Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Номын тухай   06 сарын 16, 2018

Unlock Podcast #35: "Тоомжиргүй амьдрах бяцхан урлаг" номын тухай

Подкастын ээлжит дугаарт Тэгшээ, Наги хоёр Марк Мэнсоны "The Subtle Art of not giving a F***" номын тухай ярилцлаа. Тус номыг Монсудараас "Тоомжиргүй амьдрах бяцхан урлаг: Сайхан амьдралд хүрэх эсрэг зам" гэх нэрээр хөрвүүлсэн билээ. Энэхүү номыг хувь хүний хөгжлийн ном гэж хэлж болох ч таны уншиж байсан, энэ чиглэлийн ихэнх номын санааг үгүйсгэсэн "тэс өөр" бүтээл гэдгээрээ онцлогтой. Битгий хичээ, өөртөө итгэхээ боль, зовлонгоо дага, та бол онцгой биш гэх мэтийн зөвлөгөөг өгнө гээч. Сонирхолтой биш гэж үү? Сонсоод, уншаад үзэх хэрэгтэй. Мөн энэ удаа та подкастын зарим сонсогчийн сэтгэгдлийг сонсох болно.

НОМЫН ТУХАЙ

Эхлээд зохиогчийн тухай цухас танилцуулъя. Өдгөө 34 настай Марк Мэнсон 2007 онд буюу яг санхүүгийн уналт, эдийн засгийн хямралын үеэр төгсөж, наян жилд байгаагүй хамгийн муу ажлын зах зээл дээр гарчээ. Тэгээд нэлээд хэцүүхэн хэдэн сарыг туулсны дараа 2008 оноос онлайн бизнес буюу блог ажиллуулах болсон байна. 2009 онд болзооны блог, зөвлөгөө өгөх курс нь боломжийн орлого өгөх болсон тул гэрээ орхин Латин Америкийг зорьж, хөгжиж буй орнуудын бага өртгийг ашиглан бизнесээ өргөжүүлэхийн сацуу шинэ газар орон, соёлтой танилцахыг хүсжээ. Үр дүнд нь тэр 5 жилийн турш 55 улсаар аялж, олон найз нөхөдтэй болж, мөн өөрийнх нь хэлснээр олон амрагтай учирчээ. Ингэж явсныгаа тэрээр, мөнгийг биш эрх чөлөөг үнэт зүйлээ болгосонтой холбон тайлбарладаг.

"Тоомжиргүй амьдрах бяцхан урлаг" номдоо тэр, өөрийн амьдралд тохиолдсон явдлууд, тэдгээрээс олж авсан сургамжийг зарим сонирхолтой жишээ, судалгаатай холбон бичсэн байна. Номын гол санааг бүлгүүдийнх нь дараах гарчгууд илтгэнэ: "Битгий хичээ", "Аз жаргал бол асуудал", "Та онцгой биш", "Зовлон шаналлын үнэ цэн", "Сонголт үргэлж таных", "Та бүх зүйлийн талаар эндүү бодож байна", "Бүтэлгүйтэл бол урагшлах зам", "Үгүй гэж хэлэхийн ач холбогдол", ".... тэгээд та үхнэ".

Өөрөөр хэлбэл, та бол цорын ганц, давтагдашгүй хүн, эерэг сэтгэлгээ амжилтад хөтөлнө, сэтгэл хөдлөлөө удирд гэх мэт түгээмэл зөвлөгөөг өгөхийн оронд хүн гэдэг сул талтай, сэтгэл хөдлөлтэй, алдаа гаргадаг, буруу итгэл үнэмшилд автдаг, ихэнх хүн ихэнх зүйлийг дундаж хэмжээнд хийдэг гэдгийг зохиогч хэлж байна. Гагцхүү ийм нөхцөлд сайн сайхан, аз жаргалтай амьдаръя гэвэл өөрийн онцлог, сул тал, чадамжийг хүлээн зөвшөөрч, хатуу үнэнтэй нүүр тулгарч, ямар ч хүнд асуудал бэрхшээл зайлшгүй тохиолддог гэдгийг мэддэг байх хэрэгтэй хэмээн өгүүлжээ. Ингээд подкастаа сонсоцгооё.

"Энэ ном, таны хамгийн сайн найз хацрыг чинь алгадаж байгаа мэт мэдрэмж төрүүлнэ. Этгээд, сонирхолтой маш их зүйл бодогдуулсан бүтээл. Хэрвээ та үнэхээр бүх шалтгуудаа хойш тавиад өөрийн амьдралыг сайхан болгоход гол үүрэг гүйцэтгэхийг хүсэж байгаа бол энэ номыг унш."
"Амьдралаа шат ахиул" номын зохиолч, Nerdfitness.com-ийн үүсгэн байгуулагч Стив Кам

ПОДКАСТЫГ СОНСОХ

Подкастыг iTunes дээр сонсох бол энд дарж бүртгүүлээрэй. Мөн Unlock Podcast фэйсбүүк хуудсанд нэгдэж шинэ подкастуудыг цаг тухайд нь хүлээн авч байх боломжтой.

36360   5


НИЙТЭЛСЭН:

Unread Today




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.