Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Номын тухай   05 сарын 19, 2018

Unlock Podcast #33 : "Homo Deus" номын тухай

Подкастын ээлжит дугаарт Тэгшээ, Наги, Дээгий нар "Сапиенс буюу Хүн төрөлхтний товч түүх" номын үргэлжлэл болох "Home Deus" номын тухай ярилцан хүргэж байна. Йерусалемын Хебрю Их Сургуулийн түүхийн профессор Юваль Ноа Хараригийн эх хэл дээрээ 2015 онд хэвлүүлсэн энэ ном 2016 онд англи хэлнээ орчуулагдаж, "Сапиенс"-ийн адилаар олон улсын бестселлер болсон билээ.

НОМЫН ТУХАЙ

Юваль Ноа Харари өмнөх номоо хүн төрөлхтний товч түүх хэмээн тодотгосон бол энэ номоо ирээдүйн товч түүх гэж тодорхойлжээ. Өнгөрсөн түүхийн туршид байгалийн хүчинд захирагдаж ирсэн ч өдгөө харин машид хүчирхэгжээд буй хүн төрөлхтөн цаашдаа өөрсдийн түүхийг хэрхэн бичих бол гэсэн асуултаар "Сапиенс" ном дууссан байдаг. Тэгвэл зохиогч энэ бүтээлээрээ тэрхүү асуултад хариу өгөхийг хичээжээ. Өмнөх номынхоо адилаар Др.Харари "Homo Deus"-ийг орчин үеийн танин мэдэхүйд нийцүүлэн шинэлэг сонирхолтой хэлбэрээр бичсэн нь нэн сонирхолтой.

Тэрээр номын эхний хэсэгт хомо сапиенс хэрхэн бусад амьтдаас ялгарч, дэлхийд ноёрхлоо тогтоосон талаар, өөрсдийн үйлдэлд учир шалтгаан, зөвтгөх үндэслэл олж чаддагийнхаа ачаар, мөн хоорондоо зохицон хамтарч ажиллаж чаддагийнхаа ачаар хэрхэн хөгжин дэвшиж ирснийг эргэн сануулна. Түүхийн туршид хүн төрөлхтөн өлсгөлөн, халдварт өвчин, дайн гэсэн гурван давагдашгүй хүчин зүйлд сөхөрдөг байсан бол одоо даван гарсан болохыг өгүүлжээ.

Харин ирээдүйн тухай өгүүлсэн хэсэгтээ Др.Харари маш хийсвэр гэж хэлж болохуйц тун зоригтой таамаглалуудыг дэвшүүлжээ.
Өнгөрсөн цагт бурханд шүтэж ирсэн хүн төрөлхтний шашин нь өдгөө humanism буюу хүн төвт үзэл болоод буй. Тэгвэл энэ үзэл/шашин нь ирээдүйд хүн төрөлхтнийг гурван зүйлд тэмүүлэхэд нөлөөлөх болно гэжээ:
1. Мөнх настай болох
2. Аз жаргалаа нэмэгдүүлэх
3. Бурханлиг оршихуйд хүрэх

Тэгээд эцэст нь ирээдүйд бие махбод, сэтгэлзүй, оюуны хувьд асар өндөр түвшинд ирсэн "супер хүн" буюу "homo deus" бий болох бололцоотой, одоогийн хомо сапиенс устаж үгүй болох ч боломжтой гэдгийг дурдсан нь асар сонирхолтой бөгөөд оюунд санаанд багтамгүй. Хэдий итгэхэд бэрх ч зохиогч ийм зоригтой таамаг дэвшүүлж буй үндэслэл, шалтгаанаа тайлбарлахдаа гаргууд.

Ингээд өнгөрснийг болоод ирээдүйд харах үзэл, төсөөллийг тань эгнэгт өөрчилж мэдэх энэ номын подкастад анхаарлаа хандуулцгаая.

ПОДКАСТ СОНСОХ

Подкастыг iTunes дээр сонсох бол энд дарж subscribe хийгээрэй. Мөн Unlock Podcast фэйсбүүк хуудсанд нэгдэж шинэ подкастуудыг цаг тухайд нь хүлээн авч байх боломжтой.

16835   3


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.