Хүний хэрэглээ өдөр өдрөөр өөрчлөгдөн, ухаалаг гар утасны үүрэг үлэмж их болж, хувь хувьсгалын олон ажил дижиталд шилжсэнээр бизнесийн байгууллагууд хэрэглэгчдэдээ цаг минут тутам улам бүр ойртож байна. Яг энэ үед борлуулалт, үйлчилгээний салбарт 24 цагийн хүргэлт, албан ёсны баталгаат бүтээгдэхүүн, аппликейшнд суурилсан онлайн шоппинг зэрэг давуу талуудыг санал болгож буй SuperUp аппликейшний нэгэн томоохон бүрдэл болох Banana Mall-ийг энэ удаа бид онцоллоо.

Нэр: Banana Mall
Хаяг: And Global-ийн оффис
Чиглэл: SuperUp аппликейшн, онлайн шоппинг
Үүсгэн байгуулагч: Д.Золзаяа
Үүсгэн байгуулагдсан: 2019
Холбоосууд:Banana (Фэйсбүүк), @bananamall.mn (Инстаграм), SuperUp (Фэйсбүүк)

Үүсгэн байгуулагч: Д.Золзаяа

сэдэл

Хөгжингүй орнуудын хувьд онлайн шоппинг гэдэг аль хэдийн амьдралын салшгүй нэг хэсэг болоод байна. Тиймээс ч энэ зуунд амьдарч, ажиллаж буй хүн бүрд хэрэгцээтэй, цаг мөнгийг нь хэмнэж өгдөг энэ төрлийн үйлчилгээг бид Монголдоо хийе, хийх хийхдээ хүний өдөр тутмын, магадгүй минут тутмын хэрэгцээ болсон гар утсанд түшиглэн хөгжүүлье хэмээн шийдсэн.

Ингээд бид залуусын амьдралын хэв маягт бүхэлд нь өөрчлөлтийг санал болгох SuperUp аппликейшн дотор Banana Mall-ийг оруулж ирсэн юм. 2019 оны эхээс эхлээд бодож төлөвлөсөн ажлууд маань судалгаа, хөгжүүлэлтийн үе шатуудаа амжилттай даваад 2019 оны 6 дугаар сард Soft Launch хийсэн.

ялгарал

Онлайн худалдаа тийм ч сайн хөгжөөгүй манай орны хувьд мерчант болон хэрэглэгчийг шууд холбодог моделиос илүү, ѳѳрсдийн агуулахаар дамжуулан бодит цаг хугацаа, эрсдэлийг тооцсон модель нь илүү тохирно гэж үзсэн. Иймдээ ч бид зорилтот зах зээлээ ухаалаг төхөөрөмжүүд ашиглаж дадсан, интернетийн хэрэглээ нь хамгийн өндөр байдаг Genz, Millennials буюу 15-34 насны 1 сая орчим хэрэглэгчид төвлөрөн бүх брэнд хөгжүүлэлтийн ажлуудаа хийсэн. Энэ насны залуус юуг хүсэж байна, юу илүү хэрэгцээтэй байна гэдэг нь, тэр хайлтын хэрэгцээнд тохирсон үйлчилгээг хөгжүүлэх нь бидний ажил. Энэ ч утгаараа бид анхнаасаа хөгжүүлэлтээ гар утасны аппликейшнд тулгуурлан хийсэн юм. Вэбсайт бус аппликейшн суурьтай байгаагаас л бид хэнд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хүргэхийг хичээж байгаа нь шууд ойлгогдох болов уу.

Орчин цагт залуус хэт олон сонголтоос илүүтэй сонирхолтой, цэгцтэй байхыг илүүд үзэх болсон. Тиймдээ ч бид бүтээгдэхүүний сангаа анхнаас нь чанартай, ойлгомжтой хэв маягаар бүрдүүлж, 24 цагийн доторх хүргэлтийг амладаг. Аппликейшн дотроо захиалгын процессоо хянаж, хийсэн захиалгадаа итгэлтэй, тайван байх боломжийг мөн бүрдүүлж өгсөн. Хэрвээ бид таны захиалсан бүтээгдэхүүнийг 24 цагийн дотор хүргэж өгч чадаагүй бол хүргэлтийн төлбөрийг буцаан олгох болно. Энэ бидний үүсгэж буй нэг үнэ цэн.

Одоогоор манай санд 300 гаруй брэндийн 6000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн байршиж байна. Бид эдгээр бараа бүтээгдэхүүндээ бүгдэд нь үндсэн дөрвөн шалгуурыг л тавьсан байгаа. Нэгдүгээрт, албан ёсны эрхтэй баталгаат бүтээгдэхүүн байх, хоёрдугаарт, онлайнаар борлуулахад тохиромжтой байх (бодит байдал, зураг хоёр ижил түвшинд байх), гуравдугаарт, зах зээлд зарагдаж байгаа үнээрээ буюу илүү хямд байх, дөрөвдүгээрт сонирхолтой байх. Энэ шалгуурт нийцсэн бүтээгдэхүүнүүд л SuperUp-д буюу Banana Mall-д байршдаг. Манайд зөвхөн бараа бүтээгдэхүүн төдийгүй залуусын брэнд гэдэг утгаараа ментороо ч худалдаж авах боломж бий.

Banana mall гэж юу вэ?

SuperUp аппликейшний нэгдэл, залууст зориулсан, тэдний хэв маягт тохирсон, онцгой сонголтуудтай онлайн шоппингийн үйлчилгээ.

нэр

Брэнд хөгжүүлэлт дээрээ бид Brainstorm Branding Agency-тай хамтарч ажилласан. Хувилбарууд бүхий 100 гаруй нэрнээс сонгож авсан нь Banana Mall. Бидний зорилго хэрэглэгчдэд “Инээмсэглэлийг түгээх” болохоор инээмсэглэлийн хэлбэр бүхий гадил жимсний өнгө, төрх гээд бүх л зүйлс нь бидний зорилгод, хүргэх гэсэн санаанд бүрэн нийцсэн хэрэг.

одоо

Banana Mall-ийг хэрэглэгчид маань SuperUp аппликейшнаас авах боломжтой. Одоогоор SuperUp, Banana Мall-ын одоо төвлөрч буй гол ажил бол Voice Mongolia шоу нэвтрүүлэг. Монголын залуучуудын хамгийн дуртай энэ шоунд Монгол HD телевизтэй хамтран ажиллаж байгаад манай хэрэглэгчид ч тун дуртай байгаа. Шүүгч, оролцогчдын мэдээлэл болон шоутай холбоотой олон мэдээллийг манай аппликейшнээс авах боломжтой.

Мөн сүүлийн үед үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор онлайн худалдаанд хэрэглэгчид ч, үйлдвэрлэгчид ч анхаарлаа сайн хандуулах, сонирхох хандлагатай болж ирсэн. Өдөрт ирж буй хүсэлтүүд олон болсон тул бид ч түүнийг дагаад хүчин чадлаа нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага гарч ирж байна. Эдийн засгийн ийм цаг үед биднийг сонгож байгаа олон харилцагчийг дэмжиж, энгийн үеэсээ илүү их хөнгөлөлт, урамшуулал, уян хатан хамтын ажиллагааг санал болгохыг урьтал болгон ажиллаж байгаа. Мѳн ямар ч их ачаалалтай байсан захиалагчдаа 24 цагийн дотроо амжиж бүтээгдэхүүнээ хүргэхийн тулд хүргэлтийн хүчээ 2-3 дахин нэмээд байна.

баг

Манай багийнхан чөлөөтэй, кайфтай, бүтээмжтэй, хурдтай ажиллахыг эрмэлздэг. Багийн дундаж нас 24, ажиллаж буй 10 хүний 50 хувийнх нь ажлын анхны карьер нь Banana болж байна. Хийж бүтээх их хүсэлтэй залуус маань багийнхаа, компанийнхаа соёлыг бүрдүүлэн, нэг баг болон ажиллаж байгаад их баяртай байдаг. Ачааллаас хамаараад хүргэлтийн хүн хүч нэмэгдээд явдаг. Ер нь бид багаа өөрсдийнхөө том давуу тал гэж хардаг шүү. Залуучууд залуучуудад гоё юм хүргэх гэж нэгдэн нийлээд ажиллаж байна даа. Ажиллах зарчмын хувьд ердөө л кайфтай ажиллах. Өөрийгөө мотивацижуулж чаддаг, хийж байгаа зүйлдээ дурлаж чаддаг хүнд маш том нөөц байх нь ойлгомжтой.

ирээдүй

Ойрын 5 жилдээ Монголын Аmazon болохыг зорьж байна. Хүн бүрийн хэрэглээнд SuperUp буюу Banana Mall нэвтэрч, үйлчилгээний стандартыг дээшлүүлж, хэрэглэгчдээ үргэлж инээлгэж байгаасай. Үүнийг л харж ажилладаг.

Үүний тулд Banana Mall цаашдаа SuperUp аппликейшнаараа дамжуулан Voice шоу шиг, Менторын хөтөлбөр шиг, мөн олон сонирхолтой, өгөөжтэй, шинэлэг бүтээгдэхүүнийг илүү хялбараар хүргэх болно.

эрсдэл

Одоо ч, ирээдүйд ч онлайн худалдаа маш хурдацтай өсөх нь, хүн бүхний хэрэглээнд илүү том байр суурь эзлэх нь тодорхой болж ирж байна. Хамтран ажиллаж буй мерчантууд болон хэрэглэгчдийнхээ эрэлт, хэрэгцээг хангахын тулд, шинэлэг, сонирхолтой олон санааг технологиор шийдэхийн тулд бид хүний нөөц болон зохицуулалтын асуудлуудаа оновчтой болгоход анхаарах шаардлагатай.

Залуусын сонирхол ч маш хурдтай өөрчлөгдөж байгаа энэ үед тэр өөрчлөлтийг алдалгүй, хоцролгүйгээр түүчээлж явах нь бидний маш том даалгавар болж байна даа.