Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Мэдүүштэй   06 сарын 29, 2017

Хятадын инновацийн хөгжил буюу Бээжин, Гуанжоу, Шэнжэн хотуудаар аялсан тэмдэглэл #1

Өнгөрсөн 5 сарын 31-нээс 6 сарын 6-ны хооронд миний бие Unread-ээ төлөөлөн Монголын сэтгүүлчид, медиа салбарынхны нэгдсэн багтай цуг Хятад улсын инновацийн хөгжилтэй танилцах албан ёсны аялалд явах завшаан тохиосон юм. БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2014 онд манай улсад хийсэн айлчлалынхаа үеэр Монгол Улсын 250 сэтгүүлчийг 5 жилийн хугацаанд эх орондоо урьж айлчлуулахаар болсон бөгөөд 3 дахь цуваа нь бидний хэсэг нөхөд байлаа. Бээжинд очиж хоёр хоносны дараа бид хоёр багт хуваагдан, сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Б.Галааридийн ахалсан хэсэг Хятадын Ханжоу, Нинбө хотууд руу, Гадаад харилцааны яамны Гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газрын дэд захирал П.Баярмагнайгаар ахлуулсан манай хэсэг Гуандун мужийн Гуанжоу болон Шэнжэн хот руу жолоо залж Хятадын инновацийн хөгжилтэй танилцсан юм. Хамт явсан сэтгүүлчид маань Монголд буцаж ирсэн даруйдаа олон олон мэдээ, нийтлэл, фото, видеонуудыг бэлтгэн уншигчдад хүргэж буйг анзаараад тэдгээртэй сэдэв давхардаж, сэтгэлийг нь хоёрдуулах вий гэсэндээ аяллын сониноо хэсэг "дарсандаа" хүлцэл өчье. 

Айлчлалын хөтөлбөрийн дагуу бид БНХАУ-ын Шинжлэх ухаан, Технологийн яам, Бээжин хотын Шинжлэх ухаан, технологийн хороо, Zhongguancun инновацийн үзэсгэлэнгийн төв, WeChat-ын салбар оффис, Нанфан сонин группийн оффис гэх мэтчилэн олон газраар явж уулзалт хийсэн бөгөөд тэр бүгдийн талаар нэгд нэгэнгүй бичнэ гэвэл Unread-ийн нэг нийтлэлийн хуудас багадах тул аяллын туршид өөрт төрсөн сэтгэгдэл, бодол, сонин хачнаа түүвэрлэн бичиж элдэв нэмэлт хачиргүйгээр сийрүүлсү.

Хятадын технологийн инноваци миний хувьд асар сонирхолтой сэдэв байсныг нуух юун. Медиагаас гадна технологи, дизайн, энтертайнмент, паблишинг зэрэг салбарын хэдэн гарааны бизнест тоосоо өргөж явдгийн хувьд Хятад улсын технологи, инновациудтай танилцахаас гадна болж өгвөл туршлага судлах, мөн бизнес боломж хайх, хэрэндээ л энтрепренерлэг нүдээр харахыг хичээж явлаа. Дэлхий дахиныг Хятадын технологийн хурдацтай хөгжил дэвшил донсолгож айдас болгоомжлол, сониучирхлын аль алиныг дагуулан, 1.3 тэрбум хүн ам бүхий аварга том зах зээл, хаана ч байхгүй хямд ажиллах хүч нь томоохон бизнесүүдийг соронз мэт татаж, аргагүй шуналыг нь хөдөлгөдөг болсон ч ердөө хэдхэн жилийн өмнө энэ орон инновациараа бус хулхи бараагаараа л алдартай, нэг үгээр хэлэхэд “сураггүй" байсан билээ. 1980-аад оны үед дэлхийн хамгийн ядуу орнуудын тоонд багтаж байсан Хятадыг чухам юу ийм хурдацтайгаар хөгжиж дэвших замд хөтлөв? Чухам асуултын хариултыг бидэнд өгөхийн тулд уг айлчлалыг зохион байгуулаа буй заа.

Миний өөрийн дүгнэснээр бол шинжлэх ухаан, технологийн инновацийг Хятадад бий болгож буй хамгийн гол хүчин зүйл бол урт хугацааны тогтвортой хөгжлийн бодлого, стратеги аж. Хятад улс одоо 13 дахь 5 жилийн төлөвлөгөө рүүгээ ороод нэг жилийн нүүрийг үзэж буй агаад томоохон зорилт нь энэ хугацаанд дундаж хэмжээний инновацилаг орон болж хөгжин шинжлэх ухаанаараа дэлхий 15-д (одоо 18-д байгаа) бичигдэх юм байна. Дундаж гээд байгаа юм шүү… Та бүхэн 65 жилийн турш тасралтгүй нэг зүйлийн төлөө зорино гээд төсөөлөөд үз дээ. Худал үгийг мянга хэлбэл үнэн болдог гэдэг шиг хөгжлийн төлөө 65 жил тасралтгүй нэг чиг, жанжин шугамтай явахад үнэхээр л бодит үр дүн гардаг ажээ. БНХАУ-ын Шинжлэх ухаан, технологийн яамтай хийсэн уулзалтын үеэр бидэнд 13 дахь 5 жилийн төлөвлөгөөний Шинжлэх Ухаан, Технологи, Инновацийн чиглэлээр хийхийг зорьж буй зорилтуудын хураангуй товхимолыг бэлэглэсэн бөгөөд эндээс миний үнэхээр онцлохгүй өнгөрч боломгүй санагдсан зорилтуудын нэг нь ард иргэдийнхээ шинжлэх ухаан, технологийн эрдэм (literacy)-ийг нэмэгдүүлэх буюу технологи хэрэглэж чаддаг болгох явдал байлаа. Гайхалтай биш гэж үү? Төрийн бодлого, зорилт, зохицуулалт нь үнэхээр өндөр түвшинд, алсын хараатай байх агаад ард иргэдээ бэлдэхгүй, сургахгүйгээр ямар ч инноваци, технологи бүтээгээд нэмэргүй гэдгийг тэд нэгэнт ойлгож, улс даяараа бодлоготойгоор анхаарч эхэлжээ. Харин толины нөгөө талын тусгал буюу буй хувийн хэвшлийн компаниудад шинжлэх ухаан, инновациийн хөгжилд зориулан жилд зарцуулж буй 410 тэрбум ам.долларын 22% орчим буюу 103 тэрбум ам.долларыг нь зориулдаг юм байна.

Товчоор дүгнэхэд төрөөс иргэдээ инновацид бэлдэн сургаж байх хугацаанд хувийн хэвшлийнхэн нь төрөөс авсан дэмжлэгтэйгээр технологийн дэвшлийг бүтээн зах зээлд гаргаж буй хэрэг юм. Эрэлтийг нь үүсгэж, нийлүүлэлтийг нь хангахад бодит дэмжлэг үзүүлээд төр өөрөө оролцохгүй байгаа нь шууд хуулбал зохих стратеги, бодлого мэт надад санагдсан. Үнэлүүштэй нь төрөөс авсан дэмжлэгийг үрэн таран хийлгүй бодит бүтээгдэхүүн, инновацийг бий болгож чадаж байна, харин иргэд нь инновацид суралцахыг, хэрэглэхийг хичээж байна. Би буруу сонсоогүй бол 900 сая гаруй хэрэглэгчтэй болоод байгаа WeChat нь 12 дугаар 5 жилийн төлөвлөгөөнд байсан зорилтуудын нэг гэх юм билээ. Одоо тэгтэл сошиал сүлжээ, чат, төлбөрийн систем гээд бараг бүх зүйлсийг орлож буй WeChat-ийг хэрэглэдэггүй хүн рүү гайхаж хардаг шахуу хэмжээнд очтол хөгжжээ.

Хятад улс даяар шинэчлэл, шинжлэх ухааны томоохон 156 паркийг бий болгосон бөгөөд шинжлэх ухаан, технологи, инновацийн салбарт 30 сая хүн ажиллаж байгаа нь асар том тоо. Дэлхийн улс орнуудад ахиад 2.65 сая хятад хүн энэ салбарт ажиллаж сурч боловсорч байгааг нэг бүрчлэн эргүүлэн татаж зорилготой ажиллаж буй аж. Инновацийн хөгжилд 1980 оноос хойш төрөгсөд түүчээлж, ирээдүй болно хэмээн харж байгаа тул улсаас тэдний хөгжил, боловсрол, ажиллах амьдрах орчинд онцгойлон анхаарч байгаа талаар мөн дурдаж байна лээ.

Хятадын дундаж давхаргад жил бүр 10 сая хүн нэмэгдэж орж ирж байгаа гэнэ. Баяр ёслолын үеэр зориудаар удаан амраадаг болсон бөгөөд шалтгаан нь хүмүүс хадгаламжиндаа их мөнгөтэй болчихсон тул мөнгийг нь үрүүлж, эргэлтэнд оруулах явдал аж. Хамгийн гол нь иргэдээ ядуурлаас гаргах гэж нэг ч юанийн халамж өгдөггүй нь сонирхолтой санагдав. Ямар бодлого барьдаг вэ гэхээр ажилтай л байлгах бодлого барьдаг. Тариачин байх юм бол газрыг нь өгье, үрийг нь өгье, тариагаа тариад амьдар гэх жишээний. Малчин хүн бол хоёр ямаа өгье, чи дөрөв болгож өсгөж үржүүл гэдэг аж. Хэрвээ тэр хүн чадахгүй байх юм бол нутгийг нь сольж үздэг гэнэ. Товчхондоо бол тэр хүнийг ажил хийж, амьдралаа залгуулж чаддаг болтол нь зүтгүүлдэг, харин зүтгэх боломжийг нь, тулах цэгийг нь гаргаж өгдөг байна.

Ийн бичээд байвал сонин хачин ихтэй аялал болжээ. CCTV-д хүртэл ярилцлага өгөөд амжсан юм байна. Тиймээс дараа үргэлжлүүлье. Монгол улсыг хөгжил дэвшилд чиглүүлэх салбар бол шинжлэх ухаан, технологи, инноваци гэдэгт миний бие бат итгэдэг. Дэлхийд аж үйлдвэрийн 4-р хувьсгал яригдан хиймэл оюун ухаан, хүний тархийг компьютертэй холбох ирээдүйн салбарууд бүрэлдэн тогтож, байшин барилгыг зүгээр хэвлэдэг хэмжээнд хүрчихсэн байхад бид хоёрдугаар хувьсгал (индустриал) буюу өнөө л уул уурхай, нүүрсээ яриад суумааргүй. Бид л хичээхгүй бол дэлхий цаана чинь тасраад одох нь...

CCTV-д яриа өгөв.

46820   6


НИЙТЭЛСЭН:

Zack Batzaya




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.