Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Номын тухай   09 сарын 30, 2017

"Тоомжиргүй амьдрах бяцхан урлаг" номын тухай + Онцлох эшлэлүүд

Өнөөдрийн танилцуулж буй, Монсудараас саяхан эрхлэн гаргасан "Тоомжиргүй амьдрах бяцхан урлаг" бол өөрийгөө хөгжүүлэх ном. Гэхдээ таны уншиж байсан, энэ чиглэлийн ихэнх номын санааг үгүйсгэсэн "тэс өөр" бүтээл гэж хэлж болно. Битгий хичээ, өөртөө итгэхээ боль, зовлонгоо дага, та бол онцгой биш гэх маягийн зөвлөгөөнүүдийг та эндээс уншина. Тийм ч учраас номын дэд гарчгийг "Сайхан амьдралд хүрэх эсрэг зам" гэж өгчээ. Хэдийгээр ингээд сонсоход итгэхэд бэрх боловч номыг нухацтай уншвал та нэгийг бодож, хоёрыг тунгаах вий.

НОМЫН ТУХАЙ

Эхлээд зохиогчийн тухай цухас танилцуулъя. Өдгөө 34 настай Марк Мэнсон 2007 онд буюу яг санхүүгийн уналт, эдийн засгийн хямралын үеэр төгсөж, наян жилд байгаагүй хамгийн муу ажлын зах зээл дээр гарчээ. Тэгээд нэлээд хэцүүхэн хэдэн сарыг туулсны дараа 2008 оноос онлайн бизнес буюу блог ажиллуулах болсон байна. 2009 онд болзооны блог, зөвлөгөө өгөх курс нь боломжийн орлого өгөх болсон тул гэрээ орхин Латин Америкийг зорьж, хөгжиж буй орнуудын бага өртгийг ашиглан бизнесээ өргөжүүлэхийн сацуу шинэ газар орон, соёлтой танилцахыг хүсжээ. Үр дүнд нь тэр 5 жилийн турш 55 улсаар аялж, олон найз нөхөдтэй болж, мөн өөрийнх нь хэлснээр олон амрагтай учирчээ. Ингэж явсныгаа тэрээр, мөнгийг биш эрх чөлөөг үнэт зүйлээ болгосонтой холбон тайлбарладаг.

"Тоомжиргүй амьдрах бяцхан урлаг" номдоо тэр, өөрийн амьдралд тохиолдсон явдлууд, тэдгээрээс олж авсан сургамжийг зарим сонирхолтой жишээ, судалгаатай холбон бичсэн байна. Номын гол санааг бүлгүүдийнх нь дараах гарчгууд илтгэнэ: "Битгий хичээ", "Аз жаргал бол асуудал", "Та онцгой биш", "Зовлон шаналлын үнэ цэн", "Сонголт үргэлж таных", "Та бүх зүйлийн талаар эндүү бодож байна", "Бүтэлгүйтэл бол урагшлах зам", "Үгүй гэж хэлэхийн ач холбогдол", ".... тэгээд та үхнэ".

Өөрөөр хэлбэл, та бол цорын ганц, давтагдашгүй хүн, эерэг сэтгэлгээ амжилтад хөтөлнө, сэтгэл хөдлөлөө удирд гэх мэт түгээмэл зөвлөгөөг өгөхийн оронд хүн гэдэг сул талтай, сэтгэл хөдлөлтэй, алдаа гаргадаг, буруу итгэл үнэмшилд автдаг, ихэнх хүн ихэнх зүйлийг дундаж хэмжээнд хийдэг гэдгийг зохиогч хэлж байна. Гагцхүү ийм нөхцөлд сайн сайхан, аз жаргалтай амьдаръя гэвэл өөрийн онцлог, сул тал, чадамжийг хүлээн зөвшөөрч, хатуу үнэнтэй нүүр тулгарч, ямар ч хүнд асуудал бэрхшээл зайлшгүй тохиолддог гэдгийг мэддэг байх хэрэгтэй хэмээн өгүүлжээ.

Энэ ном, таны хамгийн сайн найз хацрыг чинь алгадаж байгаа мэт мэдрэмж төрүүлнэ. Этгээд, сонирхолтой маш их зүйл бодогдуулсан бүтээл. Хэрвээ та үнэхээр бүх шалтгуудаа хойш тавиад өөрийн амьдралыг сайхан болгоход гол үүрэг гүйцэтгэхийг хүсэж байгаа бол энэ номыг унш.

"Амьддээшлүүл" бестселлер номын зохиолч, Nerdfitness.com-ийн үүсгэн байгуулагч Стив Кам

НОМЫН ЗАРИМ ЭШЛЭЛҮҮД

"Өөрийнхөө эмзэг талуудыг байгаагаар нь хүлээн авах нь эсрэгээрээ таныг илүү өөртөө итгэлтэй, бусдыг өөртөө татдаг нэгэн болгоно. Шударга харилцан ойлголцол нь таны харилцаанд илүү гайхамшигтай итгэл хүндэтгэлийг бий болгоно."

"Амьдралд тань үнэ цэнтэй гэсэн бүхнээ та тэдэнтэй холбоотой сөрөг зүйлсийг даван гарснаар олж авсан. Сөрөг зүйлсээс зугтах, зайлсхийх, байхгүй гэж итгэх зэрэг оролдлогууд байдлыг улам л дор болгоно. Зовлонгоос зайлсхийх нь зовлонгийн нэг хэлбэр юм. Бэрхшээлээс зайлсхийх нь өөрөө бэрхшээл. Ялагдлаа үгүйсгэх нь өөрөө ялагдал. Ичгэвтэр зүйлсийг нуух нь өөрөө ичгэвтэр хэрэг."

"Би амьдралыг үүнтэй адилтгаж хардаг. Бидэнд бүгдэд нь гарын мод ирдэг. Зарим нь бусдынхаас муу модтой байдаг. Хөзрөө хаяад, яах ч аргагүй мэт санагдаж болох ч жинхэнэ тоглоом хөзрөө хэрхэн ашиглах сонголт, үүрэх эрсдэл, тэдгээрийн үр дүнгийн дор нуугдаж байдаг. Покерт өгөгдсөн тохиолдол бүрд зөв сонголт хийдэг хүмүүс ялдаг зүй тогтол бодит амьдралд ч мөрдөгддөг. Заавал хамгийн сайн гарын модтой байх албагүй."

"Би цөөхөн дүрэмтэй амьдрахыг хичээдэг. Гэхдээ маш олон жилийн турш дагаж байгаа нэг дүрэм бий. Энэ бол хэрвээ асуудлын эзэн нь би юу эсвэл бусад бүх хүмүүс үү? гэх сонголттой тулгарвал надаас болсон байх нь хавьгүй илүү магадлалтай. Үүнийг өөрийн туршлагаасаа сурсан юм шүү. Би тоолж чадахаасаа ч олон удаа өөрийн эмзэг байдал болон буруу итгэл үнэмшил дээрээ тулгуурлан үйлдэл хийж байсан."

"Бид бүгдэд өөрсдийн үнэт зүйлс бий. Бид тэднийгээ хамгаалдаг. Түүнийхээ төлөө амьдарч, баталж, хадгалж үлдэхийг хичээдэг. Хүссэн хүсээгүй бидний тархинд бат суусан зүйл. Өмнө хэлсэнчлэн бид угийн мэддэг, тодорхой гэж боддог зүйлсдээ хэт туйлширч ханддаг. Хэрвээ би өөрийгөө сайхан залуу гэж итгэх юм бол энэ итгэлтэй харших бүх л нөхцөл байдлаас зайлсхийнэ. Хэрвээ би өөрийгөө маш сайн тогооч гэж итгэх юм бол өөртөө үүнийг дахин дахин батлах бүх л боломжуудыг хайна. Итгэл үргэлж бусдаас түрүүнд байдаг. Өөрийгөө хэрхэн хардгаа, хэн мөн, хэн биш гэж боддогоо өөрчлөхгүй л бол үгүйсгэл, бачимдлаа даван туулж чадахгүй. Өөрчилж ч чадахгүй."

"Сүүлийн хэдэн жилд надад тохиолдсон хамгийн чухал зүйл бол өөрийгөө зориулах тал дээр нээлттэй болсон явдал. Би амьдралынхаа хамгийн чухал хүмүүс, хамгийн чухал үйл явдал, хамгийн үнэ цэнтэй зүйлсээс бусдад нь татгалзсан. Бусад бизнес төслүүдээ хааж, бичих ажилдаа бүтэн цагаар суух болов. Ингэснээр миний вэбсайт урьд нь төсөөлж ч байгаагүйгээр алдартай болсон юм. Би нэг эмэгтэйд бүхнээ зориулж, өмнөх хөгжилтэй амьдрал, болзоо, нэг шөнийн явдал зэргээс хавьгүй аз жаргалтай байв. Би нэг л газартаа байж, жинхэнэ найз нөхдийн холбоогоо хоёр дахин ихэсгэсэн.
Миний олсон зүйл бодож байснаас үнэхээр өөр байв. Өөрийгөө бүрэн зориулснаар эрх чөлөө ирдэг юм. Үнэхээр чухал зүйлсдээ л анхаарал хандуулан хэрэггүй чухал биш зүйлсийг хаяснаар илүү боломжууд гарч ирж, илүү дээр болж эхэлсэн."

71183   4


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.