Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Номын тухай   07 сарын 15, 2017

Гал мөсний дуун: Хэрээний найр номтой холбоотой сонирхолтой 5 баримт

Дэлхий нийт алдарт зохиолч Жорж Мартины "Хаан ширээний тоглоом" цувралаас сэдэвлэсэн дэлгэцийн бүтээлийн шинэ улирлыг тэсэж ядан хүлээж буй энэ цаг мөчид монгол уншигчид тус цувралын шинэ дэвтрийг гар дээрээ хүлээн авахад бэлэн болоод байна. "Гал мөсний дуун" цувралын 4-р дэвтэр буюу "Хэрээний найр" номыг Монсудар хэвлэлийн компани албан ёсны эрхтэйгээр орчуулан гаргаж буй бөгөөд маргааш буюу 7-р сарын 17-оос дэлгэцийн бүтээлийнхээ удаан хүлээлгэсэн 7 дахь бүлгийн эхний анги гарахтай зэрэгцэн борлогдож эхлэх юм. Иймд бид цуврал номын 4-р дэвтэртэй холбоотой сонирхолтой баримтуудаас танилцуулж байна. 

"Хэрээний найр" анхны төлөвлөгөөнд багтаагүй байсан

Жорж Мартин 9 жилийн турш бичсэн эхний 3 дэвтэр нь ихээхэн амжилт олсны дараагаар цувралынхаа үргэлжлэлийг 2 жилийн дотор багтаан дуусгах төлөвлөгөөтэй байгаагаа зарласан байдаг. Түүний анхны төлөвлөгөөгөөр зохиолын 4 дэх дэвтэр нь сүүлийн үйл явдлуудаас 5 жилийн дараахыг өгүүлэх "Луут бүжиг" байх ёстой байсан гэнэ. Гэсэн ч Мартин зарим дүрүүдийн хөгжил, үйл явдлуудын огтлолцлыг илүү дэлгэрэнгүй гаргаж, сүүлийн ботиудын үйл явдлуудтай холбохын тулд өмнөх дэвтэр буюу "Илдний шуурга"-ын үйл явдлууд дууссанаас хойш шууд үргэлжлэх учиртай шинэ номоо бичиж эхэлжээ. Энэ номоо тэрээр хожим "Хэрээний найр" хэмээн нэрлэж, 2005 онд худалдаанд гаргасан ажээ.

"Хэрээний найр" хамгийн бага бүлэгтэй

"Гал мөсний дуун" цувралын бас нэгэн онцлог бол номын бүлгүүд нь зохиолын дүрүүдээр нэрлэгдэж, тухайн дүрээр төлөөлүүлсэн үйл явдлуудаар салаалан өрнөдөг байдаг. Тэгвэл "Хэрээний найр" ном ердөө 46 бүлэгтэй бөгөөд энэ нь өмнө гарсан "Илдний шуурга"-аас бараг 2 дахин бага бүлэгтэй гэсэн үг. Гэхдээ номын хуудсаараа огтхон ч бага биш, эхний 3 дэвтрээсээ зузаан учир та тэгтлээ их санаа зовох шаардлагагүй. Түүний анхны гар бичмэл 1600 гаруй хэвлэлийн хуудас байсан бөгөөд эхэндээ хэвлэлийн компани нь 2 дэвтэр болгон хуваах саналыг тавьж байсан ч Мартины хүссэний дагуу 976 хуудастайгаар нэг хэвлэлээр гарч байжээ.

"Хэрээний найр"-т жижиг дүрүүдэд анхаарлаа хандуулсан

"Хэрээний найр"-ын бас нэгэн онцлог нь цувралын том зураглалд өөр өөрийн үүргийг тухайн цаг үедээ гүйцэтгэсэн жижиг дүрүүдийг голчлон танилцуулсан явдал юм. Ялангуяа Дорнед өрнөдөг Мартеллийн гэр бүлтэй холбоотой үйл явдлууд, Грэйжойн гэр бүлийн удирддаг төмөр арал дээрх сонирхолтой өрнөлүүд энэ номыг чимнэ. Гэхдээ олон хүний хамгийн дуртай дүрүүд болох Дэйнэрис Таргариян, Жон Сноу, Тирион Ланнистер нартай холбоотой үйл явдал харьцангуй бага дүрслэгддэг ажээ.

"Хэрээний найр" интернетийг байлдан дагуулсан

Хэдийгээр Жорж Мартин номынхоо сүүлийн дэвтрүүдийг гаргалгүй удааж, үнэнч уншигчдаа гомдоож байгаа ч өөрийн вэб хуудсаар дамжуулан номынхоо явцаас илэн далангуй хуваалцдаг, заримдаа номынхоо хэвлэгдээгүй байгаа хэсгээс ч гаргачихдаг онцлогтой. Тэгвэл түүний энэ уламжлал "Хэрээний найр"-ыг бичиж байх үеэс эхэлсэн гэнэ. Тэрээр лууны эх Дэйнэрисийн тухай өгүүлэх эхний 3 бүлгээ өөрийн сайт дээр тавьсан нь тухайн үедээ ихээхэн шуугиан дэгдээж, олон хэлэлцүүлгийн үндэс болж байсан түүхтэй. Товлосон хугацаанаасаа бараг 5 жилийн дараа гарсан ч уншигчидтайгаа тогтмол холбоотой байсан нь номын амжилтанд хүрэхэд их нөлөөтэй байсан гэж шинжээчид үздэг.

"Хэрээний найр" борлуулалтын жагсаалтыг тэргүүлсэн эхний дэвтэр

"Хэрээний найр" гарсан даруйдаа Нью Йорк Таймсын бестстеллерийн жагсаалтыг тэргүүлснээрээ ийм амжилт үзүүлсэн фантази төрлийн ердөө 3 дахь ном болсон билээ. "Гал мөсний дуун" цувралын өмнөх 3 дэвтэр ч ийм амжилт үзүүлж байгаагүй юм. Гэхдээ шүүмжлэгчдийн үнэлгээ өмнөх дэвтрүүд шигээ сайн байгаагүйг онцлох хэрэгтэй. Тэдний ихэнх нь энэ номонд харьцангуй бага өгүүлэгддэг зохиолын гол дүрүүд болох Жон Сноу, Дэйнэрис, Тирион Ланнистерийн нарын түүх ихээхэн "үгүйлэгдсэн"-ийг онцолж байжээ. Гэвч энэ нь "Хэрээний найр"-ыг зөгнөлт зохиолын хамгийн том шагналууд болох Хюго, Лотус шагналуудад нэр дэвшихэд саад болж чадаагүй юм.

Бонус: "Хаан ширээний тоглоом"-ын 7-р цуврал маргааш нээлтээ хийнэ

"Наадам дууслаа, өвөл ирлээ" гэдэгчлэн HBO-ийн бүтээл "Хаан ширээний тоглоом"-ын 7-р цуврал "Хэрээний найр" худалдаанд гарахтай зэрэгцэн эхлэх болно. Биеэ халаан цувралын хамгийн сүүлийн трэйлэрийг хүлээн авч үзээрэй.

Гал мөсний дуун буюу манай уншигчид Хаан ширээний тоглоом нэрээр нь сайн мэдэх цувралын IV дэвтэр "Хэрээний найр" номын урьдчилсан захиалга эхэллээ. 7-р сарын 17 хүртэл үргэлжлэх урьдчилсан захиалгын үеэр та бүхэн номыг 30 хувийн хямдралтай үнээр худалдан авах боломжтой юм.

Захиалга өгөх

25855   1


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.