Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Techworm   03 сарын 20, 2018

Апп тойм: Орчиндоо ээлтэй амьдрахад туслах 5 апп

Орчин цагт техник технологийн хөгжил гүйцэгдэхээ байж, бидний амьдрал олон талаар хөнгөвчлөгдөх болсон. Нөгөө талаас, энэ хөгжил нь хүрээлэн буй орчин дахь хүний сөрөг нөлөөллийг улам нэмэгдүүлэх болсон бөгөөд даяаршлын ачаар, бас бачаар нэг улсын, нэг хотын хүрээлэн буй орчны асуудал нь дэлхий дахины асуудал болсон гэж үзэх үндэстэй юм. Ийм ч учраас өнөө цагийн иргэд бид орчны асуудалд хариуцлагатай хандаж, сэтгэл тавьж амьдрах ёстой. Өнөөдрийн нийтлэлээр, өдөр тутмын дадал хэвшил, жижиг үйлдлээрээ хүрээлэн буй орчиндоо эергээр нөлөөлөх боломжийг бидэнд олгох 5 апп-ийг танилцуулж байна.

1. Sustainable Development Goals in Action

Ядуурал, тэгш бус байдал, уур амьсгалын өөрчлөлт зэрэг манай гарагийн хүн бүр сайн сайхан амьдрахад тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэх учиртай “Тогтвортой хөгжлийн зорилгууд”-ын биелүүлэхэд хувь нэмрээ оруулахад амархан боллоо. Нэг үгээр хэлбэл энэ апп нь зөвхөн гадаад мэдээгээр л хардаг байсан олон улсын шинж чанартай нийгмийн томоохон асуудлуудад бодитоор хувь нэмрээ оруулах боломжийг танд олгох юм. Хэрэглэгч НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 17 зорилгын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахын зэрэгцээ эдгээр зорилтуудаас хэрэгжүүлж болохуйц, чухал гэснээ ялган авч, өөрийн санаачилгаар янз бүрийн арга хэмжээ зохион байгуулах буюу оролцож болно. Нэн ялангуяа нийгмийн хөгжлийг судалдаг, ийм чиглэлийн ажил эрхэлдэг хүмүүст хялбар аргаар баттай эх сурвалжийн мэдээллийг цаг алдалгүй авч, нийгмийн оролцоогоо сайжруулах хамгийн зөв арга юм. Мөн тус аппликейшин НҮБ-ын албан ёсны зургаан хэлний сонголттой гэдгээрээ онцлогтой.

Татах: Android, IOS

2. TODAY - DAILY ECO IMPACT TRACK

XXI зуун бол байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах талаар машид ухамсарлаж, өөрийн биеэр тодорхой алхмуудыг зайлшгүй хийж эхлэх цаг үе билээ. Чухам энэ л санааг агуулсан шинэлэг аппликейшнүүдийн нэг бол Today. Today хэрэглэгчдэдээ өдөр бүр хүрээлэн буй орчиндоо ээлтэй, эерэг амьдралын хэв маяг бий болгоход туслах нэг даалгавар өгч, амжилттай гүйцэтгэсэн тохиолдолд тухайн даалгаврыг амьдралдаа хэвшүүлснээр хүрээлэн буй орчны ямар асуудлыг яаж шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулж байгааг нь мэдэгдэж, бодитоор хэрэгжүүлэх урам зоригийг өгдөг. Энэ нь бидний усаа хэмнэе, хогоо түүе, амьтны гаралтай хүнснээс татгалзъя гэх мэт дөжиртлөө сонсдог уриалгуудаас тэс өөр аргаар хүмүүсийн ухамсрыг өөрчилж буй хэрэг юм. Хүмүүс эдгээр даалгаврыг хэр амжилттай гүйцэтгэж байгаагаа хувь хүний хийгээд хамт олны түвшин дэх өрсөлдөөнөөр хянаж болно. Тус аппликейшний “Кофе уухдаа нэг удаагийн аяга хэрэглэхгүй байснаараа та хэчнээн кг хог хаягдахаас сэргийлэв?", "Ажил руугаа явган явснаар хэр хэмжээний утаа ялгаруулахаас сэргийлэв?” зэрэг даалгаврын бодит үр дүнг хэрэглэгчид мэдээлэх тактик нь манай нийгмийн тулгамдсан асуудлуудын шийдэл нь хувь хүн өөрөө гэдгийг олон нийтэд ойлгуулахад чиглэжээ. Маш сонирхолтой энэ аппликейшнийг хэрэглэж, нийгмийн оролцоогоо сайжруулахыг уриалж байна.

Татах: iOS

3. BIKEMAP

Замын түгжрэл ихтэй хот газар аюулгүй байдлаа хангаад дугуй унах нь олон талын ашигтай. Тэгвэл Bikemap танд дугуй хамгийн тохиромжтой зам, богино хэмжээний дугуйн аялал хийх маршрутыг зааж өгнө. Хэрэглэгчдийн нэмсэн мэдээллийн сангаар баяжигддаг тул та GPS-ээ асаагаад, дугуйн аяллын маршрутаа тэмдэглэж бусадтай хуваалцах боломжтой. Аялалд гарахдаа таалагдсан дугуйн замын маршрутаа татаж аваад интернет сүлжээгүй орчинд ч ашиглаж болдог нь тус аппликейшний бас нэгэн давуу тал юм. Дугуйчдад зориулсан зам багатай манайх шиг оронд хамгийн хэрэгтэй аппликейшин биш гэж үү? Ороод үзвэл Монгол дахь зарим замууд тэмдэглэгдсэн байгаа.

Татах: Android, iOS

4. Garden answers plant

Цэцэг, ургамал тарих нь хүнд өөрт ч хэрэгтэй, хүрээлэн буй орчинд ч тустай үйл. Тэгвэл ийм сонирхолтой хүмүүсийн заавал туршиж үзэх ёстой апп бол 2013 оноос эхлэн өнөөдрийг хүртэл хэрэглэгчдээс өндөр үнэлгээ авсаар ирсэн шилдэг аппликейшнүүдийн нэг Garden Answers юм. Танд ямарваа нэг ургамлын талаар асуулт байвал, цэцэрлэгжүүлэлттэй холбоотой асуудал тулгарсан бол уг аппликейшнээс хариулт олж чадна. Garden Answers-ын ажиллах зарчим тун энгийн. Хэрэглэгч өөрийн мэдэхийг хүссэн ургамлын зургийг дарснаар аппликейшны мэдээллийн сангаас тухайн ургамалд хамгийн ойролцоо дөхөж очих хувилбарууд шүүгдэн гарч ирнэ. Хэрвtt мэдээллийн санд тохирох хувилбар гарч ирэхгүй бол хэрэглэгч аппликейшнийг нийгмийн сүлжээтэйгээ холбон найзуудтайгаа санал солилцож болохоос гадна мэргэжлийн ургамал судлаач, бусад апп хэрэглэгчидтэй зөвлөлдөж хариулт авах боломжтой юм.

Татах: Android, iOS

5. SHOWER WATCH

Шүршүүрт орохын сайхныг мэдэхгүй хэн байх билээ. Гэвч нэг гэм нь шүршүүрт удаан зогсохдоо бид хэчнээн литр усыг дэмий гарзаддагаа мэддэггүй. Тэгвэл байгаль орчин, эдийн засагт гарлагатай энэ асуудлын хялбар шийдлийг Shower Watch санал болгож байна. Хэрвээ та Apple Watch-ийн 2, 3 дугаар загварын хэрэглэгч бол тус аппликейшнийг хэрэглэх боломжтой. Хэрэглэгч усны хамгаалалттай Аpple бугуйн цагаа зүүн шүршүүрт орсноор усны хэрэглээгээ 7 хоног, сар, жилээр хянах боломжтой юм. Судалгаанаас үзэхэд, апп хэрэглэгчид усанд орохдоо зарцуулдаг байсан цагаа 2-4 дахин хэмнэдэг байна. Түүнчлэн тус апп таны усанд орох давтамжийг санаж, хэдэн цагийн дараа шүршүүрт орохыг тооцоолох бөгөөд хэт их ус үрсэн тохиолдолд анхааруулах ухаалаг системтэй. Хэдийгээр энэ нь зөвхөн Apple Watch-ийн хэрэглэгчдэд зориулсан апп боловч, хэрвээ шүршүүрт удаан орох гээд байдаг бол үүнээс санаа авч гар утсан дээрээ энгийн сэрүүлэг тавиад ч усанд орж болохыг сануулах юун.

Татах: iOS

Нийтлэлийг бичсэн Б.Минжин

20638   2


НИЙТЭЛСЭН:

Unread Today

Нийтлэлд оролцсон:

Minjin B.




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.