Шинэ жилийн тусгай-цуврал нийтлэлийн өнөөдрийн дугаарт бид “Би хэрхэн ажилладаг вэ?” ярилцлагын онцлох хариултуудыг хүргэж байна. Хүн бүр ажил, салбараасаа хамаараад өөр өөрийн гэсэн өвөрмөц арга барилтай байдаг болохоор бид аль болох олон хүнд хамаатай байж болох, зарим тохиолдолд сонирхолтой санагдсан хариултуудыг онцолсноо дурдъя. 2017 оны хувьд уншигчдын маань хамгийн ихээр хүсэн хүлээдэг ярилцлагад гадаад зочид цөөнгүй орсныг, мөн тайзан дээр амьдаар хэд хэдэн удаа явагдсаныг та бүхэн санаж байгаа байх. Ирэх жил үлгэр жишээ болсон олон хүнийг та бүхэнтэй уулзуулахын сацуу контент хүргэх хэлбэрээ ч баяжуулна гэдгээ дуулгахад таатай байна.

ТАНЫ АЖЛЫН ОНЦЛОХ АРГА БАРИЛ?

Би аливаа ажлыг хийхдээ хамгийн түрүүнд үүнийг хийснээрээ юу сурч болох вэ гэдгийг нь хардаг. Өөрийгөө сайжруулж, өөрийнхөө түвшинг дээшлүүлэхүйц чухал ажлыг хийхийг үргэлж эрмэлздэг. Үүний дараа хийж буй зүйл маань ямар ач холбогдолтой, ямар хэрэгтэй вэ гэдгийг том зургаар нь харж, ойлгохыг хүсдэг. Хийсэн зүйл маань хаана очиж, юутай нийлж, юуны нэг хэсэг болж байгааг мэдэж байж, хийж байгаа зүйлийнхээ мөн чанарыг ойлгож, түүнд таарсан шийдэл олох боломжтой болно.

Менежерүүдийн өгсөн даалгаврууд дээр яг л энэ зарчмаа баримталдаг. Илүү хэцүү, сорилт болохуйц ажлуудыг сонгож хийхийг илүүд үздэг. Менежерүүд маань инженерүүдийн ийм сонголтыг хүндэтгэж, хүн хүнд нь таарсан даалгаврууд өгдөг нь Apple-ийн нэг давуу тал байж магадгүй. Энийг л хийнэ, үгүй бол хийхгүй гэхэд хэсэг ятгах гэж үзээд л өнгөрдөг юм.

Дэлгэрэнгүй: Би хэрхэн ажилладаг вэ? - Apple-ийн ахлах инженер
Б.Хасан

Дэлхийн хамгийн үнэ цэнтэй компани Apple-д ажиллаж буй Б.Хасанг оролцуулсан ярилцлага манай хамгийн өндөр хандалт авсан контентуудын нэг болсон билээ.

ТА ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ, АШИГЛАХ ДУРТАЙ АППЛИКЭЙШН, ПРОГРАМ, АЖЛЫН ХЭРЭГСЛЭЭСЭЭ НЭРЛЭНЭ ҮҮ?

Google Drive дээр бүх ажлаа хийдэг. Sheets, Docs, Slides гээд л бүгдийг нь тултал ашиглаж байна. Бүх төхөөрөмжүүд дээр зэрэг ажиллаж, бусад хүмүүстэй харилцахад ч засваруудаа нэг дор тулгаад явах нь хялбар байдаг. Ер нь утас, компьютертэй шууд холбогддог аппуудыг сонгож хэрэглэдэг.

Зарим төслүүд дээрээ Slack ашиглаж байна. Мессенжер, Facetime, Viber гээд харилцааны апп-ийн хэрэглээ улам л нэмэгдэж байгаа байх. Мэдээгээ бол BBC, Ikon-оос авна.

Дэлгэрэнгүй: Би хэрхэн ажилладаг вэ? - Харвард & Оксфордын их сургуулиудын төгсөгч, McKinsey & Company-ийн зөвлөх Ж.Тана

Өөрийн эзэмшсэн боловсрол, карьераар үеийнхэн, дүү нартаа үлгэр дууриал болж буй Ж.Тана өдгөө дэлхийд алдартай McKinsey & Company-ий Казахстаны салбарт ажиллаж байна.

ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?


Машин дотор ажил амжуулах чадвар болов уу. Хүмүүс ер нь машинд юм хийж чаддаггүй, дотор нь муухайраад байдаг шүү дээ. Харин би сүүлийн 20 жил Азийн айхавтар замын хөдөлгөөнтэй хотуудад ажиллаж байсан болохоор машин дотор юм амжуулаад сурчихсан. Жакартагийн зам ямар гэж бодно... Улаанбаатар ч ялгаагүй. Машинд намайг сатааруулах зүйлс байдаггүй болохоор бүтээлч байдаг. Гэхдээ машинаа өөрөө жолооддоггүй гэдгийг тодруулж хэлэх нь зөв байх (инээв). Жолоо барьж байхдаа утсаар ярих, мессеж бичих нь мэдээж асар аюултай.

Дэлгэрэнгүй: Би хэрхэн ажилладаг вэ? - Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурин зохицуулагч Биата Транкман

НҮБ-ийн суурийн зохицуулагч маань Улаанбаатарын түгжрээнд бухимдаж суухын оронд ажлаа амжуулах бүтээлч цаг болгон ашигладаг ажээ.

ТА ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТАА ЮУН ДЭЭР, ЯАЖ ХӨТӨЛДӨГ ВЭ?

Бүх л хийх зүйлсээ Wunderlist-д оруулчихдаг. Заримдаа орой ажлаа бодоод байвал энэ апп-даа хийх ажил болгон оруулж, тархинаасаа чөлөөлөхийг хичээдэг. Харин яг тухайн өдөр хийх зүйлсээ цаасан дээр гараараа бичдэг юм байна. Тэгээд ажил дуусмагц өнөө цаасаа урах их сайхан байдаг (инээв). Ер нь хувийн зохион байгуулалт сайтай байхыг маш чухалчилдаг хүн дээ.

Дэлгэрэнгүй: Би хэрхэн ажилладаг вэ? - Монгол ТВ-ийн гүйцэтгэх захирал Ч.Номин

Дайчин хөдөлмөрч занг хувийн өндөр зохион байгуулалттай хослуулбал ямар үр дүн гардгийг Ч.Номин захирлаас бэлхнээ харж болно.

ТА ЯМАР ЗҮЙЛСИЙГ ХИЙХДЭЭ ГАРГУУД ВЭ?

Хийж байгаа ажил, сурсан мэргэжилтэй холбоотойгоор макро зураглал хийж, стратегийн бодлого гаргахдаа гайгүй гэж боддог. Хайрцагны гадуур сэтгэж, юм хийхдээ хана мөргөөд байх биш тойрч гарах арга замыг олохыг эрмэлздэг.

Нөгөө талаар нетворкинг буюу янз бүрийн хүмүүстэй танилцаж, танилын хүрээ үүсгэх чадвар маань том давуу тал болдог. Гэхдээ зүгээр хүмүүстэй танилцаад, нэг удаа уулзаад өнгөрөх биш, тэр харилцаагаа хадгалж, цаашаа өргөсгөх тал дээр анхаардаг. Хаана ч, хэнтэй ч уулзсан аятайхан сэтгэгдэл үлдээхийг хичээдэг болохоор дараа нь тэр хүмүүс Монголтой холбоотой ажил гарахад надтай холбогдох нь элбэг шүү. Чикаго, Харвардын их сургууль, Морган Стэнли, Блэкстоунд ажиллаж байх үед танилцаж байсан хүмүүстэйгээ одоо ч сайн харилцаатай байдаг.

Сагсан бөмбөг тоглох дуртай. Анх Америкт очоод англи хэл тааруу байх үед сагсаар л дамжуулж найзуудтай болж байлаа. Ахлах сургуульдаа багийнхаа ахлагчаар тоглож байсан шүү.

Дэлгэрэнгүй: Би хэрхэн ажилладаг вэ? - И-Мартын ТУЗ-ийн дарга, Харвардын Бизнесийн Сургуулийн төгсөгч Б.Баттүшиг

Зочны маань гадаад харилцаа холбоо ямар өргөн болохыг мэдэхийн хувьд бид энэ хариултыг онцолсон юм. Одоо үед нетвөркинг хийж хүнтэй танилцах амархан. Харин тэдгээр харилцаагаа тордож авч явах нь сорилт билээ.

ТАНЫ ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ НЬ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Мэргэжил бүхэн сайхан гэдэг дээ. Би бол өөрийнхөө хийж буй ажилдаа үнэнхүү дуртай, хайртай. Дуулаач хүнийхээ хувьд дуугаа дуулаад аз жаргалаа бүтээгээд явж байна. Ард түмнийхээ өгсөн итгэл, хүндэтгэлийг дааж, аль болох олон хүнийг баясгаж, эх орныхоо нэрийг дэлхийд гаргахыг эрмэлзэнэ.

Хамгийн анх 2011 онд Глиникийн нэрэмжит олон улсын тэмцээнд түрүүлж, 23 насандаа гавьяат жүжигчин цол тэмдгээр шагнуулж байлаа. Анх сонсоод их л сандарч, одоо яана аа, цаашдаа юу хийнэ дээ гэж бодлогоширч байснаа санадаг юм. Дараа нь урлагийн бидний хувьд олимпийн наадамтай дүйцэхүйц Чайковскийн нэрэмжит уралдаанаас гран при шагналыг хүртсэн минь үнэхээр дурсгалтай мөч байлаа. Энэ наадмын 60 жилийн түүхэнд хоёрхон удаа л дуучин хүн гран приг нь хүртсэн байдаг юм. Үүний дараа би ямар ч эргэлзээгүйгээр дараагийн сорилынхоо өөдөөс явсан. BBC Cardiff Singer of The World уралдаанд амжилттай оролцсон, дэлхийн топ театруудад топ уран бүтээлүүдийг толилуулаад явж байна. Ийм сорил, шалгууруудыг давахгүй бол дуучин гэж нэрлэгдээд яах билээ. Олон мундаг багш нар, дэмжиж итгэдэг хүмүүсийнхээ урмаар тэтгэгдэж, алгадуулахдаа алгадуулж, илбүүлэхдээ илбүүлж байсны хүчинд өдий зэрэгтэй яваа гэж итгэдэг.

Хамгийн хэцүү нь энэ сайхан нэр хүндээ дааж явах л байх. Хүн өөрөө тэр сайхан шагнал урамшуулал, олон түмний хайр хүндэтгэлийг яаж хүлээж авахаас тэр нь хамаардаг болов уу. Би бол бэлэг гэж хүлээж авдаг. Энэ сайхан хайрыг дааж явах нь нэн чухал гэдгийг ухамсарлаж байгаа.

Дэлгэрэнгүй: Би хэрхэн ажилладаг вэ? - Монгол Улсын Гавьяат Жүжигчин, Чингисийн одонт, дуурийн дуулаач Г.Ариунбаатар

Монгол хүний хоолойны цараар дэлхийг дагуулсан Г.Ариунбаатар гавьяатын харизмаг дөнгөж уулзуутаа л бид мэдэрсэн.

ТА ЯГ ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРӨН АЖИЛЛАЖ БАЙНА ВЭ?

Би нэг ном бичиж байгаа. Хүн байх тухай, бүхэлдээ хүн төрөлхтөний тухай юм. Дэлхий ертөнц X гэдэг улсаас юу сурч болох вэ гэдгийг гаргаж тавина. Ийм сэдэвтэй ярилцлагыг би хүмүүстэй хийсээр байдаг. Монгол хүмүүсээс дэлхийн бусад хүмүүс юу сурч болох вэ. Үнэндээ маш ихийг сурч болно шүү.

Мөн нэг ажиллаж буй төсөл бол "Хүн арал" (Human Island). Би 100 орчим арал дээр очиж байсан. Дэлхий ертөнц ч өөрөө бас нэг арал. Би арлуудад зочилж, тэндээс хүн байхын талаар юу сурч болохыг эрэлхийлдэг. Би өчигдөр малчдаас энэ асуултыг асуусан. Бүжигчдээс, цагдаагаас гээд улс болгоны төрөл бүрийн хүмүүсээс асуудаг.

Дэлгэрэнгүй: Би хэрхэн ажилладаг вэ? - Бүх цаг үеийн бизнесийн 100 шилдэг номын нэг "Сэтгэх урлаг"-ийн зохиогч, илтгэгч Фредрик Харен

Өнгөрсөн жилийн хамгийн өвөрмөц сэтгэлгээтэй зочин бол Фредрик Харен байлаа. Хэрвээ та ямар нэг санаан дээр ажиллаж буй бүтээгч хүн мөн бол түүний хувийн арал дээр 7 хоног байрлах боломж бий шүү.

ТА АЖИЛЛАЖ БАЙХ ҮЕДЭЭ ХӨГЖИМ СОНСДОГ УУ? ЯМАР ХӨГЖИМ ТАНЫГ ЭРЧ ХҮЧТЭЙ БОЛГОДОГ ВЭ?

Хөгжмийн хорхойтон. Тэр дундаа хип хоп хөгжим сонсдог. Герман, Франц, Швед, Америк, Солонгос, Монгол зэрэг орны хип хопыг голлож сонсоно. Аль болох үгийг нь анхаарч, гадаад хэл сурахтай холбож сонсохыг хичээдэг. Би 10 жилдээ Австрид байсан юм. Анх тэнд очоод 2 жил огт дуугарахгүй явснаа гэнэтхэн германаар төрөлх хэл шигээ яриад эхэлсэн гэж багш нар хэлдэг. Хөгжим их сонссоны ач л даа. 10 жилдээ франц хэл нэлээн үзсэн, тэндхийн өнгөт арьснуудыг хамгийн авьяаслаг хүмүүс гэж боддог шүү. Шведүүдийн англи хэл маш сайн. Сүүлийн үед би солонгос хэлийг их сонирхож сурахыг оролдож байгаа. Солонгос маш хурдтай хөгжиж байна, хүмүүс нь орчин үеийн чиг хандлагыг тодорхойлдог болсон байна. Германаас Samy Deluxe, Америкаас J Cole, Шведээс Promoe зэрэг уран бүтээлчдийг нэрлэж болно.

Дэлгэрэнгүй: Би хэрхэн ажилладаг вэ? - Skinny Studio-г хамтран байгуулагч, ХMF-ийн гүйцэтгэх захирал Ө.Үнэнбүрэн

Хуур Music Festival хэмээх олон улсын хөгжмийн шоуг санаачлан зохион байгуулж буй залуусын нэг нь Ө.Үнэнбүрэн. Хөгжимд хайртай, хөгжмөөр боловсрол олсон тэрээр монгол залуус чанартай хөгжмөөр дутах учиргүй гэж үздэг.

ТА ЯГ ОДОО ЯМАР НОМ/НИЙТЛЭЛ УНШИЖ БАЙНА ВЭ?

Сүүлийн үед бол бизнесийн, менежментийн номууд уншиж байна. Стив Жобсын намтрыг хоёр ч уншсан. Одоо Жак Магийн номын дунд ороод явж байна. Ази хүн болоод ч тэр үү, англи хэлний багш болоод ч тэр үү, Жак Ма сэтгэлд ойрхон санагдаж байгаа шүү. Intel-ийн домогт удирдагч Энди Грөүвийн удирдах арга барил мөн таалагдсан. "Залууст эрх мэдэл, хөрөнгө, эрх чөлөөг нь өгөөд ажиллуул. Тэгээд эцэст нь үр дүн нэх" гэж хэлсэн байдаг нь миний үзэл бодолтой нийцдэг.

Миний бага залууд ихээхэн нөлөө үзүүлсэн гурван зохиол бүтээлийг энэ далимд дурдчихъя гэж бодож байна. "Инээмтгий хүн" зохиол хайр гэж юу байдгийг ойлгуулах шиг болдог. Миний дипломоо хамгаалсан "Гамлет" байна. Тухайн үед зохиолын гаргалгаа, дүгнэлт гэж хийдэг байлаа. Түүн дээр би энэ зохиол, ерөөсөө үнэн гэж байхгүй, үнэн гэдэг бол харьцангуй ойлголт гэж нотолжээ гэж бичсэн юм. Хожим сонсоход багш нар маань миний дипломын ажлыг нэлээд өндөр үнэлсэн юм билээ. Ер нь Гамлет зохиолын санаануудыг амьдралдаа мөрдлөг болгож явдаг. Гурав дахь нь Ридъярд Киплингийн "Хэрвээ" шүлэг байна. Оюутан байхад энэ шүлгийг курсийн ажлаар орчуулаад шүтчихэж билээ. Эцсийн мөчид итгэх ёстой гэдгийг ойлгуулдаг энэ шүлэг ихэд алдаршин түгсэн дээ. Залуус заавал унших ёстой. Өнөө цагийн спортын шилдгүүд, тухайлбал Федерер, Надал нар бадаг бадгаар нь уншсан байдаг.

Дэлгэрэнгүй: Би хэрхэн ажилладаг вэ? - Jet School of English сургалтын төвийн үүсгэн байгуулагч, англи хэлний зөвлөх багш Ц.Чинзориг


Чинзо багшийн үргэлж суралцах тэмүүлэл, залуу сэтгэлгээнээс шинэ үеийнхэн бид үлгэр авууштай.

ТА ИЛҮҮ НЭЭЛТТЭЙ ХҮН ҮҮ, ЭСВЭЛ ИЛҮҮ ДОТОГШОО ХҮН ҮҮ? ЭНЭ НЬ ТАНЫ АЖИЛД ЯАЖ НӨЛӨӨЛДӨГ ВЭ?

Хэтэрхий нээлттэй хүн байж магадгүй. Би шинэ хүмүүстэй танилцах их дуртай. Хүн бүхэн өөр өөр орчин нөхцөлд төрж өссөн, янз бүрийн амьдралыг туулсан байдаг болохоор бүхэлдээ надад сонирхолтой санагддаг. Хүмүүстэй танилцахдаа энэ хүн ингэж байсан байх даа, тийм байх даа гэж тааварлах дуртай. Шинэ хүнтэй танилцахаар тэр хүний үзэж, туулсанаас шалтгаалан маш олон шинэ мэдлэг, мэдээлэл, мэдрэмж дагаад орж ирдэг. Тийм ч учраас дөнгөж танилцсан ч бай, чөлөөтэй янз бүрийн юм асууж, тэр хүнийг илүү их танин мэдэхийг хүсдэг. Ер нь нэлээн хамаагүй асууна шүү (инээв).

Дэлгэрэнгүй: Би хэрхэн ажилладаг вэ? - UB.Life сайтын ерөнхий эрхлэгч, Ц.Балдоржийн шагналт сэтгүүлч Ж.Тэгшжаргал

Зочин маань хавар ярилцлага өгөхдөө дурдаж байсан эсээ, тэмдэглэлийн "25" номоо тун саяхан хэвлүүлээд байгаа юм.

ТА ХЭДЭЭС ХЭДЭН ЦАГИЙН ХООРОНД УНТДАГ ВЭ?

Би өглөө бүр 4:30 минутанд босдог. Лондонд амьдарч байсан 17 настайгаасаа хойш ийм хэмнэлд орсон. Анх унтдаг цагаа 7 хоногийн 20 минутаар багасгасаар энэ дэглэмд орж байлаа. 9 цагт босдог байсан бол долоо хоногийн дараа 8:40-д, дараагийн долоо хоногт 8:20-д босож сурсан гэсэн үг.

Өглөө босоод би яг нэг цаг дасгал хийдэг. Дасгалаа дуусах үед цаг 5:50 болж байдаг юм. Тэгээд 1 цаг ном уншина. Үүний дараа 7 цагаас эхлээд 20 минут орчим бясалгалаа хийгээд ажлаа төлөвлөж, унших, сонсох юмнуудаа хийж байгаад ажилдаа ирэхэд 9 цаг болдог.

Ажил минь хурдтай, сонирхолтой өрнөдөг. 18 цагаас хойших цагаа олон нийтийн ажил, үүргүүддээ, мөн гэр бүл, найз нөхдөдөө зориулдаг. Тэгээд 23:30-д унтддаг даа. 5 цагийн нойрыг бол заавал авна.

Дэлгэрэнгүй: Би хэрхэн ажилладаг вэ? - Mongolia Talent Network-ийн захирал
Ж.Номин

Ж.Номингийн өөрийгөө хөгжүүлэх дадлууд гайхалтай. Чухам өөрөө ингэж үлгэрлэж байж карьерийн зөвлөх, амьдралын дасгалжуулагчийн хувиар бусдын амьдралыг өөрчилдөг биз ээ.

ТАНЫГ АЖИЛЛААГҮЙ ҮЕД ТАНЬ ХААНААС ОЛЖ БОЛОХ ВЭ?

Олон байгууллагын ТУЗ-д байдаг учраас олон янзын ажлын байранд хуралддаг. Ажлын бус цагаар голдуу гэртээ байна. Чөлөөт цагаараа хоол хийж хүн урихаас гадна Netflix-ээр кино үзэх дуртай. The Good Wife, Suits, The Crown, Outlander, House of Cards зэрэг цувралуудыг үзэж байлаа. Мөн Game of Thrones-ийг бол алдахгүй үзнэ (Зааланд залуучууд уулга алдан алга ташив). Хүүхдүүдтэйгээ ямар кино зүгээр вэ гэж зөвлөлддөг болохоор тэдний маань нөлөө бий бий.

Дэлгэрэнгүй: Би хэрхэн ажилладаг вэ? - Петровис ХХК-ийн ТУЗ-ийн дарга
Ж.Оюунгэрэл

Unplug 2017-ийн тайзнаа явагдсан энэ ярилцлага оролцогчдыг "байлдан дагуулсан" гэхэд болно. Ямар цувралуудыг үздэгээ ярьсных нь дараа залуучууд түүнийг "күүл" хэмээн тодорхойлох болсон юм.

ТА ХЭНЭЭС, ЮУНААС УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ ОЛЖ АВДАГ ВЭ?

Иймэрхүү асуултад хүмүүс Элон Маск, Ричард Брэнсон гэх мэт хүмүүсээс урам зориг авдаг гэж хариулах нь олон. Харин миний хувьд тэдгээр хүмүүсийн хийж буй зүйлс минийхээс хэмжээний хувьд ч тэр, салбарын хувьд ч тэс ондоо тул мундаг юм аа гэж бодохоос биш яг тэднээс суралцаад, газарт буулгаад хэрэгжүүлэх зүйлс олж хардаггүй. Тэдний оронд надаас нэг алхмаар илүү яваа, бизнесээ тодорхой хэмжээнд амжилттай авч яваа залуусаас илүү их урам зоригийг олж авдаг. 10-50 сая долларын үнэлгээтэй компаниудын үүсгэн байгуулагчид бол ийм хүмүүст тооцогдоно.

Миний Ричард Брэнсоноос хөрөнгө оруулалт авсан түүх твиттерийн нэг жиргээнээс л эхэлж байсан юм. Түүний “Миамид ирж 2000 долларыг буяны үйлсэд хандивлан, надтай цуг коктейл уунгаа уулзаж болно шүү” гэсэн утгатай жиргээг хараад шууд холбогдох хаяг руу имэйл бичиж байлаа. Тухайн үед би дөнгөж 18 настай байсан болохоор коктейл уунгаа ярилцаж чадахгүй ч тантай уулзахыг хүсэж байна гэдгээ илэрхийлсэн имэйл явуулсан. Хариу ч удалгүй ирж, 2000-4000 долларыг хандивлаж чадахуйц, мөн Миамид ирэх бололцоотой бол хүрэлцэн ирэхэд нээлттэй шүү хэмээсэн. Гэвч компаниа дөнгөж эхлүүлэд байсан ах бид хоёрт нөгөө хандивлах мөнгө нь байтугай Сан Францискогоос Миами руу нисэх тасалбарын мөнгө ч байхгүй байлаа. Хамгийн түрүүнд аав руугаа залган тусламж асууж, учраа тайлбарлаж хэлтэл намайг зээлийг эргэн төлөх төлөвлөгөөг тусгасан бизнесийн санал шиг зүйл бичиж ир гэдэг байгаа (инээв). Тэгээд шөнөжингөө сууж түүнийг нь бичиж дуусгаад эцэст нь 3 сарын дотор эргэж төлөх нөхцөлтэйгөөр ааваасаа 2000 доллар зээлсэн. Миамид очсон гол зорилго бол Ричардын имэйл хаягийг л авах байлаа. Санаагаа танилцуулах хэрэгтэй ч чамд зөвлөж, чиглүүлж явах хүнтэй урт хугацааны харилцаа үүсгэх нь илүү чухал гэж бид бодсон. Буцаж ирээд шууд л имэйлээр компанийнхаа танилцуулгыг явуулж маркетинг стратегийн хувьд зөвлөгөө авмаар байна гэсэн утгатай имэйл явуулж орхисон. Ричард биднийг Жерри Мюрдок гэдэг АНУ-д венчур капитал пүүс ажиллуулдаг найзтайгаа уулзахыг зөвлөсөн юм. Энэ бүхний эцэст Жерри, Ричард болон тэдний найз Алекс манай компанид 1.2 сая долларын хөрөнгө оруулалт хийсэн дээ. Түүнээс л миний бизнесийн гараа эхэлсэн гэж хэлж болно.

Дэлгэрэнгүй: Би хэрхэн ажилладаг вэ? Forge-ийг үүсгэн байгуулагч, "2 Billion Under 20" номын зохиогч Стэйси Феррейра

Цахиур хөндийд маш амжилттай ажиллаж буй залуухан энтрепренертэй уулзах завшаан бидэнд тохиосон. Ердөө 25 настай ч тэр хэдийн Ричард Брэнсоноос хөрөнгө оруулалт татаж, ном бичиж, Forbes-ийн 30 хүртэлх насны шилдэг залуусын жагсаалтад багтаад байгаа юм.

ТАНЫ АМЬДРАЛДАА АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ ЮУ ВЭ?

МУИС-д дөнгөж ороод байх үед Ч.Баярхүү гэж багш минь "Монгол жижиг, МУИС жижиг, багш нар чинь жижиг. Тэгэхээр чи энэ хүрээнд л эргэлдвэл бүр л жижиг болно. Тиймээс гадаад хэл дээр ном уншиж бай" гэж хэлсэн нь том цочроо өгч билээ. Улмаар англи хэлийг махран судалж, мэргэжлийн номуудаа ч сайн уншсан. 1994 онд төгсөхдөө дипломоо англиар бичсэн анхны оюутнуудын нэг гэгдэж байлаа. Тухайн үед, юм үзэж нүд тайлсан, бизнес нь амжилттай явж байсан Буянгийн Жаргалсайханы дуу хоолой залууст хүчтэй хүрдэг байлаа. "Залуу хүний зорилго тодорхой байх ёстой" гэсэн үгийг нь санаж, англи хэл сурахыг гол зорилгоо болгосон доо.

Монголд оюутнууд 1-2 курстээ хичээлээ сайн хийж, багш нартаа шахуулж байгаад 3-4 курстээ хичээл ном нь ч багасаад, тун хялбар болоод ирдэг. Тэгэхээр 3-4 курстээ өөрөө сайн бие дааж, мэргэжлийн номуудаа унших хэрэгтэй. Оюутан хүний гол ажил чинь бие даан суралцах л шүү дээ. Зөв ном олж уншихын тулд зөв хүмүүсээс чиглэл авах ёстой. Тэгэхгүй бол нийгмийн ухааны хичээлүүд Монголд сайн хөгжөөгүй байгаа тул буруу ном уншаад давхичихвал "будаа тээх" аюултай. Сайн багш нар бол оюутнуудыг чиглүүлэх л үүрэгтэй байдаг.

Дэлгэрэнгүй: Би хэрхэн ажилладаг вэ? - Канадын Конкордиа их сургуулийн ассошиэт профессор, эдийн засагч Д.Лхагвасүрэн

Англи хэлийг эрт үзэж эхэлсэн нь ямар давуу үүсгэсэн тухай Лхагвасүрэн доктор хуваалцсан. Мэдлэгээ нэмж, хүрээллээ томсгохын чухлыг харуулсан нэгэн жишээ.

ЗАЛУУ МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ХАНДАН ХАМГИЙН ЧУХАЛ НЭГ ЗӨВЛӨГӨӨ ӨГӨӨЧ ГЭВЭЛ ЮУ ГЭЖ ХЭЛЭХ ВЭ?

"Худал амьдралаар олдож байгаа насаа битгий үр" гэвэл их л муухай сонсогдох байх даа. Өнөөдөр монголчууд худлаа юмыг мэдсэн мөртлөө тэрүүгээр амьдраад явж байна, байнга л нэгийгээ хуурч хулхидахыг илүүд үздэг болсон. Тэгээд үүнийгээ зах зээл гээд нэрлэчихсэн. Энэ хүмүүнлэг амьдрал мөн үү? Үнэн амьдралд үнэн нь ялдаг бол худал амьдралд худлаа нь ялдаг юм байна. Бидэнтэй хамтарч японы уран зохиол гаргаж байгаа Томоко гэж нэг япон бүсгүй бий. Тэр нэг удаа би Монголд ирээд муухай юм их сурч байна аа гэсэн шүү. Шударга биш нийгэмд шударга бус байх нь ашигтай байх шиг байна гэсэн. Хоёр намд л орохгүй бол бор зүрхээрээ амьдрахад хүрдэг. Ийм ялгавартай амьдрал хэцүү ш дээ. Хүмүүс аргаа бараад намд орж байна. Тэрнээс үзэл бодолдоо автаад бус, зарим нь бүр ядарсандаа энэ намууд руу чинь зүтгэдэг. Залуучууд улс төрчдийг дагаж маш бэртэгчин болсоор байна, тэрүүхэндээ аргалаад л, янз бүрийн юм горьдоод л явцгаана. Ийм амьдралын төгсгөл ямар аймшигтай болдгийг Толстойн "Иван Ильичийн үхэл" зохиолд маш гоё бичсэн байдаг. Өчигдөрхөн мэдээгээр Францын Ерөнхийлөгч болсон Макроныг хараад, ганцхан жилийн өмнө эхлүүлсэн улс төрийн хөдөлгөөнөө амжилтанд хүргэж өөрөө ерөнхийлөгч болсон төдийгүй, он удаан жил төр барьсан намуудыг шахаад ажилгүй болгож байна. Болдог л юм байна, сэтгэл сэргэмээр гоё санагдсан.

Дэлгэрэнгүй: Би хэрхэн ажилладаг вэ? - Адмон группийн ерөнхий захирал Р.Энхбат

Энэ асуултад бид Энхбат захирлын гашуун ч гэсэн санаж сэрж явууштай үгийг онцоллоо. Шударга бус нийгэмд шударга бус байхыг тэвчиж, шударга болгохын төлөө зүтгэх хэрэгтэйг санацгаая.

Та ирэх жилийн "би хэрхэн ажилладаг вэ?" буланд хэн хэнийг оролцоосой гэж хүсэж байна вэ?

Эрхэм уншигч танд энэ асуултын хариултыг үлдээе. Ажлын арга барил, амжилтын нууцаас нь илүү ойроос, өөр өнцгөөс мэдэхийг хүсэж буй үүсгэн байгуулагчид, гүйцэтгэх захирлууд, шинийг санаачлагчид, бүтээгч хүмүүсийг нэрлээрэй. Танд шинэ оны мэнд хүргэе!

2017 оны онцлохуудыг нэрлэх Unread Special цуврал контент танд дараах хуваарийн дагуу хүрнэ:

12.25: Оны онцлох гарааны бизнесүүд
12.26: Оны онцлох аппликэйшнүүд
12.27: "Би хэрхэн ажилладаг вэ?" - Шинэ оны тусгай дугаар
12.28: Атаархлын жагсаалт - Оны онцлох нийтлэлүүд
12.29: Оны онцлох кинонууд
12.30: Оны онцлох номууд
12.31: Оны онцлох үйл явдлууд

Хэрвээ уншигч та бүхэн энэхүү жагсаалтуудад өөрийн зүгээс саналаа илэрхийлэхийг хүсвэл бидэнтэй editor@unread.today хаягаар холбогдоорой.