Шинэ жилийн тусгай-цуврал нийтлэлийнхээ энэ дугаарт бид зочидтойгоо хамтран 2017 оны онцлох аппуудыг хүргэж байна. Өнгөрч буй онд дотоод гадаадын олон шинэ апп бүтээгдэж, эрс шинэчлэл хийж, та бидний өдөр тутмын амьдралд нэвтрэн, дотны нөхөр мэт болсон билээ. Бид тэдгээр аппуудыг та бүхэнд тухай бүрт нь танилцуулж байсандаа, ирэх онд ч шинэ содон, сонирхолтой аппуудыг таниулж, олон монгол апп-ийн нээлтээ хийх талбар болох болно гэдгээ дуулгахад таатай байна.

ЗООГ + SOCIAL PAY + НАЙЗ

Бичсэн: С.Тэнгис (Supreme Solution ХХК-ийн захирал)

Зоог
Саяхан нээлтээ хийсэн тус апп нь таны эргэн тойронд орших зоогийн газрууд, хоол хүргэлт, кофе шоп, найз нөхөдтэйгээ үдшийг өнгөрөөх уушийн газруудыг санал болгодог. Яг л бидний хэрэгцээнд нийцэх “өглөөний цай”, “өдрийн хоол”, “монгол”, “солонгос”, “халуун тогоо”, “бэйкэри” гэх мэт олон сонголттой байгаа нь хэрэглэхэд их эвтэйхэн. Хайлтаар олдсон газруудын цагийн хуваарь, танаас хэр хол байгааг шууд жагсаалтаар харуулчихдаг болохоор сонголтоо хийхдээ олон юм бодохгүй амар болсон байна лээ.

Татах: iOS, Android

Social Pay
Найз нөхөд, танилдаа мөнгө шилжүүлэх бол Голомт банкнаас гаргасан энэхүү апп-ийг хэрэглэж сураарай. Данс нэр асууж шалгаах шаардлагагүй зүгээр Facebook, Twitter найзаа сонгоод явуулахад л хангалттай. Шилжүүлэх, шилжүүлэн авах аль аль нь уг аппликейшн-д бүртгүүлсэн байх ёстой. Бүртгүүлэхэд апп-аараа л бүртгүүлнэ, салбар уруу нь явах шаардлагагүй.

Татах: iOS, Android

Найз
Олдмол эсвэл төрөлхийн өвчин эмгэгийн улмаас харилцааны бэрхшээлтэй болсон, эсвэл зүгээр л хэлд орж үг сурч буй бяцхан хүүхдүүд энэ апп-ийн хэрэглэгч болох юм. Хэрэглэгч өөрийн илэрхийлэхийг хүссэн үг, өгүүлбэрээ зургаар болон текстээр сонгон дарахад бичсэн үгийг нь хоолой уншиж илэрхийлэх болно. Аутизмтай аав ээжүүдийн холбооноос санаачлан олон нийтийн санхүүжилтаар боссон апп юм.

Татах: Android

HABIT MINDER + TELEGRAM

Бичсэн: Ө.Үнэнбүрэн (Skinny Studio-г хамтран байгуулагч)

Миний хувьд 2017 оны шинэ аппуудаас HabitMinder-ийг онцолмоор байна. Хүмүүс өөрсдийгөө худлаа ярьдаггүй гэж боддог байж магадгүй ч, одоо яг фитнесстээ таслахгүй явна, өдөрт 2 литр ус ууна гэх мэтээр өөрөө өөртөө байнга л худлаа амлаж байдаг. Харин HabitMinder нь өөртөө зорилго тавьж, түүндээ хүрэхэд маш сонирхолтой аргаар тусалдаг.

Татах: iOS

Мөн аюулгүй болон хурдтай байдлаараа эрс ялгардаг чат апп Telegram-ийг санал болгоё. Telegram Channel буюу групп чатуудад орж, бизнесийн орчны талаар нарийн мэдээллүүд авах боломжтой. Бүр цаашлаад зарим группуудэд төлбөртэйгээр VIP гишүүн болж, илүү нарийн дотоод мэдээллүүдийг авах боломж ч үүсдэг. Жишээ нь биткойн, крипто мөнгөний сувгууд нь ийм гишүүддээ аль Койн нь өсөх, унах талаар, мөн ямар нь Coinbase мэтийн эксченж дээр арилжаалагдаж эхлэх гэж буй талаар урьдчилан мэдээлэл өгдөг.

Татах: iOS, Android

УБЦТС ХК-ийн апп

Бичсэн: О.Цолмон (Batu Digital-ийн Технологи хариуцсан захирал)

Хэрэглэгч цахилгаантай холбоотой бүх мэдээлэл болон үйлчилгээг нэг дороос цахим хэлбэрээр авах боломжийг олгосон тун дажгүй апп. Сар бүрийн цахилгаан хэрэглээний графикаа харж төлбөрөө төлөхөөс гадна дуудлага өгч, өгсөн дуудлагынхаа төлөвийг хянах боломж олгосон нь итгэл төрөхүйц. Дизайн болон ажиллагааны хувьд шинэлэг, хэрэглэхэд хялбар, ялангуяа УБЦТС-ийн ажилтнууд болон хэрэглэгчдийн хооронд мэдээлэл дамжих явц нь ил тод, түргэн шуурхай байгаа нь энэ апп-ийг цаашдаа олон хүн байнга хэрэглэх нэг том шалтгаан болно гэдэгт итгэж байна.

Татах: iOS, Android

BEECO + AMPERE

Бичсэн: Б.Намнандорж (Remo-г үүсгэн байгуулагч)

Сүүлд гарсан монгол аппуудаас Beeco тун ч их таалагдсан шүү. Цувж явж түгжирснээс цуглаж бийкодоод хэмнэе уриатай энэ апп нь хүмүүст нэг зүг рүү нэг машинаар явах боломжийг олгох юм. Энэ апп-ийг хэрэглэж сурвал бид мөн ч их мөнгө төгрөг, цаг завыг хэмнэнэ дээ. Одоохондоо шинэ учраас хүмүүс л сайн мэдэх хэрэгтэй байна.

Татах: Android

Мөн Аmpere гэх апп-ийг санал болгоё. Энэ апп таны утасны батерей ямар хүчин чадалтай болон ямар хүчин чадлаар цэнэглэгдэх, яаж цэнэгээ алдаж байгааг харуулдаг.

Татах: iOS, Android

SMARTCARMN

Бичсэн: А.Ундрал (Unread-ийн хамтран байгуулагч)

Машин барьдаг хүмүүсийн цагийг хэмнэсэн, авто тээврийн үйлчилгээнүүдийг нэг дор үзүүлэх апп саяхан гарч ирснийг сонсоод ихэд олзуурхсан. Smartcar.mn хэмээх төрийн хэд хэдэн байгууллагын хамтран хийсэн энэхүү апп нь жолооч нарт автомашиныхаа татвар, хураамжийг төлөх, торгууль, даатгал болон техникийн хяналтын мэдээлэл харах зэрэг олон хэрэгцээт үйлчилгээг утаснаасаа авах боломжийг олгодог. Банкинд оочирлож цагийг хэмнэсэн ийм л үйлчилгээ жолооч нарт хэрэгтэй байсан.

Татах: iOS, Android

GOOGLE MOTION STILLS

Бичсэн: О.Бүтэд (Unread-ийн контент продюсер)

Google-ийн судалгааны багаас гаргасан Motion Stills хэмээх хөдөлгөөнт зураг, бичлэгийг өндөр түвшинд хийх зориулалттай апп нь энэ жилээс Android, iOS хоёрын аль алин дээр ашиглах боломжтой болсон. iOS-д Live Photos хэмээх нэмэлт гарч ирснээр хойш эрэлттэй аппуудын тоог тэргүүлсээр байгаа юм. Хөдөлгөөнт дүрсийг илүү тогтвортой болгох, зураг бичлэгийг рендерлэх технологи нь бусад ийм төрлийн аппуудаас ялгаж өгч чадсан бөгөөд зөвхөн микро бичлэг, gif гэлтгүй cinemagraph гэх мэтийг хийж болох юм байна. Ялангуяа gif ашиглах нь тренд болоод байгаа үед утсандаа суулгачихсан байх ёстой аппуудын нэг.

Татах: iOS, Android

2017 оны онцлохуудыг нэрлэх Unread Special цуврал контент танд дараах хуваарийн дагуу хүрнэ:

12.25: Оны онцлох гарааны бизнесүүд
12.26: Оны онцлох аппликэйшнүүд
12.27: "Би хэрхэн ажилладаг вэ?" - Шинэ оны тусгай дугаар
12.28: Атаархлын жагсаалт - Оны онцлох нийтлэлүүд
12.29: Оны онцлох кинонууд
12.30: Оны онцлох номууд
12.31: Оны онцлох үйл явдлууд

Хэрвээ уншигч та бүхэн энэхүү жагсаалтуудад өөрийн зүгээс саналаа илэрхийлэхийг хүсвэл бидэнтэй editor@unread.today хаягаар холбогдоорой.