Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Techworm   04 сарын 17, 2018

Хэрэгцээт монгол аппууд #3: Босоо бичигтэн + Check My Service + Шувуу + Хувийн санхүүч

Зөвхөн гадаад апп л “гоё” байдаг үе хэдийн ард хоцорч, монгол хөгжүүлэгчдийн бүтээсэн аппликэйшнүүдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Гэхдээ олон сонголт гарч ирэхийн хэрээр зарим хэрэгцээт монгол аппууд хэрэглэгчдэд хүрч чадахгүй байх нь элбэг. Иймээс өнөөдөр хэрэгцээт 4 монгол апп-ийг онцоллоо.

Босоо бичигтэн

Үндэсний уламжлалт бичгээ сурахыг хүсэж байвч хаанаас яаж сурахаа мэдэхгүй л байна уу? Сургалтад явъя гэхээр зав гарахгүй, бие дааж суръя гэхээр ойлгохгүй зүйлс тулгарч байна уу? Хэрвээ тийм бол энэхүү апп-ийг хэрэглээд үзээрэй. Уг апп нь хоёр үндсэн хэрэглээтэй. Эхнийх нь “тоглох” буюу монгол бичгийн зурлагыг хараад түүний хэрэглээ, нэршлийг таах. Хоёр дахь нь буюу цагаан толгойгоос эхлээд зурлага, зөв бичих дүрэм зэргийг маш ойлгомжтой тайлбарласан "мэдлэг"-ийн хэсэг юм. Энэ апптай байхад та хаанаас ч монгол бичиг сурч болно.

Татах: Android

Check my service

Хувь хүн, албан байгууллага, төрийн үйлчилгээтэй холбоотой санал гомдлыг хүлээж авах газар нь мэдэгдэхгүй, санал гомдлоо хэллээ ч шийдэгдэх эсэх нь мэддэггүй уддаг. Тэгвэл энэ асуудлын шийдэл болгож, төрийн байгууллагад хүргүүлэх санал, гомдлыг дамжуулах Check My Service апп-ийг гаргажээ. Та тус апп-д бүртгүүлэн, өөрт тулгараад байгаа асуудлыг бичээд, илгээх товчийг дарахад л хангалттай. Хамгийн гоё нь таны илгээсэн гомдол хүсэлтийг бусад хэрэглэгчид дэмжиж байгаагаа илэрхийлэн лайк дарах боломжтой. Баримтаа өгдөггүй дэлгүүр, бүдүүлэг харилцсан төрийн албан хаагч, оройн цагаар дуу чимээ гаргадаг хөрш гээд хууль журмаас гажсан, амьдралд саад болж буй зүйлсийг гомдоллох, мэдүүлэх боломжтой аж.

Татах: iOS, Android

шувуу

Монголд хэл яриа, сонсголын бэрхшээлтэй 13 мянга гаруй, харвалт, тархины саажилтай 17 мянган иргэн байдаг. Шувуу апп нь эдгээр хүмүүст тулгардаг харилцааны асуудлыг технологийн дэвшлийг ашиглан шийджээ. Жишээлбэл, харвалтаас улбаалж хэл ярианы бэрхшээлтэй болсон хүмүүс ойр дотны хүмүүстээ энэ апп-ийг ашиглан өөрийгөө ойлгуулах боломжтой. Олон нийтийн санхүүжилтээр бүтээгдсэн энэ апп-д одоогоор 230 гаруй үг байгаа бөгөөд хэрэглэгч өөрөө үг нэмэх болох учраас хэрэглээ нь өргөжих боломжтой гэсэн үг юм.
Ажиллах зарчим нь тун энгийн. Хэрэглэгч идэх гэдэг үгийг хэлэхийг хүсвэл идэж буй хүний зураг дээр дарахад л хангалттай. Түүнчлэн 230 үгэнд төлөөний үг, үйл үг, тэмдэг нэр зэрэг багтсан тулд уг аппаар дамжуулан бүтэн өгүүлбэр хэлж болох аж.

Татах: iOS, Android

Хувийн санхүүч

Цалин гэдэг сайн бүртгэж тэмдэглэхгүй л бол юунд үрсэн нь ч сайн мэдэгдэхгүй нэг л мэдэхэд дуусчихдаг. Тэгвэл энэ апп-аар та хувийн санхүүгээ монгол хэлээр цэгцтэй бүртгэн санхүүгийн сахилга батаа сайжруулах боломжтой. Интэрфэйс нь тун ойлгомжтой, гадны ижил төстэй аппуудаас хол дутах юмгүй. Орлого, зарлагаа графикаар харах, хүнээс зээлсэн болон зээлүүлсэн мөнгөө тэмдэглэх, зарлагаа төлөвлөх зэрэг хэрэгцээт үйлдлүүдтэй. Мөн апп-д нууц үг хийж болох аж. Түүнчлэн "Хувийн санхүүч" дээр тэмдэглэл бичиж болох тул нэг сумаар хоёр туулай буудаж болох нь.

Татах: Android

Нийтлэлийг Д.Түшигт-Эрдэнэ

28324   3


НИЙТЭЛСЭН:

Unread Today




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.