Сонгуулийн сурталчилгаа хэмээх кампанит ажлын үр дүн гарах учиртай энэ өдөр бид дэлхийн түүхэнд хамгийн өндөр амжилтанд хүрсэн 10 кампанит ажлыг танилцуулж байна. Олон удаагийн сурталчилгаа, төрөл бүрийн арга хэрэгслээр дамжуулан нэг л санаа, нэг л мессежийг хүргэж байгааг кампанит ажил гэж ойлгож болно. Эдгээр кампанит ажил нь тухайн брэндийнхээ өсөлтөд үлэмж үр нөлөө үзүүлж, салбараа ч хүртэл өөрчилж байсны зэрэгцээ хүргэсэн мессежүүдээрээ хүмүүст гүн бат ойлголтуудыг суулгаж, хүмүүсийн амьдралын хэв маягийг өөрчилсөн билээ.

1. NIKE - JUST DO IT

Nike анх зөвхөн марафон гүйгчдэд зориулж бүтээгдэхүүн гаргадаг байсныг та мэдэх үү? Гэхдээ тун удалгүй хүмүүсийн дунд фитнесст явах моод дэлгэрсэн бөгөөд үүнийг Nike-ийн маркетингийн баг ухаалгаар ашиглаж гол өрсөлдөгч Reebok-ийг (тухайн үед Reebok илүү их гутал борлуулдаг байв) гүйцэж түрүүлсэн юм. Тэд 1980 онд "Just Do It" буюу "Зүгээр л хий" хэмээх маркетингийн кампанит ажлыг эхлүүлсэн нь асар их амжилт дагуулжээ.

1988 он гэхэд Nike-ийн борлуулалт 800 сая доллар, 1998 онд 9.2 сая тэрбум долларыг давжээ. "Just Do It" гэсэн үг нь богино хэрнээ сонсголонтой байж, хүмүүсийг дасгал хийхэд зоригжуулж байв. 5 км гүймээр байна уу? Ярих биш, бодох биш, зүгээр л хий. 4 давхар шатаар өгсмөөр байна уу? Зүгээр л хий. Энэ уриа яах аргагүй хүн бүхэнтэй холбогдож, тэднийг хязгаараасаа даван өөрийгөө дайчлахад хүргэсээр иржээ.

Тиймээс та өөрийн брендийг яаж сурталчилахаа мэдэхгүй байгаа тохиолдолд хэрэглэгчийн ямар асуудлыг шийдвэрлэж байгаагаа бодоорой. Ямар шийдлийг танай бүтээгдэхүүн, үйлчилгээ гаргаж байгаа вэ? Маркетингийн мессеждээ үүнийг шингээж чадвал, хэрэглэгчдийнхээ сэтгэлзүйтэй холбогдож чадна.

2. ABSOLUT VODKA - THE ABSOLUT BOTTLE

Энэ кампанит ажлын ачаар Absolut брэнд лонхыг нь хэн ч харсан танихаар болгож чадсан юм. Тэдний янз бүрийн зурагт хуудас бүхий кампанит ажил лонхыг төрөл бүрийн орчинд харуулж байсан бөгөөд энэ нь гайхалтай амжилттай байснаас тэд 25 жилийн турш хэрэгжүүлсэн аж. Ингэснээр дэлхийд тасралтгүй үргэлжилсэн хамгийн урт кампанит ажлаар шалгарчээ. Энэ хугацаанд нийт 1500 гаруй сурталчилгааг хийсэн байна. Амжилттай байгаад байвал яагаад зогсоох хэрэгтэй гэж?

Үүнээс өмнө согтууруулах ундааны зах зээлийн ердөө 2.5%-ийг эзэлдэг байсан Absolut брэнд кампанит ажилын төгсгөлд буюу 2000 оны сүүлээр АНУ-ын энэ салбарын экспортын 50% буюу 4.5 сая Absolut-ыг гадны зах зээлд гаргаж байжээ.

Үүнээс юу сурч болох вэ? Таны бүтээгдэхүүн хэчнээн сонирхолгүй харагдаж байсан ч та сонирхолтой байдлаар харуулж чадахгүй гэсэн үг биш юм. Ахиад хэлье: Absolut нэг лонхонд зориулж 1500 сурталчилгаа явуулсан. Та ч гэсэн шийдмэг байж өөрийн бүтээгдэхүүнээ бусдаас өөр байдлаар танилцуулаарай.

3. MILLER LITE - GREAT TASTE, LESS FILLING

“The Miller Brewing” бол өөртөө шинэ зах зээл үүсгэхийн "яруу тод" жишээг үзүүлсэн компани. Тэдний хөнгөн шар айрагны зах зээлд хийсэн “Great Taste, Less Filling” кампанит ажил нь эрчүүдийг калори багатай шар айраг уулгахад чиглэж байв. Хамгийн гол асуудал нь олон нийтийн дунд калори багатай шар айраг амтгүй байдаг гэсэн буруу ойлголт бат суусан байжээ. Тиймээс Miller-ийнхэн, эршүүд залуус шар айргийг ууж, гайхалтай амттай байна гэж хэлж байгаа сурталчилгаануудыг хийхээр шийдсэн байна.

Энэ сурталчилгаа явж дууссаны дараа олон жилийн турш Miller Lite нь хөнгөн шар айрагны зах зээлд тэргүүлж ирсэн юм. Хэрвээ хүмүүс таны бүтээгдэхүүнд орон зай байхгүй гэвэл бууж өгөлгүйгээр өөрийн гэсэн шинэ зах зээлийг бий болгож, түүндээ тэргүүлэгч нь болж чадна гэдэгт эргэлзэх хэрэггүй.

4. DOVE - REAL BEAUTY

"Гоо үзэсгэлэн сэтгэлийн зовнил биш, өөртөө итгэх итгэлийн эх үүсвэр байх тийм хорвоо ертөнцийг төсөөл." Энэ бол 2004 оны Dove-ийн "Жинхэнэ гоо үзэсгэлэн" хэмээх кампанит ажлын хүргэх гэсэн гол мессеж байв. Тэд хүмүүст эмзэг бөгөөд ойр сэдвээр сурталчилгаагаа явуулж, персона маркетингийг маш оновчтой хийж чадсан юм.

Жишээлбэл, тэдний "Real Beauty Sketches" гэсэн ажлын хүрээнд Холбооны Мөрдөх Товчооны мэргэжлийн зураачид хэд хэдэн эмэгтэйчүүдийн хөргийг зурсан байна. Эхний удаад нь, эмэгтэйчүүд өөрсдийгөө дүрсэлсэн ба дараагийн удаа нь танихгүй хүн түүнийг дүрсэлжээ. Хоёр зургийн хоорондын ялгаа үнэхээр итгэмээргүй байсан бөгөөд Dove дэлхийн эмэгтэйчүүдийн 4% нь л өөрсдийгөө үзэсгэлэнтэй гэж боддог гэх статистикийг энэ зургуудтай хамтатгажээ.

Үр дүнд нь Dove-ийн бичлэгүүдийг нийт 114 сая гаруй хүн үзэж, 3.74 сая удаа нийтийн сүлжээнд түгээж (share), 25 хэлээр орчуулж, 110 улсын хүмүүс үзжээ. Энэ бүхнээс харахад Dove-ийн хүргэсэн мессеж үзэгчдэд гүн сэтгэгдэл үлдээсэн байна.

5. DE BEERS - A DIAMOND IS FOREVER

1999 онд De Beers-ийн гаргасан “A Diamond is Forever” (Алмааз бол үүрдийнх) гэх үг нь 20 дугаар зууны хамгийн мартагдашгүй уриагаар шалгарсан юм. Тэдний зорилго хуримаа хийх гэж буй хүн бүр алмаазан бөгжний талаар боддог сэтгэлгээг бий болгоход чиглэжээ.

Анх 1940-өөд онд De Beers олны танил эрхмүүдийг ашиглаж, хэн ямар алмаазан бөгж ашиглан гэрлэх санал тавьсан тухай сонин, сэтгүүлээр цацаж, загвар зохион бүтээгчдээр дамжуулж ямар алмааз тренд болж байгаа талаар яриулах гэх мэтээр алмааз бол хүн бүрийн авахыг хүсдэг, дээд зэрэглэлийн гоёл юм гэсэн бодлыг хүмүүст суулгаж чадсан байжээ. Яг үнэндээ алмааз нь дэлгүүрийн үнээс дор хаяж 50 хувиар бага үнэ цэнтэй байдаг аж.

Тэгэхээр маркетинг гэдэг ямар ч бүтээгдэхүүний үнэ цэнийг бодит байдлаас нь өсгөж, илүү чухал, илүү сайхан харагдуулж чаддаг байх нь.

6. CLAIROL - DOES SHE OR DOESN'T SHE?

1957 онд Clairol "Та үсээ буддаг уу, буддаггүй юу?"гэж асуухад асуухад 15 хүний 1 нь л тийм гэж хариулдаг байв. Харин 11 жилийн дараа гэхэд хариулт нь 2 хүн тутмын нэг болж өөрчлөгдсөн байжээ. Энэ кампанит ажил үнэхээр амжилттай байж, бүр АНУ-ын зарим мужид эмэгтэйчүүд жолооны үнэмлэх дээрээ үсний өнгөө тавиулдаг байсныг болиулахад хүрч байжээ.

Clairol ихэнх маркетеруудын ашиглах байсан стратегийг биш, бүр яг үүний эсрэг бодлого барьжээ. Тэд гудамжинд явж байгаа бүх эмэгтэйчүүдийг өөрсдийнх нь бүтээгдэхүүнийг хэрэглэж байгаа хэмээн хэлүүлэхийг хүссэнгүй, харин үсээ будсан эсэхийг нь бусад хүмүүс огт мэдэхээргүй тийм л чанартай сайн бүтээгдэхүүн шүү гэсэн мессежийг хүргэж эхэлжээ.

Заримдаа бүтээгдэхүүнийхээ онцлогийг таниулахад л хангалттай байдаг аж. Хэлснээс үзүүлсэн нь илүү үр дүнтэй байдаг.

7. APPLE - GET A MAC

Apple-ийн гайхалтай кампанит ажлууд олон ч гэлээ "Get a Mac" (Mac-тай бол) бол маргаангүй тэргүүнд бичигдэх кампанит ажлын нэг мөн. Сурталчилгааг явуулсан анхны жилд л тэдний борлуулалт 42% өссөн аж.

Mac уу, PC юу гэх маргаан олон жилийн түүхтэй ба 2 компанийн маркетингийн баг одоог хүртэл хүчтэй өрсөлдсөөр байгаа билээ. Гэхдээ дээрх сурталчилгааг давах нь арай л гарч ирээгүй байна. Энэ сурталчилгаан дээр жинс өмссөн залуугаар Mac-ийг, нүдний шилтэй залуугаар PC-ийг илэрхийлсэн ба хоёр залуу хоорондын давуу талыг хэлэлцсэн байдлаар гардаг. Энэ нь бүтээгдэхүүний талаар мэдэх ёстой бүхнийг хэрэглэгчдэд ухаалаг, хялбар байдлаар ойлгуулж чадсан юм.

Бүтээгдэхүүнээ хэн ч ойлгохоор, мөн үзэж буй хүмүүс тухайн бүтээгдэхүүнийг хэрэглэж байгаагаар өөрийгөө харж чадахуйц энгийн маркетинг нь заримдаа үр дүнтэй байдаг. Хэрвээ та Mac болон PC хоорондын маркетингийн багийн тэмцлийн талаар илүү ихийг уншихыг хүсвэл энд дараарай.

8. VOLKSWAGEN - THINK SMALL

Олон хүн Volkswagen-ий "Think Small" кампанит ажлыг маркетингийн стандартыг тогтоосон хэмээн сайшаадаг. Энэ кампанит ажлыг 1960 онд зар сурталчилгааны алдарт "Doyle Dane & Berndach" агентлаг хийж гүйцэтгэжээ.

Тухайн үед америкчуудын олонх нь том хэмжээтэй америк машин авахыг эрмэлздэг байжээ. Уг нь дэлхийн II дайн дуусаад 15 жил болсон ч тэд герман машин авахгүй хэвээрээ л байв. Үүний хариуд Volkswagen юу хийсэн бэ? Тэд зүгээр л америкчуудын бодсон зүйлийг л бататгасан байна. Та намайг жижигхэн гэж бодож байна уу? Тийм ээ, би жижигхэн. Тэд үнэнээ л хэлсэн юм.

Сургамжтай байгаа биз? Ямар ч тохиолдолд өөрийгөө, бүтээгдэхүүнээ, компаниа байгаа байдлаас нь өөрөөр харуулах гэж оролдох хэрэггүй. Хэрэглэгчид шударга байдлыг үнэлдэг юм шүү.

9. MARLBORO - MARLBORO MAN

1955 оноос эхтэй "Marlboro Man" кампанит ажил нь бүтээгдэхүүнээ өөрийн гэсэн амьдралын хэв маягтай холбосон бренд ямар хүчтэй гэдгийг харуулж чадсан, харуулсаар ч байгаа юм. Эрх чөлөөтэй баймаар байна уу? Эр хүн шиг баймаар байна уу? Хээр талд очихыг хүсэж байна уу? Эдгээр асуултууд нь "Marlboro Man" буюу "Марлборо залуу"-гийн тодорхойлолт. Тухайн үед маш олон залуусын хүсэн мөрөөдөж байсан амьдралын хэв маягийг харуулснаараа энэ маркетинг маш амжилттай болж чаджээ.

Бүтээгдэхүүнээ сурталчилж байхдаа хэрэглэгчдийнхээ амьдралын хэв маяг, эсвэл тэдний хүсдэг хэв маягийг шингээж чадвал амжилтанд хүрэх магадлал өндөр!

10. CALIFORNIA MILK PROCESSOR BRAND - GOT MILK?

California Milk Processor Board-ийн энэхүү кампанит ажлын ачаар Калифорни дахь сүүний борлуулалт 1 жилийн дотор 7%-иар өссөн аж. Энэ сурталчилгааны нөлөө Калифорни гэлтгүй олон мужуудад хүрч "Got ______?" гэх хошин хэллэгийг хүртэл бий болгожээ.

Гэхдээ энэ сурталчилгааны гол онцлог нь тэд сүү уудаггүй хүмүүст биш харин аль хэдийн уудаг хүмүүст зориулж хийсэнд оршино. Заримдаа шинэ хүмүүсийг олж авахад биш одоо байгаа хэрэглэгчдэдээ улам анхаарч, хэрэглээг нь нэмэх нь зүйтэй байдаг. Хэрэглэгчдээ дэмжигчид болгон хувиргаж, бүтээгдэхүүнийг тань яагаад үргэлжлүүлэн хэрэглэх хэрэгтэйг ойлгуулах хэрэгтэй.

Эх сурвалж: Hubspot.com