Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Мэдүүштэй   03 сарын 29, 2018

Lead Mongolia 2017-д оролцогчдын хэрэгжүүлж буй нийгмийн хөгжлийн 7 төсөл

АНУ-аас ЭСЯ-аас Монгол Улсад ардчиллыг бэхжүүлэх манлайлагчдын шинэ үеийг бэлтгэх зорилгоор LEAD Mongolia хөтөлбөрийг санаачилсан билээ. Хоёр жилийн хугацаанд төрөл бүрийн салбарын, 25-40 настай, нийгэмдээ өөрчлөлт хийх хүсэл тэмүүлэлтэй чадварлаг 100 залуу мэргэжилтнийг сонгон хамруулж буй тус хөтөлбөрийг АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (USAID)-ийн санхүүжилтээр, World Learning ТББ, Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэн (БНОУХ), Иргэний Боловсролын Төв (ИБТ) гэсэн 3 байгууллага хамтран хэрэгжүүлж байгаа юм. Хоёр дахь жилдээ АНУ дахь солилцооны хөтөлбөр, Монгол дахь хөтөлбөр гэж хоёр салбарлан хэрэгжсэн Lead Mongolia хөтөлбөрийн оролцогчдын хэрэгжүүлсэн 7 төслийг бид өнөөдөр товч танилцуулж байна. Эдгээр төсөлд World Learning ТББ эхлэлийн, бага хэмжээний санхүүжилт олгосон бөгөөд багууд нэмж мөнгө босгон төслөө хэрэгжүүлжээ.

LEAD MONGOLIA 2017 АНУ ДАХЬ СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨРИЙН ОРОЛЦОГЧДЫН ХЭРЭГЖҮҮЛСЭН ТӨСЛҮҮД

1. LEAD BRIDGE ТӨСӨЛ

Төслийн зорилго: Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах багийн санаачлан хэрэгжүүлж буй ЛИЙД БРИЖ төсөл нь бизнесийн шилдэг санаа, санаачилгыг дэмжин, зорилтот бүлгийн гарааны бизнесүүдийг үйл ажиллагаагаа яввуулахад шаардлагтай сургалт, мэдээлэл болон шинэ боломжуудаар хангах зорилготой хэрэгжиж байна.
Хийгдсэн ажлууд: Төслийн хүрээнд “Гарааны бизнесүүдэд зориулсан хурдасгуур хөтөлбөр”-ийн сонгон шалгаруулалтыг 2018 оын 1-р сарын 25-аас 2-р сарын 19 хүртэл зарлаж хамгийн шилдэг, шинэлэг, нийгмийн зорилтот бүлгийн оролцоог хангасан доорх 3 бизнесийг шалгаруулсан байна.
1)Улаан Чулуутын хогийн цэгт үйл ажиллагаа явуулдаг “Оёдол, эко буйдангийн цех”
2)Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээ асардаг эцэг эхчүүдийн санаачилсан “Зөөлөн тоглоом”
3)Өвөрхангай аймгаас оролцож буй “Хатаасан лууван”
Эдгээр бизнесүүдэд 2-р сарын 26-аас 3-р сарын 25 хүртэл “Хурдасгуур”- таван долоо хоногийн цогц сургалтыг хийсэн бөгөөд эдгээр 3 бизнесийн үйл ажиллагаа болон бүтээгдэхүүнийг олон нийтэд таниулах арга хэмжээг зохион байгуулах гэж байна.
Тус үйл ажиллагаа нь 2018 оны 3-р сарын 31-ний бямба гарагийн 13:00 цагт Startup Terminal дээр болох бөгөөд сонирхсон бүх хүнд нээлттэй юм. Энэ үеэр цогч сургалтандаа бүрэн, амжилттай сууж, өөрийн бизнесээ дараагийн түвшинд аваачихад бэлэн болсон багуудад гарааны санхүүжилт болох тус бүр 1 сая төгрөгийг олгох юм.
Дэмжиж буй байгууллага: “Залуучуудын Хөдөлмөр Эрхлэлтийг дэмжих төсөл” Холбогдох: https://www.facebook.com/leadbridgemgl/

2. “БИ+Д: ӨӨРӨӨСӨӨ ЭХЭЛЬЕ” ТӨСӨЛ

Төслийн зорилго: Байгаль орчин, хотжилтын баг “БИ+Д: Өөрөөсөө Эхэлье” санаачилгыг эхлүүлж хотжилтоос үүдэлтэй байгаль орчны тулгамдсан асуудлуудыг бүтээлч зурагт хуудсаар дамжуулан олон нийтэд хүргэх нийгмийн төсөл хэрэгжүүлж байна.
Хийгдсэн ажлууд: Төслийн хамгийн чухал хамтрагчид болох төслийн амин сүнс болсон бүтээлч баг, Монголын шилдэг дизайнеруудын нэгдэл “Бид Монгол Агуулга” ТББ-ын график дизайнерууд юм. 2018 оны 1-р сарын 18-д төслийн нээлтээ хийснээр албан ёсны үйл ажиллагаагаа эхлүүлсэн тус багийнхан өнгөрсөн хугацаанд дизайнеруудын мэдлэгт нэмэр болох, мөн Монгол улсад тулгамдаад буй байгаль орчны асуудлыг ойлгуулах үүднээс нийт 4 удаагийн мэдлэг олгох уулзалтыг зохион байгуулсан бөгөөд төслийн хугацаанд нийт 50 зурагт хуудас бүтээгдээд байна.
2018 оны 3-р сарын 30-нд 18:00 цагаас ШангриЛа худалдааны төвийн 1 давхрын танхимд нээгдэх үзэсгэлэн 7 хоног үргэлжлэх бөгөөд цаашид АШУҮИС, ШУТИС, МУИС сургуулиуд болон Хэнтий, Сүхбаатар, Дархан-Уул аймгуудад үзэсгэлэнг гаргахаар төлөвлөжээ.
Дэмжиж буй байгууллага: Бид Монгол Агуулга ТББ, Монголын Маркетингийн Холбоо ТББ, Нийслэлийн Байгаль орчны газар болон Монголын Ногоон Бизнесийн Зөвлөл ТББ Холбогдох: https://www.facebook.com/UBGreens/

3. БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭЭЖҮҮД - УВС АЙМГИЙН УЛААНГОМ-Д ХЭРЭГЖИЖ БУЙ ТӨСӨЛ

Төслийн зорилго: Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах хоёр дахь баг Увс аймгийн Улаангом сумын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ харан орлогогүй суугаа 400 гаруй эмэгтэйчүүд бий гэсэн судалгаанд үндэслэн, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй 15 ээжийг сонгон авч нарийн боовны бизнес эрхлэх боломжоор хангах, түүнтэйгээ уялдуулан хүүхдүүдэд нь зориулсан, тэдний нас бие, хөгжлийн бэрхшээлийг харгалзан үзсэн өдөр өнжүүлэх, хүүхэд хөгжлийн төв нээх зорилго тавьжээ.
Хийгдсэн ажлууд: Төслийн хүрээнд эдгээр ээжүүдийг цаашид дэмжин ажиллах Увс аймгийн Нийгмийн халамжийн газрын ажилчид болон ХБИргэдтэй ажилладаг төрийн албан хаагчдад 2 өдрийн хандлага өөрчлөх сургалт явуулсан байна. Түүнчлэн сонгон авсан 15 ээждээ нарийн боовны технологийн, санхүүгийн, хувь хүний хөгжлийн сургалтуудыг орж байна. Улаангом сумын засаг дарга төслийг дэмжин ээжүүд бизнесээ эрхлэх болон хажууд нь хүүхэд хөгжлийн төв байгуулах боломжтой 2 давхар байр хандивласан бөгөөд засах, тохижуулах зэрэг ажлууд хийгдэж байгаа аж. Цаашид нарийн боовны тоног төхөөрөмжөө авч бүтээгдэхүүнээ хийж эхлэх, мөн ээжүүд нийлж хоршоо байгуулан цаашдын тогтвортой байдлыг хангах зэрэг томоохон ажлууд хүлээгдэж буй. Энэхүү багийн хамгийн амжилттай хийж буй үйл ажиллагаа нь хандив, хөрөнгө босгох ба өнгөрсөн хугацаанд Улаангом сумын засаг дарга 2 сая, хөрөнгө босгох үйл ажиллагаанаас 3 сая, мөн LEAD Mongolia: Mother Entrepreneurs Project вэбсайтаас $650 орчим доллар тус тус босгоод байна.
Дэмжиж буй байгууллага: Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын тамгын газар Холбогдох: solongobatnasan@gmail.com

4. “ИЛ ТОД БАЙДАЛ ЗАЛУУСЫН НҮДЭЭР” ТӨСӨЛ

Төслийн зорилго: Авлигатай тэмцэх, ил тод байдлыг сайжруулах баг “Гэрэл тусгая” видео уралдаан оюутан, залуусын дунд зохион байгуулж үүгээрээ дамжуулан хүүхэд, залуусын дунд ил тод байдал хэмээх ойлголтыг таниулах, нэмэгдүүлэх, мэдээллээр хангах, тэднийг ил тод байхад уриалах зорилготой.
Хийгдсэн ажлууд: “Гэрэл тусгая” уралдааны албан ёсны зарыг 2017 оны 12-р сарын 21-д зарласнаар төслийн үйл ажиллагаа эхэлсэн бөгөөд олон нийтэд нээлттэй техникийн зөвлөгөөнийг 2018 оны 1-р сарын 13-ны өдөр Америкийн буланд хийжээ. Бүтэн сар гаруйн хугацаанд зарласан уралдаанд нийт 36 бүтээл ирснээс “оюутан”, “сурагч” ангилал тус бүрт эхний 3 байрыг шалгаруулсан ба шагнал гардуулах үйл ажиллагааг 2-р сарын 20-ны өдөр Prime Cineplex кино театрт хийж, хүүхэд залууст шилдэг 10 бүтээлийг толилуулжээ. Мөн төсөлтэй хамтран ажиллаж буй “Транспэрэнси Интернэшнл- Монгол” байгууллага энэхүү уралдааны зорилго, ач холбогдлыг дэмжин “Гэрэл тусгая” видео уралдааныг жил бүр уламжлал болгон зохион байгуулах санамж бичигт гарын үсэг зуржээ. Цаашид тус багийнхан шилдэг видеонуудаа ашиглан ил тод байдлыг таниулах зорилго бүхий сургалтын материалыг ЕБС-ийн ахлах ангийн сурагчид болон оюутан залууст бэлдэхээр зорин ажиллаж байна.
Дэмжиж буй байгууллага: Транспэрэнси Интернэшнл Монгол ТББ, Монгол Шуудан ХХК, Монголын Олборлох Үйлдвэрлэлийн Ил Тод Байдлын Санаачилгын ажлын алба Холбогдох: https://www.facebook.com/gereltusgay/

LEAD MONGOLIA 2017 МОНГОЛ ДАХЬ ХӨТӨЛБӨРИЙН ОРОЛЦОГЧДЫН ХЭРЭГЖҮҮЛСЭН ТӨСЛҮҮД

1. LEAD TALKS ТӨСӨЛ

Төслийн зорилго: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг (ХБИ) нийгэмд зөвөөр таниулж, үнэлэмжийг нэмэгдүүлэх, мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэн нь зөвхөн халамж хүртэгч төдий биш ажил хөдөлмөр эрхлэх бүрэн боломжтой хүний нөөцийн нэгээхэн хэсэг төдийгүй татвар төлөгч, ажил олгогч бүхий чадамжтай иргэн болохыг төслийн зорилтот бүлгүүдэд ойлгуулахад төслийн үндсэн зорилго чиглэжээ.
Хийгдсэн ажлууд: “LEAD Talks” төслийн эхний хэсэгт ХБИ-ийн амжилтад хүрсэн түүх, тэдэнд ямар нөөц боломж, чадавх байгааг, тэднийг ажиллуулснаар ажлын байр, хамт олны дунд гарсан эерэг өөрчлөлт давуу талыг өгүүлэх “LEAD Talks” арга хэмжээг олон нийтэд хүргэжээ. “LEAD Expo” хэсэгт нь баялаг бүтээн ажиллаж хөдөлмөрлөж байгаа ХБИ-ээ сурталчлах, нөгөөтээгүүр тэдэнд чиглэсэн үйл ажиллагаа, бүтээгдэхүүн гаргаж байгаа аж ахуйн нэгж, иргэдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулсан бол “LEAD Job Fair” хэсэгт ажил олгогч аж ахуйн нэгжүүд ХБИ-д зориулсан ажлын байрны талаарх мэдээллийг хүргэж, тохирсон ажлын байруудад зуучилсан байна.
2017 оны 11 сарын 28-нд “LEAD Talks” арга хэмжээг зохион байгуулсан бөгөөд ХБИ-ийн холбоод, байгууллагууд, ажил олгогчид нийлсэн 300 гаруй оролцогчтой, нийт 7 илтгэгчтэй томоохон арга хэмжээ болсон байна. Одоо арга хэмжээний талаар бүрэн хэмжээний нэвтрүүлгийг орон даяар түгээн дэлгэрүүлэх, мөн 7 илтгэгч тус бүрийн илтгэлийг видео болгон орон нутгийн ХБИ-ийн байгууллагуудаар тараах, ажил олгогч байгууллагуудтай уулзах зэрэг ажлууд хийгдэж байна.
Дэмжиж буй байгууллага: Оюу Толгой ХХК
Холбогдох: https://www.facebook.com/Tandkheregtei/

2. ИЛ ТОД ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ТӨСӨЛ

Төслийн зорилго: Авлигатай тэмцэх, ил тод байдлыг сайжруулах багийн төсөл нь Багануур дүүргийн эрүүл мэндийн төвийн угтах үйлчилгээний цаг олголтын цахим системийг ил тод болгох, үйлчилгээний ил тод байдлыг хэвшүүлэх зорилготой.
Хийгдсэн ажлууд: 2017 оны 10-р сард төслийн баг Багануурын нэгдсэн эмнэлэгтэй хамтран ажиллах гэрээ байгуулснаар төслийн албан ёсны үйл ажиллагаа эхэлжээ. Төсөл хэрэгжиж эхлэхийн өмнөх нөхцөл байдлын үнэлгээг хийж 100 гаруй хүнээс санал асуулга авсан байна. 2017 оны 10-р сарын 23-с үнэлгээний болон цаг олголтын системийг нэвтрүүлэх, шаардлагатай тоног төхөөрөмжийг худалдан авах болон суурилуулах ажил эхэлсэн бөгөөд 12-р сарын 15-д эмнэлгийн үйл ажиллагаанд ашиглаж эхэлжээ. Энэ өдөр мөн нээлтийн үйл ажиллагаагаа олон нийт болон нийт төслийн оролцогч талуудын хүрээнд хийж, үргэлжлүүлэн “Ил тод байдлын ач холбогдол”, “Харилцаа, үйлчилгээний соёл”, мөн “Мэдээллийг хэрхэн үр өгөөжтэй түгээх, бүх талын оролцоог хангах” зэрэг сэдэвт сургалтууд эмнэлгийн эмч, ажилчдад оржээ. Цаашид энэхүү шинэ системийн туршилтын хугацаа дуусмагц төслийн үнэлгээг хийж олон нийтэд танилцуулах ажил хийгдэх аж.
Дэмжиж буй байгууллага: Багануур дүүргийн Нэгдсэн эмнэлэг, Монголын Залуучуудын Холбоо
Холбогдох: ganchimeg.nn@gmail.com

3. БАГАЧУУДЫН НОГООН ОРДОН ТӨСӨЛ

Төслийн зорилго: Хог хаягдлыг бууруулах, байгаль орчныг хамгаалах 3R (Reduce-Reuse-Recycle) буюу багасгах, дахин ашиглах, дахин боловсруулах үзэл санааг Улаанбаатар хотын нэг цэцэрлэг, Өвөрхангай болон Булган аймгийн тус бүр нэг цэцэрлэгийг хамруулан тэдгээрт хүмүүжиж буй хүүхдүүд, эцэг эхчүүд, багш ажилчдад мэдлэг ойлголтыг өгөх, ингэснээр хог хаягдлын хэмжээг багасгах, иргэд олон нийтийн ойлголт, ухамсар, оролцооноос хамаарч бууруулах, хог хаягдлыг дахин ашиглах боломжтой эд зүйлс болгох, хэмнэлттэй хэрэглээг төлөвшүүлэхээр зорьжээ.
Хийгдсэн ажлууд: 2017 оны 10 сараас 12 сарын хооронд төсөлд хамрагдаж буй цэцэрлэг тус бүрийн удирдлагатай хамтран ажиллах санамж бичиг байгуулснаар үйл ажиллагаа, сургалтууд эхэлсэн байна. Цэцэрлэг тус бүр 3R-ын үзэл санааг таниулсан цуврал сургалтуудыг орж энэ нь бодит амьдрал дээр үр дүнгээ өгч эхэлжээ. Жишээлбэл Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5-р цэцэрлэгийн 10 ба 2-р сарын хэрэглээг харьцуулахад усны хэрэглээнд 40%-ийн хэмнэлт, цахилгааны хэрэглээнд 36%-ийн хэмнэлт хийсэн үзүүлэлтүүд гарчээ. Түүнчлэн төслийн хүрээнд орон нутгийн 2 цэцэрлэг болон Баянгол дүүргийн 100-р цэцэрлэгийн багш ажилчдад Ариг Банкны дэмжлэгтэйгээр хаягдал материалыг ашиглан хэрэгцээт бүтээгдэхүүн бий болгох арга технологийн 3 хоногийн сургалт явуулж, мөн “АРИГ ТУР”-ыг зохион байгуулжээ. Цаашид цэцэрлэг тус бүр сурсан технологи болон хаягдал материал ашиглан буйдан, хогийн сав, гэрлийн бүрхүүл зэргийг урлан цэцэрлэгээ тохижуулах, шилдэг бүтээлийн уралдаан зарлах зэрэг арга хэмжээг төлөвлөж байгаа аж.
Дэмжиж буй байгууллага: Ариг Банк, IBIS зочид буудал
Холбогдох: https://www.facebook.com/Bagachuudiinordon/

Хөтөлбөрийн өнгөрсөн жилийн оролцогчдын хэрэгжүүлсэн 3 төслийн талаар унших:
LEAD MONGOLIA 2016-Д ОРОЛЦОГЧДЫН ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН 3 ТӨСӨЛ

29143   1


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor

Нийтлэлд оролцсон:

О.Бүтэд




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.