Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Мэдүүштэй   06 сарын 22, 2017

ШИНЭ: Unread Live-ийг танилцуулах нь + Эхний 2 дугаарын эшлэлүүд

Өнөөдөр бид богинохон хугацаанд хоёр ч дугаар гаргаж амжсан Unread Live-ийг албан ёсоор танилцуулж байна. Манай баг уншигчдадаа илүү ойртох, тэдэнд шинэ сувгаар мэдээлэл өгөх зорилгоор 2 долоо хоногтоо нэг удаа фэйсбүүкээр шууд ярилцлага хийж байхаар шийдсэн юм. Энэхүү шууд ярилцлагадаа бид сүүлийн үед амжилт бүтээл, сонин сайхнаар дүүрэн яваа мэргэжилтнүүдийг, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ гаргасан, удахгүй гаргах гэж байгаа бүтээгч хүмүүс, энтрепренерүүд, компаниудыг урьж маш чөлөөтэй ярилцах юм. Үүний зэрэгцээ бид зочидтойгоо сонирхолтой сэдэв, цагийн үеийн асуудлаар хүүрнэлдэх болно. Энэ удаа эхний 2 live дээр дурдагдсан зарим сонирхолтой мэдээллийг хүргэж байна.

Unread Live #1-ийн зочид: Unread-ийн ерөнхий редактор Д.Ганзориг, Unread-ийн арт директор/Бату Дижиталын үүсгэн байгуулагч Д.Батзаяа, Happyhome-ийн үүсгэн байгуулагч Б.Танан

Unread Live #2-ын зочид: Lhamour брэндийг үүсгэн байгуулагч Д.Хулан, Skinny Studio-ийн үүсгэн байгуулагчдын нэг Ө.Үнэнбүрэн, Unread арт директор/Бату Дижиталын үүсгэн байгуулагч Б.Батзаяа

Unread Live #1

Бүтнээр үзэх: Unread Live #1

Аяллын сонин сайхан

А.Ундрал: Саяхан Ганзо маань Эстонийн цахим засаглалын хөгжилтэй, Зак маань Хятадын инновацитай танилцаад ирсэн. Аяллынхаа сонин сайхнаас хуваалцах уу?

Б. Батзаяа: Хятад одоо 13 дах 5 жилийн төлөвлөгөө дээрээ явж байгаа. Энэ төлөвлөгөөтэй номыг нь авч уншихад надад хамгийн их таалагдсан зүйл нь ард иргэдийнхээ технологийн эрдэм (literacy)-ийг нэмэгдүүлэх буюу технологи хэрэглэж чаддаг болгоход том зорилт тавьсан байсан. Хэрэглэгчийг нь бэлдэж өгч байж технологийн компаниудын шинэлэг, инновацилаг юмнууд байр сууриа эзэлнэ.

“Хятад будааг хятад шаазанд” гэж хэллэг байдаг юм билээ. Гадны үнэтэй технологийг хямд үнээр дотооддоо үйлдвэрлэж ард иргэддээ хүргэх зорилготой. Жишээ нь: Uber-ийг Didi, Google, Instagram, Facebook-ийгг WeChat орлож байна. Tesla машинтай яг адилхан машиныг хүртэл тэд хийчихсэн байна. Дотооддоо өөрийн мундаг брэндүүдээ хуулбарласан дууриамалууд нь хүртэл гардаг болсон байна.

Хятадын дундаж давхаргад жил бүр 10 сая хүн нэмэгдэж орж ирж байгаа гэнэ. Хамгийн гол нь иргэдээ ядуурлаас гаргах гэж нэг ч юанийн халамж өгдөггүй. Ямар бодлого барьдаг вэ гэхээр ажилтай л байлгах бодлого барьдаг. Тариачин байх юм бол газрыг нь өгье, үрийг нь өгье, тариагаа тариад амьдар гэх жишээний.

Д.Ганзориг: Эстонийг манайхан тийм сайн мэдэхгүй байх. Энэ улс цахим засаглалаар сүүлийн жилүүдэд гайхагдах болж. Бүх л төрийн үйлчилгээ нь интернэтээр явж байна. Татвар төлөлт, бизнес эхлүүлэх, эмчилгээ бичүүлэх зэрэг төрийн үйлчилгээнүүд бараг 100 хувь цахимаар. Сургуулиуд нь бүгд e-kool гэх мэт өөрийн програмтай, түүгээрээ багш дүн, шалталтын мэдээллээ тавьж харж, эцэг эхчүүд нь хянаж явдаг юм байна. Энэ бүхэн яаж эхэлсэн бэ гэхээр 90-ээд оны дундуур энэ жижиг улс технологи бол ирээдүй гэдгийг харж, зөв бодлого стратеги гаргаж, интернэттэй холболтыг нэмэгдүүлж, технологийн боловсролыг эрчимжүүлсэн юм билээ. Одоо Эстони дунд сургуулийн боловсролын үзүүлэлтээр Европт нэгт, дэлхийд Япон, Сингапурын дараа 3-т ордог юм байна.

Эстони 1.3-хан сая хүнтэй, бид бас цөөн хүн амтай, интернэт гар утасны хэрэглээ ч давгүй. Тэгэхээр зөв бодлого явуулж, гүйцэтгэлээ сайн хийвэл бидэнд цахим засаглалыг сайн хөгжүүлэх боломж байна. Бас боловсролын салбартаа л гойд анхаарах хэрэгтэй юм байна гэж бодогдсон.


Технологийн ертөнцийн сонин хачин

Б. Танан: Goldman Sachs-ийн нэр хүндтэй аналистын бичсэн, шинэ мянганы эхэнд задарсан "технологийн салбарын хөөс"-тэй ижил нөхцөл байдал буюу хэт өндрөөр үнэлэгдсэн хэрнээ хангалттай орлого олж чадахгүй байгаа технологий компаниудын талаар бичсэн нийтлэлээс болж өнгөрсөн 7 хоногт Apple, Facebook, Alphabe, Microsoft, Amazon, Alphabet, Microsoft гэсэн топ 5 бизнесийн үнэлгээ даруй 2 хувиар унасан мэдээ байна. Миний хувьд сүүлийн үед хувьцаа сонирхож, өөрийн хэмжээнд судлаад байгаа. Interactive brokers хэмээх брокер дээр өөрийн аккаунттай болсноор New York Stock Exchange, NASDAQ, HKSE гээд дэлхийн ихэнх хөрөнгийн биржүүдээс хүссэн компанийнхаа хувьцаа, FOREX зэрэг дээр өөрөө хувьцаа авч, зарж болох юм билээ. Саяхан манай нэг найз Монголд байгаа брокерын компаниар дамжиж хувьцаа авахад 160 мянган төгрөгийн шимтгэл төлсөн. Харин би өөрөө ингээд шууд авахад $ 3 л төлдөг. Нэгэнт зах зээлийн жамаар банкны хадгаламжийн 15 хувийн хүү, ЗГ-ын үнэт цаасны 18 хувийн хүү буурах нь ойлгомжтой тул залуус эртнээс өөр аргаар мөнгөө өсгөх, санхүүгийн зах зээл дээрх мэдлэгээ дээшлүүлж байсан нь зөв гэж боддог. Зөв компанийн хувьцаа сонгож чаддаг болвол хэдхэн сарын дотор л мөнгөө хэд дахин өсгөх боломжтой санагдсан. Жишээ нь би 2016 оны 4 сард Facebook-ийн 3 ширхэг хувьцааг нэг бүрийг нь би 112 доллараар авсан. Одоо нэг бүр нь 152 доллар болсон байх жишээтэй. Ганц жилд 35%-ийн өсөлт үзүүлж байна. Банкны ам.долларын 1 жилийн хадгаламжийн хүү 6%. Ер нь тэгээд хүссэн хүсээгүй хүн өөрийнхөө мөнгөөр тоглоод ирэхээр маш их шинэ зүйл сурч, судалдаг болдог юм билээ.

Б.Батзаяа:
Саяхан Apple Design award-т шалгарсан аппуудыг харсан. Ихэнх нь үнэтэй аппууд байна лээ. Энэ нь бас сайн юм хямдхан байдаггүй гэдгийн илрэл юм уу даа. Сүүлийн үед апп дээр харагдаж байгаа тренд гэвэл “no design is best design”. Апп бол ер нь хүний хэрэгцээг л хангах зорилготой. Тэгэхээр заавал нээх учиргүй гоё харагдах нь гол биш, хоосон зай бүрт текст, зураг шахах албагүй юм.

Монголд сүүлийн үед гарсан аппуудаас LookTV-ийг туршиж байгаа. Би ч өөрөө кино их үздэг хүн. Товчхоноор LookTV бол монгол Netflix юм даа. Юнивишнтэй саяхан холбогдсон тул телевизийн сувгууд, Юнивишний видео санг гар утас, таблет, компьютерээс үзэх боломжтой юм билээ. Олон төхөөрөмжөөс Юнивишнээ үзэх тул гэрийнхэнтэйгээ суваг булаалдах асуудалгүй болсон нь таалагдсан. Иймэрхүү томоохон хэмжээний монгол апп гарч эхэлж байгаа нь олзуурхууштай санагдсан.

Unread Live #2

Бүтнээр үзэх: Unread Live #2

А.Ундрал: Lhamour брэнд, Skinny студиэр сүүлийн үеийн сонин юу байна даа? Тун завгүй, сонин сайхан ихтэй байгаа нь сошиал медиа дээрээс харагдаж байсан...

Д.Хулан: Хамгийн сүүлийн үеийн сайхан мэдээ гэвэл, бид олон улс дахь анхны дэлгүүрээ нээх гэж байна. Сөүлийн Гангнам буюу гэр бүлийн дүүрэгт байрлаж байгаа. Одоо Солонгост байгаа төлөөлөгч маань Монголд явж байгаад санамсаргүй манай бүтээгдэхүүнийг аваад гэрийнхэндээ сувинер болгож өгсөн юм байна лээ. Дауны синдромтой, үүнээсээ болоод арьс нь эрс хуурайшдаг, хурдацтай хөгшрөлт явагдаж буй дүү нь манай биеийн тосоор тослоод байсан чинь арьс нь эрүүл болсон учраас манай төлөөлөгч больё гэж санал тавьсан байгаа.

Мөн саяхан Германы Deutsche Welle ТВ-ийн гарааны бизнесийн нэвтрүүлэгт орлоо. Азийн гарааны бизнесүүдийг дэлхийд таниулах зорилгоор хийж байгаа юм байна лээ. Хамгийн анхны улс нь Монгол байсан, одоо тэд Хонг-Конгод ажиллаж байгаа. Сарын энэ нэвтрүүлгийг үүсгэн байгуулагч болон Deutsche Welle ТВ-ээс нэгэн тэмцээн зарлаж байгааг энэ ташрамд дуулгая. Хүнд хэрэгтэй шинэлэг санаа байвал түүнийгээ видеог болгон явуулаад шүүгч нарт таалагдах юм бол 10,000 доллар хүртэх тэмцээн юм билээ. Чиглэл хамаагүй, дөнгөж эхлүүлье гэж бодсон байж болно, аль дээр эхлүүлсэн бизнес ч байж болно.

Шинэ бүтээгдэхүүн гэвэл халгайтай саванг хэлж болно. Энэ нь илүү экземтэй, арьсны өвчтэй хүмүүст зориулагдсан. Одоо бас зун болж хөдөө явж аялж байгаа хүмүүст зориулан шүршдэг саван гаргахаар болсон.

Ө.Үнэнбүрэн: Удахгүй болох XMF буюу Xyyp Music Festival-д зориулж Сөүлд болсон Ultra Music Festival-д очиж туршлага судлаад ирсэн. Ийм үйл ажиллагаанд очих нь зөвхөн дуртай дуучин, DJ-ээ сонсохдоо биш, тэнд очоод уур амьсгалыг мэдрэхдээ байдаг юм билээ. XMF-ийг Mongol HD, Brainstorm Branding Agency, BRB, Khuur Music Group, Skinny Studio-оос нийлж зохион байгуулж байгаа. Бидний энэ жилдээ ашиг харалгүйгээр зүгээр гадаадад болдог том фестивалыг Монголд хийхийг гол зорилгоо болгож байгаа. Тайз засалтын хувьд л гэхэд Монгол улсад өмнө нь хийж байгаагүй 6 давхар өндөр тайз засах гээд бэлдэж байна.

Skinny studio-ийн охин компани “Workshop” ХХК буюу тавилгын үйлдвэр шинээр ашиглалтанд орох гэж байна. Шинэлэг байлгах гэж үзэж байна. Манайд нэгхэрэглэгч орж ирээд захиалга өгөөд, интерьерийн зургийг нь гаргахад үүний 30-40 % нь тавилгынх болчихдог. Даанч бид нар зургаа гаргаад, түүнийг маань компаниуд хийж чадах болов уу гэж санаа зовдог. Тиймээс өөрсдийн гараар энэ асуудлыг шийдэхийг хүссэн.

Таны бодлоор бизнес эрхлэгч хүнд байх ёстой хамгийн чухал чанар юу вэ?

Д.Хулан: Алсын хараатай байх хэрэгтэй. Ялангуяа гарааны бизнес дээр аливаа нэгэн асуудлыг шийдэх шийдлийг л олчих юм бол амжилттай бизнес болох байх. Дээрээс нь мэдрэмжтэй байх хэрэгтэй. Цаг үетэйгээ зэрэгцэх, хэрэглэгчдээ мэдрэх, хамт олноо мэдрэх, бусад бизнесүүдийг мэдрээд явчихбал ерөнхийдөө амжилттай явж чадна гэж боддог.

Ө.Үнэнбүрэн: Ажил дээр ч амьдрал дээр ч харьцаа хамгийн чухал. Бизнесээ өргөжүүлье тэлье гэж бодож байвал хүмүүсээс нуухгүй байх хэрэгтэй. Хүнд хэлснээр муу юм бол гарахгүй. Маш олон хүнтэй хамтарснаар миний олох ашиг багасах гэж байна хэмээн ойлгож болохгүй, бялуу байлаа гэхэд хувааж биш томруулж байна гэж ойлгох хэрэгтэй.

Б.Батзаяа: Тэвчээртэй байх ёстой юм болов уу гэж бодож байна. Ямар ч бизнес байсан олон асуудал тулгардаг. Мөнгө, санхүү, хүн хүч гэх мэт бүх л асуудлыг тэвчээртэй байж даван туулах ёстой байх аа.

19413   4


НИЙТЭЛСЭН:

Unread Today




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.