Утаа тоосжилтыг багасгана, агаарын чанарыг сайжруулна гэдэг бохирдол нь нэгэнт гамшгийн хэмжээнд очсон газар нутгийн хувьд яаж ч идэвх зарлаж, хөрөнгө мөнгө зарцуулаад богино хугацаанд шийдэх боломжгүй асуудал болдог. Агаарын бохирдлыг бууруулахын тулд бидэнд урт хугацааны бодлого хэрэгтэй. Гэтэл урт хугацааны бодлогыг төлөвлөх, хэрэгжүүлэх зуур ард иргэд эрүүл мэндээрээ хохирсоор байх уу? Үүнтэй холбоотойгоор бид НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран холбогдох байгууллагуудад зориулан олон нийтийг утаанаас хамгаалж, агаарын бохирдлоос сэргийлэх энгийн боловч чухал санал зөвлөмжүүдийг бэлтгэлээ.

1. Амны хаалтуудыг стандартжуулан баталгаажуулах

Нийслэл хотын хувьд 10-2 дугаар сарын хооронд тоосжилт өндөртэй, бохирдол ихтэй үе тохиодог. Тэр дундаа хамгийн их утаатай өглөө ба оройн цагаар зайлшгүй гадагш гарах шаардлагатай үед өөртөө маш сайн таарсан PM2.5 тоосонцрын бохирдлыг шүүдэг амны хаалтыг хэрэглэж хэвших нь зүйтэй. Ингэснээр та өөрийгөө агаарын бохирдолд удаан хугацаагаар өртсөнөөс үүсэлтэй зүрх судасны болон бусад өвчлөлөөр нас барах эрсдэлээс тодорхой хэмжээгээр хамгаалж чадах юм.

- Маск л бол маск уу? Бүх маск агаарын бохирдлоос сэргийлж чадах уу? 

Хэдийгээр зах зээлд маш олон төрлийн амны хаалт худалдаалагдаж байгаа ч тэдгээр бүтээгдэхүүнээс чанартайг нь сонгож, хэдий хугацаанд хэрэглэвэл зохистой талаарх мэдээлэл хангалтгүйн улмаас ард иргэд сонголт хийхдээ төөрөлдөж, найдваргүй зүйлд хөрөнгө оруулалт хийсээр буй.

Тоосонцор нэвтрүүлэх буюу бохирдлоос хамгаалах чадварын хувьд та бидний хэрэглэж заншсан мэс заслын амны хаалт нь NIOSH эсвэл FFP амны хаалттай харьцуулахад 12-16 дахин бага байдаг. Монгол улсын хувьд гадаад орчны агаарын бохирдлоос сэргийлэхийн тулд АНУ-ын N, R, P, Европын холбооны FFP стандартуудын амны хаалтуудыг ашиглах нь үр дүнтэй.

  • UNICEF: Эх, хүүхдийн эрүүл мэндэд үзүүлэх агаарын бохирдлын нөлөөг бууруулах нь

Энэ тохиолдолд бид эрүүл мэндийн тогтолцоо, шинжлэх ухааны салбарт дэлхийд тэргүүлэгч АНУ, Европын стандартуудаар баталгаажсан амны хаалтуудыг худалдан авахыг эрмэлзэх хэрэгтэй юм. Жишээ нь: АНУ-ын Үндэсний Хөдөлмөрийн Аюулгүй Байдал, Эрүүл Мэндийн Хүрээлэн (NIOSH)-ийн ангиллаар бохирдол ихтэй үед хэрэглэх амны хаалтыг N буюу агаарт тосны дуслуудтай үед хэрэглэх боломжгүй; R буюу тодорхой хэмжээний тосны хамгаалалттай болон P буюу агаарт тостой аэрозолтой үед хамгаалах гэсэн үндсэн 3 бүлэгт хуваадаг. Харин Европын стандартад (EN 149:2001) амны хаалтыг FFP1, FFP2, FFP3 хэмээн мөн адил гурав ангилдаг.

Санал зөвлөмж: Нэг талаас иргэд нийтээрээ амны хаалтын стандартын талаар ойлголттой болж, шошго дээрх наад захын мэдээллийг уншиж ойлгодог болох хэрэгтэй бол нөгөө талаас холбогдох байгууллагууд агаарын бохирдол ихтэй үед амны хаалт борлуулах нийтлэг стандартыг тогтоон хэрэгжүүлж, олон нийтэд төөрөгдөл үүсгэхгүй байх нь чухал.

2. Агаар шүүгчийн стандарт, баталгаажуулалтын явцыг батлах, хянах      

Хуучин барилга байгууламжууд агааржуулалт муутай байдаг тул агаар оруулахын тулд цонхоо онгойлгох нь гадаад орчноос их хэмжээний бохирдлыг байгууламжид нэвтрүүлэх үндсэн шалтгаан болдог.

Бохирдлын түвшин гадаад орчинд хамгийн өндөр байдаг нь үнэн ч РМ2.5 тоосонцор тун бичил хэмжээтэй тул гэр, ажлын байр болон бусад бүх дотоод орчинд гаднаас их хэмжээгээр нэвтэрдэг. Хүмүүс дотоод орчинд ихэнх цагаа өнгөрүүлдэг тул PM2.5 тоосонцрын бохирдолд энэ үедээ илүүтэй өртдөг.

  • UNICEF: Эх, хүүхдийн эрүүл мэндэд үзүүлэх агаарын бохирдлын нөлөөг бууруулах нь

PM тоосонцрын бохирдолд тогтмол өртөж буй нийслэл хотын айл өрхүүдийн хувьд амралтын өдрүүдээр агаар салхинд гарах нь богино хугацаанд сэтгэл сэргээсэн арга хэдий ч урт хугацаандаа төдийлөн ач холбогдол өгөхгүйг ойлгох хэрэгтэй. Иймд бид дотоод орчны агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн цогц арга хэмжээг авах нь чухал болоод байна.

Санал зөвлөмж:
1. Айл өрхүүд, ажил олгогчид гэрийнхээ болон оффисынхоо дулаан алдалтыг багасгаж, утаа ихтэй үед цонхоо онгойлголгүй агаар шүүгч ашиглахаас гадна барилгын ажил гүйцэтгэгчид болон барилгыг хүлээн авагч мэргэжлийн хяналтын багийнхан тухайн барилгын агааржуулалтын систем, дулаан алдалтыг сайтар тооцож, хянаж, баталгаажуулах хэрэгтэй.

2. MERV буюу Хамгийн бага үр ашгийг тайлагнах утга (ХБҮАТУ) нь агаар шүүгчийн үр дүнтэй байдлыг нийтэд нь үнэлдэг олон улсын стандарт юм. MERV-ийн үнэлгээ өндөр байх нь (1-20 хүртэлх түвшнээр үнэлдэг) шүүлтүүр илүү нарийн болохыг илтгэх ба маш цөөн тооны тоосонцор, агаар бохирдуулагчид шүүлтүүрийг нэвтрэн гарах боломжтой байдаг.

Зургийн тайлбар: HEPA агаар шүүгчийн MERV стандартын үзүүлэлт 17/20 байдаг бөгөөд HEPA шүүлтүүрийн хувьд агаар дахь 0.3 мкм хүртэлх хэмжээтэй тоосонцрыг хамгийн багадаа 99.97% шүүх хүчин чадалтай. Энэ мэтээр агаар шүүгч худалдан авахдаа олон улсын стандарт үнэлгээг харгалзаж авах нь зүй.

3. Хэрэглэгчдийн худалдан авалтад туслах мэдээллийн сан бий болгох            

Амны хаалт, агаар шүүгчийн стандарт, үнэлгээний үзүүлэлт, тайлбар бүхий мэдээллийн нэгдсэн санг бий болгох нь олон талын ач холбогдолтой.
Агаар цэвэршүүлэгчийн үр дүнтэй ажиллах эсэх нь агаарын солилцоо, төхөөрөмжийн хүчин чадал, бохирдуулагчийн түвшин зэрэг хүчин зүйлээс хамаарч харилцан адилгүй. Наанадаж агаарыг шүүх явцад озон ялгаруулдаггүй байх, хүчин чадал нь өрөөний эзлэхүүн, агаарын солилцоонд тохирсон байх шаардлагатай.

АНУ-ын Калифорни мужид зарагдаж буй дотоод орчны агаарыг цэвэршүүлэх зөөврийн бүх л төхөөрөмжийг мужийн Агаарын Эх үүсвэрийн Зөвлөлөөс баталгаажуулах шаардлага тавьдаг байна. Цахилгааны аюулгүй байдлыг хангаж, ялгаруулах озоны хэмжээ 0.050 ррм-ээс хэтрээгүй нөхцөлд тухайн агаар цэвэршүүлэгчийг баталгаажуулдаг бөгөөд бусад шаардлагууд болох шошго, тайлбарын шаардлагыг мужийнхаа дүрэмд тус тус заасан байдаг. Хэрвээ тухайн агаар шүүгч эрүүл мэндэд сөрөг нөлөө бүхий, озон ялгаруулдаг хэмээн үнэлэгдвэл “Аюултай” бүтээгдэхүүний жагсаалтад ордог. Энэ тогтолцоо нь эргээд ард иргэдээ зөв худалдан авалт хийхэд томоохон туслалцаа үзүүлж, мэдээллийн эх сурвалж болдог ажээ.

UNICEF

Санал зөвлөмж:
Хэрэглэгчдийн худалдан авалтад туслах мэдээллийн сан бий болгоё.
АНУ-ын Калифорни мужийн жишээнээс санаа аван, Монгол улсад импортоор орж ирж буй агаар цэвэршүүлэгчид, нэмээд агаарын бохирдлын эсрэг хэмээх тодотголтой бүхий л бүтээгдэхүүнүүдийг стандартын дагуу шалгаж, баталгаажуулсан дүгнэлт, үнэлгээний мэдээ дүгнэлт бүхий нэгдсэн мэдээллийн сантай больё.
Энэ нь хэрэглэгчдэд эрүүл мэнддээ бодитоор анхаарал тавих боломжийг олгох, хуурамчийг шинээс ялгах, зөв худалдан авалт хийх, шийдвэр гаргахад туслах маш том алхам юм.

4. Цэцэрлэг, сургууль, эрүүл мэндийн байгууллагуудад дотоод орчны агаарын чанар, агааржуулалтын стандартыг боловсруулж, мөрдүүлэх 

Дотоод орчны агаарын чанарт тавигдах ерөнхий шаардлагыг заасан ASHRAE стандартад: “Хүн оршин суудаг барилгын орчин нь оршин суугчдынхаа дор хаяж 80 хувьд тааламжтай, хүлээн зөвшөөрөгдсөн байх ёстой” гэж заасан байдаг. Энэхүү таатай орчныг бүрдүүлэхэд нэгдүгээрт барилгыг анхнаас нь барихдаа л системтэй барих шаардлагатай бол, хоёрдугаарт дотор нь буй хүний идэвх, санаачилга нөлөөлнө.

Өдөрт таваас олон удаа дам тамхидалтанд өртдөг, багтраа өвчнөөр оношлогдсон 6-12 насны нийт 225 хүүхдийг судалгаанд хамруулжээ. Энэ үеэр тэдгээр хүүхдүүдийн гэрт өндөр үр ашиг бүхий агаар шүүгч суурилуулж үзэхэд доторх орчны тоосонцрын хэмжээ 25 хувиар буурч, хүүхдүүдийн эмнэлэгт хандах хандалт 18.5 хувиар цөөрсөн үзүүлэлт гарсан байна.

UNICEF

Санал зөвлөмж:
1. Агаарын бохирдолд ихээр өртдөг, нийслэл хотод амьдарч буй хүүхдүүдийн ирээдүйн төлөө одоо ашиглагдаж байгаа болон шинээр ашиглалтад орох сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилгыг шинээр барих шалгуур стандартад дулааны сэлгэлт, агаар шүүгч бүхий агааржуулалтын системийг заавал суурилуулах, тогтмол үр дүнтэй ажиллагааг хангах гэсэн заалтыг нэн тэргүүнд оруулах хэрэгцээ өндөр байна.

2. Барилгын агааржуулалтын экосистемээс гадна сургууль цэцэрлэгийн орчинд цонхны шүүлтүүртэй байх, цонхны шүүлтүүрийг хямд төсөр зардлаар солих, суурилуулах зориулалттайгаар барих шаардлагатай.

3. Дотоод орчны бохирдлын багагүй хувийг тамхи татсанаас үүдсэн бохирдол эзэлдэг тул хамт байгаа хүмүүсээ хүндлээд, тамхи татахдаа төвөгшөөлгүй зориулалтын цэг юм уу гадаа орчинд гарч байхыг уриалъя.