Удирдах ажилтнууд, бизнес менежерүүд эдгээр өдрүүдэд энэ оныхоо төлөвлөлт, зорилго, зорилтуудаа боловсруулж, хамт олноо уриалан, манлайлах ажилд гол анхаарлаа хандуулж байгаа болов уу. Шинэ арван эхэлж, ирээдүйн бизнесийн чиг хандлага ахин нэг түвшин ахиж байгаа энэ үед үйл ажиллагаандаа цаашид анхаарвал зохилтой 4 санааг тодотгож байна.

Бизнес тань ямар салбарт үйл ажиллагаа явуулж байгаагаас үл шалтгаалан ирээдүйд тогтвортой бөгөөд тасралтгүй хөгжлийг авч ирж чадах доорх хэдэн санааг 2020 оноос эхлэн байгууллагын урт хугацааны төлөвлөгөөндөө тусган, хэрэгжүүлэхийг санал болгоё.

1. технологийг үр дүнтэй ашиглах

Өмнө нь бид дижитал шилжилтийн тухай болон яагаад хийж хэрэгжүүлэх ёстой талаар хэд хэдэн нийтлэл оруулж байсан билээ. Үнэхээр ч биднийг ирээдүйд ажлын дижитал орчин тосон хүлээж буй. Ажилтнуудынхаа технологийн мэдлэг, хэрэглээний түвшнөөс үл хамааран бүтэн байгууллагын хувьд дижитал талбарт хэрхэн шилжих вэ? Хаанаас эхлэх хэрэгтэй вэ?

Хамгийн тохиромжтой эхлэл нь мэдээж гар ажилбартай хэсгүүд. Жишээ нь: "Ub смарт карт" үйлчилгээ бидний хэрэглээнд нэвтэрснээр “Автобусны кондуктор” хэмээх ажлын байр түүх болон үлдсэн. Энэ мэтчилэн захиалга авах, өгөх, хүргэлт зэрэг тодорхой, ойлгомжтой ажилбаруудад тохирсон үйлдлийн системүүд олон улсад хэдийн бий болж, амжилттай хөгжөөд явж байгаа.

Технологийн дэвшлийг ашиглан, байгууллагынхаа бүтээмжийг алхам алхмаар нэмэгдүүлэх олон аргыг туршин, хэрэгжүүлэхийг зориорой.

Чиг хандлага: Алибабагийн автоматжсан агуулах

Холбоотой нийтлэл:
- Дижитал хувьсал гэж юу вэ?
- Ажлын талбарт дижитал шилжилт хийх нь

Unread

Чиг хандлага: Амазоны сүүлийн хэдэн жилд хөгжүүлж буй AmazonGo дэлгүүрийн төсөл хэрэглэгчдэд ямар ч хүндрэлгүй, оочергүй үйлчилгээг санал болгож байна. Ирээдүйд бид кассын ажилтан, бэлэн мөнгө, банкны картны шаардлагагүйгээр дэлгүүр хэсэх бололтой.

2. Байгальд ээлтэй үйл ажиллагаа ба ирээдүйн чиг хандлага

Өнөө цагийн хэрэглэгчид өмнөх үеийнхнийг бодвол илүү их мэдээлэлтэй, ухамсартай болж байна, ирээдүйд энэ хандлага улам л сайжирна. Жишээ нь: Хэрэглэгчдийн зан төлвийн судалгаанд оролцогчдын 70-аас дээш хувь нь үйлдвэр үйлчилгээгээ байгальд ээлтэй байлгахыг зорьдог байгууллагуудад дуртай, бүтээгдэхүүнд нь нэмүү шимтгэл төлөхөд бэлэн бөгөөд түүндээ ч илүү сэтгэл ханамжтай байдаг нь харагджээ.

Иймд ганц нийгмийн хариуцлагаас гадна худалдан авагчдынхаа зан төлөв, чиг хандлагыг хүндэтгэн үзсэнээр ирээдүйд компанийн байр суурь, брэндийн үнэ цэнээ өсгөх боломжтой. Дахин боловсруулсан түүхий эд ашиглах, хаягдалгүй ажиллахад анхаарах, хогоо ангилан ялгах, нэг удаагийн хэрэглээнээс татгалзах, цаасны хэрэглээгээ багасгах, сэргээгдэх эрчим хүч ашиглах зэрэг өргөн хүрээнд харж чадвал таны бодож байгаагаас хамаагүй олон гаргалгаа, потенциал бизнест тань бий.

Чиг хандлага: Google сүүлийн жилүүдэд байгаль орчинд ээлтэй олон төсөл хөтөлбөрүүдийг санаачлан, хэрэгжүүлэх болсон. Эрчим хүчнээс эхлээд энгийн хэрэглээ хүртлээ нягт анхаарал хандуулж байгаа тэд эко материалаар, эрүүл орчин бүхий ажлын байрыг бий болгохоор ажиллаж байна.

3. Дотоод соёл ба ажлын орчин

Байгууллага бүрийн ажиллах арга барил, дотоод соёл харилцан адилгүй. Ажилтнууд хоорондын харилцаа, уур амьсгал, багийн уулзалт, хурлын арга барил гэх мэт жижиг ялгаанууд л урт хугацааны амжилт ололт, үр дүнг тодорхойлдог.

Уран илтгэгч Cаймон Синекийн бичсэн New York Times-ийн 2014 оны шилдэг борлуулалттай номын нэг болох “Leaders Eat Last”-д ажилтнууд ажлын байр нь аюулгүй, баталгаатайг бүрэн мэдэрсэн үедээ л байгууллагын уур амьсгалыг эвдэх хорон үгс, элдэв цуу яриа үүсгэлгүй зөвхөн ажилдаа төвлөрдөг талаар онцолсон байдаг.

Жижиг компанийг захирал нь, дунд компанийг ажилтнууд нь, том компанийг соёл нь авч явдаг гэсэн үг бий. Иймд эхэн үедээ байгууллагын соёлыг бий болгох Кайзен саналын систем, бүтээмж нэмэгдүүлэх 5S, хэрэглэгчиддээ үйлчлэх 5C, Яг цагтаа буюу "Just in Time", чанарын дугуйлан гэх мэт сонгодог аргуудыг туршаад үзэхэд гэмгүй.

Сонирхуулахад, бид жил бүр танилцуулж буй "Улаанбаатарын Хамгийн Таатай Оффис"-ийн жагсаалтаа гаргахдаа зөвхөн ажлын орчин, таатай нөхцлийг онцлохоос гадна байгууллагын дотоод соёл, гол элементүүдийг ч харгалзан үзэж шалгаруулалтаа хийдэг билээ.

САНАЛ БОЛГОХ: УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИСУУД 2019

Unread

4. СУРГАЛТ ХӨГЖИЛ БА ӨСӨН ДЭВЖИХ СЭТГЭЛГЭЭ

Ур чадвартай ажилтан уу, эсвэл чин сэтгэлтэй ажилтан уу? Саяхныг хүртэл энэ асуулт тун ч эргэлзээтэй сэдэв байлаа. Харин сүүлийн жилүүдэд компанийн удирдлагууд чадварлаг ажилтандаа сэтгэл, хандлагыг төлөвшүүлэхээс илүүтэй сэтгэлтэй ажилтандаа шинийг зааж, ур чадварт сургах нь илүү үр дүнтэйг өөрсдийн туршлагаар нотлох болсон.

Гэхдээ асар хурдтай хөгжиж буй энэ нийгэмд ур чадвар гэдэг хэдийн тогтмол ойлголт байхаа болиод байна. Тасралтгүй сурч, шинийг эрэлхийлэхийг нийгэм, зах зээл, өрсөлдөөн биднээс шаардсаар. Хийгээд байвал дуусахгүй ажил, аль болох ихийг хийлгэх гэсэн удирдлагын шуналаасаа түр ч атугай мултарч энэ жилээс ажилтнуудынхаа сургалт хөгжилд анхаараарай. Ингэхдээ улирлын тайлан дээрх "Сургалт хөгжил" гэсэн онгорхой дөрвөлжинг бөглөх зорилгоор байдаг нэг сургалтуудад цаг заваа үрэх биш үр дүнгээ бодитоор өгч чадах, цаг үетэйгээ хөл нийлүүлсэн ажилд л цаг, хөрөнгөө зарах ёстойг давхар сануулъя.

Харин танай байгууллагын 2020 оны, цаашилбал урт хугацааны зорилго хааш чиглэж байгаа вэ? Сэтгэгдэл үлдээх талбарт бидэнтэй хийж буй ажил, төлөвлөж буй санаачилгуудаа хуваалцаарай.