Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Мэдүүштэй   07 сарын 27, 2017

LEAD Mongolia 2016-д оролцогчдын хэрэгжүүлж буй нийгмийн хөгжлийн 3 төсөл

АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Женифер Зимдал Галт Монгол Улсад ардчиллыг бэхжүүлэх манлайлагчдын шинэ үеийг бэлтгэх зорилгоор LEAD Mongolia хөтөлбөрийг санаачилсан билээ. Хоёр жилийн хугацаанд төрөл бүрийн салбарын, 25-40 настай, нийгэмдээ өөрчлөлт хийх хүсэл тэмүүлэлтэй чадварлаг 100 сонгон хамруулж буй тус хөтөлбөрийг АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (USAID)-ийн санхүүжилтээр, World Learning ТББ, Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэн (БНОУХ), Иргэний Боловсролын Төв (ИБТ) гэсэн 3 байгууллага хамтран хэрэгжүүлж байгаа юм. Бид энэ удаа тус хөтөлбөрийн эхний жилийн оролцогчдын хэрэгжүүлсэн сайн дурын 3 төслийг онцлон хүргэж байна. Эдгээр төсөлд World Learning ТББ эхлэлийн, бага хэмжээний санхүүжилт олгосон бөгөөд багууд нэмж мөнгө босгон төслөө хэрэгжүүлжээ.

"Ажилд хүрэх зам" төсөл

Төслийн зорилго: Нийгэмд буй ядуурал, ажилгүйдэл, тэгш бус байдлын цаад шалтгаануудыг танин мэдэх, эдгээрийн талаарх олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх "Ажилд хүрэх зам" баримтат киног бүтээж, олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр цацах зорилготой. Тус баримтат кино нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ээж, хөдөөнөөс малаа алдаад нүүж ирсэн айлын өрлөгчин охин, сонсголын бэрхшээлтэй залуу гэсэн 3 дүрийн ажилтай болж амьдралаа дээшлүүлэх гэсэн хүсэл тэмүүлэл, үүнд учирч буй саад бэрхшээлүүдийг харуулж, ядуурал, ажилгүйдлийн талаарх хэвшсэн өрөөсгөл ойлголтыг арилгахыг зорьжээ.

Хэрэгжүүлсэн ажлууд: - Төслийн баг "Ажилд хүрэх зам" киног бүтээсэн бөгөөд уг кино нь англи хэл дээрх хадмал болон дохионы хэлний орчуулгатай. Баримтат киноны нээлт маргааш буюу 7 сарын 28-ны 18.30 цагт Хаан Банкны театрт болох юм. Нээлтийн үеэр эдийн засагчид, судлаачид ажилгүйдэл, ядуурлын талаар хэлэлцүүлэг өрнүүлж, 2 дүрийн гараар урласан бүтээгдэхүүнүүд борлуулагдана.

-Баримтат киноны дүрүүд болох хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй, гоёл чимэглэлийн бүтээгдэхүүн урладаг ээж, сонсголын бэрхшээлтэй, сийлбэрч залуу нарын бичил бизнесийг брэнд болгон, фэйсбүүк хуудас хөгжүүлсэн. Мөн ээжийг гар урлалын сургалтуудад суулгаж, өрлөгчин охинд англи хэлний сургалтын төвд суулгах эрх олж өгсөн.

-Төсөл хэрэгжүүлэгч багийнхан цаашид төслөө сайн дураар үргэлжлүүлэх юм.

Дэмжиж буй байгууллага: Хаан Банк

Холбогдох: Ажилд хүрэх зам / Journey to Job (фэйсбүүк)

Агаарын бохирдлыг бууруулахад иргэдийг оролцоог нэмэгдүүлэх “Агаарын бохирдлыг бууруулах” төсөл

Төслийн зорилго: Гэр хороололд амьдардаг айл өрхүүд өөрсдөө агаарын бохирдлыг бууруулах арга замыг олоход мэргэжлийн дэмжлэг үзүүлэх зорилготой. Уг төсөл Сонгинохайрхан дүүргийн 7-9 дүгээр хорооны сургалтад хамрагдах хүсэлтэй 100 айл өрхийг хамруулжээ.

Хэрэгжүүлсэн, хэрэгжүүлэх ажил: -2017 оны 5 сарын 5-ны өдөр сэргээгдэх эрчим хүчний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, борлуулагч байгууллагуудын гэр хорооллын айл өрхүүдэд зориулж бэлдсэн, гэр хорооллын амины орон сууцны халаалтын шийдлүүд бүхий үзэсгэлэнг Corporate Hotel and Convention Centre-т нээж, Сонгинохайрхан дүүргийн 7-9 хорооны 92 иргэнд үзүүлсэн байна.
-Сургалт 2017 оны 5 сарын 5, 21, 27-ны өдрүүдэд Агаарын бохирдлын эрүүл мэндийн нөлөөлөл, Компакт сити төсөл, нарны эрчим хүч, дулаалгын шинэ технологи, дулаалгын өртгийг тооцоолж гаргах зэрэг сэдвүүдээр сургалт зохион байгуулсан байна.

-Цаашдын 2 сургалтын үеэр сургалтанд хамрагдсан гэр хорооллын айл өрхүүдэд, хөршийн холбоог сайжруулж, бүлэг дотроо хэлэлцэн дулаалгын мэргэжилтнүүдээс зөвлөгөө аван, өөрсдийн санхүүгийн боломжид тохируулан амины орон сууцаа дулаалахад дэмжлэг үзүүлнэ.

Дэмжиж буй байгууллагууд: NBC LLC, Mongol Energy Club, Mongolian Wind Energy Association

Холбогдох: 9903 2981

"Хариуцлагатай, ил тод сургуулийг бүтээцгээе" төсөл

Төслийн зорилго: Налайх дүүргээс (Баян-Өлгий аймгийн дараа орохуйц казах хүй олон байрладаг, хос хэлний боловсрол эзэмших шаардлагатай нийгмийн бүлэг төвлөрсөн) сонгон авсан нэг ерөнхий боловсролын сургууль дээр хариуцлагатай сургууль бий болгох загварыг турших замаар "ХАРИУЦЛАГАТАЙ, ИЛ ТОД СУРГУУЛИЙГ БҮТЭЭЦГЭЭЕ" аргачлал боловсруулан, бусад сургуулиудад түгээн дэлгэрүүлэх зорилготой. Төслийн үйл ажиллагаа Налайх дүүргийн Голомт цогцолбор сургуулийн ахлах ангийн сурагчид, эцэг эх, багш, ажилтнууд, сургуулийн удирдлага, бусад сургуулийн багш, ажилтан нийт 300 орчим хүнийг хамруулжээ.

Хэрэгжүүлсэн ажил: -
Төслийн баг 3 сарын хугацаанд 248 цагийн бэлтгэл хийн нийт 19 удаагийн уулзалт, 280 цагийн сургалт зохион байгуулсан бөгөөд Мэдээллийн ил тод байдал, мэдээлэл авах эрхийн тухай хууль, Шилэн дансны тухай хуулийн дагуу ил тод, хариуцлагатай сургуулийг бий болгох загварыг туршин, арга зүйг боловсруулсан байна. Ингэхдээ сургуулийн хамт олноос (сурагчид, эцэг эх, багш ажилтнууд, удирлдага) бүрдсэн хамтарсан багт сургуулийнхаа ил тод байдлыг үнэлэх даалгавар өгчээ. Цаашлаад үнэлгээндээ тулгуурлан сургуулийн түвшинд мэдээллийн урсгалыг сайжруулах, эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх, сурагчдыг идэвхжүүлэх замаар иргэний боловсролын агуулга хүргэсэн болно.

Цаашид төслийн багийнхан "Хариуцлагатай, ил тод сургуулийг бүтээцгээе" аргачлал бүхий гарын авлагаа монгол, казах хэл дээр боловсруулан хэвлэж, орон даяар түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөж байна.

Холбогдох: nominchimeg0606@gmail.com

18374   6


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.