Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Techworm   05 сарын 30, 2017

Апп тойм: Houseparty - Бөөнөөрөө цуглах цахим үдэшлэг

Нэг мэдсэн баахан групп чатуудад орчихсон байна уу? Хааяа хаана бичсэнээ мартаад, буруу газар чатлаад будилж байна уу? Олон төрлийн чат апп-ууд бидэнд ийм түгээмэл асуудлыг бий болгож байгаатай маргах хүн байхгүй байх. Тэгвэл өнөөдөр бид чатлах биш, шууд видеогоор группээрээ харилцах боломж олгох Houseparty-г танд санал болгож байна.

Яагаад хэрэглэх хэрэгтэй вэ?

Аль хэдийн 1 сая хүн өдөр бүр хэрэглэж, сүүлийн үед ихээхэн тренд болж байгаа энэ апп бол өөр нэг төрлийн сошиал апп. Багууд, хамт олнуудад, найзуудад видеогоор харилцах боломжийг олгох апп. Гэхдээ Skype эсвэл Hangout-ийг бодвол ямар нэгэн аккоунт үүсгэх шаардлага заавал байхгүй, илүү нээлттэй платформ. Найзуудаа нэгтгэж чадвал заавал хэрэглэж үзвэл зохих, күүл апп.

Ямар онцлог, давуу талтай вэ?

Найзуудтайгаа нүүр нүүрээ харан харилцах буюу "онлайн үдэшлэг" хийх боломжийг энэ апп олгоно. Та маш хялбарханаар найзууд руугаа "урилга" илгээн өөрийн "өрөө" лүүгээ оруулах бөгөөд урилгаа мессежээр, фэйсбүүкээр эсвэл мэйлээр, ер нь дурын сошиал платформ ашиглан илгээж болох юм. Бүр өөрийн утасны дэвтэр дээр байгаа хүмүүс рүүгээ ч илгээж болно гэсэн үг.

Нэг дор найм хүртэлх хүн хоорондоо харилцаж болдог нь Houseparty-ийн давуу тал. Гэхдээ интернетийн хурдаас хамааран бага зэргийн гацалт мэдрэгдэж байгаа талаар хэрэглэгчид сэтгэгдлээ илгээсэн байсныг олж мэдэв. Ер нь бол 4 хүртэлх хүн дээр ямар ч асуудалгүйгээр видео чат хийж болдгийг туршиж үзсэн.

Өөрийн өрөөгөө та тодорхой хүмүүст зориулан, "түгжиж" болно. Тэгэхээр дурын нөхөр танай хүрээлэл дунд орж ирж үймүүлэхгүй, бас "мэдээлэл" алдагдахгүй. Камераа хүссэнээрээ сольж болно, микрофоноо хаагаад өөр юм хийж болно. Танихгүй хүн тань ороод ирвэл "хүсэлт илгээж" гаргаж болно, эсвэл өөрөө нэг товч дараад л шууд гарч болно. Нэг товч дараад л шинэ хүмүүсийг сошиал хуудсандаа нэмэх боломжтой. Ерөнхийдөө бүрэн удирдлага таны гарт.

100 хувь үнэгүй. Одоогоор ямар ч реклам байхгүй. Гэхдээ хүсвэл Houseparty-ийн нэрийн бүтээгдэхүүнүүдийг худалдаж авч болно.

Ямар сул талтай вэ?

Яг одоогоор Монголд хэрэглэгчдийн тоо харьцангуй бага байгаа учир хэсэгтээ ганцаардаж мэднэ. Тэгэхээр найзуудыгаа, хүрээллээ татан оруулж, идэвхжүүлэхэд овоо хүчин чармайлт хэрэгтэй гэсэн үг. Гэхдээ олуулаа болоод ирэхээр найзуудаа нэмэх, урилга илгээх функцүүд их амархан, ээлтэй хийгдсэн байна лээ.

Өөр сул тал нь өөрийн "өрөөг" үүсгэх гэж нэвтрэхдээ буюу шинээр бүртгүүлэхдээ заавал бүх мэдээлээ хийж байгаа нь бага зэрэг төвөгтэй санагдав. Фэйсбүүк эсвэл жимэйлээрээ бүртгүүлж болохгүй, заавал мэйлээ өөрөө оруулж байж ордог байдал нь бусад "амархан" апп-уудтай харьцуулагдахад хүргэлээ.

Видео учир дата их шаардагдана. Мөн таны утас хуучин үйлдлийн системтэй эсвэл бага зэрэг хуучирсан бол жаахан гацаж мэднэ шүү. Бас баттерей нэлээн иддэг байх магадлалтай.

Unread-ийн үнэлгээ

Сүүлийн үед залуусын дунд ихээхэн "хит" болж байгаа энэ апп-д бид 7 оноог өглөө.

Татаж авах

17200   2


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.