Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Мэдүүштэй   07 сарын 06, 2017

Хятадын инновацийн хөгжил буюу Бээжин, Гуанжоу, Шэнжэн хотуудаар аялсан тэмдэглэл #2

Өнгөрсөн долоо хоногт нийтлэгдсэн Хятадын инновацийн талаарх тэмдэглэл маань нэлээд хүмүүст хүрсний сацуу үргэлжлэлийг нь хурдан уншмаар байна гэх сэтгэгдэл, зурвасууд цөөнгүй ирсэнд урамшин хоёрдугаар буюу сүүлийн хэсгийг чадан ядан буулгаж та бүхэндээ хүргэе. Явж ирснээс хойш өнөөдөр яг нэг сар өнгөрч буйг гэнэт анзаарч аяллын сонин буурч, үзэгний бэх хатахаас урьтан яаравчиллаа. Оршил, өрнөлөө урьд нь нэгэнт хийчихсэн тул олон таван юм нуршиж таныг чилээлгүйгээр шууд үргэлжлүүлсү. 

Хэрэв та өмнөх нийтлэлийг хараахан уншиж амжаагүй байгаа бол энд дарж сонирхоорой.

Бизнесын орчин, стартап экосистем талаас нь харахыг ихэд хичээн ойлгосон ганц зүйл бол Хятад улс өөрсдөө л ХҮСЭЖ оруулж ирэхгүй бол ямар ч том компани, брэнд, шинэлэг санаа, гарааны бизнес тэнд амжилт олохгүй нь тодорхой аж. Угаас Yahoo, Google, Facebook гээд ямар ч том технологийн компани Хятадын зах зээлд амжилт гаргаж чадахгүй байгаа нь үүнтэй холбоотой болов уу. Харин Хятад хамтрагч, эсвэл controlling interest буюу компанийг удирдахуйц хэмжээний хувьцаа Хятадын талд байгаа тохиолдолд зах зээлд нь нэвтрэх боломж гарч ирж болох юм. “Хятад будааг хятад шаазанд” гэж хэллэг байх агаад энэ сэтгэхүй Хятадын хөгжлийн бодлогыг чиглүүлэгч томоохон луужингуудын нэг ажээ. Гадны үнэтэй технологи, бүтээгдэхүүнүүдийг хямд үнээр дотооддоо үйлдвэрлэж ард иргэддээ хүргэх зорилготой. Товчхондоо бол зах зээл нь 1.3 тэрбум хүнтэй үлэмж том тул гадны компанийг оруулж ирэхийн оронд орлох брэндийг өөрсдөө бүтээж, дотоодын зах зээлээ тэлж, хөрөнгө, баялгаа өсгөж буй хэрэг юм.

Ухаалаг банкны шийдэл. Тэд ирээдүйд банкны салбарыг теллергүй бүрэн автомат болгох зорилготой ажиллаж байна.

Жишээ нь: Uber-ийг Didi, Twitter-ийг Weibo, Google-ыг Baidu, Instagram, Facebook-ийг WeChat орлож байна. Тэр бүү хэл Tesla машинтай яг адилхан өөрсдийн брэнд цахилгаан машиныг хүртэл хийчихжээ. Дотооддоо өөрсдийн томоохон брэндүүдийг хуулбарласан дууриамлууд нь хүртэл гардаг болсон байна. Huawei-ийн хуулбар Huiwei гэх жишээний. Ер нь Хятадад гадны том компаниуд үйлдвэрээ байгуулахаас өөр замгүй болтол хямд ажиллах хүч бий болгож байгаа нь төрийн бодлого мэт санагдсан. Гадны know-how, туршлагыг ийнхүү хамгийн хялбараар өөрсөд рүүгээ татаж, түүн дээрээ тулгуурлан өөрсдийн брэндүүдээ хөгжүүлж буй мэт. Xiaomi, Huawei, DJI хэдхэн жилийн өмнө байгаагүй шүү дээ. Монголчууд бид дэлхийд гарна гэж их ярих болсон. Гэхдээ Хятадын зах зээлд бид ямар ч брэнд, технологи, бүтээгдэхүүнийг массыг нь хамрахуйц хэмжээнд гаргаж чадахгүй. Тэд биднээс зөвхөн түүхий эдээ л авна. Хятадын зах зээлд өрсөлдөнө гэвэл том ярьж, харанхуй зүтгээд байх бус өөрсдийн чадах зүйлтэйгээ уялдсан бодлого, зорилго, алсын хараа, "сөрсөн базаа" манай оронд хэрэгтэй.

Аяллын туршид бид үзэж танилцах газрууд руугаа автобусаар явж байсан бөгөөд 20 сая хүнтэй Бээжин, 17 сая хүнтэй Гуанжоу, 14 сая хүнтэй Шэнжэн гэх мэт нүсэр хотуудад түгжрээнд гацах, цагаасаа хоцрох, стресстэх явдал бараг гарсангүй. Гайхамшигтай биш гэж үү? Миний анзаарснаар үүнд нөлөөлж буй гурван үндсэн хүчин зүйл байна. Нэгдүгээрт, зохион байгуулалт, зохицуулалт асар өндөр түвшинд ажээ. Жишээлбэл, Бээжин хотын төв гудамж 65 км үргэлжлэх агаад ийшээ Бээжингийн бус дугаартай машиныг нэвтрүүлдэггүй байна. Хоёрдугаарт, олон сая хүн хоорондоо зохицон амьдраад сурчихжээ. Хэдийгээр машин, дугуйнууд нь дайрчих шахан сүлжилдэх ч осол аваар байнга гараад түгжрэл үүсгээд байгаа юм алга. Хурдаа огтхон ч багасгахгүй ирцгээгээд хоорондоо тун эвтэйхэн зөрөөд явчихаж байгаа нь хачирхалтай гэмээр зураглал. Дуут дохиогоо чарлуулаад, хоорондоо хэрэлдэж зодолдоод байгаа хүн харагдсангүй. Суралцууштай.

Шэнжэн хотын гудамж

Гуравдугаарт, мэдээж инноваци. Тэр дундаа дугуй шэйринг буюу хуваалцах үйлчилгээний Mobike, Ofo зэрэг гарааны бизнесүүд тэнд товчхондоо “алж” байна. Хотын гудамжинд энд тэндгүй өөр дээрээ QR код бүхий дугуйнууд хөглөрч буй. Хэрвээ та 200-300 юанийн (~70-100 мянган төгрөг) барьцааг нь байршуулчих юм бол хүссэн дугуйгаа 1 цагийн 1 юаниар (~350 төгрөг) түрээслэх боломжтой. Унаж явж байгаад хүссэн газраа орхиод л явчих нь тун эвтэйхэн. Төлбөрөө өнөөх л алдарт WeChat-аар буюу утаснаасаа QR кодыг нь уншуулаад төлчихнө. Дээр дурдагдсан Ofo компани Alibaba болон бусад венч сангуудаас нийт 700 сая ам.долларын хөрөнгө оруулалт босгосноо дөнгөж өнөөдөрхөн зарласнаар барахгүй АНУ, Английн зах зээл рүү нэвтэрч эхэлж байгаа юм байна лээ. Хамгийн сүүлд 2013 онд Хятадад урт хугацаагаар очиход огтхон ч байгаагүй энэ үйлчилгээ 4 хүрэхгүй жилийн дотор гайхалтай хурдацтай хөгжжээ. Монголд ийм үйлчилгээ хийе гэсэн ч төлбөрийн систем дээрээ таг гацна. Монголын банкууд, төрийнхөн өөрийн эрх ашгаа жаахан ч атугай хажуу тийш тавих юм бол олон инновацийг хаачихаад байгаа үүд нээгдэх боломжтой юм.

Сүүлд нь нэгэн сонирхолтой санагдсан зүйлээр тэмдэглэлээ өндөрлөе. Миний бие ном хэвлэлийн (publishing) салбарт тодорхой хэмжээнд оролцоотой байгаа тул сүүлийн үеийн эрэлт өндөртэй номнуудыг авч цуглуулах, унших нь нэг ёсондоо ажил болоод байгаа юм. Тиймээс сая нэлээн олон ном авах зорилготой Хятадад очсон авч нэгийг ч олж үл чадав. Сүүлдээ арга ядаад Бээжингийн томоохон номын дэлгүүрийн худалдагчийг асууж шалгааж байж "Манай засгийн газраас таны хайж буй номнуудыг зөвшөөрөөгүй тул байхгүй байгаа юм" гэсэн хариулт аваад хэсэгтээ алмайрав. Хэдий чөлөөт зах зээл мэт авч үгүй ажээ. Лавшруулан бодвоос гадны, тэр дундаа Америкийн Цахиурын хөндий, шилдэг энтрепренер, компаниудын амжилтын түүх, намтар, мөн зарим төрлийн уран зохиолыг Хятадад хаачихсан аж. Гадны нөлөөнд хэт автаж, жишээлбэл АНУ-ыг хэт мундаг гэж бодох боломжийг хааж, оронд нь өөрийн уран зохиол, амжилтын түүхүүдийг хүмүүстээ уншуулахыг зорьж байгаа нь илт. Буруутгахад бас хэцүү юм. Тэрбум гаруй хүнийг бас ингэж байж л чиглүүлдэг буй заа.

Яг бодит мэт харагддаг AR дэлгэц. Манай багийн ахлагч П.Баярмагнай дунд нь зогсож буй агаад бодит хүн, дүрс хоёр бараг хоорондоо ялгагдахгүй харагдаж байлаа. Хятадад 1 кино театрт туршилтаар нэвтрүүлсэн байгаа аж.

Бид энд хэт өчүүхэн, өнгөцхөн харж "Хятад л муухай. Хятад л болдоггүй, бүтдэггүй" мэт сэтгэж суухад хөрш орон маань биднээс хол тасарч, бидний хувьд яриа төдий байгаа дэлхийд гарах гээчийн яруу тод жишээг харуулж байна. Тэднээс суралцмаар байна. Суралцах зүйлс их байна. Ядаж зөв бодлого, олон жилийн тогтвортой хөгжил, алсын хараа, яриад суух биш үнэхээр л ажиллаж хөдөлмөрлөж чадаж байгаагаас нь үлгэр дууриал авмаар байна. Хиймээр байна. Бүтээмээр байна. Юу ч хийхгүй атлаа дэмий муулах нь тамын тогоонд ялзарч суугаа ялагдагчийн шинж. Хор шар ер нь байна уу, бидэнд!

Гэрэл зургуудыг Б.Батзаяа (Зак)

34868   6


НИЙТЭЛСЭН:

Zack Batzaya




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.