Подкастын ээлжит дугаарт Тэгшээ, Наги хоёр АНУ-ын 47 дахь дэд ерөнхийлөгч, Барак Обамагийн хамтран зүтгэгч Жой Байдений "Promise Me, Dad" буюу "Надад амлаач, аав аа" номын талаар хөөрөлдлөө. 2017 оны 11 сард гарсан даруйдаа Нью Йорк Таймсын бестселлер болсон энэ ном юуны учир уншигчдад гүн сэтгэгдэл үлдээж, өндрөөр үнэлэгдэж байгааг та өнөөдрийн подкастаас сонсоорой.

НОМЫН ТУХАЙ

Уламжлал ёсоор эхлээд зохиогчийг танилцуулъя. Жой Байден бол АНУ-ын Сенатад Делавер мужийг 36 жил тасралтгүй төлөөлснийхөө дараа 2009 онд АНУ-ын дэд ерөнхийлөгчөөр сонгогдож, Обама ерөнхийлөгчийн хамтаар 8 жил ажилласан нэр хүндтэй улс төрч билээ. Тэрээр дэд ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа Ерөнхийлөгч Барак Обаматай гар нийлэн ажиллахын зэрэгцээ дотно найзалж (тэдний харилцаа ямар байсныг интернэтэд элбэг тааралдах хөгжилтэй меменүүдээс харах боломжтой), америкчуудад үнэнч, шударга байдал, үйл хэргээрээ ихэд хүндлэгдсэн юм.

Энэхүү номд Байден 2014 оны Талархлын баяраас хойших нэг жилийн хугацаанд амьдралд нь болж өнгөрсөн үйл явдлуудыг дурсан бичжээ. Тэр бол түүний хувьд амьдралынх нь хамгийн эгзэгтэй, хамгийн чухал жил байв.

Гэгээлэг ирээдүй хүлээж байсан том хүү нь хорт хавдраар өвдөж, тэр нэг жилийн хугацаанд үхэл амьдралтай тэмцжээ. Дэд ерөнхийлөгчийн өндөр хариуцлагатай албатай Жой Байден ажил, амьдрал хоёроо энэ хугацаанд хэрхэн зэрэгцүүлж, асар хүнд нөхцөлд байсан хайртай хүүгээ хэрхэн анхаарч халамжилж байсныг тухайн үед америкчууд мэдээгүй гэдэг. Энэ үед дотоодод галт зэвсгийн асуудал, гадаадад Украйн, Иракийн асуудал гээд түүний хариуцаж авсан, онцгойлон анхаардаг ажлууд олны анхаарлын төвд байж. Үүний зэрэгцээ 2016 онд Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвших хамгийн өндөр магадлалтай хүмүүсийн нэгээр түүнийг нэрлэж байв.

АНУ-ын дэд ерөнхийлөгч атлаа хүүгийнхээ асар үнэтэй эмчилгээний мөнгийг төлөх гэж тэтгэврийн мөнгөө барьцаанд тавихдаа хүртэл тулж байсан талаараа тэр энэ номд дурсжээ. Гэр бүл, нөхөрлөл, улс төрийн тухай сэтгэл хөдлөм өгүүлэх энэ номоос монгол уншигчид маань улс төрч хүн ард түмэн, улс орныхоо төлөө хэрхэн ажиллах учиртайг, үнэнч шударгаар зүтгэвэл олны хайр хүндлэлийг хэрхэн хүлээж, түүхэнд нэрээ үлдээдгийг ойлгож авах байх хэмээсэн хөтлөгчдийнхөө үгийг энд давтаад подкастдаа шилжье. Таалан сонсоно уу.

Ерөнхийлөгч Барак Обама 2017 оны нэгдүгээр АНУ-ын иргэнд олгодог хамгийн том шагнал болох "Эрх чөлөө медаль"-ийг Жой Байденд хүртээсэн бөгөөд хамтран зүтгэгчээ "АНУ-ын түүхэн дэх хамгийн гарамгай дэд ерөнхийлөгч, АНУ-ын түүхийн арслан" хэмээн үнэлжээ.

ПОДКАСТЫГ СОНСОХ

Подкастыг iTunes дээр сонсох бол энд дарж бүртгүүлээрэй. Мөн Unlock Podcast фэйсбүүк хуудсанд нэгдэж шинэ подкастуудыг цаг тухайд нь хүлээн авч байх боломжтой.