Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Апп Тойм   01 сарын 16, 2018

2017 онд хамгийн их нөлөө үзүүлсэн 6 апп

Ухаалаг утасгүй хүн ховор болсон энэ үед хүн бүрт байнга ашигладаг, ашиглах дуртай апп-ууд байгаа нь гарцаагүй. Гэхдээ тэдэн дундаас аль нь олон хүмүүсийн амьдралд сайн, муу хамаагүй хамгийн нөлөөтэй байсан тухай тэр болгон эргэцүүлдэггүй байх. Тийм учраас бид энэ удаа 2017 онд чухал нөлөөтэй байсан 6 аппыг онцолж байна. Бүх апп танд таалагдахгүй байж болох ч эдгээр нь улс төрийн орчинд үзүүлэх нөлөөнөөс авхуулаад технологийн дэвшилтэт шийдлүүд болон мэдээллийн нууцлал, түүний солилцооны тухай асуудлыг хөндөж байгаа гэх мэт олон шалтгааны улмаас сонгогдсон юм.

COINBASE

Өнгөрсөн жилийн онцлох үйл явдлуудын нэг яалт ч үгүй крипто валютын өсөлт байсан билээ. Зөвхөн Биткойн дээр л жишээ авахад 2017 оны эхэн үед 1000$ ч хүрэхгүй үнэтэй байсан бол өнгөрсөн 12 сарын эхэнд хэдий түр хугацаанд 19000$ хүрсэн юм.

Эдгээр нь Coinbase гэх мэт крипто валютын гуйвуулга хийдэг биржийн аппуудыг олны дунд нэлээн эрэлттэй болгосон нь гарцаагүй. Дөнгөж шинээр бий болж буй энэхүү шилжүүлгийн гол хэрэгсэл болж байгаа гэдгээрээ эдгээр аппуудын нийгэмд үзүүлэх үүрэг, нөлөө үлэмж их. Гэхдээ Coinbase тэргүүтэй аппууд крипто валютын эрэлтийг хадгалахын тулд үйл ажиллагаагаа улам сайжруулах шаардлагатай байгааг дурдах хэрэгтэй. Өнгөрсөн 12-р сарын 7-ны үнийн өсөлтийн шуургын үеэр сүлжээний асуудлууд гарч, зарим хэрэглэгчид өөрсдийн биткойныг шилжүүлэх боломжгүй болсон билээ.

Татах: iOS, Android

2. TWITTER

Хэдийгээр сарын 2 тэрбум гаруй тогтмол хэрэглэгчтэй Фэйсбүүкийн дэргэд 330 сая хэрэглэгчтэй Твиттер нь жижиг мэт харагдаж болох ч энэ жил улс төрийн мэдээллийг хүргэх, солилцох хамгийн том талбар байсан юм. Ялангуяа АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп өөрийн твиттер хуудсаар дамжуулан трансжендер иргэдийг цэргийн албанд татахгүй байх хоригийн тухай зарлаж, Муслимчуудын эсрэг өдөөн турхирсан бичлэгийг хуваалцаснаас гадна БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны талаар мэдэгдэл хийх гэх мэт олон зүйлсийн талаар байр сууриа илэрхийлж байсан олон нийтийн хувьд сонирхолтой "үзүүлбэр" байв.

Өнгөрсөн 11 сард хэсэг хугацаанд түүний твиттер хуудас хаагдаж энэ бүхэн зогсох нь уу хэмээн олныг гайхашруулсан ч төд удалгүй нээгдсэн нь бид ахиад 2 жил ийм төрлийн жиргээнүүдийг авсаар байх болно гэдгийг харуулсан юм. 2017 он Трамп Твиттерийг аварсан жил байлаа.

Татах: iOS, Android

3. AMAZON KEY

Амазоноос захиалсан барааг таны гэрийн гадна үлдээхийн оронд дотор оруулж тавих Amazon Key нь өнгөрсөн оны дэвшилтэт үйлчилгээний нэг байлаа. Түлхүүрний оронд тэд интернэтэд холбогдсон камер, ухаалаг цоож болон эдгээрийг хянах, удирдах үүрэг бүхий Key апп иж бүрдлийг санал болгож байгаа юм. Апп-аар дамжуулан та хүргэлт хэзээ ирэх тухай мэдээллийг явч хэрвээ тэр үед гэртээ байхгүй байвал хүргэлтийн ажилтан ухаалаг цоожийг ашиглан гэр лүү тань орж барааг үлдээнэ. Санаа зоволтгүй, камер бүгдийг нь бичиж байх аж.

Аль хэдийн олон айлын хэрэглээ болсон дижитал туслах Alexa-гаар дамжуулан худалдан авалтыг хялбарчилж, үйлчилгээгээ улам сайжруулсаар буй Amazon-ы хувьд энэхүү үйлдэл нь улам олон хүмүүс Amazon-оос дахин дахин захиалах шалтгаан болох ёстой юм. Хэдий тийм ч огт таньдаггүй хүн таны гэрт орно гэдэг хүн бүрийн хувьд тийм ч таатай бодол биш тул зарим хүмүүсийн дунд итгэл сул байсаар байна.

4. MESSENGER KIDS

12 сард Фэйсбүүкээс гаргасан Messenger Kids хэмээх апп нь сошиал медиа хэрэглэхэд хэтэрхий балчир буюу 13-аас доош насныханд зориулсан бөгөөд зөвхөн эцэг эхийн зөвшөөрсөн хүмүүстэй холбоо тогтоож, текст бичих болон видео дуудлага хийх боломжийг олгодог аж. Одоогоор зөвхөн АНУ-ын хүрээнд ашиглах боломжтой хэдий ч удалгүй бусад газрууд руу тэлэх магадлалтай. Хэдийгээр энэ нь хүүхдүүдэд зориулсан анхын сошиал медиа апп биш ч гэсэн 13 наснаас доош насны хүүхдүүдийн онлайн датаг цуглуулах, хэрэглэхийг хязгаарласан АНУ-ын хуулиас шалтгаалан томоохон сошиал медиа сүлжээнүүд ийм төрлийн аппууд бүтээхээс цааргалж байсан юм.

Гэхдээ тэдний хувьд энэхүү апп нь ирээдүйн хэрэглэгч нарыг нь бэлдэж өгч байгаагаараа онцлогтой. Залуу үеийнхний дунд Фэйсбүүкээс илүү Snapchat, Twitter, Kik гэх мэт платформууд илүү хэрэглэгдэж буй тул энэ аппаар дамжуулж Фэйсбүүк өөрсдийн брендийг тэдэнд хүргэх итгэл дүүрэн зүтгэж байна.

5. MESSAGES WITH ANIMOJI

999$-ын үнэтэй iPhone X-ыг танилцуулахад олны анхааралд хамгийн их өртсөн технологи бол Face ID байсан билээ. Өндөр технологийн мэдрэгч, камерны тусламжтайгаар бий болсон энэхүү технологийг утсаа нээхэд ашиглаж байгаа хэдий ч Messages апп-д оруулж өгсөн Animoji нэмэлт нь магадгүй үүнээс илүүг Apple төлөвлөж байна уу даа гэх бодлыг төрүүлээд байгаа юм.

Animoji-г ашиглан та өөрийн нүүр царайнд суурилсан хөдөлгөөнт эможиг үүсгэдэг бөгөөд дуу хоолойгоо ч нэгтгэх боломжтой. Хэдийгээр энэ нь тийм гайхалтай сонсогдохгүй байж болох ч эможи болгон хувиргасан эцсийн үр дүн нь тун бодит байж энэхүү технологийн цаашдын хөгжил утсаа нээх төдийгөөр хязгаарлагдахгүй болохыг харуулсан юм. Apple-ын зүгээс ч үүнийг ашиглан AR апп хөгжүүлэх боломжийг нээлттэй тавьж албан ёсны мэдээлэл бүхий баримт, бичгийг гаргасан билээ.

6. FACEBOOK

Хэдийгээр бид Орос улс АНУ-ын 2016 оны сонгуульд хэр их оролцоотой байсныг хэзээ ч мэдэхгүй байж магад ч сошиал медиа хуудсууд тэр дундаа хамгийн том нь болох Фэйсбүүкийг ашиглан янз бүрийн сурталчилгаа явуулсныг олж мэдсэн билээ. 10 сарын байдлаар Фэйсбүүк 126 сая Америкчууд Оросоос санхүүжигдсэн контентийг үзсэн хэмээх мэдэгдлийг гаргасан бөгөөд энэ нь өмнө нь хэлж байсан 10 сая хүн гэдгээс хавьгүй өндөр тоо байсан юм.

Фэйсбүүкийн зүгээс энэ тоо нь нийт контент болон хэрэглэгчидтэй нь харьцуулбал маш бага гэдгийг онцолсон ч АНУ болон Канадын хувьд гэхэд 239 сая хүн энэхүү сошиал медиа сүлжээг ашиглан гэр бүл, найз нөхөдтэйгээ холбогддог тул юу ч биш гэж өнгөрөөх боломжгүй үйл явдал юм. М.Зукербергийн оны эхэнд өгсөн "Фэйсбүүкийг засах" амлалтын үр дүнг дэлхий нийт нэхэх нь гарцаагүй.

Эх сурвалж: MIT Technology Review

29130   0


НИЙТЭЛСЭН:

Бүтэд Оюунбилэг




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.