Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Номын тухай   07 сарын 22, 2017

Тим Феррисийн "Ажлын 4 цагтай 7 хоног" номын тойм

2007 онд анх хэвлэгдсэн "Ажлын 4 цагтай 7 хоног" бол өөрийгөө хөгжүүлэх буюу бизнесийн чиглэлийн хамгийн алдартай номуудын нэг. Эхлээд гарчгийг нь хараад итгэмээргүй санагдах ч "Хэрхэн оффисын дөнгөнөөс салж, хүссэн газраа амьдарч, шинэ баячуудын эгнээнд нэгдэх вэ?" гэх тодорхойлолтыг нь хараад эрхгүй сонирхол татаж байгаа биз? Энэ бол ажлын цоо шинэ арга барилын тухай, уламжлалт бус байдлаар "тансаг" амьдралыг цогцлоох тухай өгүүлсэн ном юм. Өөрөөр хэлбэл, хэрхэн бага цагт ихийг амжуулахыг мэдэхийг хүсвэл саяхан "Монсудар"-аас орчуулан гаргасан, сонирхолтой зөвлөгөөнүүд бүхий энэ номыг уншаарай.

Спортын нэмэлт бэлдмэл үйлдвэрлэдэг бизнесийг эхлүүлсэн Тим Феррис өдөрт 14 цаг ажиллаж, жилийн 40,000 долларын орлоготой ажилладаг байсан бөгөөд энэ номд өгүүлсэн арга стратегиудыг ашиглан 7 хоногт 4 цаг ажиллаад л энэ дайны орлоготой, дээр нь дуртай зүйлсээ хийж, хавьгүй эрх чөлөөтэй амьдардаг болсон талаараа энэхүү номонд өгүүлжээ. Миний хувьд энэ номыг бусдын л адил "7 хоногт 4 цаг ажиллах нь ч юу юм бэ?" гэсэн бодолтой барьж авсан ч уншаад дуусаад Тим Феррисд итгэсэн итгэсэн шүү. Гэхдээ зохиогч ер нь л онцгой хүн юм. Танго бүжигийн Гиннесийн амжилт тогтоосон анхны америк хүн, торон доторх дүрэмгүй тулаанд оролцогч, япон, хятад, герман, испани хэл судлаач, Принстоны их сургуулийн хүндэт лектор гээд л түүнийг тодорхойлох цол гуншин барагдахгүй. Товчхондоо багаасаа тулааны урлагаар хичээллэсэн, маш их зүйлийг туршиж үздэг, аливааг өөрөөр хийх гэж оролддог, багын л энтрепренерлэг хүн байж. Юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр, ихээхэн эрс шийдмэг алхмуудыг уриалсан энэ номонд зарим үед авах гээхийн ухаанаар хандах хэрэгтэй юм шиг санагдсан. Мэдээж хэрэгтэй сайн зөвлөгөөнүүд олон.

Номын агуулгыг буюу "төрөл арилжих" энэ аргыг тэр DEAL буюу 4 үе шатад зангиджээ:
D (defenition) - Тодорхойлох шат. Товчхондоо шинэ тоглоомын дүрэмд суралцах үе шат.
E (Elimination) - Арилгах шат. Цагийн менежментийн хуучирч баларсан ойлголтуудыг үүрд арилгах шат гэж ойлгож болно.
A (Automation) - Автоматжуулалтын шат. Амьдралаа аутсорсжуулах, орлогын урсгалаа автоматжуулах тухай.
L (Liberation) - Чөлөөлөгдөх шат. Оффист шигдэж суулгүй хөдөлгөөнт байдлыг эрэлхийлж, "дэлхийн иргэн" болох тухай.

Тодорхойлох шат

Шинэ баячууд (ШБ) - гэх үгийг эхлээд тодорхойлох нь зүйтэй байх. Зохиогчийн бичсэнээр, тэд бол олон жил ажиллаад тэтгэвэрт гарна гэж хүлээдэггүй, мөнгө хураагаад дараа нь дэлхийг тойрч аялна гэж мөрөөддөггүй, аль болох бага хугацаанд үр дүнтэй ажилладаг, ажлаа хийнгээ аялдаг, хамгийн чухал зүйлсдээ цаг гаргаж чаддаг шинэ цагийн хүмүүс юм. Ийм болохын тулд уламжлалт ойлголтуудыг шинэ дүрмүүдээр солих учиртай. Энэ мэт дүрмүүдээс цөөн жишээ дурдъя.

"Бага ажиллана гэдэг залхуурна гэсэн үг биш"
"Юм цагаа олно гэж хэзээ ч байдаггүй"
"Сөрөг стресс (distress) муу, эерэг стресс (eustress) сайн"
"Зөвшөөрөл биш уучлал эр"
Эцэг эх, түнш, захирлууд гээд хэн ч байсан зүгээр л сэтгэл хөдлөлийн үүднээс санал санаачилгыг тань няцаадаг. Харин бүх юм зөвөөр эргэж таарахаар тэд сая ойлгож, хүлээн зөвшөөрдөг.
"Харьцангуй орлого бол бодит орлогоос хавьгүй чухал"
ШБ нарын хувьд мөнгө бол зүгээр л мөнгө биш. Харин тэдний харьцангуй орлого доллар ба цаг хугацаа гэсэн хоёр хэмжигдэхүүнээр хэмжигдэнэ. Тэдний хувьд жилд 100 мянган доллар олдог нэгэн баян мөн үү? Хэрвээ тэр хүн энэ орлогыг олохын тулд өдөр шөнөгүй ажиллаж, стресстэж, чухал зүйлсээ хойш тавьж байвал, тийм биш. ШБ нар амьдралд хүрэлцэхүйц харьцангуй орлогыг л илүүд үзнэ.

Арилгах шат

Энэ ном бол үндсэндээ цагийн менежментийн гарын авлага шахуу. Энэ хэсэг нь ч надад хамгийн их таалагдсан.

80/20 буюу Паретогийн зарчим

Паретогийн зарчмыг мэдэхгүй хүн ховор байх. Хамгийн товчдоо, таны хийж буй ажлын 20 хувь нь таны гол орлогын гол эх үүсвэр байдаг, танай компанийн ашгийн 80 хувь нь нийт хэрэглэгчдийн 20 хувиас орж ирдэг гэсэн зарчим билээ. Энэ зарчмыг сайтар хэрэгжүүлсэн нь зохиогчийн амьдралыг маш ихээр өөрчилжээ. Түүний ажлын өнөөдөр ачаалал компанийнх нь орлогын маш цөөхөн хувийг бүрдүүлдэг олон хэрэглэгчийн санал хүсэлт, гомдлоос үүддэг байжээ. Тэдэнтэй харилцах гэж л хамаг цагаа бардаг байж. Харин Паретогийн зарчим яг л өөрт нь үйлчилж байгааг олж мэдээд, орлого сайн оруулдаг цөөн хэрэглэгчээ л авч үлдэн, үр ашигтай байдаг зар сурталчилгааны цөөхөн сувгаа л хадгалах болсон нь ихээхэн үр өгөөж өгч, амьдралыг нь хөнгөвчилсөн байна.

Паркинсоны хууль

Энэ хуулийг шахуу хугацааны ид шид гэж тодорхойлж болно. Таныг 24 цагийн дотор ажлаа дуусга гэж шаардвал, цаг хугацааны энэ дарамт ажил дээрээ төвлөрөх боломж олгож, та дэмий юм хийхээ больж, хамгийн чухлыг хийж эхлэх болно. Харин танд 7 хоногийн хугацаа өгвөл та 6 хоногийг нь огт дэмий юм хийж өнгөрөөнө. Тэгэхээр бүтээмжээ эрс нэмэгдүүлж, ажлын цагаа багасгая гэвэл хамгийн чухал ажлуудаа үлдээх (80/20), ажиллах цагаа хязгаарлах (Паркинсоны хууль) гэсэн хоёр аргыг ашиглах хэрэгтэй.

Үүнээс гадна мэдээллийн мацаг барих тухай номонд өгүүлсэн нь мэдээллийн далай шиг урсгал дунд живэх шахдаг өнөөгийн хүмүүст их л чухал санагдсан шүү. Өдөр тутмын мэдээ уншихгүй, үзэхгүй явлаа гээд муу юм болдоггүй. Мөн цаг их авдаг и-мэйл, уулзалтууд, жижиг сажиг ажлуудыг хэрхэн шийдэх тухайд сонирхолтой жишээнүүдийг өгүүлсэн байсан, та бүхэн номыг олж аваад үзнэ биз ээ. Миний хувьд жижиг сажиг, ач холбогдол багатай ажлуудыг бөөгнүүлж байгаад нэг дор хийх аргыг сайн хэрэгжүүлье гэж бодсон. Ингэхгүй бол жижиг сажиг ажлууд хэдий цаг их авдаггүй ч анхаарал сарниулж, эргээд чухал зүйлд төвлөрөх гэж цаг алддаг.

Автоматжуулалтын шат

Өөртөө цаг гаргах нэг том арга бол аутсорс хийх явдал болохыг зохиогч энэ бүлэгт өгүүлсэн. Олон хүмүүсийн гаргадаг алдаа бол, өөрөө л бүх юмаа хийх ёстой юм шиг, үгүйдээ хянаж байх ёстой юм шиг санадаг хандлага байдаг. "Би л байхгүй бол" гэсэн энэ сэтгэлгээ амьдралын дөнгө болдог, онц үр дагавартай л биш бол тэдэнд итгэж, бие даан шийдвэр гаргах боломжийг олгож байхыг ТимФеррис сануулж байна. 3 долоо хоног ажлаасаа хөндийрөх гэж Европ руу аялсан нь эцэстээ 15 сарын аялал болсон, энэ хугацаанд бизнесээ зайнаас удирдаж болоод байсан нь энэ номын үүдэл болсон аж. Энэ бүлэгт виртуал туслах буюу гадаадад буй хүмүүсээр ажлуудаа аутсорс хийлгэх тухай нарийвчилсан зөвлөгөөнүүдийг хүргэжээ.

Мөн орлогоо автоматжуулах тухай өгүүлсэн хэсэг нь бизнес эхлүүлэхийг хүсэж буй, эсвэл бизнесээ өргөжүүлэх хүсэлтэй хүмүүст хэрэгцээтэй зөвлөгөөнүүдээр баялаг.
"Өөрөө зорилтот зах зээлийнхээ нэг хэсэг нь бай"
"Том цөөрмийн жижиг загас байснаас жижиг цөөрмийн том загас бай. Шинэ зах зээлийг үүсгэ"
"Хэрэглэгчдэд олон сонголт өгнө гэдэг нь шийдвэр гаргахгүй байхад хүргэж, бага захиалга л авна гэсэн үг"
гэх мэт бодууштай зүйлсийг эндээс уншина.

Мөн эдгээр зөвлөгөөг шуудхан л хэрэгжүүлж болохуйцаар, холбогдох вэбсайтууд, эх сурвалжуудын жагсаалтыг дагалдуулсан байна лээ.

Чөлөөлөгдөх шат

Олон жил шаргуу ажиллаж мөнгө хураасны дараа аялал хийхийг хүсэх нь орчин үеийн хүмүүсийн өөрсдийгөө хамгийн их хуурч тайтгаруулдаг ганц бодол, мөрөөдөл байдаг хэмээн зохиогч бичсэн байх юм. Үүнийгээ ч батлах гэж инээдтэй жишээнүүдийг авсан байсан. Тэрээр зайнаас ажиллах, аялангаа ажиллах нь хүмүүсийн бодсоноос амар бөгөөд хямд байдгийг өөрөөрөө жишээлэн үзүүлжээ. Энэ бүлэгт аялалтай холбоотой зөвлөгөөнүүд нэлээд бий.

28817   4


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.