Инновацийн соёлыг төлөвшүүлж, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх инновацийн түншлэлийг өргөжүүлэх зорилготой ’’Монголын инновацийн 7 хоног’’ арга хэмжээг Монгол Улсын Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яам, Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газар, Шинжлэх ухаан, технологийн сан, Шинжлэх ухааны академи, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Шинжлэх ухаан, технологийн их сургууль хамтран 2018 оны 5 сарын 7-аас 13-ний өдрийн хооронд зохион байгууллаа.

Энэ хүрээнд Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газраас “Инновацийн үзэсгэлэн 2018” арга хэмжээг 2018 оны 5 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд Улаанбаатар Чуулгын байранд амжилттай зохион байгуулсан юм. Тус үзэсгэлэнд нийт 70 байгууллага буюу 11 их дээд сургууль, 6 төрийн байгууллага, 11 эрдэм шинжилгээний байгууллага, 42 хувийн хэвшлийн байгууллага оролцож, 200 гаруй инновацийн бүтээл, бүтээгдэхүүнийг олон нийтэд нээлттэй танилцуулав.

Инновацийн үзэсгэлэн Наад брэнд, 3 үгт хаягжилтийн What3words компани, Зоог аппликейшн, Аметрос ХХК болон Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс иргэд, олон нийтэд үзүүлж буй төрийн үйлчилгээний танилцуулгыг бэлдэж тус бүр илтгэл тавин оролцсон юм. Мөн бид үзэсгэлэнгийн үеэр “Би хэрхэн ажилладаг вэ?” ярилцлагаа МУИС-ийн багш, доктор, дэд профессор Ч.Лодойравсалтой хийсэн билээ.

"Инновацийн үзэсгэлэн 2018" арга хэмжээнд оролцсон нийт 70 гаруй байгууллагаас инновацийн шилдгүүдээр Гэрэгэ техноложис ХХК-ийн Гэрэгэ киоск, Аргун Трейд ХХК-ийн "Боловсрол төсөл", инновацийн шилдгийн шилдэг бүтээгдэхүүнээр Армоно корпорацийн бөсгөсөн шохой тус тус шалгарч, өргөмжлөл, цом хүртлээ.

ИННОВАЦИЙН ШИЛДЭГ үйлчилгээ - ГЭРЭГЭ КИОСК

Метатек ХХК-ийн хөгжүүлсэн Гэрэгэ технологийг ашигладаг, олон төрлийн төлбөрийн системийг ашиглан бий болгосон Гэрэгэ киоск нь хэрэглэгчдэд ердөө дэлгэцээ ашиглан бүтээгдэхүүн, үйлчилгээг авах хялбар аргаар худалдан авах боломж олгодог. Одоогийн байдлаар тус киоскоор замын хөдөлгөөний торгууль болон тээврийн хэрэгслийн албан татвар, иргэний үнэмлэх болон гадаад паспортын хураамжаа төлж, нийтийн тээврийн хэрэгслийн тасалбар худалдан авах боломжтой аж. Цаашид бусад төрийн үйлчилгээ болон бусад худалдаа, үйлчилгээний төлбөр төлөх боломжийг нэмэхээр төлөвлөн ажиллаж байгаа гэнэ.

ИННОВАЦИЙН ШИЛДЭГ БҮТЭЭГДЭХҮҮН - ҮНДЭСНИЙ КОНТЕНТ ҮЙЛДВЭРЛЭГЧ АРГУН

Аргун Трейд ХХК-ийн "Боловсрол төсөл" мөн шилдгүүдийн нэгээр шалгарав. Тус компани AR технологийг ашиглан хүүхэд багачуудыг шинжлэх ухаан, танин мэдэхүйд дурлуулах контентуудыг бүтээсэн нь өрсөлдөх чадвартай, дэлхийн иргэдийг бэлтгэхэд тус болно хэмээн сонгон шалгаруулагчид үзжээ.
Аргун Трейдийг бид өмнө нь онцолж байсныг та бүхэн дараах холбоосоор уншаарай.
Онцлох бизнес: Аргун - Монгол агуулга, гоёмсог хийц

ИННОВАЦИЙН ШИЛДЭГ БҮТЭЭГДЭХҮҮН - АРМОНО КОРПОРАЦИЙН БӨСГӨСӨН ШОХОЙ

"Шилдгийн шилдэг" шагналыг ХҮСТҮБ-ийн Армоно корпорацийн "Бөсгөсөн шохой" инновацийн бүтээгдэхүүн хүртлээ. "Бөсгөсөн шохой" нь нийслэл хотод маань тулгамдаад буй хөрсний бохирдлын эсрэг ашиглаж болох экологийн цэвэр инновацийн бүтээгдэхүүн юм. Үүнээс гадна дараах чиглэлүүдэд өргөн ашиглаж болох ажээ:
-Арьс шир боловсруулах
-Цэвэрлэх байгууламж
-Ариутгал, халдваргүйжүүлэлт
-Газар тариалан
-Барилгын материалын үйлдвэрлэл
-Авто зам барих
-Химийн бодисын үйлдвэрлэл
-Нүүрсхүчлийг илрүүлэх

ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦСОН ЗАРИМ КОМПАНИТАЙ ТАНИЛЦАХ

НААД Брэнд - Онцлох бизнес: Миний монгол гэр - Нүүдэлчдийн соёлыг тоглоомоор тольдохуй
What3words - Апп тойм: What3words - Гурван үгийн хувьсгал
Зоог апп - Апп тойм: 2017 оны онцлох аппликейншүүд