Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Номын тухай   03 сарын 24, 2018

Unlock Podcast #29: "The Lean Startup" номын тухай

Подкастын ээлжит дугаарт 2011 онд хэвлэгдсэн даруйдаа бестселлер номын жагсаалтуудыг тэргүүлж, гарааны бизнес эрхлэгчид хийгээд том жижиг бүхий л компаниудын менежерүүдийн нэг гол сурвалж болсон The Lean Startup номыг танилцуулж байна. Lean Startup гэдэг бол менежментийн зөвлөх Эрик Райсын боловсруулсан, хамгийн бага зардлаар, хамгийн богино хугацаанд шинэ бүтээгдэхүүн гаргах, улмаар хурдтай өсөлттэй гарааны бизнесийг бий болгох шинэ аргачлал юм. 

НОМЫН ТУХАЙ

Эхлээд уламжлал ёсоор зохиогчийг танилцуулъя. Эрик Райс хэд хэдэн технологийн стартапыг үүсгэн байгуулсны зарим нь амжилт олж, зарим нь бүтэлгүйтэж байжээ. 2007 онд BusinessWeek сэтгүүл түүнийг технологийн салбарын шилдэг залуу энтрепренерээр нэрлэж байв. Тэрээр технологийн олон стартап, томоохон компаниуд, тэрчлэн венч хөрөнгө оруулалтын пүүсүүдэд бүтээгдэхүүний стратегийн зөвлөгөө өгдөг. 2011 онд гарааны компанийг удирдах шинэ аргачлалын талаар энэхүү номыг бичсэн нь өндөр амжилт олж, Lean Startup хөдөлгөөнийг эхлүүлжээ.

Гарааны ихэнх компани бүтэлгүйтдэг. Учир нь тэд өөрсдийгөө хэрэглэгчдийн хүсэж буй бүтээгдэхүүнийг мэдэж байгаа гэдэгт итгэдэг. Тэд өөрсдийн бодсон төсөөлсөн бүтээгдэхүүнээ төгөлдөржүүлэх гэж бусдад үзүүлэлгүй хэдэн сар, магадгүй хэдэн жилийг зарцуулах нь бий. Гэвч эцсийн дүнд тэрхүү бүтээгдэхүүн нь хэрэглэгчдийн хүссэн бүтээгдэхүүн биш болж таарч, компани нэгмөсөн бүтэлгүйтэх тохиолдол олон.

Хэрвээ Lean Startup аргачлалыг ашигласан бол энэ бүтэлгүйтлээс эрт сэргийлж болдог аж. Японы үйлдвэрлэлийн lean manufacturing аргаас санаа авсан энэхүү аргачлал нь validated learning буюу таамаглалаа бататгах арга, хурдтай туршилтууд, уламжлалыг үгүйсгэх өөр олон аргад суурилдаг байна. Энэ аргачлал нь бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн циклийг богиносгож, ахиц дэвшлээ бодитоор хэмжих, хэрэглэгчдийг чухам юу хүсэж буй олж мэдэх боломжийг олгодог.

Өөрөөр хэлбэл, нарийн төлөвлөлтөөс туршилтыг илүүд үзсэн, өөрсдийн зөв совингоос хэрэглэгчдийн сэтгэгдлийг илүүд үзсэн, нүсэр хөгжүүлэлтээс илүү давталтат загварчлалыг илүүд үзсэн аргачлал юм. Lean Startup аргачлалыг ашигласнаар vision буюу хэтийн зорилгоо тогтмол шалгаж, шаардлагатай үед дасан зохицох, чиглэлээ хурдтай өөрчлөх боломж бүрддэг байна.

Урьд жилүүдтэй харьцуулахад, байнга л инноваци хийх шаардлагатай болсон, хурдтай өөрчлөгддөг, өрсөлдөөн ширүүн өнөө цагт бизнесүүд ийм арга барил, менежментээр ажиллах нь тун чухал билээ. Ингээд подкастаа сонсоцгооё.

“Би бүх менежерүүддээThe Lean Startup номыг уншихыг үүрэгддэг.” —Женерал Электрик компанийн гүйцэтгэх захирал Жеффри Иммелт

"Өмнө нь зөвхөн урлаг мэт зүйлийг Эрик шинжлэх ухаан болгожээ. Энэ бол бүх энтрепренерүүдийн, мөн инноваци сонирхдог бүх менежерүүдийн унших ёстой ном."
—Andreessen Horowitz пүүсийн хамтран байгуулагч Марк Андриссен

ПОДКАСТ СОНСОХ

Подкастыг iTunes дээр сонсох бол энд дарж бүртгүүлээрэй. Мөн Unlock Podcast фэйсбүүк хуудсанд нэгдэж шинэ подкастуудыг цаг тухайд нь хүлээн авч байх боломжтой.


22644   0


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.