Энэ долоо хоногийн тойм 1132 үгээс бүрдэнэ. Танд бүрэн уншиж дуусгахад ердөө 4 минут л хангалттай.

1 гол сэдэв


2-р сарын 10-нд явагдах 92 дахь удаагийн Оскарын наадамд нэр дэвшигчдийн нэрс тодорлоо. Энэ жил уламжлал ёсоор 24 төрөлд өрсөлдөгчдийг тодруулсан юм.

ЮУ БОЛОВ?

"Joker" нийт 11 төрөлд нэр дэвшиж бүх бүтээлүүдийг манлайлав. Тэдэнтэй цуг шилдэг киноны төрөлд өрсөлдөж буй "1917", "The Irishman", "Once Upon A Time in Hollywood" тус бүр 10 төрөлд өрсөлдөх болсноороо энэ жагсаалтад удаалав. Канны Фестивалийн ялагч "Parasite" зөвхөн гадаад хэл дээрх бүтээлээс гадна шилдэг киноны төрөлд нэр дэвшсэнээр ийм амжилт үзүүлсэн анхны солонгос кино боллоо. Хэдий жүжигчдээс нь хэн нь ч нэр дэвшиж чадаагүй ч тус кино кино зохиол, найруулга, эвлүүлэг зэрэг 6 төрөлд өрсөлдөх болсон нь онцлууштай амжилт байв.

ГОЛ ЯЛАГЧ НЬ ХЭН БАЙВ?

Netflix нийт 24 төрөлд нэр дэвшсэнээр Disney-г ялимгүй илүүрхсэн нь бахдам амжилт байв. Стриминг платформын хувьд өндөр төсөвтэй, супер оддын тоглосон "The Irishman", "Two Popes", "Marriage Story"-оос гадна анимэйшн төрөлд "Klaus", "I Lost My Body" бүтээлүүдээ сойх боллоо. Алдарт хөгжмийн зохиолч Жон Уильямс "The Rise of Skywalker"-ийн бүтээлээрээ 52 дахь удаагаа Оскарт өрсөлдөх болсон нь гайхалтай. Түүний урд зөвхөн домогт У.Дисней л (59) бичигддэг гэнэ. Бокс оффисын бүх цаг үеийн жагсаалтыг манлайлах болсон "Avengers: Endgame" визуал эффектийн төрөлд нэр дэвшжээ.

ЯЛАГДАГЧИД НЬ?

Холливудын хэвлэл нэг ч эмэгтэй найруулагч нэр дэвшээгүйг жигтэйхэн онцолж байна. 91 жилийн түүхэнд ердөө 5 эмэгтэй найруулагч Оскарын төлөө өрсөлдөж байсан бөгөөд 6 төрөлд нэр дэвшсэн "Little Woman"-ий Г.Гервигт гол найдлага тавьж байсан нь талаар болов. Алтан бөмбөрцөгт "The Farewell"-д бүтээсэн дүрээрээ ялалт байгуулсан Awkwafina болон шүүмжлэгчдийн талархлыг хүлээсэн "The Hustlers"-ийн дүрээрээ Ж.Лопез нар нэр дэвшиж чадаагүй нь олныг гайхлыг төрүүлэв. Дэлхий даяар 1.4 тэрбум долларын орлого олсон ч "Frozen 2" анимэйшн бүтээлд нэр дэвшиж чадсангүй. Төрлийн "тодорхойгүй" байдлын улмаас мөн нэр дэвших эрхээ авч чадаагүй "Lion King"-ийн Beyonce-ийн амилуулсан бүтээл шилдэг дууны төрлөөс ч хасагдав. Уг төрөлд Диснейгээс зөвхөн "Toy Story 4" л өрсөлдөх болжээ.

Санал болгох: Ялагчдыг таамаглах нь (Vulture)


2 чухал тоо


17,300,000,000: 2020 онд Нетфликс зөвхөн контент хөгжүүлэлтэд 17.3 тэрбум доллар зарцуулна гэдгээ зарлав. Энэ нь өнгөрсөн жилийнхээс 2 тэрбумаар илүү үзүүлэлт гэсэн үг. HBO Max, Disney+, Apple TV+ зэрэг бусад өрсөлдөгчдийнх нь зардал нийлээд ч энэ тоонд хүрэхгүй гэдгийг шинжээчид онцолж байна.


1,000,000,000,000: Гүүглийн толгой компани Alphabet-ийн зах зээлийн үнэлгээ 1 их наяд хүрлээ. Гэхдээ тэдний өмнө Apple, Microsoft, Amazon бүгд триллионы босгыг даваад байсан билээ.


Google, триллионы клубт нэгдлээ

3 онцлох зүйл


ТРАМПЫН ГЭРЭЭ: 18 сарын турш үргэлжилсэн АНУ-БНХАУ-ын худалдааны дайн зөвшилцөлд хүрч, "нэгдүгээр шатны гэрээ" байгуулагдлаа. АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын хувьд гэрээний хүрээнд Хятад улс ирэх 2 жилийн хугацаанд АНУ-аас 200 тэрбум доллартай тэнцэхүйц бараа, үйлчилгээ худалдан авч, зах зээлээ нээлттэй болгон, дүрэм журмаа хөнгөвчлөх болсон нь томоохон ялалт байв. Харин оронд нь Хятадын талд ноогдуулаад байсан тарифын тоог эрс бууруулж, 120 тэрбум доллартай бараанд оноосон татварт хөнгөлөлт олгох болжээ. 2 тал хоёрдугаар шатны гэрээгээ 11 сарын сонгуулиас өмнө байгуулах зорилготой гэнэ.

Санал болгох: Шинэ гэрээний ялагчид ба ялагдагчид (BBC)


МАЙКРОСОФТЫН АМЛАЛТ: Дэлхийн технологийн тэргүүлэх компани Microsoft 2050 он гэхэд үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш ялгаруулсан бүх нүүрстөрөгчийн хийтэй тэнцэхүйц хэмжээний хийг агаар мандлаас хөөн арилгах зорилго тавилаа. Энэ жил гэхэд 16 сая тонн хийг ялгаруулах төлөвтэй буй тус компани уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, өөрсдийн зорилгыг хурдасгахад чиглэсэн шинэ технологи хөгжүүлэлтэд зориулж 1 тэрбум долларыг зарцуулна гэж мэдэгдсэн байна. Microsoft 2012 оноос хойш байгальд ээлтэй компани болох төлөвлөгөөний хүрээнд төрөл бүрийн төслүүдийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 2025 он гэхэд бүх дата төв, оффис, кампусаа сэргээгдэх эрчим хүчээр ажилладаг болгохоор ажиллаж байгаа юм.

Санал болгох: Microsoft хэрхэн зорилгодоо хүрэх вэ? (WEF)


ПУТИНЫ ШИНЭЧЛЭЛ: ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, парламентийн эрх мэдлийг нэмэгдүүлэн, гүйцэтгэх, хууль тогтоох, шүүх засаглалын эрх мэдлийн хуваарилалтыг эрс өөрчлөх төлөвлөгөөгөө танилцууллаа. Тэрээр мөн хүүхэд, ээжүүд, гэр бүлүүд рүү чиглэсэн хэд хэдэн халамжийг шинээр үүсгэхээр зэхэж байгаагаа мэдэгдсэн байна. Үүний дараа Д.Медведевийн удирдсан засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон нь ерөнхийлөгчид өөрчлөлт хийх бүрэн эрх мэдлийг олгох зорилготой байв. Улмаар Путин шинэ засгийн тэргүүнээр Татварын газрын дарга, 53 настай эдийн засгийн ухааны доктор Михайл Мишустиныг томилж, Медведевт Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн дэд даргын шинэ орон тоог үүсгэн өгчээ. Шинэчлэлийн хүрээнд парламент ерөнхий сайдын нэрийг дэвшүүлэн батлах эрхтэй болсон нь 2024 онд бүрэн эрх нь дуусах Путин залгамжлагчийнхаа эрх мэдлийг хязгаарлах бодлого баримталж байгаагийн илрэл хэмээн шинжээчид дүгнэж байна.

Санал болгох: Путины илгээлтийн гол баримтууд (Montsame)


4 мэдүүштэй баримт


АМЬД РОБОТ: Эрдэмтэд мэлхийн үүдэл эсийг ашиглан анхны бичил биороботыг бүтээснээ зарлалаа. "Xenobot" нэртэй уг биет нь 500-1000 эсээс бүрдсэн, 1 мм орчим хэмжээтэй, супер компьютерийн тусламжтайгаар тооцоологдсон алгоритмын үр дүнд үүссэн бөгөөд хөдөлж, хүрэлцэж, мөн гэмтсэн тохиолдолд өөрийгөө эдгээх чадалтай гэнэ. 7-10 хоног амьдрах чадалтай уг биетийг илүү хөгжүүлэн хүний биеийн зарим хэсэгт судсаар дамжуулан эм хүргэх, далайд хуримтлагдсан микро хаягдлыг цэвэрлэх, хорт бодисыг илрүүлж шингээх зэргээр ашиглах боломжтой гэж үзэж байгаа гэнэ.


БИЕИЙН ДУЛААН: 37 градус хэмээн тодорхойлогдсон хүний биеийн дундаж температур арван жил тутамд 0.03-аар буурч байгаа тухай судалгаа нийтлэгдлээ. 1859 онд хийгдсэн судалгаатай харьцуулахад хүний биеийн хэвийн дулаан 0.59 градусаар "хүйтэн" болсон нь гэр, ажлын орчин шугам сүлжээ, эйр кондишн зэрэг төхөөрөмжүүдийн ачаар тогтмол "дулаан" байх болсонтой холбоотой гэнэ.


ДУЛААН ЖИЛ: 2019 он түүхэн дэх 2 дахь халуун жил болсныг НҮБ-аас мэдээллээ. 1850 оноос хойш бүртгэж эхэлсэн уг үзүүлэлтийн эхэнд 2016 он бичигддэг гэнэ. Мөн таван, арваны үзүүлэлтүүд ч түүхэн дээд хэмжээндээ хүрч, дэлхийн дулаарал бодит аюул болсныг батлав. Аж үйлдвэржилтийн үетэй харьцуулахад дундаж температур 1.1 градусаар нэмэгджээ.


ЭРТНИЙ ТООСОНЦОР: 1969 онд Австралид унасан солирын хэлтэрхийнээс 7 тэрбум жилийн настай тоосонцрын ул мөрийг олсон байна. Энэ нь манай нарнаас 2.5 тэрбум жилийн өмнө үүссэн, бидний одоогоор илрүүлсэн хамгийн эртний бодис болж байгаа гэсэн үг. Үүний тусламжтайгаар эрдэмтэд нарны аймгийн үүсэл, дэлхийтэй ойр орших оддын мөхлийн талаар мэдээлэл цуглуулна хэмээн найдаж байгаа аж.

Организмыг програмчласан нь

5 сонин хачин


1. 17 жилийн дараа гуравдугаар ангиа цацсан "Bad Boys For Life" 68 сая долларын орлогоор бокс оффисийг тэргүүллээ. В.Смит, М.Лауренс нарын тоглосон уг кино хамгийн анх 1995 онд дэлгэцнээ гарч байсан юм. Өөр нэг шинэ бүтээл Р.Доунигийн "Dolittle" 30.6 сая долларын амжилтаар өмнөх лидер "1917"-ийн урд бичигджээ.


2. Beyonce Adidas-тай хамтарсан хүлээлт дагуулсан шинэ коллекцоо танилцууллаа. Энэ сарын сүүлээр худалдаанд гарах Ivy Parker брэнд зөвхөн хувцсаар хязгаарлагдахгүй дагалдах хэрэгслүүд мөн гаргана гэнэ. Шинжээчид энэ түншлэлийг өнгөрсөн жил 1.5 тэрбум долларын борлуулалт хийсэн Kanye West-ийн Yeezy-ээс ч давах амжилт үзүүлнэ хэмээн үнэлж байгаа юм.


3. UFC-ийн хамгийн алдартай тулаанч Конор Мкгрегор 15 сарын дараа эргэн ирж, өөр нэг од Доналд Серроныг ердөө 40 секундын дотор буулган авлаа. 31 настай Ирланд залуу гурван өөр жинд нокоутаар ялалт байгуулсан анхны тамирчин болжээ.


4. NBCUniversal-ийн шинэ стриминг үйлчилгээ Peacock нээлтээ гол контент хэмээн тооцож буй Олимпийн наадмын өмнө буюу 7-р сарын 15-нд хийхээр товлолоо. Мөн 7500 цагийн контентийн санг нь сурталчилгаатайгаар үзэх багцаа үнэгүй байлгана гэдгээ ил болгосон нь тун ч их сонирхол татав.

The Office, Harry Potter ба бөөн оригинал бүтээлүүд


5. IBM 2019 онд 9262 шинэ патент авснаар 27 дахь жилдээ дараалан жагсаалтыг тэргүүллээ. Тэдний араас Samsung, Canon, Microsoft бичигдсэн байна. Өнгөрсөн жил Америкт нийт 333,530 патент олгогдсон нь дээд амжилт болсон бөгөөд биотехнологи, гень инженерчлэл, автомашин, 3D хэвлэл, квант компьютерийн технологи хамгийн эрэлттэй байсан гэнэ.

10 унших мэдээ

Гайхах: Грэммигийн өмнөхөн Академийн "шинэ" тэргүүн ажлаа өгөв /Variety/

Ухах: Эдийн Засгийн Форум "можогоо" хадгалж чадах уу? /The Economist/

Сонирхох: Харри, М.Марклийн шийдвэртэй холбоотой 7 асуулт /Vox/

Анзаарах: Visa яагаад финтек стартапыг 5.7 тэрбумаар авав? /Forbes/

Мэдэх: Ердөө 10 төрлийн л кино байдаг /Твиттер/

Хүлээх: Жэймс Бондын шинэ дууг Билли Айлиш бүтээнэ /NPR/

Тэмдэглэх: Pinterest Snapchat-ийг гүйцэж, №3 сошиал апп болов /Emarketer/

Анхаарах: Хятадын сошиал онооны системийг нутагшуулах нь /The Diplomat/

Бүртгэх: Амазон Энэтхэгт 1 тэрбумын хөрөнгө оруулна /CNBC/

Ойлгох: SpaceX-ийн шинэ туршилтыг ойлгох нь /Space/