Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Techworm   02 сарын 20, 2018

Апп тойм: HelloTalk - Хэл суралцагчдын онлайн талбар

Хэлний чадвараа дээшлүүлэх шалгарсан аргуудын нэг бол тухайн хэлийг төрөлх эзэмшсэн хүнтэй харилцан яриа өрнүүлэх билээ. Гэхдээ энэ боломж тийм ч элбэг олддоггүй. Ялангуяа таны суралцаж буй хэл Англи, Хятад гэх мэт олон хүмүүсийн ярианы хэл биш бол бүр ч хэцүү. Тэгвэл энэ асуудлыг шийдвэрлэж чадсан төрөлх хэлээ харилцан заах боломжийг олгодог буюу сурахыг хүссэн хэлийг тань төрөлх эзэмшсэн нэгэнтэй холбодог HelloTalk апп-ыг өнөөдөр танилцуулья.

ЯАГААД ХЭРЭГЛЭХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

Мэдээж янз бүрийн хэл суралцах сонирхолтой хүмүүсийг нэгтгэсэн тэднийг холбодог онлайн талбарууд бишгүй бий. Гэхдээ тэдний ихэнх нь холбогдох мэдээлэл авахад ямар нэгэн төлбөртэй эсвэл зөвхөн холбогдох мэдээлэл өгөхөөс өөр зүйлс санал болгож чаддаггүй. Хэрвээ хэл зааж өгөхөөр тохиролцсон бол гол харилцааны хэрэгсэл нь Skype, Whatsapp зэрэг болдог билээ.

Харин HelloTalk-ын хувьд сурахыг хүссэн хэлийг тань төрөлх эзэмшсэн нэгнийг хайх тэдэнтэй холбогдох процессийг сошиал медиа мэт болгон хялбарчилснаас гадна апп дотроо харилцах чатыг багтааснаараа онцлог. Зөвхөн хэл сурах зориулалттай апп тул чат нь орчуулах, чангаар дуудах, хадгалах, засварлах гэх мэт өөр хаана ч байхгүй олон функцуудтай. Тиймээс аливаа хэлийг орчинд ч байгаа мэт сурахыг хүсвэл HelloTalk хамгийн тохиромжтой.

ЯМАР ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛУУДТАЙ ВЭ?

Дээр дурдсанчлан хамгийн онцлох функц нь харилцах платформыг апп-даа шингээсэн нь юм. Аливаа текстийг та хэрхэн дуудахаа мэдэхгүй байвал чангаар дуудах гэснийг сонгоход л хангалттай. Гадаад хүнтэй харилцаж байхад мэдэхгүй үг гарлаа гэж бодоход тусд нь толь бичиг гаргаж цаг алдахын оронд орчуулах гэсэн дээр дараад л болоо. Мэдээж эдгээр нь апп-ын хөгжүүлэлтээс хамааран хязгаарлагдах хэдий ч ойр зуурын харилцан ярианы түвшинд ашиглахад хангалттай санагдсан.

Мөн заримдаа харилцан ярианы дунд дараа хэрэг болох байх гэж бодсон зүйл гарч ирвэл хадгалаад авах ч боломжтой. Өөр нэгэн "супер" функц нь "засварлах" юм. Таны харилцаж буй хүн Монгол хэлээр буруу бичсэн байвал та засварлах гэсэн дээр дараад зөвийг нь бичихэд хоёр текстийг харьцуулан гаргаж ирдэг. Энэ нь алдаа мадагтай шинэ хэлээр бичиж байгаа хүмүүст харин ч нэг хэрэгтэй санагдсан шүү.

Үүнээс гадна япон, хятад гэх ханзаар бичигдэх хэлийг заримдаа яаж дуудахаа мэддэггүй нь бий. Тийм бол "transliterate" гэсэн дээр дараад англиар дуудлагыг нь бичсэнийг харах боломжтой. Энэ мэтчилэн хэл сурахад туслах олон гайхалтай сонголтуудыг багтааснаас гадна апп-ыг сошиал медиа мэт ашигладаг нь таалагдсан.
Та өөрийн харилцахыг хүссэн хүмүүсээ даган тэд нартай шууд чатлах хийгээд постуудыг нь үзэж танилцах бололцоотой. Хүмүүс голдуу өөрийн орны сонирхолтой соёлуудын талаар зураг постлон тэднийхээ талаар тайлбарласан байсан нь хэлийг соёлтой нь хамт сурах боломжийг олгож байгаа мэт сэтгэгдэл үлдээв.

ЯМАР СУЛ ТАЛТАЙ ВЭ?

Хэдийгээр олон гайхалтай боломжийг апп-даа багтааж өгсөн хэдий ч ашиглаж байх явцад сайжруулах хэд хэдэн зүйлс ажиглагдлаа. Жишээ нь, хэн нэгэнтэй холбогдож харилцан яриа эхлүүлсэн хэдий ч түүнийгээ системтэйгээр үргэлжлүүлэх, удаан хугацаанд хадгалах нь бага зэрэг төвөгтэй. Тиймээс апп-аас хөтөч болгон хэл сурахад нь туслах систем (сурах бичиг шиг) санал болгох нь зүйтэй мэт. Үүн дээр нэмээд шинэ үгнүүдээ хадгалаад түүнийгээ дараа нь слайд хэлбэрээр харж шалгах зэрэг жижиг функцууд нэмбэл улам л олон хүний утсан дээрээ заавал суулгах апп болох биз ээ.

Өөр нэгэн сул тал нь үнэгүй хувилбарыг нь ашиглаж буй тохиолдолд нэгээс илүү хэлийг сонгон суралцах боломжгүй. Тиймээс 2 буюу түүнээс дээш хэлээ батжуулан дасгал хийхийг хүсвэл үнэтэй хувилбарыг нь сарын 6.99$ төлөн ашиглах шаардлагатай. Нэмж хэлэхэд, үнэтэй хувилбарт нь таны байгаа газарт тухайн хэлийг төрөлх эзэмшсэн хүн байгаа эсэхээр нь улам нарийвчилж хайж болдог юм байна лээ. Магадгүй зөвхөн чатлахын оронд уулзаж харилцахыг хүсвэл хэрэгтэй санагдсан шүү.

UNREAD-ИЙН ҮНЭЛГЭЭ

Сүүлд суулгаж үзсэн апп-уудаас утсандаа удаан хугацаанд байлгахаар шийдсэн энэхүү апп-д 7 оноог өгье.

Татаж авах

24817   0


НИЙТЭЛСЭН:

Бүтэд Оюунбилэг




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.