Хайх зүйлээ бичээд enter дарна уу

#Random   02 сарын 16, 2018

Миний дуртай монгол кино буюу заавал үзэх бүтээлүүд

Цагаан сарын өдрүүдээр цэнхэр дэлгэцнээ хуучны сайхан монгол кинонууд их гардаг. Монголын сор болсон уран бүтээлчдийн сэтгэл зүтгэлээр бүтсэн, тухайн үеийн чанга шүүлтүүрийг давсан эдгээр кинонууд аргагүй л сонгодог бүтээл болж, цагийн цагт хүмүүсийн дурсамжийг сэргээж, бодрол ухаарал өгсөөр байдаг билээ. Тиймээс бид шинийн нэгний энэ өдөр хуучны монгол кинонуудыг онцлон, зургаан зочноор дуртай киног нь нэрлүүллээ. Та бүхэн бас бидэнтэй дуртай киногоо хуваалцаарай.

ХОВОР ХҮМҮҮС

Анагаах ухааны доктор, хүний их эмч Д.Мандахнаран

“Шинэ халатаа өмсөөрэй!
Ширээний бүтээлгээ дэлгээрэй!!!”

Энэ киног та тааж ядах юмгүй санаж байгаа байх. Тийм ээ, энэ бол социализмын үеийн Монголын синематографийн сод биш юмаа гэхэд чадварлаг бүтээлүүдийн нэг болох "Ховор хүмүүс" киноны эхлэл хэсэг. Бараг “агуулга хэсэг” гэсэн ч болно. Энэ кино үзсэн хүнийг инээлгэнэ, догдлуулна, бодуулна, бас хөнгөн харуусал төрүүлнэ. Хотоос хөдөөний нэгдэлд илгээлтээр ирж буй залуу хархүү, тэрхүү хөвгүүнийг “гэмгүй харах” нэгдлийн нарийн бичиг охин, ажилдаа явцгүйн гайгаар аварга малчингүй нэгдлийн дарга хэмээн бусдаар шүүмжлүүлээд түүндээ мотивацилагдан аваргатай болох хүсэл төрж, тэр нь бараг эмгэг дон шахуу болоод, хандаа мэдэлцэж ядаж буй хоёр залуугийн дундуур Хорлоо аварга хэмээх өөрийнх нь ирээдүйн бэр дүү болох зураг төөрөгтэй өөр нэгдлийн аварга бүсгүйг хулгайлан урвуулах санаагаар зүтгүүлэн бүгдийг нь самарчих шахан хөглөж буй Сэрээнэн дарга, одоогийн хэлээр бол “пялдага” нь дэндсэн гэмээр даргын бүтэлгүй туслах, түүний эсрэгээр зарчимч буурьтай зоотехникч, их л албархуу байдлаар хотоос ирсэн боловч нэгдлийн даргын аваргад зүтгүүлж буй олимпын найдвар Дүүриймаа бүсгүйг хараад ноён нуруу нь хуга үсэрч улмаар Сэрээнэн даргын голыг харлуулан богтлон авч одож буй төлөөлөгч эрхэм… гээд л яриад байвал барагдахгүй хөөрхөн зүйлс энэ кинон дээр гарна. Уг кино нь социализмын үеийн хөдөөгийн буйдхан нэгдлийн гаднаас нь харахад уйтгартай ч дотроо бөөн адал явдлаар сүлэлдэх амьдралыг нүдээр үзэж биеэр туултал тань харуулна.

"Өө төлөөлөгч биш, хотоос ирсэн нэг муу илгээлтийн хархүү байна.
Шинэ халатаа тайлцгаа!
Ширээний бүтээлгээ хураацгаагаарай!!!"

ХҮН ЧУЛУУНЫ НУЛИМС

Гадаад хэргийн яамны ГССХГ-ын дэд дарга П.Баярмагнай

Жигжидсүрэн гуайн "Хүн чулууны нулимс" хэмээх 1990-ээд эхээр хийсэн айхтар кино байдаг. Аавтайгаа очиж үзсэн цөөхөн киноны нэг. Галзуу эмэгтэйн түүхийг өгүүлдэг тус кинонд урд нь киноноос анзаарч байгаагүй сонин дүрслэлүүдийг олж харсан. Залуус энэ киног заавал үзэх хэрэгтэй гэж боддог.

ТАНЬ РУУ НҮҮЖ ЯВНА

Tagtaa Publishing-ийг хамтран байгуулагч, орчуулагч Ж.Тэгшзаяа

Хар багаасаа зурагтаар өчнөөн үзээд дотор үлдээгүй хэр нь хожим үзэхэд сэтгэлд хамгийн гүн бат хоногшиж үлдсэн монгол кино. Киноны эгэл жирийн хийцээр дамжуулан өгүүлсэн нандин агуулгыг магад жаахан хүүхэд ойлгож ухахад бэрх байсных биз. “Тань руу нүүж явна” кино монголын кино урлагийн сор хөвгүүдийн нэг найруулагч Б.Балжинням гуайн бүтээл гэдгийг бас л хожим мэдээд “тэгвэл аргагүй юм даа” гэсэн нэг их баяр хөөр төрж билээ. Киноны зохиолыг С.Оюун гуай бичиж, “Говийн Өндөр”-ийн С.Дашдооров гуай хянан тохиолдуулж, киноны хөгжмийг З.Хангал гуай бичсэн гээд тухайн үеийн салбар салбарын тэрүүлэх ур чадвартнууд нэгэн бүтээлд нэгдэн ажиллаж чаддаг байсан нь ийм “сор” бүтээл төрөх нөхцлийг бүрдүүлснийх биз ээ. “Тань руу нүүж явна” кино бол нүүдэлчдийн уудам сэтгэл, хүний мөс чанарын тухай, түүнээс ч илүүтэй “Хүн хүндээ хэчнээн чухал”-ыг өгүүлсэн хүнлэг бүтээл. Киноны дүрүүдийн нийцтэй яриа, илүү дутуугүй жинтэй үгс бас их сайхан. “Ухаан богино бол жаргал богино”, “Ямар хэцүү юм дуулгадаг хүүхэд вэ”, “Хүн насаараа л хүн хүн рүүгээ тэмүүлж амьдрах юм даа” гэсэн үгс үе үе сэрхийтэл санаанд орж бодогдоно. Технологийн дэвшил, суурин газрын хүний бөөгнөрөл, хөндлөнгийн хүнийг байтугай өөрийгөө ч анзаарах сөхөөгүй орчин цагийн амьдралын хурдтай хэмнэл “талын нүүдэлчид” биднийг завсаргүй өөрчилсөөр байгаа ч ямар ч нөхцөлд үл хувьсах хүнлэг чанар гэж байдгийг З.Хангал гуайн сэтгэл өрөмдөх аялгуу дуурсаж, “Тань руу нүүж явна” кино аргадангуй сануулсаар л байх биз ээ. “Тань руу нүүж явна” кино ийм үгсээр эхэлдэг:
"Эрхэс тэнгэрийн дор хүмүүн гэгч төрөөд
Эдүгээ хүртэл мянга мянган жил нүүжээ
Хүрэхүүеэ бэрх сэтгэл гэгч өндөр оргил
Хүн хүн рүүгээ нүүж орчлонг туулна"

ТУНГАЛАГ ТАМИР

Эрх зүйч Б.Болорсайхан

Миний хувьд тухайн киног үзээд, дүрээр дамжуулан зохиолч юу хэлэв гэдгийг буулгах дуртай. Үзсээр эхлэлийн хэсгийг цээжилчихсэн: "Тунгалаг Тамир долгилон мяралзан урссаар... Үеийн үед Тамирын хөндийд түг түмэн хүний зовлон жаргал үргэлжилж, төр үймж, хуучин нь мөхөн, шинэ тогтон бойжсоор ирлээ". Манай аавын “Гол дагаж амьдрал урсана, хүний амьдрал ч адилхан урсана” гэж хэлсэнтэй адил. Харахаар олон хүний амьдралыг түүхэн үйл явдал, аж амьдралтай гайхмаар сүлэн, нэг урсгалд оруулсан зохиол. Зохиолч өөрийн хэлэх гэсэн үгээ дүр бүртээ шингээсэн байх. Тэр дундаас хүн хайрынхаа төлөө хэрхэн өөрийгөө өөрчилж, шийдэмгийн зогсож, бүр амь хайрлахгүй явааг харуулсан Долгор, Дулмаа, Гэрэл үнэхээр таалагддаг. Яг л хайрын олон өнгө. Кино төгсөхдөө цагаач Эрдэнэ 20 гаруй жил зүдэрч, зовсны эцэст "эрх чөлөөт эх орныхоо жаргалтай иргэний нэгэн боллоо" хэмээн эрүүл энх, мэдлэг боловсролтой, аз жаргалтай амьдарч байгаагаар дуусгадаг. Үүнийг түүний тэмцлийн үр дүн гэж болох юм. Нөгөө талаас Ч.Лодойдамба гуай төр засгаа шүүн тунгааж, “Монголчуудын өнийн мөрөөдөл юу байх вэ?” гэж өөрөө асуун “Эн тэргүүнд тусгаар тогтнол, эрх чөлөө, шударга ёс, тэгш эрх” хариулсан мэт төсөөлдөг.

ГАРЫН ТАВАН ХУРУУ

Хүмүүс гол төлөв “Аан муу Шагдар” гэдэг. Харин миний хувьд тэрхүү өндөр цалинтай инженер одоо цаг болон ахуйгаасаа зугтаж, тодорхойгүй ирээдүй, төсөөлөл рүүгээ тэмүүлсэн том болоогүй хүүхэд мэт санагддаг. Заримдаа тугалган цэргээрээ элсэн дээр тоглож байснаа тоглоомын эзэн нь гээсэн цаасан шувуу рүү сарвалзан гүйж байгаа мэт. Сүүлдээ хөөрүүлж чадахгүй болохоороо орхисон цэргээ хайж, элс сэндийчэж байгаа ч юм шиг. Киноноос санаанд тод үлдсэн үг бол Хорлоогийн “Та нар юундаа тэгэх вэ? Элэг бүтэн улс шүү дээ. Манай аав, ээж хоёр амьдралдаа нэг ч удаа зөрөлдөж үзээгүй гэцгээдэг юм. Намайг үнэмшихгүй болохоор аав инээгээд л “Хоёр хүн нэг гэрт удаан жил амьдрах тусмаа аль алиндаа байгаа сайн сайхан чанаруудыг бие биедээ шингээгээд хэрүүл уруулгүй амьдарч болно оо“ гэж ярьдаг юм. Амьдралд зөрөлдөх явдал бишгүй л гарна. Хамгийн гол нь тэр үед хэн ухаалаг нь бууж өгч байх хэрэгтэй биз дээ? ... Амьдралд хийж бүтээхийн үндсийг хайр сэтгэл, ар гэр тэтгэдэг хойно...” Зохиолчийн зүгээс салаа замын уулзварт зогсож буй хүмүүст хэлсэн зөвлөгөө, миний бодлоор. Аадарт боогдон, амьсгал хурааж буй Должинг санан Шагдарын хэлсэн “Чамд гомдсон сэтгэл, доромжлогдсон хайр, шархтай зүрх нь таван хүүхдэдээ хадгалагдаж байгаа”, мөн том охин Сүрэнгийн дүүгээ үрчлүүлэхгүй хэмээн “Нэг гарын таван хуруунаас хоёрыг нь огтлох гээ юу? Тийм ч амар огтлуулахгүй байх шүү. ...Манайд худалдах юм байхгүй ээ. Гарцгаана уу даа” гэсэн хариултаас гарах дүнг нь харуулсан гэж боддог. Дахин үзэх тусам үг бүрээс нь утга ойлгох юм.

ХҮРГЭН ХҮҮ

"Чөлөөт эмэгтэйчүүд" нэвтрүүлгийн хөтлөгч, сэтгүүлч Э.Энэрэл

Монголын хуучны кинонуудыг одоо хэр үзэхэд уйдамгүй, жинхэнэ сайн кинонууд тэр үед л хийгддэг байжээ гэх хүмүүс олон. Үнэхээр л тийм. Сайны учир нь амьдралын эгэл үнэнийг харуулж чадсандаа гэж би боддог. Үүний нэг жишээ бол “Хүргэн хүү” кино. Нэг талаас нэгдэлжих хөдөлгөөн өрнөж байх үеийн хүмүүсийн ухамсар, бодол санаа хэрхэн өөрчлөгдсөн, өмчийн зөрүүг харуулсан кино гэж тайлж болох ч тэр аяараа хүний харилцаа, амьдралын үнэнийг өгүүлснээрээ үнэ цэнтэй. Бас одоогоос олон жилийн өмнөх үйл явдлыг харуулсан мэт боловч хөрөнгөтэй хүний бодол, бас гундуухан гандуухан байгаа залуу эр хүний сэтгэл зүй нь яг одоогийнхтой адил. Жамц баян давилуун хөрөнгө хуйтай, дуртай морио сэлгэж аваад унаад явчихдаг хүргэнтэй байхаас үгийн аясаар байх Дэмбэрэлийг илүүд үзсэн нь, Аюуш авгайн адармаатай араншин, Дэмбэрэлийн хүний дорд орохгүй, өөрийн хүч эрмэлзлээр өрхийн тэргүүн гэгдэх хүсэл мөрөөдөл, бас Должин бүсгүйн хоёр талдаа хавчигдах ч цаанаа юмтай айлын охины битүүхэн бардамхан сэтгэл. Бэлтэй айлын хүргэн болж, аясыг нь дагаад явалгүй зөрүүдэлсэн хүүгээ дагаж халуун зунаар сумын төвд хар цайнаас өөрийг харахгүй суух эхийн сэтгэл. Хүүгээ дагахгүй гээд ч хаачих билээ, Санжид гуай. Энэ кинонд сөрөг, эерэг дүр гэж байхгүй. Амьдралын зөрчил “Хүргэн хүү” киноны сөрөг дүр. Хүн өөртөө итгэж, зүтгэж чадвал бүгдэд хүрдэг гэдгийг үе үеийн үзэгчдэд баталж, мөрөөдөл өгч чаддагаараа гайхалтай кино. Энэ киноны үг хэллэг өнөө ч бидэнд ёж, битүү утгаар хэрэглэгдсээр байдаг. Өө нээрээ, хөгжим нь үнэхээр монгол хэм хэмнэл, ахуйг харуулсан гайхалтай бүтээл болсон санагддаг шүү.

ЦОГТ ТАЙЖ

Жүжигчин Б.Амарсайхан

Би Б.Ринчен гуайн зохиолоор найруулагч Лувсанжамцын бүтээсэн "Цогт Тайж" киног нэрлэнэ. Яагаад гэвэл 1945 онд бүтээсэн тус кинонд Холливүүдийн одоо мөрдөгдөж байгаа дүрийн танилцуулга, дүрслэл, өгүүлэмж, өрнөл зэрэг маш олон элемент, стандартыг шингээсэн байдаг. Эхлэл хэсгийн дүрийн танилцуулга бол Ридли Скоттын найруулсан "Гладиатор" киноны агуулга, дэс дараатай тун төстэй болохыг харж болно.

34210   2


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.