Хайх зүйлээ бичээд enter дарна уу

7 Хоногийн Тойм   11 сарын 19, 2017

7 хоногийн тойм: Нүдээ нээсэн Монгол түмэн + Дэлхийг чимсэн Монгол гоо + Бөмбөрцгийг чичрүүлсэн Монгол бахархал

Монголын мисс Ц.Энхжин топ 15-д багтан бахдам амжилт үзүүлэв

Анхаарлын төвд

Хүүхдийн хүчирхийллийн эсрэг улс орон даяр өрнөж буй "Нүдээ нээ" хөдөлгөөнийхөн өнгөрсөн бямба гарагт Сүхбаатарын талбайд жагсаал хийж, нийгмийн өмнө тулгараад буй энэхүү эмзэг асуудалд анхаарлаа хандуулахыг шаардлаа. Одоогоор тус хөдөлгөөнд 30 мянга гаруй хүн нэгдэж, гарын үсгээ зураад байгаа бөгөөд эдгээр иргэдийн гарын үсэг бүхий шаардлагыг шат шатны байгууллагуудад ирэх долоо хоногоос эхлэн хүргэх юм байна. Энэ хугацаанд хэдэн зуун мянган хүн энэхүү хөдөлгөөнд нийгмийн сүлжээгээр дамжин нэгдэж, 5 аймгийн иргэд болон 10 гаруй улс оронд амьдарч байгаа Монголчууд дэмжиж байгаагаа илэрхийлэн зураг, гарын үсгээ илгээжээ.

Gogo: Нүдээ нээ нэгдсэн жагсаал боллоо

Зимбабве улсад болж буй засаглалын хямрал энэ долоо хоногийн онцлох мэдээ байв. Лхагва гарагт тус улсын армийн цэргүүд ерөнхийлөгч Мугабе дэд ерөнхийлөгчөө үүрэгт ажлаас нь чөлөөлж, эхнэр Грэйстээ ажлаа залгамжлуулж болзошгүй нөхцөл үүссэний дараа Зимбабвегийн төв телевиз ZBC-г эзлэн авч, мэдэгдэл хийсэн нь төрийн эргэлт гарч буй мэт сэтгэгдлийг дэлхий нийтэд төрүүлсэн юм. Хэдий армийн удирдлагууд үүнийг эрс няцааж буй ч тус улсыг сүүлийн 37 жил удирдаж буй ерөнхийлөгч Роберт Мугабе болон түүний гэр бүлийг гэрийн хорионд оруулсан нь ард түмнийг баяр хөөрт автахад хүргэсэн гэж хэлж болно. Нийслэл Харарегийн төв талбайд хэдэн арван мянган ард иргэд баярын жагсаал хийж, авилгал хээл хахууль, тэгш бус байдал болон хүчирхийлэл-хүний эрхийн асуудал дүүрэн өнгөрсөн Мугабегийн эриний төгсгөлийг шаардсаар байгаа юм. Эрх баригч ZANU-PF намын удирдлагууд нийслэлд цугларч, ажлаа хүлээлгэн өгөхөөс татгалзаад буй 93 настай Мугабег намын даргаас чөлөөлж, экс дэд ерөнхийлөгч Э.Мнангагваг оронд нь томилжээ. Африкийн холбоо болон дэлхий нийт тус улс дахь нөхцөл байдлыг анхааралтай ажигласаар байна.

BBC: Зимбабвед юу болоод байна вэ?

Нүдээ нээсэн Монгол, гэрэл зургийг Идо

Энтертэйнмент ертөнцийн эргэн тойронд

БНХАУ-ын Санья хотноо 67 дахь удаагийн "Дэлхийн Мисс" тэмцээн явагдаж, дүнгээ гаргалаа. Энэхүү тэмцээнд Монгол улсыг төлөөлөн оролцсон Ц.Энхжин эцсийн шалгаруулалтанд топ 15-д шалгарч, бахдам амжилт үзүүлэв. Үүнээс гадна тэрээр "Мултимедиа Мисс" шалгаруулалтанд 1-р байр эзэлж, "Ард түмний сонголт" төрөлд түрүүлсэн байна. Дэлхийн 118 орны миссүүд 20 гаруй хоногийн турш өрсөлдсөн энэхүү тэмцээнд Ц.Энхжин маань "Зорилготой Мисс" төрөлд топ 20-д, "Спортлог Мисс" төрөлд топ 8-д, "Топ модель мисс" төрөлд топ 20-д тус тус шалгарсныг мөн онцолъё. Уг тэмцээнд Энэтхэгийн мисс Мануши Чхиллар түрүүлж, тус улсаас тодорсон 6 дахь дэлхийн мисс болов. Өнгөрсөн жилийн тэмцээнд А.Баярцэцэг топ 11-т шалгарч, мөн түүхэн амжилт үзүүлж байсан билээ.

Unread: "Би хэрхэн ажилладаг вэ?" - 2017 оны Монголын Мисс, Дэлхийн мисс тэмцээний оролцогч Ц.Энхжин

Хүн төрөлхтний түүхэнд төрөн гарсан хамгийн цуут уран бүтээлч-сэтгэгчдийн нэг Леонардо Да Винчигийн 1500-аад оны эхэн үед бүтээсэн гэх Salvator Mundi буюу Дэлхийг Аврагч нэртэй уран зураг түүхэн дэх хамгийн үнэтэй бүтээл боллоо. Дэлхийн хамгийн алдартай дуудлага худалдаа зохион байгуулагч Christie-ийн явуулсан арга хэмжээ 20 минут үргэлжилж, 100 сая доллараас эхлэсэн үнэ хормын дотор 400 сая доллар даван, улмаар утсаар холбогдож, нэрээ нууцласан эрхэм 450,3 сая долларын үнээр энэ зургийг худалдан авав. Да Винчигийн үлдээсэн 20 хүрэхгүй зургаас хувийн цуглуулганд үлдсэн сүүлийн уг зургийг "21-р зууны урлагийн түүхэн дэх хамгийн чухал олдвор" хэмээн тодорхойлсон бөгөөд 2005 онд жинхэнэ эх зураг нь мөн хэмээн шинжээчид хүлээн зөвшөөрсөн юм. 1958 онд "хуурамч", "гэмтэлтэй" гэсэн шалтгаанаар 45 фунтээр л зарагдаж байсан уг зургийг ОХУ-ын тэрбумтан Дмитри Рыболовлев 2013 онд 127 сая доллараар худалдан авч, эзэмшиж байжээ. Уг зургийн чанар, жинхэнэ эсэхэд эргэлзэж буй олон экспертүүд байсаар буй ч уг зураг дэлхийн хамгийн өндөр үнэ хүрсэн уран бүтээл болсон нь энэ. Мэргэжилтнүүд Арабын эсвэл Хонгконгийн тэрбумтнуудын нэг уг бүтээлийг худалдан авсан байж магад хэмээн үзэж байна.

Huffington Post: Яагаад Да Винчигийн бүтээл 450 сая доллар хүрсэн нь түүхчдийн санааг зовоож байна вэ?

Дэлхийн хамгийн алдартай рок хамтлагуудын нэг AC/DC-ийн гитарчин, үүсгэн байгуулагчдын нэг Малкольм Янг 64 насандаа таалал төгслөө. Тэрээр өөрийн дүү Ангусын хамтаар AC/DC-ийн бүх уран бүтээлийг бичиж, бүтэн үеийн эрч хүч, урам зоригийн охь нь болж, хөгжмийн ертөнцийн оргилд нэгэнт хүрсэн юм. 2014 он хүртэл уран бүтээлээ туурвисан тэрээр сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн шалтгаанаар гэр бүлийнхээ асаргаанд байсан аж. Түүний ах, хамтлагийн продюсер Жорж Янг 10-р сарын сүүлээр нас барсан билээ.

Дэлхийн хамгийн үнэтэй уран зураг - 450,3 сая долларын үнэтэй бүтээл

Бизнес, технологийн ертөнцийн эргэн тойронд

Нэрт энтрепренер Элон Маск цахилгаан машин үйлдвэрлэгч Теслагийн удтал хүлээлгэсэн ачааны машины шинэ загвар болох Tesla Semi-г танилцууллаа. 2019 оноос эхлэн худалдаанд гарах Tesla Semi 30 минутын цэнэглэлтээр 650 км-ийг туулах хүчин чадалтай бөгөөд 20 секундын дотор 100 км/цагийн хурд авах боломжтой гэнэ. Үүнээс гадна тэрээр Tesla Roadster буюу спорт загварын машиныхаа шинэ хувилбарыг танилцууллаа. 200 мянган долларын үнэтэйгээр борлуулагдах энэ машиныг Маск "түүхэн дэх хамгийн хурдан машин" хэмээн танилцуулсан бөгөөд 4 секундын дотор 160 км/цагийн хурдыг авах чадалтай, 400 км/цаг хүртэл хурдлах боломжтой гэнэ. Хэрвээ та 2020 онд худалдаанд гарах 2-р үеийн Roadster-ийг өөрийн болгохыг хүсвэл 50 мянган долларын барьцааг байршуулж, захиалгаа өгөөрэй.

The Verge: Теслагийн зарласан бүх зүйлс

31 тэрбум доллараар үнэлэгдэж буй Airbnb нэг өдөр 2 өөр стартап худалдан авч байгаагаа зарлалаа. Тэд "хөгжлийн бэрхшээлтэй аялагчдад зориулсан Airbnb" хэмээн өөрсдийгөө тодорхойлсон Accomable-ийг авч, үйл ажиллагааг нь өргөжүүлэхээ зарласан нь олон нийтийн талархлыг ихээхэн хүлээв. Үүнээс гадна тэд платформуудад зориулсан сурталчилгааны технологи хөгжүүлдэг Adbasis-ийг худалдан авсан байна. Энэ нь тэд зар сурталчилгааны хамгийн тохиромжтой загварыг олоход ихээхэн анхаарал хандуулж байгаагийн илрэл гэж үзэж болох юм.

Төслийн менежментийн хамгийн өргөн хэрэглэгдэж буй хэрэгсэл Trello ирэх оны 2-р сараас Японд үйл ажиллагаагаа явуулах болсноо зарлалаа. Энэ оны эхээр Atlassian-д зарагдсан тэд олон улсад үйл ажиллагаагаа тэлэх стратегийн хүрээнд хамгийн эхэнд Японыг онилон, Иокохамад оффисоо нээх болсон байна.

Гадаад хэл суралцах хамгийн алдартай апп-уудын нэг Duolingo өнгөрсөн долоо хоногт анх удаа Хятад хэлний хичээлийг платформдоо нэмлээ. Хэрэглэгчдийн хамгийн ихээр захиалж байсан гэх энэ хэлийг нэмсэн нь тэдэнд цоо шинэ зах зээл рүү нэвтрэх боломж олгоно хэмээн тэд найдаж байна. Тэд энэ оны эхээр Япон, Солонгос хэл нэмсэн нь анхны ази хэлний хичээлүүд нь болж байсан билээ.

17 насандаа Фэйсбүүкт ажиллах болсноороо хамгийн залуу ажилтан нь болж байсан Майкл Сайман хэмээн инженерийн шинэ тоглоом олон нийтийн анхааралд ороод байна. Өнгөрсөн 8-р сард 3 жил ажилласан Фэйсбүүкээ орхиж, Гүүглийг зорьсон тэрээр найзуудынхаа "нууц факт"-ыг таадаг, өсвөр үеийнхэнд зориулсан Lies хэмээх тоглоомоо гаргасан нь тэр даруйдаа ахлах сургуулийнхан дунд хамгийн их татагдсан апп болжээ.

Элон Маскийн ээлжит бэлэг - Тесла Семи

Бизнесийн ертөнцийн эргэн тойронд

Дэлхийн медиа, энтертэйнмент ертөнцийн хамгийн нөлөө бүхий эрхэм Руперт Мурдок өөрийн эзэмшдэг "21st Century Fox"-ийг зарахад нээлттэй байгаа гэнэ. Түүний гэр бүл эгнээндээ Европ, Америк, Азийн зах зээлийн гол мэдээлэл, контентийн бизнесийн тоглогчид болох Fox, Star, Sky-ийг нэгтгэсэн уг бизнесээ Диснейд зарахаар хэлэлцээр эхлүүлсэн тухай мэдээ гарсан нь олны анхаарлыг татав. Үүний дараа Sony, Verizon, Comcast зэрэг бусад өрсөлдөгчид нь ч энэхүү наймааг хийхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн нь тэдний хувьцааны үнэлгээг 6 хувиар өсгөхөд хүргэжээ.

Vulture: Яагаад Мурдок гол бизнесээ зарахыг хүсэв?

Технологийн орчны мэдээ, нийтлэлийг дагнан хүргэдэг хамгийн их уншигчтэй медиа платформ Mashable шинэ эзэнтэй болж байгаа гэнэ. The Wall Street Journal-ийн мэдээлснээр тэд 90 жилийн түүхтэй америкийн медиа гигант Ziff Davis-д 50 сая доллараар үнэлэгдэн зарагдаж байгаа аж. 2005 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж буй Mashable өмнө нь 250 сая доллараар үнэлэгдэн хөрөнгө оруулалт татаж байсан ч сүүлийн саруудад шинэ хөрөнгө татах оролдлого нь амжилтгүй болсны дараа ийм шийдвэр гаргаж байгаа бололтой. Ziff Davis-ийн харьяанд AskMen, PC Magazine, IGN зэрэг 10 гаруй брэнд багтдаг.

WSJ: Mashable зарагдлаа

Дубайд явагдаж буй агаарын тээврийн хамгийн том шоу Dubai Airshow-д Airbus, Boeing-ийн өрсөлдөөн дээд цэгтээ хүрээд байна. Энэ жилийн гол худалдааг хийж байсан Boeing flydubai-д 25 тэрбум доллараар үнэлэгдэх 175 онгоц нийлүүлэх гэрээ хийсний дараахан Airbus бүр том хэлэлцээрийг амжилттай хийж, олныг гайхшруулав. Тэд Америкийн Indigo-д 50 тэрбум долларын өртөг бүхий 430 онгоц нийлүүлэх гэрээ хийсэн нь үнээрээ ч, тоо ширхэгээрээ ч салбарын рекордыг тогтоожээ. Indigo нь хямд нислэг санал болгодог авиа компаниуд болох Wizz Air, JetSmart, Volaris зэрэгт онгоц нийлүүлдэг компани юм.

Германы автомашин үйлдвэрлэгч Вольксваген 2022 он хүртэл гол брэндүүддээ 27 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийх болсноо зарлалаа. Хууль сахиулагчдад хуурамч мэдээлэл өгч байсан хэргээр буруутгагдаж, хөрөнгө оруулагчдын итгэлээ ихээхэн алдаад буй тэд энэ хугацаанд үйлдвэрээ бүрэн шинэчлэн, хүрээлэн буй орчинд ээлтэй технологиор цэнэглэж, цахилгаан машины үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч болох зорилго тавьж буй гэнэ.

21st Century Fox-д ийм брэндүүд багтдаг!

Спортын ертөнцийн эргэн тойронд

Өвлийн эхэн сарын шинийн нэгнийг их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр хэмээн "Монгол Бахархал"-ын өдөр болгон тэмдэглэх болсон. Энэ өдрийг тохиолдуулан жил бүр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан эрхэмд Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай. Энэ жилийн "Чингисийн одон"-ий эзнээр Хөдөлмөрийн баатар, МУГТ, олимпийн аварга Найдангийн Түвшинбаяр тодорч, шагналаа гардан авлаа. Н.Түвшинбаяр 2008 онд Бээжингийн олимпийн наадамд түрүүлснээр олимпийн дэвжээнээс алтан медаль хүртсэн анхны тамирчин болсон билээ. Тэрээр 2012 оны Лондоны олимпоос мөнгөн медаль хүртэж, 2017 онд ДАШТ-ээс хүрэл медаль зүүсэн бөмбөрцгийн бөх юм.

Gogo: Н.Түвшинбаярын хэлсэн үг бүрэн эхээрээ

Мэргэжлийн боксийн рингнээ хүч үзэж буй монгол боксчин Нямбаярын Төгсцогт карьерынхаа 9 дэх тулааныг өнөөдөр хийж, ялалт байгууллаа. Түүний энэ удаагийн өрсөлдөгч нь өөртэй нь адил ялагдал хүлээгээгүй байсан Филиппиний боксчин Хармонита Дела Торрес байсан юм. 9 үе үргэлжилсэн ширүүн тулааны эцэст олимп, дэлхийн аваргын мөнгөн медальт МУГТ Н.Төгсцогт шүүгчдийн саналаар ялалт байгуулжээ. Тэрээр өмнөх 8 тулаандаа бүгдэд нь нокоутаар ялалт байгуулаад байсан билээ.

Eagle: Н.Төгсцогт ээлжит ялалтаа байгууллаа

2018 оны хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох 32 багийн нэр тодорхой боллоо. ОХУ-д явагдах энэ тэмцээнд оролцох сүүлийн багууд плэйоффын тоглолтын дараагаар эцэслэгдсэн бөгөөд дэлхийн 4 удаагийн аварга Италийн шигшээ баг өнжих болсон нь хамгийн том шуугиан байв. Тэднээс гадна Нидерланд, Чили, АНУ зэрэг топ улсууд ДАШТ-ийг өнжинө. ДАШТ-ий хэсгийн шатны оноолт тааруулах сугалааны үйл ажиллагаа 12-р сарын 1-нд явагдах юм.

Нигерийн эмэгтэйчүүдийн бобслэйн шигшээ баг 2018 оны Пёнчаны өвлийн олимпийн наадамд оролцох эрхээ аван, давхар давхар түүхийн эзэд болов. Сонгон шалгаруулалтанд оролцох зардлаа GoFundMe-г ашиглан босгосон тэд 5 уралдааны дараа эрхээ авч, Нигери улсын түүхэнд өвлийн наадамд оролцох анхны тамирчид болсон байна. Үүнээс гадна тэд бобслэйн төрлөөр олимпод өрсөлдөх анхны Африкийн тамирчид болж байгаа юм.

Н.Төгсцогт "Монгол бахархал"-ын өдөр ялалтаараа бэлэг барив

Алдалгүй унших арван мэдээ

Reuters: SouthGobi Resources-ийн CEO Аминбөх баривчлагджээ
BBC: Сураггүй болсон шумбагч онгоцноос сигнал барьж авчээ
CNN: Ливаны экс ерөнхий сайд эх орондоо буцлаа
Recode: Stitch Fix-ийн IPO-ийн эргэн тойронд
NHK: Их аварга Харумафүжигийн хэргийн эргэн тойронд
NYT: Justice League хүлээлтийг давсангүй
Yahoo: Шри Ланкад шашины мөргөлдөөн гарав
Ikon: Б.Хурцын асуудлын эргэн тойронд
QZ: 2018 онд бүр их газар хөдлөлт тохиож магад
Variety: The Incredibles 2-ийн трэйлэр цацагдлаа

23692   3


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.