Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Номын тухай   04 сарын 07, 2018

Unlock Podcast 30: "The Innovator's Dilemma" номын тухай

Подкастын ээлжит дугаарт Тэгшээ, Наги хоёр бизнес, менежментийн шилмэл бүтээлүүдийн нэг "The Innovator's Dilemma" буюу "Шинийг санаачлагчийн мухардал" номын талаар ярилцлаа. Харвардын Бизнесийн Сургуулийн профессор Клэйтон Кристенсен 1997 онд бичсэн энэ номдоо компаниудын өмнө огт бодож байгаагүй зүйлсийг гарган тавьж, бизнес хийх арга барилыг нь эгнэгт өөрчилсөн билээ. Уг бүтээл Disruptive Technology буюу "тэсрэлт хийх технологи" гэх ойлголтыг бизнесийн салбарт бий болгож, үе үеийн шинийг санаачлагчид, менежерүүд, энтрепренерүүдийн гарын авлага болсон юм.

НОМЫН ТУХАЙ

Тус номын зохиогч Клэйтон Кристенсений "How Will You Measure Your Life?" номыг бид подкастын өмнөх нэгэн дугаарт хүргэж байсан билээ. Түүнийг хамгийн алдаршуулсан, бизнес менежментийн том сэтгэгч болохыг зарласан бүтээл бол өнөөдрийн танилцуулж буй "The Innovator's Dilemma" юм.

Тэрээр энэхүү номдоо амжилттай яваа, шилдэг, том компаниуд, хэдий бүх л зүйлийг алдаагүй зөв хийсэн ч гэсэн, шинэ тоглогчид гарч ирэх үед зах зээл дэх тэргүүллээ хэрхэн алддаг тухай, заримдаа бүр үгүй дампуурдаг тухай өгүүлсэн юм.

Хэрэглэгчдээ сонсож, нөөцөө зөв удирдаж, зөв бодлого барьж, ер бүхнийг зөв хийлээ ч "балардаг"-ийн гол учир нь тогтворжсон, амжилттай яваа компаниуд шинэ технологийг өөрийн одоо байгаа хэрэглэгчид, бүтээгдэхүүний хүрээнд буюу value network-ийн хүрээнд хардагт оршдог байна. Шинэ технологиуд нь эхэндээ олон хэрэглэгчтэй, сайн бүтээгдэхүүнтэй компаниудын хувьд түүхий талдаа, шаардлага хангахуйц байдаггүй. Тийм ч учраас тэдгээр компаниуд нөөцөө байгаа бүтээгдэхүүнээ л илүү сайн, илүү чанартай болгоход, илүү өндөр ашиг өгөх үйл ажиллагаануудад чиглүүлдэг байна. Энэ нь ч онолын хувьд зөв, буруутгахад хэцүү хэрэг юм.

Шинэ технологи нь ихэвчлэн жижиг зах зээлд бий болдог бөгөөд түүнийг нэвтрүүлэгчид нь алдаж онож туршлагажсаар, бүтээгдэхүүнээ сайжруулсаар аажим аажмаар зах зээлийн хүрээгээ өргөжүүлж, улмаар явж явж өнөөх анх үл тоосон компаниудын өрсөлдөгч болон гарч ирдэг байна. Энэ үед нөгөөдүүл нь сэхээ авдаг ч нэгэнт хожимдсон байдаг ажээ.

Уг номд, том компаниуд шинэ технологийг хэрхэн ялгаж таниж өөриймшүүлэх, анхаарлаа одоо ашигтай байгаа зах зээлээсээ хэзээ одоохондоо ашиггүй байгаа шинэ зах зээл рүү чиглүүлэх, нөөцөө хэрхэн зөв хуваарилах талаар олон сонирхолтой жишээ бий. Жишээ нь том компаниудын хувьд шинэ технологи, шинэ зах зээл рүү орохдоо эхлээд нарийн төлөвлөлт гаргалгүй сурч судлах маягаар орох нь зөв байдаг аж. Учир нь шинэ зах зээл угаасаа л таамаглахад маш хэцүү байдаг. Тийм ч учраас шинэ технологи, шинэ зах зээлийг хөгжүүлэхдээ охин компани байгуулах зэргээр одоо байгаа менежментээсээ салгаж, чөлөөтэй, хурдан шуурхай ажиллах нөхцөл боломжоор хангавал үр дүнтэй байдаг байна.

Тэгэхээр, нөгөө талаас энэ бол гарааны компаниуд зах зээлд хэрхэн нэвтрэх тухай, бүтээгдэхүүн, технологио хэрхэн хөгжүүлбэл өсөж томрох тухай өгүүлсэн ном юм. Өөрөөр хэлбэл, тогтворжсон компанид ажилладаг удирддаг менежерүүд төдийгүй гарааны бизнес эхлүүлсэн, эхлүүлэх хүсэлтэй хүмүүсийн аль алинд нэн үнэ цэнтэй зөвлөмжүүдийг хүргэх бүтээл билээ. Ингээд подкастаа сонсоцгооё.

ПОДКАСТ СОНСОХ

Подкастыг iTunes дээр сонсох бол энд дарж бүртгүүлээрэй. Мөн Unlock Podcast фэйсбүүк хуудсанд нэгдэж шинэ подкастуудыг цаг тухайд нь хүлээн авч байх боломжтой.

15004   0


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.