Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Techworm   07 сарын 25, 2017

Код бичиж сурахын ач холбогдол + Үүнд туслах 5 апп

Гар утас, компьютер, таблет зэрэг нь технологийн эрин үед амьдарч буй бид бүгдийн амьдралын салшгүй хэрэглээ болоод байгаа билээ. Эдгээр төхөөрөмж дээр хийдэг бидний бүх үйлдлийн цаана бичсэн кодууд байдаг. Кодыг мэдээллийн технологийн мэргэжилтнүүд буюу кодерууд бичдэг ч одоо цагт мэргэжлийн бус хүмүүс ч бие даан код бичиж сурах боломжтой болоод буй. Өнөөдрийн нийтлэлийг бид код бичих талаар сонирхдог хүмүүст зориулан бэлтгэлээ.

КОД БИЧИЖ СУРАХЫН АЧ ХОЛБОГДОЛ

  • Технологийн мэдлэгээ нэмэгдүүлэх

Бид эргэн тойрон дах бүхий л зүйлс маань ямар нэг хэмжээнд технологийг өөртөө шингээж, ашиглаж байгаа үед амьдарч байгаа билээ. Магадгүй хэдхэн жилийн дараа гэхэд технологи ашигладаггүй компани олдохоо байна биз. Ийм үед код бичиж сурах нь ямар ч газар таны үнэ цэнийг нэмж чадах юм. Та өөрийг тань хүрээлж буй технологиудыг гүнзгий ойлгож мөн тэдгээрийг өөрт тохируулан өөрчилж хэрэглэх чадвартай болно. Жишээ нь, та компьютерийнхаа үйл ажиллагааны статистикийг хянах, эсвэл имэйл, мессежүүдийг хүлээн авах тохиргоондоо өөрчлөлт оруулж, ажлаа хөнгөлж болох юм.

  • Логик, бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүл

"Энэ улсын бүх хүн код бичиж сурах хэрэгтэй. Учир нь энэ чамд яаж бодохыг зааж өгнө." гэж Стив Жобс хэлсэн байдаг аж. Программист хүмүүст ямар нэг асуудал тулгарахад тэд юу юугүй код бичээд эхлэнэ гэж байдаггүй. Асуудлыг тэгж шийдэх нь боломжгүй. Харин түүнийг жижиг хэсгүүдэд хуваан түүн дээрээ ажилладаг. Код бичдэг хүмүүст энэ арга барил аль хэдийн дадал болсон байх нь элбэг бөгөөд аажмаар аливаа асуудлыг шийдвэрлэхдээ цэгцтэй хандаж, логиктой сэтгэж эхэлдэг. Улмаар асуудлаа сайтар ойлгосноор илүү бүтээлч шийдлийг олоход тусладаг байна.

  • Өөрийн вебсайтыг хөгжүүлэх

Wordpress эсвэл Weebly зэрэг талбаруудыг ашиглан өөрт хэрэгтэй вэбсайтаа бүтээх боломжтой ч, код бичиж сурснаар та олон төрлийн хэлийг ашиглан бусдаас ялгарах сайтыг бүтээж чадна. Жишээ нь компаний вэбсайтаа бусдаас хамаарахгүйгээр, хямд өртгөөр, өөрийн төсөөллөөр бүтээх боломжийг кодын мэдлэг өгдөг. Түүнээс гадна вэбсайт хөгжүүлэх чадвартай болно гэдэг бол ажлын талбарт ч өрсөлдөх чадвараа үлэмж нэмэгдүүлнэгэсэн үг.

  • Сэтгэл зүйн өөрчлөлт

Код бичиж сурна гэдэг эхлүүлэхэд амар ч үргэлжлүүлэхэд хэцүү зүйл. Шинэ код, санаа, технологи байнга гарч ирдэг тул амархан хоцрогдохгүйн тулд байнга өсөн дэвжих шаардлагатай болдог. Түүнээс гадна 1000 мөр код биччихээд нэг алдаа гарахад л таны програм хүссэнээр тань ажиллахгүй тул маш сайн тооцоолж, бодож, гарч ирэх олон алдааг засах ёстой болдог. Энэ нь тэгэхээр нэг ёсондоо тэсвэр хатуужлыг хүнд суулгадаг. Код бичиж эхлэхийн өмнө хамгийн түрүүнд зорилгоо сайн тодорхойлох хэрэгтэй. Та компанийнхаа вэбсайтыг хийх, хүмүүсийн мэдээлэлтэй харилцах, тэднийг холбосон аппликейшин бүтээх, эсвэл зүгээр л мэдлэгээ тэлэх зорилготой байж болно. Гагцхүү код бичиж сурах үед гарч ирэх бэрхшээлүүдийг давахын тулд таны зорилго бат, тууштай үргэлжлүүлэх хүслийг өдөөдөг байх хэрэгтэй.

Харин дараа нь ямар зорилготой байгаагаас хамаараад ямар програмын хэл судлах вэ гэдгээ шийднэ:

  • HTML болон CSS - Вэбсайтын гаднах төрх, текст, товчлуур, тэдний хэмжээ ба өнгийг тохируулахад;
  • Python болон Ruby - Вэбсайтын back-end code буюу үйл ажиллагааны ард байдаг код буюу логикийг бичихэд;
  • Java - Андройд үйлдлийн системд зориулсан аппликейшн хөгжүүлэхэд (Javascript - вэбсайтыг хэрэглэгчтэй илүү ойртуулах буюу илүү interactive болгоход);
  • Objective-C / Swift - iOS аппликейшн хөгжүүлэхэд;
  • C++ - Компьютерийн үйл ажиллагаанд хэрэгтэй програм, тоглоом болон аппликейшн хөгжүүлэхэд тус тус ашиглагддаг.

1. SOLOLEARN

SoloLearn нь дан ганц апп биш бөгөөд аппуудын цуглуулга гэж хэлж болно. Та ямар хэл сурахыг хүсч байгаагаас шалтгаалан аппаа татаж авах хэрэгтэй юм. Жишээ нь, вебсайт хийхийг хүсч байвал HTML эсвэл CSS, харин апп бичиж сурахыг хүсч байвал Java-г татаж авах нь тохиромжтой. Эдгээр програмын хэлүүдийг дотроо үндсэн ойлголт, бүтэц гэх мэтээр жижиг хичээлүүдэд хуваасан байх ба хичээл бүр нь тесттэй тул сурсан эсэхээ хялбар шалгаад явах нь ээ. Түүнчлэн эдгээр оноогоор дэлхий даяар энэ аппыг ашигладаг хүмүүсийг жагсаасан байх бөгөөд сурах үйл явцыг улам л өрсөлдөөнтэй, хөгжөөнтэй болгоно. Хамгийн гоё нь ийм их зүйлсийг өөртөө багтаасан энэхүү аппууд бүгд үнэгүй аж.

Татах: iOS, Android

2. EDX

Онлайнаар сурахыг зорьж буй хүн бүр edX-г андахгүй биз ээ. Тэдний хичээлүүд дунд код бичиж сурахыг эрмэлзэж буй хүмүүст зориулсан анхан шатны ба гүнзгий түвшний хичээлүүд олон буй. Бүхий л хичээлүүд нь гадны нэртэй сургуулиуд, байгууллагуудтай хамтарсан байдаг тул чанартай хичээлийг үнэгүй үзээд явах маш гоё боломж юм. Түүнчлэн тодорхой хэмжээний мөнгө төлөөд мэргэжлийн сертификат хүртэл авах боломжтой. Яг одооноос авхуулаад үзэх боломжтой хичээлүүдээс дурьдвал, MIT-аас гаргаж буй Python хэлний хичээл, HKUST-ээс гаргаж буй Javа хэлний анхан шатны хичээлүүд байна. Эдгээрээс гадна програмын хэлний маш олон хичээл байгаа тул өөрт тохирснийг сайтар хайгаад үзэх нь зүйтэй.

Татах: iOS, Android

3. UDACITY

Энэ апп-ийн хамгийн том давуу тал бол Google зэрэг томоохон компаниудтай хамтран өөрсдийн хичээлүүдийг бэлддэг. Зарим хичээлүүд нь үнэгүй ч үнэхээр Udacity-г тултал нь ашиглая гэвэл мөнгө төлөх шаардлагатай. Үнэтэй хичээлүүд нь мэргэжлийн хүмүүсээс тусламж авах, хичээл хамт үзэж буй хүмүүстэй харилцаж хоорондоо хэлэлцэх гэх мэт боломжыг олгодог. Гэхдээ Udacity-н хичээлээс та сертификаттай төгсөхийг хүсч байвал сарын 200$ төлөх ба ямар хурдаар яаж үзэхээсээ шалтгаалан хэдэн сарын төлбөр төлөх нь тодорхой болох юм. Үнэтэй сонсогдож байж магадгүй ч курсээ дуусгасны дараа мэргэжлийн зэрэгтэй дүйцэхүйц сертификаттай болохоос гадна AT&T хэмээх газруудад боломжит ажлын байрыг санал болгодог байна.

Татах: iOS, Android

4. ENCODE

Маш энгийн энэхүү апп нь танд програмчилалын тухай сурахад нэн хэрэг болох хэрэгсэл юм. edX, Udacity гэх мэтийн хичээлүүд хэтэрхий урт, нүсэр санагдаж байвал Encode-ийг сонирхоод үзээрэй. Тэдний хичээлүүд ихэвчлэн хэдхэн минутын дотор гүйцэтгэх боломжтой байдаг тул завтай үедээ орж үзээд байхад хэсэг хугацааны дараа овоо барьцтай болчихно. Хичээлийн төгсгөл бүрт бататгах хэсэгтэй тул бүрэн ойлгоогүй тохиолдолд хялбархан эргэж харах боломжтой.

Татах: iOS, Android

5. SWIFT PLAYGROUNDS

Зөвхөн iPad дээр ашиглах боломжтой энэ апп нь дөнгөж код бичиж эхлэхээр зэхэж буй хүмүүст нэн тохиромжтой юм. Хэдийгээр зөвхөн Swift хэлийг сурах боломжтой ч хичээлүүд нь маш сонирхолтой, бүтээлч байж чадсан аж. Удахгүй iOS болон Android дээр гарна гэж найдья.

Татах: iOS

Эдгээрээс гадна код бичиж сурахад тань туслах онлайн хичээлүүд бүхий платформууд болох KhanAcademy, Coursera ба хүүхдүүдэд зориулсан Tynker хэмээх аппыг дурьдууштай.

Нийтлэлийг: Ө. Насанбаяр

71452   9


НИЙТЭЛСЭН:

Unread Today




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.