Агаарын бохирдлын түвшин хамгийн өндөр байдаг нэгдүгээр сар үргэлжилж байна. Цаг агаар дулаарах тусам олон нийт агаарын бохирдлын тухай санаа тавих нь багасдаг дүр зураг бий. Гэвч агаарын бохирдол бол удаан хугацаанд үүсэж бий болсон шигээ ихээхэн идэвх чармайлт гаргаж байж л урт хугацаанд арилгаж дөнгөх амаргүй асуудал юм.
Тиймд манай Unread-ийн баг агаарын бохирдлын тухай мэдээллийг олон нийтэд түгээх зорилгоор НҮБ-ын Хүүхдийн Сантай хамтран эх, хүүхдийн эрүүл мэндэд үзүүлэх агаарын бохирдлын нөлөөллийн тухай цуврал контентийг өнөөдөр эхлүүлж байна. Бид олон улсын байгууллагууд, судлаачдын агаарын бохирдлын сэдвээр хийсэн судалгаа, тайлан эрдэм шинжилгээний өгүүллүүдэд суурилан мэдүүштэй агуулгуудыг ойлгомжтой хэлбэрээр хүргэх болно.

Бяцхан уушги цэвэр агаарт хайртай 

Хотжилт, хүн амын төвлөрөл, үйлдвэржилтийн нөлөөгөөр дэлхий дээр агаарын бохирдлын улмаас жил бүр 4.3 сая хүн уушги, хатгалгаа зэрэг өвчнөөр нас барж буй нь харамсалтай. Манай улсад ч амьсгалын замын өвчлөл тэргүүлсээр байна.

Агаарын бохирдол нь хүний биеийн амьсгал, зүрх судас, мэдрэл, нөхөн үржихүй зэрэг олон эрхтэн тогтолцоонд нөлөөлдөг. Ялангуяа жирэмсэн эхийн ураг, тав хүртэлх насны хүүхдийн эрүүл мэндэд хамгийн сөрөг нөлөөтэй юм. Тухайлбал томуу, уушгины үрэвсэл, гуурсан хоолойн үрэвсэл, гуурсан хоолойн багтраа, амьсгалын доод замын бусад халдвараар өвчлөх эрсдэлтэй.

Учир нь агаарын бохирдолд хүүхэд илүү өртдөг. Хүүхдийн уушги дөнгөж хөгжиж байдгаас гадна насанд хүрсэн хүнээс илүү давтамжтай амьсгалдагтай холбоотой юм. Мөн дархлалын тогтолцоо нь бүрэн хөгжөөгүй, гадаад орчинд олон цагийг өнгөрүүлдэг учраас агаарын бохирдлоос үүдэлтэй элдэв өвчин тусах өндөр магадлалтай ажээ.

Насанд хүрсэн хүний уушги 40-45 см байдаг бол бага насны хүүхдийн уушги 25-30 см байдаг. Агаарт дэгдсэн нарийн ширхэгтэй тоосонцрыг бага насны хүүхдийн уушги шүүж амьсгалах нь хүндрэлтэй учраас амьсгалын замын өвчинд амархан өртсөөр байна.

ВИДЕО: АГААРЫН БОХИРДОЛ ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНД, ТАРХИНД ХЭРХЭН НӨЛӨӨЛДӨГ ВЭ?

UNICEF-ээс бэлтгэн гаргасан энэхүү видеоноос та агаарын бохирдол хүүхдэд чухам хэрхэн нөлөөлдгийг үзээрэй.

Улаанбаатар хотод 1-р сарын 22-ны өдрийн байдлаар төвийн хэсэгт PM 2.5 тоосонцрын хэмжээ дундажаар 150 мкг/м3 байгаа нь ДЭМБ-аас зөвлөсөн дундаж хэмжээ болох 10 мкг/м3-аас 15 дахин илүү байгаа юм. PM тоосонцор нь зуух, автомашин, цахилгаан дулааны станцуудын яндангаас гардаг буюу бараг бүх төрлийн түлшний шаталтаас үүсэж бий болдог.

Уг тоосонцор нь амьсгалаар дамжин хүний биед нэвтэрч, уушги болон судсанд нэвтэрдэг тул хүн амын дундах өвчлөл, нас баралтын тоо өсөх шалтгаан болж байна. 2018 оны байдлаар гэхэд хатгалгаа өвчнөөр нас барсан 5 хүн тутмын нэг нь 5 хүртэлх насны хүүхэд байна. Мөн агаарын бохирдол хамгийн өндөр үзүүлэлтэд хүрдэг нэгээс гуравдугаар сард 1000 амьд төрөлтөд ногдох өсөлтгүй жирэмслэлт нэмэгддэг болохыг ҮСХ-оос гаргасан судалгаанаас харж болно.

Тиймээс НҮБ-ын Хүүхдийн Сангаас төрөхийн өмнө болон нярай үед агаарын бохирдлын улмаас эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө, түүнээс хэрхэн сэргийлэх талаар судалгааны тайлан боловсруулж, олон нийтэд зориулсан зөвлөмжүүдийг бэлтгэжээ. Тус байгууллага энэхүү тайланг бэлтгэхдээ Азийн хөгжлийн банк, Швейцарын Хөгжлийн Агентлаг, Эрүүл Мэндийн Яамтай хамтран ажиллажээ.

Уг тайланд жирэмсэн эх болон нярайн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх сөрөг нөлөөний талаарх хэвлэгдсэн сүүлийн үеийн 100 шахам судалгаа, баримт нотолгоог тоймлон нэгтгэжээ. Мөн агаарын бохирдлын эрүүл мэндэд үзүүлэх эрсдэл, өртөлтийг бууруулахад туслах зөвлөмжүүд, түүнийг хэрэгжүүлэх арга замуудыг багтааж өгчээ.

Агаарын бохирдол жирэмсэн эх болон урагт хэрхэн нөлөөлдөг вэ?

Эхийн хэвлийд буй ураг ба бага насны хүүхэд агаарын бохирдолд өртөх нь тэдний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, бусад өвчнөөр өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг тул та бяцхан үрсээ энэ аюулаас хамгаалаарай.