Өнөөдөр танд орчин цагийн улс төрийн романы эцэг гэгддэг Жорж Оруэллийн хамгийн алдартай бүтээлүүдийн нэг болох "Амьтны Ферм" улс төрийн элэглэлийн хэсгээс хүргэж байна. 1945 онд бичигдэн, дэлхий дахины хүлээн зөвшөөрөгдөж, зохиогчоо үүрд дархалсан уг сод бүтээлийг та уншиж амжаагүй яваа бол заавал уншаарай гэж зөвлөх байна. 

Бенжамин баримталдаг зарчмаа нэг удаа зөрчихийг зөвшөөрч ханан дээр юу гэж бичээстэй байгааг уншиж өглөө. Одоо тэнд ганцхан журмаас өөр юу ч байхгүй байлаа. Тэр журам нь ийм байжээ: « БҮХ АМЬТАД ТЭГШ ЭРХТЭЙ ВОЛОВЧ ЗАРИМ АМЬТАД БУСДААСАА ИЛҮҮ ЭРХТЭЙ !» Үүнээс хойш нэг өдрийн дараа фермийн ажлыг хянадаг гахайнууд бүгд урд хөлөндөө ташуур барьсан нь хачин санагдсангүй. Гахайнууд өөрсөддөө радио худалдан авч, ярьдаг утас тавиулах гэж байгаа, мөн “Жон Бул”, “Амтат хэрчим”,” Өдрийн толь” сонинуудыг захиалахаар мөнгө цуглуулж байгааг мэдэхдээ ч хачирхсангүй. Наполеон амандаа гаанс зууж төв байрны цэцэрлэг дотор зугаалж харагдах нь, тэр ч байтугай гахайнууд шүүгээнээс ноён Жонесын хувцасыг гаргаж өмсөөд явж байх нь ч хачин юм шиг санагдсангүй. Наполеон өөрөө хар пальто, оготно агнагчийн өмдний гадуур савхин өмд өмсчихсөн гарч ирж байх зуур түүний хайртай мэгж нь ням гаригийн өдрүүдэд хатагтай Жонесын өмсдөг байсан зөөлхөн торгон даашинз өмсөн хүрэлцэн ирэв.

Долоо хоногийн дараа хэдэн мухлаг тэрэг ферм дээр давхиж ирэв. Хөрш зэргэлдээх фермийн эздийн төлөөлөгчид тэдний фермтэй танилцахаар уригдсан нь энэ ажээ. Тэдэнд фермийн бүх зүйлийг үзүүлэхэд харсан бүхнээ, ялангуяа салхин тээрмийг бахдан гайхав. Амьтад манжингийн талбай цэвэрлэж байв. Тэд шургуу ажиллаж байсан бөгөөд толгойгоо газраас огцом өндийлгөн харж хэнээс нь илүү их айхаа, гахайнуудаас уу, хүний төлөөлөгчдөөс үү гэдгээ мэдэхгүй байв.

Тэр оройдоо фермийн байрнаас чангаар инээлдэх, дуу түрэх сонсогдлоо. Тэгээд гэнэтхэн холион бантан болсон дуу гарахад амьтдад хэрэгт дурлах санаа төрөв. Юу болох нь энэ вэ, анх удаагаа амьтан, хүн хоёр тэгш эрхтэйгээр уулзалдаж байгаа нь энэ үү? Тэд нэгэн зэрэг төв байрны цэцэрлэгрүү аль болохоор чимээгүйхэн мөлхөж эхлэв.

Тэд цааш явахаасаа нилээд айж хаалган дээр очоод зог тусацгаасан боловч Кловер тэднийг дагуулан дотогш орлоо. Тэд өлмий дээрээ явцгааж байрруу оров. Эдгээр амьтад, хоолны өрөөний цонхоор харж чадахуйц өндөр байсан юм. Тэнд арав гаруй фермийн эзэд, бас, арав гаруй нэрд гарсан гахайнууд урт ширээ тойрон сууж Наполеон өөрөө ширээний эхэнд нэр хүндтэй суудлыг эзлэжээ. Гахайнууд сандал дээрээ дажгүй гэгч нь тогтон сууж харагдана. Найз нөхөд хөзөр тоглож тавтай байсан боловч үг хэлж хундага тулгах гэж үе үе тоглоомоо завсарлана. Нэгэн галуун хүзүүтэй ваар тойрход сэнжтэй аяганууд шар айргаар дахин дахин дүүрнэ. Цонхны цаанаас ширтэж буй амьтадын царайг хэн нь ч анзаарсангүй.

Фоксвоодын ноён Пилкингтон гартаа аягаа барьсаар бослоо. Тэр, хэдэн мөчийн дараа ерөөл айлдаж энд байгаа нөхдүүдээ уухыг хүсэх болно гэдгээ хэллээ. Гэвч үүний өмнө хэлэх ёстой гэж бодож байгаа хэдэн үг бий гэнэ.

“Миний хувьд маш сайхан боломж гарлаа. Удаан хугацаагаар үргэлжилсэн үл итгэх, үл ойлголцох явдалд төгсгөл ирж байгааг энд хүрэлцэн ирэгсэд мэдэрч байгаа гэдэгт би итгэлтэй байна. Би ч, энд байгаа нөхдүүдийн хэн нь ч энэ мэт сэтгэлээ хуваалцаж байсангүй. Гэвч Амьтны Фермийн нэр хүндтэй эздийг хүлээн зөвшөөрөх цаг ирлээ, би дайсагнасан үг хэлэхгүй боловч хөрш ззргэлдээх хүмүүсээс үл итгэх байдал гаргаж болох юм гэдгийг хэлмээр байна. Харамсалтай хэрэг зөрчлүүд гарч, алдаатай бодол санаа байсаар байна. Энэ бол гахайнууд өмчилж эрхлэн хөтлөдөг ферм байна гэдэг нь яагаад ч юм хэвийн зүйл биш, ойр орчимдоо муу нөлөө үзүүлнэ гэж бодсоноос тэр юм. Олон фермийн эзэд ийм фермд тогтсон хэм хэмжээ зөрчигдөж, сахилга батгүй байдал газар авах болно гэж ямарч баримт нотолгоогүй ойлголттой байсан. Тэд амьтдад нь үзүүлж болох нөлөө, үгүй бол амьтдын эзэн болох хүмүүсийн төлөө зовж бухимдаж байсан. Гэвч эргэлзээ төрүүлж байсан бүх бодол арилж үгүй боллоо. Амьтны Фермд хүрэлцэн ирж, нэгд нэггүй өөрийн нүдээр үзэж танилцсан би болон миний нөхөд юу олж харав? Бид зөвхөн өнөөгийн хамгийн шилдэг ажлын арга барил төдийгүй, мөн сахилга баттай байдал, хаа байгаагаас нь үл шалтгаалан бүх фермийн эздэд үлгэр жишээ болохуйц тушаал биелүүлэх ёс журамыг олж харлаа. Би, Амьтны Фермийн доод зиндааны амьтад нь манай орны бусад амьтадыг бодоход их ажил хийж бага хоол иддэг юм байна гэж хэлбэл зөв болно гэдэгт итгэлтэй байна. Би болон миний залуу нөхөд ферм дээр өнөөдрийн үзсэн харсан онцгой олон сонин зүйлийг өөрсдийнхөө фермд нэн даруй нэвтрүүлэх болно !” гэлээ.

Тэр үгийнхээ эцэст Амьтны Ферм болон түүний хөршүүдийн хооронд тогтсон, мөн хойшид ч хэвээр байх нөхөрсөг харьцааны тухай дахин онцлон тэмдэглээд, гахай, хүн хоёрын хооронд сонирхолын зөрөлдөөн урьд нь ч байгаагүй, хойшид ч байх ёсгүй, тэдний тэмцэл, бэрхшээл нь нэгдмэл нэг зүйл байсан гэж хэлэв. Газар бүр хөдөлмөрийн асуудал ижилхэн байгаагүй гэж үү? Энд тэр нөхдийнхээ нягт нямбай бэлдсэн хатуухан тоглоомыг гаргаж тавих уу, болих уу гэж эргэлзэж байгаа нь тод ажиглагдсан боловч нэг хэсэгтээ сэтгэлийнхээ хөөрлийг дарж чадлаа. Нүүр царайгаа ихэд улаалган байж амьсгал аван “ Хэрэв та нар сэтгэл хангалуун байхын тулд доод зиндааны амьтадтай байдаг бол манайд доод ангийнхан гэж байдаг!” гэж хэлэхэд нь энэхүү оновчтой үгийг сонссон ширээ тойрон суугчид хөхрөлдлөө. Тэгээд ноён Пилкингтон бага хоол өгч, олон цагаар ажиллуулж байгаад нь, мөн түүний ажигласанаар Амьтны Фермд амьтаныг эрхлүүлэх явдал үндсэндээ байдаггүйд нь гахайнуудад дахин баяр хүргэв. Ноён Пилкингтон эцэст нь “ Одоо харин би нөхдүүдээс зогсож байгаад хундагаа дүүргэхийг гуймаар байна!” гээд “Ноёдоо, ноёдоо, би “Амьтны Ферм цэцэглэн хөгжтүгэй” гэж ерөөмөөр байна гэж онцлов. Тэд баяртайгар алгаа ташицгааж хөлөө дэвслэцгээв. Наполеон ихэд сэтгэл хангалуунаар суудлаас босож ноён Пилкингтон хундагаа хоослочихоос нь өмнө түүнтэй тулгахаар ширээ тойрон ирлээ. Тулгаж дууссаныхаа дараа тэр хойт хоёр хөл дээрээ зогсож байгаад бас хэдэн үг хэлмээр байгаагаа зарлав.

Энэ нь Наполеоны бусад хэлсэн үгнүүдийн нэгэн адил товчхон тодорхой үг байлаа. Тэрээр, “Ойлголцохгүй байсан үеийн төгсгөл ирсэнд бас баяртай байна. Би болон миний нөхдийн ажигласанаар хор хөнөөл учруулж эвдэж сүйтгэдэг дайснууд байдаг гэж бодогдуулах шалтгаан бүхий яриа удаан үргэлжилж байсан. Бид нар хөрш зэргэлдээх фермүүдийн амьтадын дунд бослого гаргуулахыг оролдож байсан” гээд “ Үнэнээс цааш гарах юм юу ч байхгүй!”, “Урьдын ч, одоогийн ч бидний чин хүсэл бол хөршүүдтэйгээ эв найртай амьдарч бизнесийн хэвийн харьцаатай байх явдал юм. Миний хянаж удирдах үүрэг бүхий энэ ферм бол хамтын үйлдвэрлэл, надад байгаа бичиг баримтан дээр үүнийг гахайнуудын хамтын өмч болох тухай тэмдэглээстэй байгаа” гэж нэмлээ.

“Урьдын үл итгэлцэх явдал байсаар байгаа гэдэгт би итгэхгүй байгаа боловч ферм дээр тогтсон журамд хойшдоо итгэлцэлийг бэхжүүлэхэд нөлөө үзүүлэхүйц өөрчлөлтүүд саяхан орсон, одоо хүртэл амьтад бие биендээ хандахдаа “Нөхөр” гэж хэлдэг тэнэг заншил манайд байгаа, үүнийг устгах хэрэгтэй байна. Түүнчлэн ням гаригийн өглөөний жагсаалын дараа цэцэрлэгт бодон гахайны гавалын яс өлгөдөг хаанаас гарсан нь мэдэгдэхгүй хачин заншил байна. Үүнийг бас устгах хэрэгтэй, гавлын ясыг ч оршуулчихсан л даа. Зочид төлөөлөгчид дээвэр дээр хийсэж байгаа ногоон тугыг ажигласан биз, хэрэв ажигласан бол урьд нь тэр туган дээр байсан цагаан эвэр, туурай одоо байхгүй болсоныг анзаарсан байх, үүнээс хойш туг маань цулгай ногоон байх болно “ гэж тэр хэллээ.

Наполеон, “Хөршийн хувьд ноён Пилкингтоны хэлсэн сайхан үгнээс ганц юм шүүмжлэмээр байна, ноён Пилкингтон үгээ хэлэхдээ “Амьтны Ферм” гэж дурдсан. Мэдээж хэрэг тэр энэ тухай юуч бодолгүй хэлсэн л дээ” гээд анх удаагаа “Амьтны Ферм” гэдэг нэрийг өөрчлөх гэж байгаагаа зарлалаа. Энэ мөчөөс эхлэн, түүний бодож байгаагаар ферм нь “Эзэмшлийн Ферм “ гэж зөв зүйтэй, жинхэнэ нэрээрээ нэрлэгдэх юм байна.

Наполеон, “Ноёдоо, Би та бүхэнд зориулж түрүүнд гарсан ерөөлийг өөр хэлбэрээр хэлье. Хундагаа амсарыг нь хүртэл дүүргээрэй, Ноёдоо би: 'Эзэмшлийн ферм цэцэглэн хөгжтүгэй! гэж ерөөе” гэлээ. Урьдынх шигээ чин зүрхнээсээ хундага тулгаж ёроолыг нь гартал хоосолцгоов. Гаднаас нь ажиглаж байгаа амьтдын хувьд тэнд ямар нэгэн юм болоод байгаа юм шиг санагдана.Гахайнуудын царай хувьсхийгээд явчихдагын учир юу вэ? Кловерын галгүй харц нэгний нь царайнаас нөгөөгий нь царайд шилжинэ. Тэдний зарим нь таван, зарим нь дөрвөн, зарим нь гурван эрүүтэй харагдана. Гэвч уусаж, урсаж, өөрчлөгдөөд байгаа юм шиг санагдаад байгаа юм нь юу юм бол оо? Дараа нь алга ташилт өндөрлөөд нөхдүүд хөзрөө авч тасалдсан тоглоомоо үргэлжлүүлэхэд, амьтад чимээгүйхэн мөлхөж одлоо.

Гэвч хорин яард газар ч явж чадалгүй зогслоо. Фермийн байрнаас бужигнасан олны чангаар дуугарах сонсогдоно. Тэд буцан ирж цонхоороо дахин харав. Тийм ээ, уур хилэн, хэруүл маргаан ид өрнөж байлаа. Тэд хашгирч, ширээ цохиж, бие биенээ муухай харж, харааж зүхнэ. Хэрүүл нь Наполеон, ноён Пилкингтон хоёр хоёулаа гилийн тамгаар нэг зэрэг тоглосоноос үүсжээ.

Уур хилэндээ шатсан ав адилхан арван нэгэн дуу хадна. Одоо гахайнуудын царай яачихаад байгааг асуултгүй болжээ. Гадаа байсан амьтад гахайруу харсанаа хүнрүү, хүнрүу харсанаа гахайруу, мөн дахин гахайруу харсанаа хүнрүү харах боловч юу нь яачихаад байгааг хэлэх боломж аль хэдийн үгүй болжээ.