Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Мэдүүштэй   06 сарын 14, 2018

Залуусын хэрэгжүүлж буй нийгмийн 4 төсөл

Зориг сангаас 15 дахь жилдээ хэрэгжүүлж буй Залуу Манлайлал Хөтөлбөр (YLP)-ийн оролцогчид жил бүр нийгэмд чиглэсэн төслүүдийг хэрэгжүүлдэг. Уг хөтөлбөрт 22-25 насны олон салбарын 23 залууг сонгон шалгаруулж, нэг хичээлийн жилийн хугацаанд 7 хоног тутмын семинар, танилцах аяллуудаар дамжуулан төрөл бүрийн ур чадвар олгож, төсөл хэрэгжүүлэх боломжийг олгодог аж. Тэд дөрвөн багт хуваагдан, өөрсдөө хөрөнгө босгож, нийгмийн хөгжлийн төсөл хэрэгжүүлсэн ба энэхүү төрлийн төсөл (community development project) нь цөөн хүн ч гэсэн нийгэмд эерэг өөрчлөлтийг авчрах чадалтай байдгийг харуулах, бусдыг уриалах зорилготой, аливаа асуудлыг дээрээс нь биш, хүмүүсийн өөрсдийнх нь оролцоотойгоор, дэргэдээс нь шийдвэрлэхийг хичээдгээрээ онцлогтой билээ. Та бүхэн эдгээр төслийг дэмжихийн сацуу өөрсдөө жижиг гэлтгүй нийгэмд хэрэгтэй ямар нэг төсөл хэрэгжүүлээрэй.

"JUNIOR INTERNSHIP PROGRAM" ТӨСӨЛ

Төслийн зорилго: ЕБС-ын 11 дүгээр ангийн хүүхдүүдийг хувь хүний хөгжлийн сургалтаар дамжуулан чадавхжуулах, ирээдүйн мэргэжлээ өөрсдийн зан ааш болон хүсэл сонирхолд нийцүүлэн оновчтой сонгоход нь дэмжлэг үзүүлэхэд оршино.

Хэрэгжүүлсэн ажлууд:
• 19 ахлах ангийн сурагчдын шалгаруулан хөтөлбөрт хамруулсан
• Төслийн хүрээнд нийт 5 удаагийн 12 цагийн хувь хүний хөгжлийн талаарх сургалт, 8 цагийн мэргэжлээ зөв сонгох сургалт зохион байгуулсан
• Хөтөлбөрт шалгарсан сурагчдыг төлөвлөж буй мэргэжлээр нь тохирох байгууллагуудад 25-40 цагийн дадлага хийлгэсэн
• Үүнд: Шүүхийн ерөнхий зөвлөл, Шинжлэх ухааны академи, Иргэний нисэхийн ерөнхий газар, Эффект эмнэлэг, Голомт капитал, Юнител Групп, Сэтгэлзүйн Үндэсний Төв, NAP групп зэрэг байгууллагад хуульч, эмч, генетикч, нисгэгч зэрэг төрөл бүрийн мэргэжилтэй танилцах дадлагууд багтсан.

Төслийн ФБ хуудас: Junior Internship Program-2018

"ЗӨРЛӨГ" ТӨСӨЛ 

Төслийн зорилго: Зөрлөг төслийн зорилго нь иргэдийн замын хөдөлгөөний талаарх мэдлэг боловсролыг дээшлүүлэх нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулж замын хөдөлгөөнд оролцогчдын соёлыг нэмэгдүүлэх, улмаар хөдөлгөөний аюулгүй байдлыг дээшлүүлэхэд оршино.

Хэрэгжүүлсэн ажлууд:
• Молпедиатай хамтран жолооч нарын гаргадаг болчимгүй үйлдлүүдийг ёгтлон шүүмжилтэн видео агуулга бэлтгэж, сошиал медиагаар түгээв. Одоогийн байдлаар тус видео нийт 145.3 мянган хүнд хүрсэн байна.
• Замын хөдөлгөөнд оролцож буй автомашинуудад зориулсан стикер тараав. Стикерүүд нь замын хөдөлгөөнд оролцож буй тохиолдолд гар утас ашиглахгүй байх, хүлээцтэй байх, дуут дохио байнга хэрэглэхгүй байх зэрэг эерэг санаануудыг илэрхийлсэн.
• “Бяцхан зорчигчид ээлтэй автозам” гар зургийн уралдааныг 2018 оны тавдугаар сарын 14-30–ны хооронд хүүхэд, сурагчдын дунд зарлан явууллаа. Сэдвийн хүрээнд “Найрсаг жолооч”, “Миний мөрөөдлийн автозам”, “Нөхөрсөг автобус”, “Түгжрэлгүй зам” зэрэг дэд сэдэв бүхий 90 гаруй бүтээлийг хүлээн авсан.
• Нийт бүтээлүүдээр 2018 оны зургадугаар сарын 1-5 – ны хооронд Шангри-Ла Маллд үзэсгэлэн гаргав. Үзэсгэлэнд Улаанбаатар музей, Занабазарын музейтэй хамтран ажиллаж түгжрэлгүй Улаанбаатар хотын түүхэн гэрэл зургуудыг мөн олон нийтэд дэлгэсэн юм.
• Уралдаанд бүтээлээ ирүүлсэн бүх хүүхдүүдэд “ОУ-ын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” ивээн тэтгэгчдийн гарын бэлгийг гардуулсан ба нийт 8 шагналт байр шалгаруулав.
• Үзэсгэлэнгийн бүтээлээр дамжуулан замын хөдөлгөөнд эелдэг, найрсаг, бусдад хүндэтгэлтэй оролцох, хүүхдүүд цагаан шугам, ногоон гэрлээр зам хөндлөн гарч байх зэрэг уриалгыг эцэг эхчүүд, хүүхдүүдэд түгээсэн.

Төслийн дэлгэрэнгүйг: Zurlug Project

"RISE UP: ГУНИГААС ИНЭЭМСЭГЛЭЛД ХҮРЭХ АЯЛАЛ" ТӨСӨЛ

Төслийн зорилго: Өсвөр насны хүүхэд, залуусын дунд сэтгэлзүйн эрүүл мэндийн тухай сурталчлах, хэрхэн сэтгэл гутрал болон гунигийг ялган таньж, тэдгээрээс урьдчилан сэргийлэх талаарх мэдлэгийг дээшлүүлэх зорилготой.

Хэрэгжүүлсэн ажлууд:
• Хувь хүний хөгжил, харилцаа, болон амжилтад хүрэхэд туслах сургалтуудыг ордог Амьдралын сургууль буюу Life School (https://www.lifeschool.mn/) – тэй хамтран нийт 4 бүлэг бүхий онлайн сургалтын материалыг боловсруулж, үнэ төлбөргүй ашиглаж болохоор байршуулсан.
• Дасгал ажил, видео хичээлүүд нь нийтдээ 3 цагийн урттай бөгөөд сургалтад хамрагдсанаар өөрийн сэтгэл хөдлөл бодлыг анзаарч ойлгох, бодлын алдааг олох, бодлоо зөвөөр удирдаж сурахад өдөр тутам хэрэгжүүлэх боломжтой жишээнүүдээс суралцахаас гадна стрессээ тайлах, асуудлыг зөвөөр шийдэх, зөв эерэг харилцааг хэрхэн үүсгэх тухай олж мэдэх юм.
• Онлайн сургалтаа таниулах зорилгоор сургалтын тухай сонирхсон 8 ба 9-р ангийн нийт 50 сурагчдад хоёр өдрийн танилцуулах хичээл орж, ярилцсан ба олон нийтэд танилцуулах нээлттэй өдөрлөгийг мөн зохион байгуулсан.

Төслийн дэлгэрэнгүйг: Rise Up YLP

Онлайн сургалтын линк: https://www.lifeschool.mn/course/riseup/

"НОМЫН ӨРГӨӨ" ТӨСӨЛ

Төслийн зорилго: Ном болон номын сангийн хүртээмж тааруу алслагдсан дүүргийн сургуулийн номын сангийн дотоод тохижилтыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэн, үндэсний уламжлалыг шигтгэн хүүхдэд ээлтэй, байнгын сургалт, хэлэлцүүлэг хийх орчинг бүрдүүлэх.

Хэрэгжүүлсэн ажлууд:
• 127-р сургуулийн 1д ангийн сурагчийн зурсан зургаар зурагт номын хавчуурга хийж 1000 зарж номын сангийн тохижолтонд зориулсан.
• 2 удаагийн хөрөнгө босгох лекц зохион байгуулсан бөгөөд нийт 40 гаруй залуусыг хамруулсан.
• 05.19 болон 05.26-ны өдрүүдэд гэр бүлийн өдөрлөг болон олон нийтийн үйл ажиллагаан дээр хүүхэлдэйн баатруудын дүр болж хүүхдүүдтэй хамт зургаа авахуулж, хандивын хайрцаг аялуулан төслийн талаар мэдээлэл олон нийтэд хүргэсэн.
• Нобелийн шагналтан ТББ-тэй хамтран номын тавиур болон дотоод заслыг хийж гүйцэтгэсэн.
• Олон нийтийн сүлжээг ашиглан төслөө таниулж, 1800 гаруй ном цуглуулсан.
• Pizza Hut ХХК 1`000`000₮-н үнийн дүнтэй тэнцэхүйц ном хандивласан.

Төслийн дэлгэрэнгүйг: Bookhouse

33469   1


НИЙТЭЛСЭН:

Khaliunaa Naranbayar




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.