1355 үгтэй, 5 минутанд унших энэ тоймыг та гэртээ байгаа бол гараа угаачихаад, ажил дээрээ суугаа бол маскаа зүүгээд, гадуур яваа бол ойрын хүмүүсээсээ зайгаа барингаа уншаарай :)

1 гол сэдэв

Коронавирусыг бид хамтын хүчээр ялан дийлнэ. Тиймдээ ч бид энэ удаад онцлох коммьюинити хэрхэн тахлын эсрэг арга хэмжээ авч байгааг нэгтгэхийг зорилоо.


Технологийн коммьюинити яаж тэмцэж байна вэ?

Тек салбарын хийж буй ажлыг ерөнхийд нь 2 ангилж болно. 1-рт, хуурамч мэдээтэй тэмцэх, 2-рт, технологи ашиглан тэмцэх.

- Google, Microsoft, Facebook, Twitter нэгдэж хуурамч мэдээтэй тэмцэнэ

- Google, Bing нэгдсэн мэдээллийн хуудас үүсгэв

- ДЭМБ Whatsapp аккоунт үүсгэж, мэдээлэл түгээж байна

- Alibaba халдварыг 96 хувийн амжилттай илрүүлдэг AI хөгжүүлэв

- Тусгаарлалтанд байгаа иргэдэд робот ашиглан хоол хүргэж байна

- Дрон ашиглан хөл хориог хянаж байна

- Хятадад хүргэлтийг жолоочгүй машин хийж байна

- UNICEF Mongolia чатбот хөгжүүлжээ


Шинжлэх ухааны коммьюинити хэрхэн тэмцэж байна вэ?

Хятадын эрдэмтэд халдвар тархаж эхлэх үед буюу 1-р сарын сүүлээр вирусын генийн дарааллыг илрүүлж, улмаар дэлхий даяар нээлттэй тараасан нь олон улсын эрдэмтдэд нэгэн зэрэг ажиллах боломж олгосон юм.

- АНУ-д вакцины туршилт хүн дээр хийгдэж эхэллээ

- БНСУ-д дахин ашиглагддаг маск гарчээ

- Окфсордын Их Сургууль 30 минутанд хариу гаргадаг шинжилгээний хэрэгсэл гаргав

- MIT, Harvard халдвартай хүнээс зайлсхийх апп хөгжүүлэв

- Нийт 5 компани AI ашиглаж вакцин хөгжүүлж байна


Бизнес коммьюинити яаж тэмцэж байна вэ?

Салбараа аврах ямар нэгэн арга хэмжээг засгийн газар нь авахыг хүлээж суухаас илүүтэй хувь нэмрээ оруулж буй бизнесүүд ч маш их бий. Тэдний өөрсдийн эргэн тойрон, улс орондоо өгч буй хандив, тусламжийг тоолохын аргагүй. Алибабагийн Ж.Ма л гэхэд АНУ-д 1 сая маск хандивлаж, Монгол тэргүүтэй 10 оронд нэн шаардлагатай хэрэгслүүд нийлүүлэхээ амласан юм.

- LV-ийн толгой компани LVMH гар ариутгагч шингэн үйлдвэрлэнэ

- General Motors амьсгалын аппарат үйлдвэрлэнэ

- Э.Маск, Tesla амьсгалын аппарат үйлдвэрлэнэ

- 3M N95 маскны үйлдвэрлэлээ нугалж, сард 100 саяыг гаргана

- Facebook 45 мянган ажилчдадаа 1000 долларын бонус тараана

- Amazon 100 мянган шинэ ажилтан авна

- Walmart 550 сая долларын бонус нийт ажилчдадаа тараана

- Их Британид Rolls Royce, Dyson шаардлагатай тоног төхөөрөмж үйлдвэрлэнэ

2 чухал тоо

194,000 - Испанийн эзэн хаан Фелипе 2014 оныг хүртэл хаан ширээнд сууж байсан эцэг Хуан Карлосын жилд авдаг 194,000 евротой тэнцэх тэтгэмжийг зогсоож байгаагаа зарлалаа. 39 жил төр барьсан өдгөө 82 настай Хуан Карлосыг 2008 онд оффшор данс ашиглан Саудын Арабаас 10 сая доллар хүлээн авсан баримт олдоод байгаа юм. Мөн Фелипе эцгийнхээ хөрөнгийг өвлөж авахгүй гэдгээ мэдэгджээ.

1.000.000.000 - Microsoft-оос Windows 10 үйлдлийн систем хэрэглэгчдийн тоо нь 1 тэрбумд хүрснийг зарлалаа. 2015 оны 7-р сард анх гарахдаа 3 жилийн дотор тэрбум хэрэглэгчтэй болно гэж тооцож байсан тэд Windows Phone нь бүтэлгүйтсний дараа уг хугацаагаа 2 жилээр хойшлуулаад байсан юм

3 онцлох зүйл

Амь тариа: Ковер зургийг та анзаарсан байх. Энэ бол яг одоо бидний амьдарч буй дэлхийн дүр зураг. Коронавирусын тахал дэлхийн 188 улс орон, бүс нутагт тархаж 337 мянган хүн халдварлаж, 14 мянган хүн амиа алдаад байна. Итали, Испани, Герман, Франц зэрэг эрүүл мэндийн систем өндөр хөгжсөн орнууд хяналтаа алдаж, Европ тахлын гол цөм болж хувирав. Хэдий Хятад энэ өвчнийг ялан дийлсэн мэт харагдавч БНСУ, Сингапур, Тайландын мэдээллээс үзэхэд Азид хоёр дахь давлагаа үүсэх магадлал өндөр мэт. Монгол улсад 10 тохиолдол зөөвөрлөгдөн ирсэн нь аюулын харанга аль хэдийн дэгдээд эхэлснийг гэрчлэх үзүүлэлт мөн. Засгийн газрууд олон төрлийн хол хорио тогтоох, хязгаарлалтын арга хэмжээ авч байгаа ч өдрөөс өдөрт сөхөрч буй бизнесүүдээ дэмжих арга хэмжээг авч, амь тариа хийж, дусал залгах арга хэмжээг ээлж дараалан авсаар байна.

- Итали ипотекийн зээлд хөнгөлөлт үзүүлнэ

- Герман жижиг бизнесүүдэд хязгааргүй хэмжээгээр зээл олгоно

- АНУ бэлэн мөнгө тарааж, гол бизнесүүддээ татаас олгоно

- Франц бизнесүүдийг ашиглалтын зардлаас чөлөөлнө

- БНСУ жижиг бизнесүүдэд 39 тэрбум долларын зээл олгоно.

Санал болгох: Коронавирусын эдийн засагт үзүүлэх нөлөө


Цахим түгжрээ: Нөгөө талд хүмүүс гэртээ бүгэж, хөл хорио тогтоож эхэлсэнтэй холбогдуулан интернет орчинд цахим түгжрээ үүсэх магадлалтай болоод байна. Дэлхий даяар өнгөрсөн долоо хоногт интернет хэрэглээ 20 хувиар, стриминг үзэлт 15 хүртэлх хувиар нэмэгдсэн нь цаашид ч өсөх төлөвтэй байгаа гэнэ. NBA, NFL зэрэг мэргэжлийн холбоод стримингээ үнэгүй болгож, олон видео хичээл, сургалтууд нээлттэй болсон нь үүнд нөлөөлсөн. Гэртээ суугаа хүмүүс видео үзэх хандлага их байгаатай холбогдуулан Европын Холбооноос Netflix, Youtube, Amazon Prime тэргүүтэй стриминг платформуудад хүсэлт тавьж, видеоны чанарыг 25 хүртэлх хувиар бууруулан, HD-ээс SD рүү шилжүүлжээ. Зөвхөн үүгээр ч зогсохгүй оффис, багийн ажлын програмуудын эрэлт ч интернет хэрэглээнд нөлөөлж байгаа. Microsoft Teams л гэхэд өдөрт хэрэглэж буй хэрэглэгчдийн тоо нь долоо хоногт 12 саяар нэмэгдэж 44 саяд хүрснийг онцлов. Сонирхуулахад, тахлын үеэр видео тоглоомын хэрэглээ 75 хувиар нэмэгджээ.

Санал болгох: Интернет бидний хэрэглээг дааж чадах уу?


Тэг зогсолт: Цар тахлын улмаас спорт, энтертэйнмент салбар урд өмнө үзэгдээгүй хямралын өмнө ирээд байна. Хөлбөмбөгийн тивийн аварга шалгаруулах тэмцээнүүд болох Евро 2020, Копа Америка 2020 бүтэн нэг жилээр хойшлогдсон нь тийм ч гэнэтийн шийдвэр байсангүй. Одоогоор хойшлогдож, цуцлагдаагүй үлдсэн цорын ганц топ тэмцээн Токио 2020 хуваарь дагуу явагдана хэмээн "гүрийсээр" байгаа ч зарим спорт холбоод, Үндэсний Олимпийн Хороод хойшлуулахыг шаардсан мэдэгдлээ ээлж дараалан гаргасаар байна. Кино театрууд үйл ажиллагаагаа зогсоосонтой холбоотой энэ долоо хоногт бокс оффисийн чарт зарлагдсангүй өнжлөө. Өмнө нь 1994 онд Калифорнид болсон газар хөдлөлтийн дараа л ийм зүйл тохиож байв. Топ кино студиуд зураг авалтаа зогсоож, энэ жил нээлтээ хийхээр төлөвлөж байсан бараг бүх киног товоо өөрчлөхөөс өөр аргагүй болжээ. 5-р сард явагддаг Каннын кино фестивал ч хойшлогдсон байна. Аялан тоглолтууд цуцлагдаж, одууд шууд стриминг ашиглаж дуугаа цацах болсон нь цоо шинэ бизнес моделийн потенциал байгааг харуулав. Ташрамд дурдахад, ковидын улмаас хамгийн их хохирол амсах салбар нь агаарын тээвэр, казино-энтертэйнмент бизнес байх болно гэсэн судалгаа гарчээ.

Санал болгох: Олимп ба Коронавирус

4 мэдүүштэй баримт

Хувьслын онол: Алдарт Ч.Дарвины дэвшүүлж байсан дэд зүйлийн тоо хэмжээний тухай онолын таамаглалыг 140 жилийн дараа баталсан гэнэ. Л.Вон Хэлстэйн хэмээх докторант дата модель ашиглан Дарвины нотолж чадаагүй "илүү олон тооны зүйл бүхий төрлүүд нь илүү олон тооны дэд зүйлтэй байна" гэснийг баталж чаджээ.

Огторгуйн судалгаа: NASA 2025 оноос хэрэгжиж эхлэх алс огторгуйг тандан судлах төслийн сүүлийн шатанд үлдсэн 4 ажлыг зарлалаа. Астрофизикийн чиглэлийн эдгээр 4 төсөл нь дараагийн 9 сарын турш NASA-ийн санхүүжилтээр судалгаагаа боловсронгуй болгох бөгөөд 2 нь шилэгдэн үлдэх учиртай гэнэ.

Дулаан сар: Өнгөрсөн 2-р сарын дундаж температур 20-р зууны дундажтай харьцуулахад 1,17 градусаар илүү байсан нь түүхэнд 2-т бичигдэхүйц үзүүлэлт байсан гэнэ. 1880 оноос хойш бүртгэж эхэлсэн статистикаар 2016 оны 2-р сар хамгийн халуунд тооцогддог ажээ.

Алсын мессеж: Lynk нэртэй стартап энгийн гар утсыг ашиглан хиймэл дагуулаас мессеж илгээх, хүлээн авах технологийг амжилттай туршсан байна. Өмнө нь асар үнэтэй, хязгаарлагдмал хэрэглээнд нэвтрээд байсан уг технологийг нийтэд хүртээснээр гамшгийн үед ялангуяа ихээхэн хэрэглээтэй болно гэж тэд үзэж байгаа гэнэ.

5 сонин хачин

1. Apple шинэ загварын iPad, Macbook Air-ийг танилцууллаа. 11 болон 12,9 инчийн дэлгэцтэй iPad Pro нь кэйборд болон тогтоогчтой болсноос гадна илүү хурдтай, илүү сайн камертай, AR дэмжигч LIDAR сканнертай болсон байна. Харин 999 доллараас эхлэн борлуулагдах Macbook Air нь өмнөх загвараасаа үзүүлэлт, багтаамжийн хувьд 2 дахин сайжирсныг Apple онцолжээ.

2. Instagram илгээсний дараа автоматаар устдаг чат мессежийн нэмэлтийг туршиж байна. Энэ бол Snapchat-ийн хамгийн алдартайд тооцогддог ээлжит тохиргоог Instagram хуулбарлаж байна гэсэн үг. Үүний өмнө тэд өрсөлдөгчөөсөө стори форматыг нь амжилттай "хуулсан" билээ.

3. 1953 оноос эхтэй Playboy сэтгүүл бүрэн дижитал хувилбар луу шилжиж байгаагаа зарлалаа. Коронавирсын тархалттай холбоотой ложистикийн сүлжээнд тулгарсан асуудлууд нь тус брэндийн удаан хугацаанд төлөвлөсөн шилжилтийг хурдасгасан гэдгийг компанийн төлөөлөл онцолсон байна. 2020 оны хаврын дугаар хэвлэмэл байдлаар гарах хамгийн сүүлийн дугаар байх ажээ.

4. Компьютерийн салбарын Нобелийн шагнал гэгдэх "Turing Awards"-ийн 2019 оны ялагчаар Pixar-ийн анхдагчид болох Э.Катмулл, П.Ханрахан нар тодорлоо. Тэдний компьютер графикийн чиглэлд оруулсан хувь нэмрийг нь үнэлж уг шагналыг 1 сая долларын хамтаар хүртээсэн нь энэ юм.


5. Google-ийн жолоочгүй машины бизнесийг үүсгэн байгуулагч Э.Левандовски технологийн хулгай хийснээ хүлээн зөвшөөрлөө. Тэрээр 2016 онд Google-ийг орхихдоо 14 мянган нууцын зэрэглэлтэй файл хуулан авч, улмаар Otto нэртэй стартап байгуулсныг нь Uber 680 сая доллараар худалдан авч байсан юм. Үүнтэй холбоотойгоор Uber 280 сая долларын нөхөн төлбөр Google-д төлөөд байсан билээ.

10 унших мэдээ

Мэдэх: Коронавирусын эргэн тойронд шууд блог /Unread/

Ойлгох: Каннын фестивал хойшлогдсоны нөлөө юу вэ? /Variety/

Танилцах: Sony Playstation 5-ийн үзүүлэлтүүдийг ил болголоо /Wired/

Анхаарах: Газрын тосны дайн цаашид ч үргэлжилнэ /CNBC/

Ухаарах: Тийм ээ, залуучууд ч коронавирус тусна /Bloomberg/

Анзаарах: Fox 440 сая доллараар стриминг үйлчилгээ авлаа /Deadline/

Сонирхох: Коронавирус хаврын баярт нөлөөлсөн нь /QZ/

Гайхах: 50 жил үхлийн ялтай явсан хоригдол /CNN/

Харьцуулах: Apple-ийн буруу байсан гэж үү? /The Verge/

Унших: Зайгаа барих гэж юу гэсэн үг вэ? /The Atlantic/

Төгсгөлд нь