Өнгөрсөн долоо хоногийг илтгэх хамгийн гол түлхүүр үг нь "коронавирус" буюу COVID-19 байлаа. Бид гурван удаа энэ үгийг давтсанаараа бидний амьдралд энэ вирус ямар их нөлөө үзүүлж байгааг онцлохыг хүссэн юм. 1113 үгээс бүрдэх өнөөдрийн тоймыг та 4 минутанд уншиж дуусгана. Уншихдаа харин энэ халдварын тухай хэдэн удаа дурдсаныг тоолохыг хичээгээрэй. Хариулт нь хамгийн сүүлд бий.

1 гол сэдэв

Алдарт энтрепренер, филантропист Билл Гэйтс өөрийн үүсгэн байгуулсан Microsoft-ийг бүрэн орхиж байгаагаа буюу захирлуудын зөвлөлийн суудлаа орхиж байгаагаа зарлалаа.

Яагаад чухал гэж?

Учир нь энэ бол түүний 20 настайдаа байгуулсан компаниа орхих 20 жилийн турш бэлдсэн шилжилтийн төгсгөл. Б.Гэйтс 2000 онд CEO-ийн албаа одоогийн Лос Анжелес Клипперс клубийн эзэн С.Балмерт шилжүүлсэн ч 2006 оныг хүртэл технологийн асуудлыг хариуцаж өдөр тутмын ажлаа гүйцэтгэдэг байсан юм. Улмаар 2014 онд л ТУЗ-ийн даргын суудлаасаа буужээ. Гэхдээ тэрээр одоогийн CEO С.Наделлагийн зөвлөхөөр үргэлжлүүлэн ажиллана гэнэ.

Яагаад одоо гэж?

1986 оны 3-р сарын 13-нд Microsoft IPO хийж хувьцаат компани болж байсан юм. Тухайн үед 36 настай байсан Б.Гэйтс технологийн ертөнцийн хамгийн аварга компаниудын нэгийг босгосон замнал нь олон сая залууст урам зориг өгдөг. Тэрээр 34 жилийн дараа яг тэр өдрөө Microsoft-оос гадна У.Баффетийн Berkshire Hathaway-ийн ТУЗ-ийн гишүүний албаа хүлээлгэн өгч байгаа нь энэ аж.

Одоо тэгээд яана гэж?

Тэр Microsoft-ийн 1.3 хувийг эзэмшдэг тул дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг хэвээр үлдэнэ. Мөн эхнэрийн хамт үүсгэн байгуулсан, дэлхийн хамгийн нөлөөтэй сангуудын нэг болоод буй Bill & Melinda Gates-ийн ажилдаа бүрэн төвлөрнө гэдгээ мэдэгджээ. Уг сан эрүүл мэнд, хүрээлэн буй орчин, шинэ технологийн чиглэлд төвлөрдөг бөгөөд 46 тэрбум долларын хөрөнгөтэй хэмээн бүртгэгджээ. Сонирхуулахад тус сан COVID-19-ийн эсрэг тэмцэхэд зориулж 100 сая доллар зарцуулна гэдгээ зарлаад байгаа билээ.

2 чухал тоо

23 - Холливүүдийн алдарт продюсер Харви Вайнштейнд шүүхээс 23 жил хорих ял оноолоо. 2017 онд хэрэг нь анх ил болсон түүнийг хүчин, бэлгийн хүчирхийллийн хэргээр ялласан юм. Энэ нь #MeToo хөдөлгөөний хувьд анхны мэдэгдэхүйц ялалт болов.

2036 - ОХУ-ын парламент үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтөд ерөнхийлөгчийн дахин сонгогдох хязгаарыг хүчингүй болгох заалт оруулахыг дэмжлээ. Ингэснээр өдгөө 67 настай В.Путин 2036 он хүртэл дахин 2 удаа ерөнхийлөгчийн албаа хаших боломжтой болж байгаа гэсэн үг юм.

3 онцлох зүйл

Цар тахал: Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага пүрэв гарагт коронавирусын тархалт цар тахлын хэмжээнд хүрснийг зарласан нь гэнэтийн шийдвэр биш байв. Одоогоор дэлхийн 156 оронд 167 мянган тохиолдол бүртгэгдэж, 6455 хүн нас бараад байгаа энэ өвчний голомт нь Европ тив болсныг эрдэмтэд анхааруулж байна. Тархалт тасралтгүй нэмэгдсээр буй АНУ онц байдал зарлан, Франц ресторан, кофе шопуудаа хааж, Итали улс даяар хөл хорио тогтоосноос гадна Чех, Дани, Польш тэргүүтэй Европын холбооны гишүүд хилээ хааж эхэллээ. Дэлхий даяар сургууль, цэцэрлэг хаагдаж, компаниуд гэрээсээ ажиллахыг илүүд үзэж эхлэв. Гэсэн ч оношлуураас эхлээд амны маск хүртэл хомсдолтой байгааг холбогдох байгууллагууд мэдээлсээр байна. ДЭМБ 2009 оноос хойш 5 дахь удаагаа олон улсын хэмжээнд онцгой байдал зарлаж байгаа нь энэ. Үүнээс өмнө мягмар гарагт Монгол улсад анхны тохиолдол бүртгэгдсэн нь Францын 57 настай иргэн байв.


Онц байдал: Үүнтэй зэрэгцэн дэлхийн эдийн засагт үлэмж хэмжээний хохирол учирсаар байна. Нью Йоркийн хөрөнгийн биржийн гол индексүүд пүрэв гарагийн арилжаа хаагдахтай зэрэгцэн 10 орчим хувиар унасан нь 1987 оноос хойших хамгийн том уналт байв. Үүний улмаас дэлхийн хамгийн чинээлэг 20 эрхэм нийт 78 тэрбум долларын алдагдал хүлээжээ. Энэ үзэгдэл дэлхийн өнцөг булан бүрд, томоохон биржүүд дээр явагдсаар байгаа нь хөрөнгө оруулагчдын санааг зовоож байна. Улс орнууд ч эдийн засгийг дэмжих цогц төлөвлөгөөг боловсруулж, ажлаа эхлүүлээд амжжээ.


Цочмог шийдвэрүүд: Нөхцөл байдал асар хурдацтай өөрчлөгдөж буйтай зэрэгцэн энтертэйнмент, спорт, технологийн салбарын олон арга хэмжээ, хуваарьт цугларалтууд хойшлогдох буюу цуцлагдсаар байна. Зөвхөн өнгөрсөн долоо хоногт дараах гэнэтийн мэдээ олон нийтэд хүрэв.

Спорт:

NBA: Одоогоор 3 тамирчнаас вирус илэрч, тодорхойгүй хугацаагаар хойшлов.

NCAA: "Гуравдугаар сарын галзуурал" бүрэн цуцлагдав.

Аваргуудын лиг, Европа лиг: Хасагдах шатны тоглолтууд хойшлов

Европын топ хөлбөмбөгийн лигүүд: Бүгд тодорхойгүй хугацаагаар хойшлов

NHL: Зогсов

Бостоны Марафон: Намар хүртэл хойшлов

Ролан Гаррос: Францын нээлттэй тэмцээн цуцлагдав

Мастерс: Гольфийн их дуулга цуцлагдав


Энтертэйнмент

Бродвэй: 4-р сарын 13 хүртэл хаагдав

E3: Видео тоглоомын хамгийн том эвент цуцлагдав

Microsoft Build: Онлайн явагдах болов

Amazon Re:Mars: Цуцлагдав

Apple WWDC: Онлайнаар явагдах болов

SXSW: Цуцлагдав

Диснэй парк: Хаагдав

Fast and Furious 9: 2021 оны 4-р сар хүртэл хойшлов

A Quiet Place II: Тодорхойгүй хугацаагаар хойшлогдов

James Bond: No Time To Die: Оны төгсгөл хүртэл хойшлогдов


САНАЛ БОЛГОХ: Коронавирусын талаар таны мэдэх ёстой бүх зүйлсийг А-Я үсгэнд

САНАЛ БОЛГОХ: Коронавирустэй холбоотой хамгийн чухал 8 асуулт, хариулт

4 мэдүүштэй баримт

Инновацлаг компани: Fast Company-аас жил бүр тодруулдаг "Хамгийн инновацлаг компани"-ийн жагсаалтыг энэ жил Snap тэргүүллээ. Стори форматыг хамгийн анх нэвтрүүлсэн тэд видео, стикер, сурталчилгаанд шинэ технологиудыг туршсаар байгааг онцолсон нь энэ. Тэдний араас Microsoft, Tesla, BigHit, Hackerone нар жагсжээ.

Шидтэй үнэ: AR төхөөрөмж бүтээгч Magic Leap 10 тэрбум доллараар зарагдах хэлэлцээр хийж байгаа гэнэ. Хөрөнгө оруулагчдаас 2 тэрбум доллар босгосон тэд одоог хүртэл зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлж чадаагүй л байгаа. Facebook, Johnson & Johnson тэргүүтэй топ компаниуд хэт хөөрөгдөлтэй үнээс нь болгоомжлон наймаа хийхээс татгалзаж буйг эх сурвалжууд мэдээлж байна.

Лондон өвчтөн: 30 сарын турш үргэлжилсэн үүдэл эсийн эмчилгээний дараагаар ХДХВ-ийн халдвар бүрэн эдгэрсэн тохиолдлыг эрдэмтэд баталлаа. Өнгөрсөн жилээс "Лондон өвчтөн" хэмээн олон нийтэд танигдаж эхэлсэн эмчлүүлэгчийг А.Кастильехо гэдэг бөгөөд нэрээ ил гаргаж, бусдад урам зориг өгөх үйлийг хийнэ гэдгээ мэдэгджээ.

Нулимсан од: Одон орончид дэлхийгээс 1500 гэрлийн жилийн зайд нулимсан хэлбэртэй буюу нэг тийшээ хэлбийж байршсан одыг илрүүлсэн байна. Уг нээлт нь 80-аад оноос хойш эхлэлтэй гадаад, дотоод хүчин зүйлийн нөлөөгөөр одны хэлбэр өөр өөр байх тухай онолыг баталсан хэрэг болов.

5 сонин хачин

1. Call of Duty-ийн шинэ бүлэг "Warzone" нээлтээ хийснээс хойш 3 өдрийн дотор 15 сая тоглогчтой болж дээд амжилт тогтоолоо. Өмнө нь Apex Legends гурван өдөрт 10 сая хэрэглэгчтэй болж байсан бол Fortnite бүр 2 долоо хоногийн дараа л ийм амжилтад хүрч байжээ.

2. Led Zeppelin хамтлаг 4 жил үргэлжилсэн шүүх хуралд ялалт байгуулж, 1971 онд зохиосон "Stairway To Heaven" дуугаа хуулбарлаагүй гэдгээ баталлаа. Үе үеийн сэтгэлд хоногшсон уг дууг 1968 онд Spirit хамтлагийн бичсэн "Taurus"-аас санаа авсан гэсэн гомдол гараад байсан нь ийн шийдэгдлээ.

3. 9-р сарын 11-ний халдлагаас хойших хамгийн бага орлоготой бокс оффисийг "Onward" 2 дахь долоо хоногтоо тэргүүллээ. Тэд ердөө 12.5 сая долларын орлого олсон нь Pixar-ийн хувьд түүхэн муу үзүүлэлт. Коронавирусын аюулаас болж олон мужид кино театрууд хаагдаж, үзэгчид ч гэртээ байхыг илүүд үзэж буй энэ долоо хоногт кино театрууд нийт 58.5 сая долларын орлого олсон гэнэ.

4. Pepsi Хойд Америкийн энергийн ундааны зах зээлд Red Bull, Monster-ийн дараа бичигддэг Rockstar-ийг 3.9 тэрбум доллараар худалдаж авлаа. Энергийн ундааны зах зээлийн багтаамж ирэх 5 жилд 80 тэрбум доллар болон өснө гэж шинжээчид үзэж байгаа юм.

5. Алдарт Lego Супер Мариогийн дүр бүхий тоглоомын багцыг энэ оны сүүлээс эхлэн гаргах болсноо зарлалаа. Nintendo-той хамтран гаргаж буй уг тоглоом нь дуу, дэлгэцтэй интерактив байна гэдгээрээ онцлог байх гэнэ.

10 унших мэдээ

Ухах: 2020 оны хар хун /Sequoia/

Бүртгүүлэх: COVID-19-ийн талаарх цахим эвент /Singularity/

Гайхах: Дэлхийн өдөр уртассаар байгаа /Live Science/

Тооцох: Биткойн ч хоморгонд өртөв /Coindesk/

Сонирхох: Хойд Солонгосын миллениалуудын тэмцлийн арга /CNN/

Мэдэх: AON 30 тэрбумаар өрсөлдөгчөө худалдаж авав /Reuters/

Санах: Westworld-оос мартсан бүх зүйлс тань энд байна /Vox/

Ойлгох: Яагаад бид нүүрэндээ хүрэхгүй байж чаддаггүй вэ? /BBC/

Мэдэх: ОХУ, Саудын Арабын газрын тосны "дайн" /CNBC/

Ангайх: Уралдааны морьдын допинг скандал /NYTimes/

төгсгөлд нь...

Энэ тоймд нийт 17 удаа коронавирустэй холбоотой нийтлэл, эшлэл, холбоос, өгүүлбэр, утга илэрхийлэгдсэн шүү :) Буруу таачихсан бол манай сошиал сонжоог бөглөөд шархаа нөхөөрэй.