулуудын хамгийн том нь гэхэд 3.2 км-ийн голчтой жижиг учраас нээж чадалгүй өдийг хүрсэн хэмээн мэргэжилтнүүд тайлбарлажээ.

Шүүхээс БНСУ-ын анхны эмэгтэй ерөнхийлөгч Пак Гын Хед нэмж 8 жилийн ялыг оноосноор, ялын хугацаа нь 32 жил болон сунгагдлаа. 66 настай түүнд нэр бүхий байгууллагаас 3.3 тэрбум вон хууль бусаар гуйвуулан авсан, 2016 оны парламентийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийг тодруулахад хөндлөнгөөс оролцсон зэрэг үндэслэлээр ийн ялласан ажээ.

Европын Холбоо Google компанийг Андройд үйлдлийн системээрээ шударга өрсөлдөөний журмыг зөрчсөн хэмээн үзэж, 4.3 тэрбум еврогоор торгох шийдвэр гаргалаа. Тэд Андройд үйлдлийн системтэй бүх төхөөрөмжид Google-ийн хайлтын систем ашиглах, Google-ийн вэб хөтчийг суулгах (Chrome), Google-ийн апп дэлгүүрийг (Play Store) урьдчилан суулгах шаардлага тавьдаг нь шударга бус байдал үүсгэсэн гэдгийг онцолжээ. Өнгөрсөн жил 110.9 тэрбум долларын орлоготой ажилласан Google түүхэн дэх хамгийн том торгуулийг хүлээн зөвшөөрөхгүй, давж заалдана гэдгээ мэдэгдсэн байна.

Techcrunch: Google-ийн 5 тэрбум долларын торгуулийн эргэн тойронд

Форбес сэтгүүл жил бүр эрхлэн гаргадаг "Дэлхийн хамгийн өндөр орлоготой одод"-ын жагсаалтаа танилцууллаа. Энэ жилийн жагсаалтыг өнгөрөгч 12 сард 285 сая долларын орлого олсон алдарт боксчин Флойд Мэйвэдэр тэргүүлжээ. Тэрээр 8-р сард UFC-ийн од К.Мкрегортой "зууны тулаан" хийж ялалт байгуулсан юм. Тэгвэл өөрийн үүсгэн байгуулсан текила үйлдвэрлэгч Casamigos брэндээ 1 тэрбум доллараар зарсан Оскарын шагналт жүжигчин Жорж Клүүни 2-р байрт бичигдсэн байна. Форбесийн хамгийн залуу тэрбумтан болоход ойрхон буй К.Женнер 3-т орсон бол U2, Coldplay, Э.Ширан зэрэг уран бүтээлчид хөлбөмбөгийн одод Л.Месси, К.Роналду нар эхний арвыг бүрдүүлжээ. Орлогоороо тэргүүлсэн 100 одод нийлээд 6.3 тэрбум долларыг олсон нь өнгөрсөн жилээс 22 хувиар өссөн үзүүлэлт гэнэ.

Энэ сар гарсаар ихэнх нутгаар усархаг бороо орсны улмаас Монгол орны төв, баруун хэсэгт үерийн гамшиг нүүрлэлээ. Нийслэл Улаанбаатарт буусан үерийн улмаас 100 гаруй км зам эвдэрч, зуу зуун айл орон гэрээ алдан, 2 хүн амь насаа алдсан байна. Баян-Өлгий аймагт 2500 гаруй хүн гамшигт нэрвэгдэж, 600 гаруй иргэнийг түр хорогдох байр луу шилжүүлжээ. Мөн аадар бороо, хүчтэй салхины улмаас Өвөрхангай, Архангайд байрлах 27 цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуур багана унаж, нийт 7 аймгийн 65 сум бүрэн цахилгаангүй болсон хэрэг гарчээ.

ЗГМ: Нийслэлчүүд үерийн гамшигт нэрвэгдлээ

Яг таг зорилгогүй-үр дүнгүй, ярьсан хэлэлцсэн нь ч тодорхойгүй нууцлаг уулзалт өрнөв

Технологийн ертөнцийн эргэн тойронд

Microsoft-ийн эзэмшдэг 300 сая хэрэглэгчтэй видео дуудлагын апп Skype дэлгэцэнд зориулсан шинэчлэлээ танилцууллаа. Өнгөрсөн жил дизайндаа томоохон өөрчлөлт хийсэн тэд энэ удаад 24 хүртэлх хүн урих боломжтой дуудлагад HD видеог дэмждэг болгосон байна. Мөн видео дуудлага, яриагаа бичиж, хадгалах боломжтой болсон нь ихээхэн сонирхол татаж буй. Үүнээс гадна чатдаа хүн @mention хийх, 300 мб хүртэлх хэмжээтэй файл шидэх, дэлгэцээ бусдадаа хуваалцаж харуулах зэрэг шинэчлэл хийгджээ. Нэгэн үе энэ зах зээлд ганцаар ноёлж байсан Skype 300 сая хэрэглэгчтэй.

Инстаграм онлайн байгаа хэрэглэгчдийг илтгэх "ногоон цэг"-ийг танилцууллаа. Хэрэглэгчид өөрсдийн найзууд болон мессежээр харилцаж байсан хүмүүсийн профайл зургийн баруун доод буланд гарах цэгээр тухайн хэрэглэгчдийг идэвхтэй байгаа эсэхийг мэдэх боломжтой болж байгаа аж.

Америкийн сенат онлайн стриминг платформоор дамжуулан онцгой болон шуурхай мэдээлэл дамжуулах хуулийн төслийг хэлэлцэх гэж байна. Уг хуулийн хүрээнд хэрвээ газар хөдлөлт, үер зэрэг зайлшгүй мэдээлэх шаардлагатай үйл явдал тохиовол Netflix, Spotify зэрэг платформуудын доогуур болон дундуур шуурхай мэдээ цацах эрх холбогдох байгууллагуудад олгогдох аж.

Дэлхийн хамгийн том компаниудын нэг Walmart энэ жилдээ багтаан видео стриминг үйлчилгээгээ танилцуулах гэж байгаа гэнэ. Тэд өөрсдийн 2010 онд худалдан авсан видео, кино түрээсийн үйлчилгээ үзүүлэгч Vudu брэндийн нэрийн дор Netflix, Hulu-тай өрсөлдөх гэж буй нь энэ. 15 мянга киноны сантай Vudu Холливудын ихэнх топ студиудтэй хамтран ажилладаг нь давуу тал болно хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.

Samsung ирэх оны эхээр хүлээлт өндөртэй байгаа нугалардаг утсаа гаргахаар зэхэж байгаа гэнэ. Samsung Galaxy 9-ийн борлуулалт төсөөлснөөс доогуур түвшинд байгаа нь тэднийг Winner гэх нэрийн дор хөгжүүлэгдэж байгаа төслийн хугацаагаа урагшлуулахад хүргэсэн тухай эх сурвалжууд мэдээлсэн юм.

Active now + Ногоон цэг: Инстаграм чат харилцааг аппдаа авчрахыг хүсэж байна

бизнесийн ертөнцийн эргэн тойронд

Америкт хамгийн анх удаа марихуанагийн компани IPO хийж, хөрөнгө босголоо. Tilray нэртэй уг компани нийт 153 сая долларыг Nasdaq-аас босгосон нь энэ. Тэд уг санхүүжилтээрээ Онтариа дахь марихуана тариалж, боловсруулдаг үйлдвэрээ өргөжүүлэхээр төлөвлөж буй гэнэ. АНУ-ын дээд шүүх марихуанагийн хэрэглээг хуулиар зөвшөөрснөөр энэ төрлийн бизнес ихэд цэцэглэх болсон. Зөвхөн өнгөрсөн жил гэхэд марихуанатай холбоотой үйлчилгээ үзүүлэгч стартапууд 593 сая долларын хөрөнгө оруулалт татжээ.

Амазоноос жил бүр гишүүддээ зориулан зохион байгуулдаг их хямдрал буюу Prime Day энэ долоо хоногт өрнөж, борлуулалтын түүхэн дээд амжилт тогтоолоо. Хэт ачааллын улмаас нээлтийн эхний цагуудад сайт нь унаж гацан, тэрбум долларын алдагдал хүлээсэн хэмээгдэж байсан Prime-ийн гишүүд 100 сая гаруй бүтээгдэхүүн худалдан авсан байна. Нийт 36 цагийн хугацаанд хамгийн их зарагдсан бүтээгдэхүүн нь Fire TV, Echo Dot байжээ. Хэдий зарим нарийн мэдээлэл ил гараагүй ч тэд Cyber Monday, Black Friday-ийн борлуулалтын үзүүлэлтийг давсан гэдгийг батласан байна.

Fox-ийг худалдан авах үнийн дайнаас гарч байгаагаа Comcast зарлалаа. Ингэснээр хамгийн сүүлд 71.3 тэрбум долларын саналыг илгээгээд буй Дисней дэлхийн хамгийн хүчирхэг медиа компанийг бүтээх боломжтой боллоо. Хэдий өнгөрсөн жилийн сүүлээр Дисней 52 тэрбум доллараар Fox-ийн кино, телевизийн бизнесийг худалдан авах тохиролцоонд хүрсэн ч Comcast өнгөрсөн сард 61 тэрбум долларын үнийг санал болгоод байсан билээ. Comcast анхаарлаа Британийн хамгийн том сүлжээ Sky-ийг худалдан авахад хандуулна хэмээн эх сурвалжууд мэдээлж байна.

Видео стриминг үйлчилгээ үзүүлэгч Нетфликсийн улирлын тайлан шинжээчдийн таамаглалд хүрэлгүй хувьцааны үнэлгээ нь 14 хувиар унажээ. Тэд өнгөрсөн гурван сард 3.1 тэрбум долларын борлуулалттай ажилласан ч 5.2 сая шинэ хэрэглэгч татсан нь таамгаас бараг 1 саяар дутаж буй гэсэн үг. Америкийн зах зээлээс ердөө 470 мянган шинэ хэрэглэгч бүртгүүлсэн нь гол өрсөлдөгчид нь стриминг зах зээл рүү хүч хаях болсон энэ үед санаа зовох үзүүлэлт юм. Анхны энэтхэг цуврал кино Sacred Games-ээ цацсан тэд ирэх улирлуудад Энэтхэгийн зах зээлээс үлэмж амжилт олно хэмээн итгэж байгаа аж.

Хувцас загварын ертөнцийн хамгийн үнэ цэнтэй брэндүүдийн нэг Burberrry өнгөрсөн жил зарагдаагүй үлдсэн 37 сая долларын үнэ бүхий бараагаа шатаан устгалд оруулжээ. Энэ нь тус брэндийн загвар, хийцийг хуулбарлах, хямд үнээр борлуулахаас сэргийлж байгаа хэрэг хэмээн мэдэгдсэн байна. Өнгөрсөн 5 жилд нийт 117 сая долларын бүтээгдэхүүнээ устгалд оруулсан тэдний энэхүү үйл явдлыг зарим байгаль орчны активистууд хүрээлэн буй орчинд ээлгүй арга ашигласан хэмээн буруутгаж байгаа юм.

Монгол ямааны ноолуураар өндөр зэрэглэлийн хувцас үйлдвэрлэн гаргадаг Naadam брэнд 16 сая долларын хөрөнгө оруулалт татсанаа зарлалаа. Тус компанийг үүсгэн байгуулагчид нь 2015 онд Монголоор хийсэн аяллынхаа дараагаар санаагаа олж, бизнесээ эхлүүлж байсан түүхтэй. Шинэ хөрөнгө оруулагчдын дотор Tommy Hilfiger, Michael Kors зэрэг алдартай брэндүүдийг эзэмшиж байсан Силас Чоу багтаж байгаа нь анхаарал татаж байна.

Эгнээндээ Booking.com, Agoda, Kayak зэрэг топ аяллын платформуудыг нэгтгэсэн Booking Holdings Хятадын тэргүүлэх такси дуудлагын үйлчилгээ үзүүлэгч Didi Chuxing-д 500 сая долларын стратегийн хөрөнгө оруулалт хийлээ. Тун удахгүй SoftBank-тай хамтран Японд такси үйлчилгээгээ нэвтрүүлэх гэж буй Didi Booking-ийн тусламжтайгаар олон улсын зах зээлд амжилттай нэвтэрнэ хэмээн үзэж байгаа аж.

Naadam-ийн түүхийг мэдэх үү?

Энтертэйнмент ертөнцийн эргэн тойронд

Холливудын хамгийн авьяаслаг найруулагчдын нэг Жэймс Ганн 10 жилийн өмнө бичиж байсан твийтээсээ болж ажлаасаа халагдлаа. Марвелийн ертөнцийн хамгийн "хөнгөн" гэхдээ хамгийн бүтээлч өрнөл, харилцан яриа бүхий Guardians of Galaxy-г кино дэлгэцнээ авчирч олны талархлыг хүлээсэн түүний зохисгүй үг хэллэг, утга санаа агуулсан жиргээ Диснейн боссуудад таалагдсангүй. Ганн 2020 онд нээлтээ хийх Guardians of Galaxy-ийн 3-р ангийн төсөл дээр ажиллаж байсан юм.

20-р зууны сүүл үеийн дэлхийн рок хөгжмийн ертөнцийн хамгийн нөлөөт хамтлагуудын нэгт тооцогддог Oasis эргэн нэгдэж магадгүй гэх найдвар фенүүдэд нь төрөв. Тус хамтлагийн Лиам Галлахер өөрийн төрсөн ах Ноелд хандсан жиргээндээ болсон явдлыг уучилж, хамтлагаа буцаан авчрах цаг нь болсон тухай бичжээ. 1991 онд анх байгуулагдсан Oasis-ийн нийт 8 цомог нь чартыг тэргүүлж, нийт 70 сая гаруй цомог борлуулжээ. Oasis ах дүү нарын үл ойлголцлын улмаас 2009 онд албан ёсоор тарсан юм.

Дисней анхны VR технологид суурилсан бүтээлээ ирэх сард цацах болсноо зарлалаа. Cycles нэртэй уг богино хэмжээний анимэйшний найруулагчаар Frozen, Zootopia, Moana зэрэг хит бүтээлүүд дээр ажиллаж байсан Ж.Гипсон ажиллаж байгаа гэнэ. Уг бүтээл анимэйшн, график дизайны салбарын хамгийн том цугларалт болох SIGGRAPH дээр нээлтээ хийнэ.

Pokemon Go тоглоомыг бүтээгч Niantic энэ жилийн гурав дахь худалдан авалтаа хийлээ. Тэд Marvel: Strike Force тоглоомоороо алдартай Seismic Games-ийг өөрийн болгосон байна. Ингэснээр Niantic AR технологид суурилсан хэд хэдэн чухал патентыг эзэмших болж байгаа аж.

Сан Диего хотноо жил бүр зохиогддог энтертэйнмент ертөнцийн хамгийн том цугларалт Comic Con 51 дэх удаагаа зохиогдож байна. Шинэ бүтээлүүд зарлагдаж, хамгийн шилдэг одод цуглардаг, топ студиуд шинэ, онцлох мэдээгээ фенүүдэд дуулгадаг энэ арга хэмжээнд 200 мянга орчим хүн оролцжээ. Энэ жил Дисней Star Wars-ийн Clone Story анимэйшнийг ахин хийх болсноо зарлаж, М.Найт Шямаланы Glass, DC-ийн Aquaman, Wonder Woman 1984, Харри Поттерын ертөнцийн Fantastic Beasts зэрэг бүтээлүүдийн трэйлэрүүд цацагдсан нь онцлууштай байв.

Time: Comic-Con 2018-ийн шилдэг трэйлэрүүд
The Verge: Comic-Con-ий эргэн тойронд өрнөж буй бүх зүйлс

Анхааруулга: Ёс бус үг хэллэг агуулагдсан

Спортын ертөнцийн эргэн тойронд

Монгол улсын гавьяат тамирчин Б.Гангаамаа дэлхийн 2 дахь өндөр оргил К2-т хөл тавьсан анхны монгол хүн боллоо. Уулын спортын хамгийн хүнд сорилд тооцогддог К2 оргил нь Хятад Пакистаны хил дээр 8611 метрийн өндөрт оршдог бөгөөд ердөө 300 гаруй хүн оргилд амжилттай гарч, 77 уулчин амиа алдаж байсан түүхтэй. Дэлхийн 7 тивийн 7 оргилыг амжилттай эзлэсэн Б.Гангаамаа K2-ийг эзэлсэн арав гаруйхан эмэгтэй уулчдын нэг болсон нь энэ юм.

Уран гулгалтын спортын төрөлд Олимпийн наадмаас медаль хүртсэн анхны Казахстан тамирчин Деннис Тен дээрэмчдийн халдлагад өртөн амь насаа алдсан хэрэг олон нийтийг цочроов. 2014 оны Сочигийн олимпоос хүрэл медаль хүртэж, дэлхийн аваргаас мөнгө, хүрэл медаль зүүн үндэсний баатар болсон Тен машины толийг нь хулгайлах гэж оролдсон этгээдүүдэд хутгалуулсан нь үхлийн шалтгаан болжээ. 25 настай уран гулгагчтай салах ёс гүйцэтгэх ажиллагаа Алматид болж мянга мянган иргэд цугласан байна.

Өмнөд болон Хойд Солонгосын тамирчдаас бүрдсэн нэгдсэн баг 1991 оноос хойш анх удаа олон улсын тэмцээнээс алтан медаль хүртлээ. Дэжон хотноо явагдсан ширээний теннисийн "Солонгосын нээлттэй тэмцээн"-д холимог хосын төрөлд өрсөлдсөн тус баг Хятадын тамирчдыг 3:1-ээр ялан аваргалжээ. Хамгийн сүүлд 2 солонгосын тамирчдаас бүрдсэн ширээний теннисийн эмэгтэй баг дэлхийн аварга болж байсан юм. Ташрамд дуулгахад, ирэх 8-р сард Жакартад болох Азийн наадамд тэд каное, дарвуулт завь, эмэгтэй сагсан бөмбөгийн төрөлд нэгдсэн баг оролцуулна гэдгээ зарлаад байгаа билээ.

Токио 2020 олимпийн наадмын тасалбарын үнэ албан ёсоор тодорхой боллоо. Ирэх хавар худалдаанд гарах нийт тасалбарын талаас илүү хувь нь 8000 иен буюу түүнээс доош үнэтэй байх бөгөөд сурагчид, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хөнгөлөлттэй үнээр борлуулах гэнэ. Спортын уралдаан тэмцээнүүдийн тасалбар 2500-аас 130 мянган иений үнэтэй байх бөгөөд хамгийн үнэтэй нь хөнгөн атлетик, усанд сэлэлт, сагсан бөмбөгийн финалын тоглолтууд байх аж. Сонирхуулахад наадмын нээлтийн билетийн үнэ 12 мянган иенээс 300 мянган иен хүртэл зэрэглэлээс хамаарч хэлбэлзэх аж.

Энэ жилийн хөлбөмбөгийн ДАШТ-ий шилдэг залуу тоглогчоор шалгарсан 19 настай залуу од Килиан Мбаппе тэмцээнээс олсон бүх орлогоо сайн үйлсэд хандивлах болсон байна. Дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгчдийн нэгт тооцогдож буй франц хөлбөмбөгчин 400 мянга орчим долларыг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд спортоор хичээллэх боломж олгодог нэгэн байгууллагад хандивлах аж.

"Аварч чадаагүйд уучил" хэмээн Д.Тений фенүүд гашуудаж байна

Алдалгүй унших арван мэдээ

Techcrunch: Blue Origin-ий хамгийн чухал туршилт амжилттай боллоо
WSJ: Insight Partners 6.3 тэрбум доллар босголоо
BGR: Удахгүй нээлтээ хийх Samsung Note 9-тэй танилц!
Youtube: The Walking Dead-ийн 9-р бүлгийн трэйлэр (үзэх)
Adweek: Buzzfeed зөвхөн мэдээ хүргэх сайтаа танилцууллаа
Монцамэ: Гүюг хаанаас Ромын папд илгээсэн захидал Хархорум музейд ирлээ
NYTimes: Трампын Плэйбой модельд мөнгө илгээх тухай ярьсан бичлэг бий юу?
BBC: Brexit-ийг дэмжсэн кампанит ажил хууль зөрчснийг батлав
Coindesk: Биткойны үнэ 7 мянгын босгыг давлаа
Bloomberg: Microsoft-ийн "гайхалтай" амжилт үргэлжилсээр

15719   0


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.