Хайх зүйлээ бичээд enter дарна уу

7 Хоногийн Тойм   09 сарын 24, 2017

7 хоногийн тойм: Пуужин хүү vs Зөнөсөн хөгшин + Дэлхийн хамгийн баян эмэгтэй + Мексикийн газар хөдлөлт

Газар хөдлөлтийн дараа Мехикогийн гудамж алхах зайгүй болтлоо айж сандарч, балмагдсан хүмүүсийн хөлд дарагджээ

Дэлхий дахинд

Мексик улсын нийслэл Мехико хотын ойролцоо 7,1 магнитудын газар хөдлөлт болж, дор хаяж 230 хүн амь насаа алдсан харамсалтай үйл явдал тохиолоо. Энэ нь 1985 оноос хойшхи тус бүсэд болж буй хамгийн хохиролтой газар хөдлөлт гэсэн үг юм. Эх сурвалжуудын үзэж байгаагаар амь насаа алдсан хүмүүсийн тоо 1000 ч дөхөж магадгүй бөгөөд эдийн засгийн хохирол нь 10 тэрбум доллартай тэнцэхүйц байх аж. Асар олон барилга байшин нурж, одоог хүртэл аврах ажиллагаа үргэлжилсээр байгаа юм. Сонирхуулахад, 32 жилийн өмнө 10 мянган хүний амийг авсан 8 баллын газар хөдлөлт яг уг үйл явдал тохиосон 9-р сарын 19-нд болж байжээ.

The Guardian: Газар хөдлөлттэй холбоотой бидний мэдэх бүх зүйлс

Энэ өдрүүдэд Нью Йорк хотноо явагдаж буй НҮБ-ийн Ерөнхий ассемблэй олон зүйлээрээ онцлогтой байлаа. Шинэ ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутьерез анх удаа ерөнхий ассемблэйн индэр дээрээс дэлхийн лидерүүдэд хандан үг хэлснээс гадна АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп ч анх удаа тайзан дээр гарав. Тэрээр гол анхаарлаа БНАСАУ-ын удирдагч Ким Чен Унд хандуулж, "пуужин хүү амиа хорлохоор зүтгэж байна" хэмээн хэлж, шаардлагатай бол Хойд Солонгосыг газрын хөрснөөс арчихад бэлэн хэмээн шууд хэлсэн нь олны анхаарлыг татлаа. Энэ жил гарснаас хойш 6 удаа цөмийн бөмбөгийн туршилт хийж, устөрөгчийн бөмбөгтэй болсон хэмээн зарлаад буй БНАСАУ-ын залуу лидер үүнд ундууцан, өөрийн биеэр мэдэгдэл хийн, Трампыг юу хийж байгаагаа мэдэхгүй зөнөсөн өвгөн хэмээн мэдэгдэж, асуудлыг улам хурцатгаад амжив.

BBC: Трамп болон Кимийн үгэн дайн

Жил бүр 212 сая хүн халдварлаж, 700 мянга гаруй хүн амь насаа алддаг малариа буюу хумхаа өвчний шинэ төрөл газар авч, түгшүүр зарлахуйц хэмжээнд очсоныг эрдэмтэд анхааруулсаар байна. Камбож, Вьетнам зэрэг орнуудад хурдацтай тархаж буй малариагийн энэ төрөл уламжлалт эмчилгээгээр эдгэхгүй байгаа нь эрдэмтдийн санааг зовоож буй. Шумуулаар халддаг энэхүү өвчний 92 хувь нь Африкт тохиолддог бөгөөд хэрвээ Африкт энэ эдгэрдэггүй төрөл тархвал дэлхийн хэмжээний "гамшиг" нүүрлэнэ хэмээн тэд үзэж байгаа юм.

Атлантийн далайд 5-р зэрэглэлийн ахин нэг хуй салхи дэгдэж, асар их хохирол дагуулсаар байна. Мариа нэртэй хуй салхи хамгийн багадаа 55 хүний аминд хүрч, хэд хэдэн улсын эдийн засагт үлэмж хэмжээний хохирол учрууллаа. Пуэрто Рикод 3 сая хүн ямар ч цахилгаангүй болж, Доминика, Гведалуп зэрэг улсуудад онц байдал зарлах хэмжээний сүйрэл болжээ. 2007 оноос хойш анх удаа нэг жилд 2 удаа хамгийн хүчтэй буюу 5-р зэрэглэлийн хар салхи дэгдсэн тохиолдол бүртгэгдсэн нь энэ юм.

Пхеньяны төв талбайд удирдагчийнхаа хариу үгийг сонсож буй ард түмэн

Бизнесийн ертөнцийн эргэн тойронд

Гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч L'Oreal-ийг эзэмшигч гэр бүлийн хамгийн нөлөө бүхий гишүүн, үүсгэн байгуулагч Эжений цорын ганц охин Лиллиан Беттанкур 94 насандаа таалал төгслөө. Ингэснээр түүний охин Франсуаза Беттанкур нийт 44,3 тэрбум доллараар үнэлэгдэх хөрөнгийг нь өвлөн авч, дэлхийн хамгийн баян эмэгтэй болж байна. Франсуаза сүүлийн 20 гаруй жил L'Oreal-ийн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаа ч хамгийн том буюу 33 хувийг эзэмшдэг гэр бүлээ төлөөлөн эх шигээ компанийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцох эсэх нь тодорхойгүй байна. Франсуаза Библийн судрыг судлан 5 боть ном бичсэн, өдөр бүр төгөлдөр хуураар хичээллэдэг, ихэнх цагаа ном, хөгжим сонирхон өнгөрөөдөг хаалттай гэдгээрээ дээдсийн хүрээлэлд танигдсан нэгэн. 2010 онд тэр ээжийгээ найзууддаа тэрбум еврогоор үнэлэгдэхүйц бэлэг, мөнгө тараасанд буруутган сэтгэл зүйн хувьд тогтвортой бус учир халамжинд авах ёстой хэмээн шүүхэд өгч байсан түүхтэй. L'Oreal-ийн 23 хувийг эзэмшигч Nestle болон бусад хувьцаа эзэмшигчид ирэх өдрүүдэд хуралдаж, компанийн ирээдүйтэй холбоотой шийдвэрүүд гаргах бололтой.

Bloomberg: L'Oreal-ийн залгамжлагч дэлхийн хамгийн чинээлэг эмэгтэй боллоо

Дэлхий хамгийн том тоглоом борлуулагч сүлжээ дэлгүүр Toys R Us дампуурлаа зарлалаа. 1948 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш дэлхий даяарх 1600 гаруй сүлжээ дэлгүүрээрээ дамжуулан бүх насны хүүхдүүдэд зориулсан төрөл бүрийн тоглоомыг борлуулж, олон нийтийн хамгийн хайртай брэндүүдийн нэг болсон тэд 5 тэрбум долларын өрөө төлж чадахгүй болсон гэнэ. Мөн хэрэглэгчдийн худалдан авалтын тренд өөрчлөгдөж, онлайн худалдаа руу шилжих болсонтой дасан зохицож чадаагүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар тэд зарим дэлгүүрүүдээ хааж, бүтцээ өөрчлөх гэх мэт брэндээ аварч үлдэхийн төлөөх алхамуудыг аль хэдийнэ хийгээд эхэлжээ.

Bloomberg: Toys R Us хэрхэн дампуурлын ирмэг дээр ирэв?

Туркийн үндэсний агаарын тээвэрлэгч Turkish Airlines Boeing компаниас 11 тэрбум долларын өртөгтэй 787 загварын 40 онгоцыг худалдаж авах гэрээ байгууллаа. Ирэх жил ашиглалтанд орох Истанбулын шинэ онгоцны буудлаараа дамжуулан Турк улс онгоцны тээврийн дэлхийн хамгийн том төв болох зорилготой байгаа билээ. Turkish Airlines үүнээс өмнө 75 алсын зайн нислэг хийх чадвартай 787 загварын онгоцтой байсан гэнэ. Boeing энэ жил 42 компанитай онгоц нийлүүлэх гэрээ хийж, сард 14 онгоц үйлдвэрлэж байгаа нь дээд амжилт болжээ.

Зүүн өмнөд азийн онлайн тоглоомын зах зээлийн томоохон тоглогчдын нэг Sea АНУ-д нээлттэй хувьцаагаа гаргахаар зэхэж байна. 4 тэрбумын зах зээлийн үнэлгээтэй тэд дор хаяж 1 тэрбум доллар босгох төлөвлөгөөтэй байгаа бөгөөд энэ оны хамгийн амжилттай IPO-ийн нэг болох магадлалтай хэмээн мэргэжилтнүүд үзэж байгаа юм. Тэдний гол платформ Garena-д сар бүр 40 сая хэрэглэгч тоглодог бөгөөд өдөрт 13 сая хэрэглэгч дунджаар 3 цагийг өнгөрөөдөг гэнэ.

Ээж, охины ээдрээт харилцаа эцэс болов. Франсуаза одоо дэлхийн хамгийн баян эмэгтэй!

Технологийн ертөнцийн эргэн тойронд

Дэлхийн хамгийн том такси дуудлагын үйлчилгээ үзүүлэгч Uber Лондон хотноо үйл ажиллагаа явуулах эрхээ алдлаа. Лондон хотын засаг захиргаа Uber-ийг олон нийтийн аюулгүй байдлыг хангаж чадахуйц үйлчилгээ үзүүлэх чадамжгүй нь удаа дараагийн явдлуудаар батлагдсан бөгөөд засаглал, үйлчилгээний чанарыг сайжруулах тал дээр дорвитой арга хэмжээ аваагүй учир лицензийг нь сунгахаас татгалзсан байна. Английн нийслэлд тус апп-ийг 3 сая хүн тогтмол хэрэглэдэг бөгөөд 40 мянган жолооч бүртгэлтэй байдаг гэнэ. Шинэ удирдлагатай болоод удаагүй байгаа Uber-ийн хувьд энэ маш том цохилт болох нь тодорхой бөгөөд 21 хоногийн дотор давж заалдах эрхтэй ажээ.

BBC: Uber-ийн ялагдал юуг өгүүлнэ вэ?

Байгууллагын харилцааны хамгийн их хэрэглэгчтэй хэрэгсэл болоод буй Slack 5 тэрбум долларын үнэлгээтэйгээр шинэ хөрөнгө оруулалт татлаа. Тэд 100 тэрбум доллар бүхий сан үүсгэчихээд буй Японы Softbank-аас 250 сая долларын хөрөнгө оруулалтаа авсан байна. Өдөрт 6 сая идэвхтэй хэрэглэгчтэй, ихэнх том компани дотоод харилцаандаа ашиглаж буй гэх Slack-ийг Амазон, Майкрософт тэргүүтэй гигантууд худалдаж авах санал тавьсан талаар эх сурвалжууд мэдээлсээр байсан билээ.

Techcrunch: Slack 5 тэрбумын үнэлгээтэй боллоо

Google Тайваний үйлдвэрлэгч HTC-ийн гар утасны салбарт 1,1 тэрбум доллар төлж, хамтран ажиллах болсноо зарлалаа. 2 компани хамтран өнгөрсөн жил Google-ийн анхны нэрийн гар утас Pixel-ийг гаргаж байсан удаатай. Гэхдээ энэхүү хэлцлийг шууд худалдан авалт гэж хэлэхэд учир дутагдалтай. Гүүгл HTC-ийн Тайпэй дэх оффист ажилладаг 2000 гаруй инженерт гар утасны үйлдвэрлэл, хөгжүүлэлтээ хариуцуулж хамтран ажиллахаар болж байгаа нь энэ. 10-р сарын эхээр зарлагдах шинэ утасныхаа өмнө энэхүү наймаагаа зарласнаар Гүүгл ухаалаг төхөөрөмж үйлдвэрлэлийн салбарт ихээхэн найдлага тавьж байгаагаа илтгэж байгаа юм. 2011 онд Моторолагийн гар утасны салбарыг 12 тэрбум доллараар худалдаж авсан ч удалгүй 3 тэрбум хүрэхгүй үнээр зарж байсан Гүүгл 2 дахь удаагаа өөрсдийн 100 хувь үйлдвэрлэсэн утастай болохоор санаархаж байгаа нь энэ билээ.

Өндөр хурдны тээврийн үйлчилгээ үзүүлэх технологи хөгжүүлэгч Hyperloop шинэ хөрөнгө оруулалт татлаа. Элон Маскийн үүсгэн байгуулсан тус компани 85 сая долларын хөрөнгө оруулалтыг 700 сая долларын үнэлгээтэйгээр татсан байна. Тэд өнгөрсөн 7-р сард Невадад анхны туршилтаа амжилттай хийгээд байгаа билээ.

Uber-ийг эргүүлэн авчрахыг хүссэн 500 мянган хүний гарын үсэг цугларчээ. Хүндхэн саруудын эцэст Uber олны дэмжлэгийг ийн авав.

Энтертэйнмент, спортын ертөнцийн эргэн тойронд

Америкийн телевизийн салбарын оны шилдгүүдийг тодруулдаг "Эмми" шагналын эзэд тодорлоо. Энэ наадмын гол од нь Hulu-ийн бүтээсэн The Handmaid's Tale байж, шилдэг бүтээл, шилдэг найруулагч, шилдэг эмэгтэй жүжигчин зэрэг 5 шагнал хүртлээ. Онлайн стриминг үзүүлэгчдээс анх удаа шилдэг драма бүтээлийн эзэд болсон платформ нь Hulu болсон нь энэ. Нийт 91 нэр дэвшилт хүртсэн Нетфликсээс фенүүдийн хувьд хамгийн алдартай Stranger Things бус Black Mirror хамгийн өндөр амжилтыг нь үзүүлж, San Junipero ангиараа "телевизийн шилдэг анги" шагналын эзэд болжээ. Хэдий хамгийн олон төрөлд нэр дэвшсэн Westworld нь төсөөлснөөс доогуур амжилт үзүүлсэн ч HBO энэ өдөр нийт 10 шагнал хүртэж, Николь Кидманы тоглосон Big Little Lies 5 төрөлд ялалт байгуулжээ. The Night Of-ийн Риз Ахмед шилдэг эрэгтэй жүжигчнээр шалгарч, энэ шагналыг хүртсэн анхны ази гаралтай, мөн муслим шашинтай жүжигчин боллоо. Эммиг телевизээр 11,4 сая хүн үзэж сонирхжээ.

Vox: Эммигийн ялагчид ба ялагдагчид

Холливудын хамгийн алдартай цувралуудын нэг Терминаторын шинэ анги албан ёсоор зарлагдлаа. Уг цувралын бүтээгч, анхны найруулагч, зохиогчоор ажиллаж байсан алдарт найруулагч Жэймс Камерон өөрийн биеэр энэ цуврал дээр ажиллах болсон нь фенүүдийн хувьд таатай мэдээ байв. Үүнээс гадна Сара Коннорын дүрээр цувралын хамгийн фентэй жүжигчин болсон Линда Хэмилтон 25 жилийн дараа Арнольд Шварцнеггерийн хамтаар кинондоо тоглох болжээ.

Hollywood Reporter: Ж.Камеронтой, С.Коннортой шинэ Терминатор

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп мэргэжлийн спортынхонтой маргаан дэгдээгээд амжив. Тэрээр америк хөлбөмбөгийн лиг NFL-ийн клубын эздэд хандан төрийн дууллын үеэр босоогүй тоглогчдоо шууд хасах хэрэгтэй хэмээн зохисгүй үгс ашиглан твиттерээр бичсэн нь олон нийтийг хуваагдахад хүргэсэн. Үүний дараагаар Цагаан ордонд зочлох хүсэлгүй байгаагаа мэдэгдсэн NBA-ийн супер од Стефен Каррид хандан "угаасаа уригдаагүй" хэмээн бичсэн нь бүр ч олон хүний ундууцлыг хүргэсэн юм. Леброн Жэймс тэргүүтэй олон спортын одод ерөнхийлөгчид дургүйцэж байгаагаа илэрхийлж, лигийн аварга Голден Стэйт Уарриорс багаараа ерөнхийлөгчтэй уулзах уулзалтаас татгалзаж байгаагаа мэдэгджээ.

Монголын Үндэсний Олимпийн Хороо наймдугаар сарын шилдэг тамирчдаа зарлалаа. Тухайн сард Монголын спортын ертөнцөд болж өрнөж буй үйл явдлуудыг дүгнэх, тамирчдаа алдаршуулах, спорт олимпизмыг түгээн дэлгэрүүлэх зорилготой энэхүү шагналын анхны эздээр жүдогийн ДАШТ-д түрүүлсэн, МУГТ Д.Сумъяа болон чөлөөт бөхийн дэлхийн аварга болсон ОУХМ П.Орхон нар тодорчээ.

The Handmaid's Tale -ийн 2-р улирал ирэх жилийн 4-р сард нээлтээ хийнэ

Алдалгүй унших арван мэдээ

Unread: Unread-ийн 2 жилийн ойд: Уншигчдадаа хүргэх захидал
NYTimes: Цөмийн дайнаас дэлхийг аварсан эрхэм таалал төгсчээ
People: Кайли Женнер бие давхар!
Techcrunch: MongoDB IPO хийнэ!
СNN: Эскобар болон Нетфликсийн гэр бүлийн маргаан!
BBC: Германд сонгууль явагдаж байна
Olympic: Пёнчаны Олимпийн медальтай танилц
The Drum: М.Зукерберг 75 сая ширхэг хувьцаагаа зарна
NBA: Кармело Энтони Тандерт ирлээ
Gogo: НИТХ-ын дарга Ц.Сандуй огцорлоо

18411   2


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.